Налайхын нүүрснээс Багануурынх 100 мянган төгрөгөөр хямд байна

Хүйтний улирал эхэлсэн энэ үед иргэд өвлийн бэлтгэлээ базааж байна. Нийслэл хотын хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг гэр хорооллын айл өрх түлээ нүүрсээ бэлтгэх ажилдаа аль хэдийнээ оржээ. Энэ л хэрэгцээ шаардлагынх нь үеэр нүүрс буюу хар алтны үнэ нэмэгддэг жишигтэй. Иргэд болон ченж нарын хэлж буйгаар энэ жилийн хувьд түлээ нүүрсний үнэ урьдынхаасаа бага зэрэг нэмэгджээ. Тиймээс газар дээрээ мод, нүүрсний үнэ ямар байгааг сурвалжилахаар бид “Хангай” захыг зорилоо.

Улаанбаатар хотын есөн дүүргээс Сонгинохайрхан хамгийн олон хүн амтай тэдний дийлэнх нь гэр хороололд амьдардаг.

Айл өрхийн олонх нь “Хангай” захаас мод, нүүрсээ авдаг. Биднийг очиход тус зах хөл хөдөлгөөн харьцангуй бага байв. Тийм болоод ч тэрүү захын хаалгаар оронгуут ченж нар угтаж “Хаанахын нүүрс авах уу”, “Ярьж хөөрөөд аваарай”, “Хүргэж өгнө шүү” гэсээр угтав.

Тэднээс Налайх болон Багануурын нүүрс ямар үнэтэй байгаа талаар тодруулав.

“Хангай” захад мод, нүүрсийг дараах үнээр хулалдаалж байна:

-Баганнуурын нүүрс портер нь 130000-1400000 төгрөг.

-Шуудай нь 3000 төгрөг.

-Налайхын нүүрс портер нь 240000-250000 төгрөг.

-Шуудай нь 3500 төгрөг.

-Мод-3000 төгрөг.

Багануурын нүүрс Налайхынхаас хоёр дахин бага үнэтэй байдаг. Дээрх үнээс харахад Налайхын нүүрснээс Баганнуурынх 100 мянган төгрөгөөр хямд байна. Иймд худалдан авагчдын олонх нь Багануурын нүүрсийг сонгодог байна.

Налайхын нүүрс гялгар хар өнгөтэй, хөө тортог багатай, шаталт сайтай, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бага учраас ийм өндөр үнэтэй худалдаалдаг байна.

Багануурын нүүрс тортог ихтэйгээс гадна олборлолтын зардал нь Налайхынхаас хоёр дахин бага байдаг аж.

Мөн уурхайгаасаа гарах нь бага учир хот руу оруулж ирэх нь ч цөөхөн байгааг Налайхын нүүрс борлуулдаг нэгэн ченж онцлов. Түүнээс цаашид түлээ нүүрсний үнэ нэмэгдэх эсэх талаар тодруулахад “Би “Хангай” захад зогсч Багануурын нүүрс зараад дөрөв таван жил болж байна. Хэрэв шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэт шалтгаанаар уурхай дээрээ нэмэгдвэл бид нэмэхээс өөр аргагүй. Гэхдээ нэмэгдээд шалихгүй дээ.

Ойролцоогоор 140 мянган төгрөгт л хүрэх байх. Үүнээс илүү нэмэгдэхгүй. Хүргүүлэх газрын хол, ойроос шалтгаалж 5-10 мянган төгрөг нэмдэг. Өнгөрсөн жилийн өдийд ер нь ийм үнэтэй байсан. Харин өвөл 120 мянган төгрөг болж буурсан тал бий. Харин энэ жилийн хувьд ийм байдлаар буурахгүй” гэлээ. Үнэ ханш нь ялгаатай байгаа тухайд “Налайхын нүүрс ахуйн хэрэглээнийх, харин Багануурынх үйлдвэрийн зориулалттай учраас л харьцангуй ялгаатай үнэтэй байдаг юм” гэсэн тайлбарыг өглөө. Нүүрсний үнэ нэмэгдэх нэг шалтгаан уут, шуудай “Хангай” захад ойролцоогоор 40-50 ченж зогсч байгаагаас хоёр нь л Налайхын нүүрс зарж байна.

Тэд портероо өндөрлөж нүүрс ачих сонирхолтой байдаг ч үүнийг нь цагдаа нар зөвшөөрдөггүй аж. Тиймээс яалт ч үгүй портерынхоо үндсэн тэвшээр ачдаг бөгөөд энэ нь 1.3-1.4 тонн орчим болдог байна. Тэдэнд тулгамдаж буй, үнээ нэмэх бас нэгэн шалтгаан болж байгаа нэг зүйл нь уут шуудай гэнэ. Учир байдлыг тодруулбал, нүүрс шуудайлдаг шар уутыг Хятад улсаас оруулж ирдэг бөгөөд тэд нэг ширхгийг нь 210 төгрөгөөр авдаг байжээ. Тэгвэл сүүлийн үед тухайн уутыг оруулж ирэхгүй байгаа бөгөөд зарим нэг нь 280 төгрөгөөр үнэлснээс болж тэд шуудайлах боломжгүйд хүрчээ. Иймэрхүү уут шуудайг дотооддоо үйлдвэрлэдэг ч илүү үнэтэй байдаг учраас Хятад улсынх сонгодог байна. Хэрэв Хятадынх шиг үнээр худалдвал дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээ мэдэгдлээ.

“Хүйтэрсэн ч мод, нүүрсний үнэ одоогийнхоос нэмэгдэхгүй” “Хангай” захад мод, нүүрс шуудайгаар нь зарж буй ченж Б.Цэцэгээтэй цөөн хором ярилцлаа.

-Мод, нүүрс ямар үнэтэй байна вэ?

-Энэ жилийн хувьд мод, нүүрс бага зэрэг үнэтэй байна. Стандарт куб модыг бид 150 мянган төгрөгөөр үнэлж байгаа боловч энэ үнээрээ борлуулж чадахгүй байна. Хямдруулаад 100 мянган төгрөгт өгч байгаа. Шуудай нь 3000, бөөнд нь 2800 төгрөгт зарж байна. Мод үнэтэй байгаагийн шалтгаан нь шатахууны үнэ нэмэгдсэн явдал юм. Модыг уулнаас нь шууд ачаад ирэх биш олон шат дамжлага дамжиж бид нарт ирсний дараа иргэдийн гар дээр очдог. Гэхдээ бид хангалттай нэмж чаддаггүй. Өөрсдийнхөө ашгийг бодоод нэмэх гэхээр хамарсалтай нь иргэд худалдаж авч чаддаггүй. Энэ нь манай улсын мөнгөний үнэ цэнэ их унасантай холбоотой. Хүмүүсийн хэрэглээ их шүү дээ. Ялангуяа өвлийн улиралд зарлага ихтэй байдаг. Түлээ нүүрс, идэш бэлтгэх, гэр орноо дулаалах гэх мэт. Энэ бүхэнд авдаг хэдэн төгрөг, тэтгэвэр, тэтгэмж хаана нь ч хүрэлцэхгүй байна.

-Хүйтэрхээр мод, нүүрсний үнээ дахиад нэмэх үү?

-Нэмэхгүй. Ерөнхийдөө энэ үнээрээ байна. Хэрэв цаашид мод, нүүрс элбэг орж ирвэл үнэ нь хэлбэлздэг. Ойролцоогоор 200-300 төгрөгөөр буурдаг.

-Иргэдийн худалдан авалт ямар байна. Ямар нүүрсийг илүүд үзэж байна вэ?

-Муу байна. Жилээс жилд багасч байна. Настай хүмүүсийн хувьд тэтгэврийн мөнгө нь хаана нь ч хүрэлцэхгүй байх шиг байна. Тэд орой үдэш энэ хавиар холтос зомгол түүдэг тохиолдол бий. Иргэд ихэвчлэн Багануурын нүүрс авч байна. Модны хувьд шуудайгаар нь л авдаг.

-Та бүхэн “Хангай” захад хэдэн төгрөгийн түрээс төлдөг вэ?

-Ашиглаж буй газрынхаа хэмжээнээс шалтгаалж харилцан адилгүй түрээс төлдөг. Би 14 метр талбайд мод, нүүрс зардаг. Сард дунджаар 120-130 мянган төгрөгийн түрээс төлдөг.

-Та мод, нүүрс зараад хэдэн жил болж байна вэ?

-Найман жил болж байна. Бидний ажил улирлын чанартай. Гүйлгээтэй үе нь есдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 20 хүртэл. Түүнээс хойш худалдан авалт огцом багасдаг.

-Танай захад сайжруулсан түлш зардаг уу. Иргэд сонирхож байна уу?

-Саяхан бид захиалж авсан. 25 кг-ыг нь 6000 төгрөгөөр зарсан. Үйлдвэрийнх нь үнэ 5400 төгрөг. Гэтэл хүмүүс сайжруулсан түлш мод шиг шатдаг болохоор гэр дулаацуулахгүй, зөвхөн хоол цай хийх төдийд л шатаж дуусч байна гээд авахгүй байна билээ. Тийм болохоор дахиж захиалаагүй. Иргэд зарим ченж нарыг шүүмжлэв Өвлийн бэлтгэлээ базааж амжаагүй, портероор нь худалдан авах боломжгүй иргэд гэрийнхээ ойролцоох жижиглэнгийн цэгүүдээс авахаас өөр аргагүйд хүрдэг. Гэтэл тэд өвлийн ид хүйтний үеэр худалдааны төвийн 500-1000 төгрөгөөр нэмж зардагт иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Иргэд мод, нүүрсний үнийн тухайн ямар бодолтой байгааг тодруулсан юм. Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Ганбаа “Одоохондоо боломжийн үнэтэй байна. Хүйтрээд цас оронгуут үнээ нэмдэг тал бий. Манайх жил бүр Налайхын нүүрс авдаг ч энэ удаад чадахгүй нь. Боломжиндоо тааруулж Багануурынхыг л авах бодолтой байна” гэв. Хүн хэрэгцээ, шаардлагатай зүйлээ хэчнээн мөнгө муутай байсан ч авдаг гэсэн хандлагаар зарим ченж үнэ ханшаа нэмдэгт иргэд дургүйцэж байв.

С.Ичинхорлоо

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.194.176.117)

    2018-12-01

    Umnugovyd 1 tonn nvvrs 27500 tugrug bgaa. Neg Forter nvvrs tsegees tataj avbal 55000 tugrug bna da