Арлааны Эрдэнэ-Очирын хүү Цагаан-Уул: Хангай шиг түшигтэй хайрт аавынхаа гэгээн үйлсийг үргэлжлүүлнэ

Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд аав минь бодогддог 
Догдолж суугаад очиход байхгүй дээ гэж санахаас нулимс гардаг 
Хайр харамсал, гомдол цөхрөлөө дотогшоо залгилж 
Халааснаасаа янжуур гарган асаагаад ажил руугаа би алхдаг 
Хүзүүний ороолт шанхны үсийг салхины мэдэлд өгөөд 
Хөлхөх олны урсгал сөрөн уйтгарын завь сэлүүрдэхэд 
Богд уулын зүүн сугаар галт тэрэг 
Бодлыг минь тээгээд махирлан тахирлаж оддог... 
гэж Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч агсан Арлааны Эрдэнэ-Очир шүлэглэсэн байдаг. Ард түмнийхээ сэтгэл зүрхэнд ухаарал хайрлаж, уран цэцэн үгээрээ хүмүүний амьдралыг хүүрнэсэн алдарт яруу найрагч маань гурван сайхан хүүгийнхээ хайр хүндлэлийг хүлээсэн халамжит аав байсан билээ. Түүний ууган хүү Э.Цагаан-Уул аавынхаа зүүднээс эхлэлтэй хүсэл мөрөөлийн гүйцэлдүүлэхээр “Миний цуглуулсан хорвоо” номыг тээсэн жингийн цуваа төслийн ажлыг маргааш эхлүүлэх гэж байна. Аавынхаа ажил үйлсийг үргэлжүүлж буй түүнтэй ярилцсанаа хүргэе. 

 

-Аавынхаа хүрээгүй газар 
Хүү нь хүрдэг гэх сайхан үг бий. Аавынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа танд талархаж байна. Тэмээн жингийн цуваа төслийн талаар уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?

 -Хангай шиг түшигтэй хайрт аавынхаа гэгээн үйлсийг үргэлжлүүлэх гэж байгаадаа сэтгэл минь гэгэлзэж, туйлын их баяртай байна. Зүүдний цэнхэр алсаас эхэлж, түүнээсээ гэгээ түүж биелүүлэх хүслээ аав минь надад олон жилийн турш ярьсан юм. Удамын залгах ууган хүү нь аавынхаа хүслийг биелүүлэх учиртай. Энэ ажил нь цаг зуурын шалтгаанаас болоод биелэлээ олж чадалгүй явсан. Анх тэмээн жингээр ном тээх ажлыг эхлүүлэхэд манай нутагт шүлхий гарснаас болж саатсан юм. Харин дараагийн удаад бас л цас орсон байв. Өөрийнх нь хүсэл сонирхол уран сайхны зөгнөлөөр цас бага орсон хар өвөл болсон учраас өнжсөн. Тухайн үед би цэргийн алба хааж байлаа. Харин албаа хаагаад ирэхэд аав минь энэ ажлыг эхлүүлмээр байна гэж ярьж байсан.

-Хэзээ эхлүүлье гэж байсан бэ. Аавын тань туйлын хүсэл учир заавал биелүүлэх хэрэгтэй байх?

-Одоогоос гурван жилийн өмнө ярьж байв. Аав “Миний хүү цэргийн албаа амжилттай хаагаад ирлээ. Жингийн хөс дагаж явахад авдар даах чадалтай боллоо доо" гэж хэлж байсан юм. Тэгэлгүй дээ. Аавынхаа туйлын хүслийг үр хүүхэд нь биелүүлэх учиртай. 

-Тэмээн жингийн цуваа хаанаас хэзээ хөдөлж аавын тань төрсөн нутагт очих вэ?

-"Миний цуглуулсан хорвоо" ном тээсэн тэмээн жингийн цуваа маргааш мандахын улаан нарнаар Дорноговь аймгийн Сайншанд хотын "Хамрын хийд" үзэсгэлэнт цогцолбороос аавын минь ээж цагаан сүүнийхээ дээжийг өргөн гаргаж өгснөөр хөдөлнө. Цуваа маань явсаар хоёр хоногийн дараа аавын минь төрсөн нутаг болох Улаанбадрах суманд очино. Тэмээн жингийн цувааныхан "Найргийн гал" түүдэг тойрсон яруу найргийн уншлага "Миний цуглуулсан хорвоо" үдшийн цэнгүүнийг хийнэ. Мөн ном хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээг зохион байгуулна

 -Хичнээн ном хүргэх вэ. Төрөл бүрийн ном хандивлах уу? 
-Аав минь сумынхаа номын санг арвижуулахаар өнгөрсөн хугацаанд олон ном цуглуулж байсан. Одоогоор 1700 гаруй ном байна. Сумынхаа сургууль болон соёлын төвийнхөө номын санд эдгээр номыг хандивлана. Төрөл бүрийн л ном байгаа. Үндсэн хуулиас эхлээд Алтан ганжуур хүртэл олон төрлийн ном бий. Англи, япон, хятад зэрэг олон хэлний толь сурах бичгүүд байна. Эхний ээлжид бид аавынхаа цуглуулсан номыг бүртгэлжүүлж хүлээлгэж өгнө.

Арлааны Эрднэ-Очир сан байгуулсан гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Тэгсэн. Сан маань удирдах зөвлөлийн таван гишүүнтэй. Тэргүүнээр миний бие сонгогдож, хариуцан ажиллахаар болсон. Манай сан утга зохиол урлаг соёлын өв түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалж ажиллана. 
-Та сэтгүүлч, утга зохиолч мэргэжилтэй. Аавын тань авьяас танд өвлөгдсөн байгаа даа?
- Би МУБИС-ийг сэтгүүлч утга зохиолын ажилтны мэргэжлээр төгссөн. Аавынхаа төгссөн сургуульд суралцаж, төгссөн азтай хүү гэж өөрийгөө бодож явдаг. Их сургуулиа төгсөхөд аав минь их л баярласан даа.  Мэдээж аавын минь агуу их авьяас бидэнд өвлөгдсөн гэж боддог. "Аавынхаа үйлсийг хүү нь үргэлжлүүлэх" ёстой гэсэн сайхан үг байдаг. Тэгэхээр би  аавынхаа хүсч тэмүүлж байсан бүхнийг гүйцээж биелүүлэхийн тулд сангаараа дамжуулж олон ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

Арлааны Эрдэнэ-Очир гуай нутаг амьтай хүн байсан. Аавынхаа төрсөн нутагт амьдрах бодол байдаг уу?
- Аав минь  намайг төрсөн орон нутагтаа очиж, хэдэн жил амьдраад ир гэж захидаг байсан юм. Одоо бодоход аав минь алс холын бодлоо хэлж байсан юм шиг санагддаг. Би  Дорноговь аймгийн Гэр бүл залуучууд хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн хийж байна.Хийж бүтээж, хэрэгжүүлэх олон ажил бий.  

-Тэмээн жингээр ном тээх ажил таны аавын зүүднээс эхлэлтэй гэсэн. Аавын тань зүүдний тэмдэглэлүүд ном болон гарах болов уу. 
-Ууган хүүгийн хувьд аавынхаа хүсч зорьж байсан  бүхнийг биелүүлэх хүсэл цаг хугацааны эрхээр төрдөг юм билээ. Аавын минь зорьж хичээж байсан олон зүйл биелэлээ олоогүй үлдсэн байна. Тухайлбал, гурван ном гаргах тухай их олон жил ярьж  байсан. Дээр хэлсэнчлэн Арлааны Эрдэнэ-Очир сан бол энэ бүх зүйлийг бодит болгохыг зорьж ажиллана. Зүүдний тэмдэглэлээ бичдэг байсан дэвтэр нь надад байгаа. Маш олон санааг тэр тэмдэглэлүүдээс олж хардаг. Зүүд биелэлээ олох боломжтой гэдгийг тухайн тэмдэглэл харуулдаг. Энэ тэмдэглэлийг ном болгох төлөвлөгөө бий. Одоохондоо дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.

 

-Аавынхаа үргэлжлэл болсон гурван хүү гурвуулаа уул орсон нэртэй гэдэг. Та нэрнийхээ утга учирын талаар ааваасаа асууж байв уу?
-Аав 1992 онд Цагаан Уул наадамд түрүүлээд хүүхдэдээ бэлгэшээж нэр  өгсөн гэж  хүмүүс ярьдаг. Гэхдээ аав минь надад миний нэрийн учрыг тайлбарлаж өгч байсан юм. Би аавтайгаа ярилцахаас их эмээдэг хүүхэд байлаа.  Намайг цэрэгт явж ирсний дараа аав бид хоёр Дорноговь аймгийн зохиолчдын “Дорнын чимээ” уулзалтын үеэр санаандгүй уулзсан юм.   Тэгэхэд  аав минь “Чамайг төрсөн үед би нэрийг чинь номоор шигшсэн. Б.Явуухулан гуайн “Би хаана төрөө вэ” шүлгээс шигшихэд аавын тань хуруу “Үхэшгүй мөнхийн бэлгэдэл Цагаан Уул цэцгэнд 
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө” гэх шүлгийн мөрөнд таарсан. Тиймээс чамайг  үхэшгүй мөнхийн хайрын бэлгэдлээр Цагаан-Уул хэмээн нэрийдсэн” гэж хэлж байсан юм. Миний хоёр дүүг Мөнх-Уул, Энх-Уул гэдэг. Ер нь хувь тохиол гэж их сонин зүйл шүү дээ. 1992 онд Цагаан-Уул наадамд  аавыг анх түрүүлэхэд би төрсөн. 1998 онд дахин түрүүлэхэд манай дунд дүү төрсөн байдаг юм. Харин 2002 онд “Болор цом”-д түрүүлэхэд манай бага дүү төрж байлаа.

 


-Аавтайгаа ярилцахаас эмээдэг байсан хүүхэд шүлэг яруу найраг сонирхож эхлэхэд хэрхэн хүлээж авсан бэ. Шүлгээ аавдаа өгч уншуулж зөвлөгөө авч байсан уу?
-Би дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. Сургуулийнхаа  “Хүрэл тулга” наадамд их оролцоно. Нэг удаа “Хүрэл тулга”-д орж түрүүлж байлаа. Тэр үед орой унтахдаа аавдаа харуулахын тулд түрүүлсэн шүлгээ цаасан дээр бичээд дэрнийхээ хажууд тавиад унтаад өгсөн. Өглөө сэртэл шүлгийн доор улаан өнгөөр зураас татан дөрөв гэж бичсэн байсан. Аав минь шүлгийг чинь уншлаа гэж хэлэхгүй шүү дээ. Арван жилийн сургуулиа төгсөхдөө “Салхины шинэхэн чимээ” гэх ном гаргаж байлаа. Аав надад “Утга зохиолын салбар бол хүнд шалгууртай айл шүү. Чи маш их унш. Унш” гэдэг байсан. Түүнээс биш шүлэг чинь ийм, тийм байна гэж ярьдаггүй байсан. Одоо бол шүлэг яруу найргаа дотроо л бичиж явна. Надад ийм дөрвөн мөрт байдаг юм. 
Аавынхаа зурагны өмнө шүлэг бичихээсээ ичиж
Алгуурхан үзгээ тавиад дэмий баахан алхлаа
Үүр цайхад үзэгний минь бэх хатаагүй байх юм
Үнэндээ тэр намайг хайрладаг юм байх аа. 

Аавын ном энэ тэнд харагдахаар шүлэг бичиж чаддаггүй юм. Хүн хэзээ ч эцэг, эхээ давахгүй гэдэг шүү дээ.  
-Аавтайгаа хамт  яруу найргийн наадамд оролцож байсан уу?
-Өнгөрсөн онд орон нутагтаа болсон яруу найргийн наадмаар тайзан дээрээс анх удаагаа л аавыгаа харж байхад шүлэг уншиж билээ. Тэгээд ичсэндээ тэр үү, нэрэлхсэндээ ч тэр үү шууд гараад явчихсан. Гараад явсны дараагаар минь аав маань тайзан дээр үг хэлэх мөчдөө "Миний хүүгийн шүлгэнд "Зүр гур эрхлэх" гэсэн миний шүлэгний гурван үг маань цохиж явна" гэж хэлсэн үгсийг нь хожим сонсоод ихэд ичиж байлаа.  Тэр өдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр аавын минь мэндэлсэн өдөр байсан юм. Яагаад ч юм бэ тайзан дээрээс аавдаа төрсөн өдрийн мэнд хүргье гэж хэлж тэвдээгүй ч аавыгаа харж байхад нэг л удаа тайзан дээр шүлэг уншсан минь энэ байсан. Бид хоёр шүлэг, зохиол,  яруу найргийн тухай ярилцах нь ховор. Аав минь их шооч хүн. Бид хоёр телевизийн нэвтрүүлэг үзээд хүн элэглэх тал дээр санаа нийлж, нээлттэй ярилцдаг байсан. Намайг Дорноговьд амьдрах болсны дараа аав утсаар ярьж байсан. Тухайн үед “Миний хүү чи дууны яруу найраг руу орж үзвэл яасан юм” гэж хэлж байв. Одоо бодоход аав минь намайг   намайг яруу найрагчийн хувьд ч үнэлдэг байсан юм болов уу гэж боддог. 

 

Г.Анирлан

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.43.191)

    2018-12-06

    Мундаг сайн аавын сайхан хуу байна. Амжилт хусье.

  • Gegee (178.72.70.147)

    2018-12-05

    Aavtaigaa mash adilhan huu baina.sain baina huu mini.aavinhaa hureegui orgild huu ni hurch husel muruudlig ni bieluuldeg jamtai.Aav ni ene horvood utga uchirtai yunga yaruuhan amidarsan saihan er hun baisan yum shuu.3 saihan zaluu gants erh ohin uldeegeed butsjee.gehdee arai l ert...