Ч.Мөнх-Эрдэнэ: Уран бүтээлээс энерги авч дуу хөгжмөөр өөрийгөө эмчилж байна

“Ятгын хатан хаан” хэмээн олноо хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Түүнийг Малайз улсад болсон олон улсын хөгжмийн наадамд ятгаа эгшиглүүлэхэд нь хэвлэлийнхэн “Ятгын хатан хаан” хэмээн тодорхойлсон. Тэр цагаас хойш тэрбээр олон улсад монгол үндэсний хөгжмийнхөө гайхамшгийг мэдрүүлж, нэр төрөө өндөрт өргөж яваа уран бүтээлч билээ.

-“Авьяаслаг монголчууд” шоуны тайзан дээр ятга тоглож байхыг тань хараад бахархах сэтгэл төрж байлаа. Таны шинэ стиль имиж олон нийтэд үнэхээр таалагдсан шүү?

-Баярлалаа. “Монгол НD” телевизийн уран бүтээлчид намайг шоундаа зочин оролцогчоор урихад хүсэлтийг нь хүлээн авсан юм. “Авьяаслаг монголчууд” шоуны тайз бол дэлхийн тайз. Шоунд оролцож, уран бүтээлээ олон түмэндээ хүргэж маш сайхан энерги авсан. Би цаашид уран бүтээлдээ алхам алхмаар орно. Үүний хажуугаар өөрийнхөө хяналтыг алдахгүй эмчилгээгээ хийлгээд явна гэж бодож байна. Түүнчлэн шавиа бэлтгэнэ гээд хийхээр зорьсон ажил олон бий. Авьяаслаг монголчууд” шоунаас гадна “Хурд" хамтлагийн Д.Отгонбаярын тоглолтод оролцож, “Цэргийн бодол” дууг хамтран тоглолоо. Үзэгч түмэн биднийг үнэхээр халуун дотно хүлээн авлаа. Ятга, гитарын хоршил төгс зохицдогийг энэ тоглолтоос мэдэрсэн. Д.Отгонбаяр сайн хөгжимчин. Энэ тоглолтоос гадна төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбатын тоглолтод түүний “Эмоци” бүтээлийг тоглож үзэгчдэд хүргэсэн. Ингэж л би уран бүтээлээсээ энерги авч, дуу хөгжмөөрөө өөрийгөө эмчилж байна. Ер нь хүн хөгжим сонсч тайвширч, стрессээ тайлдаг гэж би боддог. Тэр дундаа уран бүтээлчидтэй хамтран хөгжим тоглоход сайхан мэдрэмж авдаг нь надад эмчилгээ болдог юм.

-Таныг багадза шаггүй гитарчин байсныг сонссон. “Цэргийн бодол”-ыг та гитараар тоглож байв уу?

-Хүүхэд байхдаа сониучхан зангаар гитар тоглодог байсан нь миний хувьд дурсамж болон үлджээ. Мундаг хөгжимчдийн хажууд миний гитар тоглоно гэж юу байх вэ. Бодож байгаагүй асуулт байна. Гэхдээ яагаад болохгүй гэж. Анхлан сурч байсан хөгжмөө тоглох үе гарах ч юм бил үү 

/инээв/.

-Та Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Х.Балхжавын тоглолтод оролцож, нэгэн сайхан бүтээлийг сонирхуулсан нь олон хүнд уярал ухаарал хайрласан. Тэр бүтээлийг та өмнө нь тоглож байсан уу?

-“Мөнхийн дэргэд ээж минь” хэмээх гайхамшигтай үг, аялгуутай дууг би Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалантай хамтран амилуулж үзэгчдэд хүргэсэн. Энэ дууг өмнө нь сонсч байсан ч аялгуун дээр нь ажиллаж байсангүй. Тэр бүтээлийг тоглоод өөрийн эрхгүй уйлсан. Сүүлийн үед дуучин Т.Баясгалантай хэд хэдэн уран бүтээлд хамтран ажиллаж байгаа.

-Дуучин А Соol буюу Б.Анхбаяртай хамтран уран бүтээл хийж байгаа талаар сонссон. Ямар бүтээлд ятгын аялгуугаар эгшиг нэмж байна вэ?

-“Анхны цас” хэмээх бүтээлд хамтран ажиллалаа. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Наранбаатар энэ бүтээлийг маш гоё тоглодог. Үүнийг нь дуучин Б.Анхбаяр орчин үеийн шинэлэг дуу болгожээ. Уг дууных нь хөгжмийн чимэглэлүүдэд нь би ажилласан. Дөрвөн жилийн өмнө “Анхны цас” бүтээлийг Б.Наранбаатар ахын хүү ая зохиогч, продюсер Н.Халиун жааз стилиэр бичүүлж найруулсан байдаг.

-Бидний ярилцлага таны “Хатан ятга” сургалтын төвд үргэлжилж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө эхлүүлсэн ажлаа энэ оноос идэвхжүүлж байгаа юм уу?

-Тийм ээ. Сургалтын төвийн ажлыг 2011 оноос эхлүүлсэн ч Хөгжим бүжгийн коллежоос багшлах урилга ирж, цаг зав багассан. Үүний улмаас сургалтын төвийн ажил орхигдсон тал бий. Одооноос үйл ажиллагаа жигдрүүлмэгц өмнө нь ятгаар хичээллэж байсан хүмүүс ч хандаж байна. Хүүхдэдээ хөгжмийн боловсрол эзэмшүүлэхийг хүссэн эцэг, эхчүүд ч олон болж. Энэ шаардлагын үндсэнд хүмүүсийн бодол саналыг хүндэтгэж, уран бүтээлээ хийхийн зэрэгцээ багшилж байна. Олон шавьтай болсон учир багш нэмж авах бодол бий. Ингэж ажиллахгүй бол олон хүнд хичээл заагаад хажуугаар нь уран бүтээлээ хийхээр ядрах гээд байдаг. Энэ жил би гам барьж байгаа ч зүгээр сууж болохгүй. Суръя, мэдье гээд ирж байгаа хүүхдүүдэд өөрийн сурснаасаа уламжлан үлдээх хэрэгтэй. Хөгжмийн боловсролтой болоод зөв төлөвшөөд явж байгаа хүүхдийг харах багш хүний хувьд нэг жаргал байдаг. Тэр утгаараа би сургалтын төвийн үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлж,  дэлгэрүүлнэ гэж бодож байгаа. Ятгын сургалтаа англи хэлтэй хослуулъя гэж төлөвлөж байна. Учир нь, “Хэлтэй бол хэлтэй” гэдэг. Манай ардын хөгжмийнхөн том зах зээл рүү яагаад алхаж болохгүй  гэж.

-Гарын шавиа бэлтгэж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. С.Баасанжаргал шавь маань Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид багшилж байна. “Жонон” хамтлагт Г.Номуун гээд шавь маань бий. “Улаанбаатар” чуулгад Н.Отгончимэг маань мэргэжлээрээ ажиллаж байна. Ерөнхийдөө нарийн мэргэжпийн сургалт учраас Монгол Улсын консерватори жилдээ ганц, хоёр хүүхэд л авдаг. Тэгэхээр олон шавь гэхээс илүү ямар чанартай, мэдлэг боловсролтой шавь бэлтгэж байна гэдгийг асуух хэрэгтэй байх. Олон жил нарийн мэргэжил эзэмшсэний дараа тэд төгсөөд мэргэжлээрээ улс, эх орондоо хэрэгтэй зүйл хийж чадаж байна уу гэдэг маш чухал асуудал юм. 

-Таны “Цэнхэр залаа” цомгийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй нь. Учир нь, хэдхэн сарын өмнө гаргасан цомог өнөөдөр хилийн чинадад байгаа монголчуудад хүрчээ. Сонсогч түмний сонорыг мялаасан цомгийг гаргахад нэлээд хэдэн жилийн хөдөлмөр зарцуулсан байх?

-Их түүхтэй л дээ. 12 жилийн өмнө цомгийнхоо ажлыг эхлүүлсэн. Ард түмний чихэнд оршиж, зүрхэнд хоногшсон олон сайхан бүтээл цомогт багтсан. Тэдгээрийг бичүүлж үлдээх нь зөв юм байна гээд 30 настайдаа заримыг нь бичүүлсэн. Тухайн үед цагийн тохироо нь бүрдээгүй байсан юм уу, уран бүтээлдээ үнэлэлт, дүгнэлт өгөөд л яваад байсан байгаа юм. Хамгийн гол нь үүнд олон ятгачин оролцсон. “Цэнхэр залаа” цомгийг санаачлагч нь Б.Наранбаатар ах. Энэ хүний ятгад зориулсан хэчнээн олон гоё хөгжмийн бүтээл байдаг юм бэ. Хүүхэд байхдаа тоглож байсан учраас ирээдүйн хөгжимчдөдөө өвлүүлэн үлдээх нь зөв хэмээн энэ ажлыг зориглож эхлүүлсэн юм. Би өнгөрсөн жил харамссан. Хүнд хүчир зүйл туулахдаа цомгоо гаргачихгүй яав даа гэж бодсон. Тухайн үед би өндийдөг л юм бол цомгоо гаргах ёстой юм байна гэж бодож байсан. Түүнийгээ ч ажил хэрэг болгож чадлаа. Цомог хүмүүст маш их хүрчээ. Хилийн чинадад байгаа монголчууд маань захиалаад авч байна. Монгол ятгын дуу, донж маягийг шингээсэн цомог болсон учраас би хувьдаа ч сэтгэл маш их өег байна.

-Та энэ жил гам барьж байгаа гэсэн. Гэхдээ л уран бүтээлч хүн болохоор зүгээр суухад бэрх байдаг болов уу?

-Юуг нь нуух вэ дээ. Ард түмэн мэдэж байгаа байх. Хүн амьдралдаа юу эсэхийг туулж, үзэж харах вэ дээ. Хүнд үеийг даваад тайзан дээр ятгаа тоглоод явж байна гэдэг бол урлагийн буян. Олон сайхан хүмүүсийн хүч, энергитэй үгний буян юм даа. Үнэхээр энэ бүхэн цогцолсны дүнд би өндийж босч байна. Сайн хань, намайг тойрон хүрээлж байгаа сайхан найз нөхөд байна. Энэ хүмүүсийн хүчээр Мөөгий нь өндийгөөд боссон учраас хийх ёстой, чадаагүй байсан зүйлээ гүйцээх ёстой гэж боддог. Хайраар намайг өлгийдсөн учраас би боссон. Тиймээс энэ л хайрын хариуг барих ёстой. Өмнө нь өөртөө хэт их ачаалал өгдөг байснаа мэдсэн. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Тиймээс одоо хэмжээгээ тохируулж, ажлаа ч хийнэ. Биеэ ч амраана гэж бодож байгаа. Энэ утгаараа гам барьж байгаа юм.

-Та тайзан дээр байхдаа уран бүтээлч хүний хувьд хамгийн их аз жаргалтай байгаа харагддаг. Яг л хамгийн дуртай зургаа зурж байгаа мэт...?

-Тайзан дээр бүтээлээ хүргэх нь бидний хувьд жаргал шүү дээ. Олон хүний энергитэй алга ташилтад хөгжимчид бид баярлаж, баясдаг. Хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ өгч байгаагийн илрэл нь тэр юм. 

-Хилийн чинадад байгаа сонсогч, фэнүүдтэйгээ уулзах төлөвлөгөө бий юү? 

-Европт ажиллаж, амьдарч байгаа хүмүүс “Тоглолтоо хийхгүй юм уу” гэж асууж байна. Өнгөрсөн зургаадугаар сард бид “Алтай” хамтлагийнхантайгаа аялан тоглолт хийгээд ирсэн. Бид өмнө нь Германд ажиллаж, амьдарч байсан. Аялан тоглолтоор явахдаа тэнд амьдардаг найз нөхөдтэйгөө уулзлаа. Манай ардын язгуур урлагийн үнэ цэнийг монголчуудаас илүү европ хүмүүс илүү мэдэрч, хүндэтгэж хүлээж авдаг. Тэгж үзсэн хүмүүс биднийг дахин урьж байгаа хэрэг юм. Тэгэхээр ирэх зун Европын орнуудаар аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. 

-Алтайн ятгаа олон нийтэд таниулах ажил хэр бүтэмжтэй байгаа вэ?

-Би ханийгаа нийгмийн тал руу зүрх сэтгэлээ өгсөн хүн гэж боддог. Яагаад гэвэл, бидэнд хэн, хэзээ ч алтан ятгаа хийлгэхдээ нэмэр хандив болго гэж мөнгө төгрөгөөр тусалж байсангүй. Бид өв соёл, үлдээх зүйлийнхээ төлөө олсон орлогоо зориулж яваа уран бүтээлчид. Ер нь хүн яах гэж амьдардаг вэ. Ирж, буцдаг хорвоод хэрэгтэй нэг зүйлийг улс эх орондоо үлдээх нь маш их юм. Үүний төлөө манай гэр бүлийнхэн үнэнчээр зүтгэдэг. Би ханийгаа энэ талд маш их дэмждэг. Хоёулаа урлагийн хүн учир нэг нэгэндээ дэм болоод явж байна. Бидэнд илүү өргөн боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Аливаа зүйлд цаг хугацаа, хэмжээ хязгаар гэж бий. Энэ ажлыг аз жаргалтайгаар хийж байгаадаа бид баярладаг.

-Алтайн ятгыг хэрэглээнд нэвтрүүлэх талд хэрхэн анхаарч ажиллаж байгаа бол? 

-Алтайн ятгыгхэрэглээнд нэвтрүүлэхийн тулд “Хатан ятга” сургалтын төвөө үүсгэн байгуулсан юм. Ятгачид ч энэ хөгжмийг суръя гээд ирж байна. Өнгөрсөн хавар Ховд аймгийн Манхан сумын нутагт очиж ятга олдсон газар ятгаа эгшиглүүлж, тахилга үйлдсэн. Энэ бүхэнд хүний зүрх сэтгэл оршдог. Хэдийгээр тусламж дэмжлэг байхгүй ч сайн үйлсийн төлөө зүтгэж байгаадаа талархдаг. Хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртэнэ. Үр шим гэдэг нь энэ ятгыг Монголд төдийгүй гаднын оронд түгээн дэлгэрүүлэхийг хэлээд байгаа юм.

-“Бөртэ” хамтлагийнхан уран бүтээлээ хийгээд эхэлсэн тухай сонсох сайхан байна?

-Этно хамтлагийг үндэслэгч нь “Бөртэ". Бид уран бүтээлдээ орчихсон явж байна. Тун удахгүй шинэ клиптэй үзэгч, сонсог- чидтойгоо уулзана. Би хамтлагийнхаа залуусаар маш их бахархдаг. Учир нь, манай хамтлагт энэ цагийн шилдэг уран бүтээлчид багтдаг. Тус тусын уран бүтээлдээ хүч үзсэнийхээ дараа бид эргэж нэгдээд уран бүтээлээ хийж эхлээд байна. Сүүлийн долоон жил бид хувийн бүтээлдээ түлхүү анхаарчээ.

-Таны стиль имижийг хэн өөрчилснийг сонирхмоор санагдлаа?

-Учир зүггүй стиль имижээ өөрчилье гэж бодсонгүй. Химийн тариа хийлгэх амаргүй юм. Нэлээд их жин хаслаа. Өмнө хийлгэсэн тоглолтын хувцас таарахаа больсон. Харин үсний засалтыг “Оддын үсчин” Д.Одонгоо шийдэж, зоригтой шийдлийг гаргасан юм.

-Арванхоёрдугаар сар гарахаар манай улсад шинэ жилийн уур амьсгал илүүтэй ордог. Ярилцлагын төгсгөлд шинэ жилээ хэрхэн тэмдэглэх гэж байгаа талаар асууя.

-Одооноос шинэ жилийн захиалга орж ирж байна. Ер нь завгүй байх бололтой. Удахгүй шинэ он айлчлан ирнэ. Тиймээс өөрийн бодлоосоо нэг зүйлийг хэлмээр байна. Хүн өөртөө хайртай байх хэрэгтэй юм байна лээ. Жилдээ нэг удаа болтугай эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй. Ингэж өөрийгөө урьдчилан хамгаалж, аюулаас сэргийлэх шаардлагатай. Яагаад ингэж бодсон юм бэ гэхээр, би БНСУ-д байхдаа энэ талаар бодсон. Солонгосчуудыг жил болгон эмнэлгийн хяналтад оруулдаг байх ёстой гээд хорт хавдар, өвчин илэрлээ гэхэд эрт үед нь мэдэж эмчилж чаддагийг тэндээс мэдсэн. Өөрийнхөө биеэр мэдэрсэн учраас миний үг илүүдэхгүй болов уу гэдэг үүднээс санал бодлоосоо хуваалцлаа.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)