Г.Батзориг: Валютын ханш өсөхгүй байх улс төр, эдийн засгийн нөхцөл бүрдэж байна

Голомт банкны Судалгааны албаны шинжээч Г.БАТЗОРИГТОЙ валютын ханшийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд валютын ханш маш тогтворгүй, сүүлийн үед байнга өсөлттэй байна. Үүнийг та шинжээчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнгөрсөн онд манай эдийн засаг нэг үеэ бодвол сэргэж эхэлсэн. Энэ хугацаанд Монголбанкнаас мөнгөний зөөлөн бодлого барьж, вапютын ханш тогтворжих хандлагатай байлаа. Үүнд төлбөрийн тэнцэл ч нөлөөлсөн. Өмнө нь төлбөрийн тэнцэл урсгал зардал болон бараа, үйлчилгээний төлбөрийн дансаар хөдөлдөг байсан бол өнгөрсөн оноос Засгийн газрын өрийг төлөх шаардлага гарлаа. Энэ онд л гэхэд 800 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан нь ханш савлах үндсэн нөхцөл болсон. Үүний нөлөөгөөр энэ оны тавдугаар сард 2460 төгрөг дээр тогтвортой хадгалагдаж байсан вапютын ханш огцом савлаж, 50 төгрөгөөр нэмэгдсэн нь Дим сам бондын эргэн төлөлтийг хийсэнтэй холбоотой. Сангийн яам тухайн үед валютын захаас ам.долларыг татан авч, гадагш гаргаснаар тодорхой хэмжээний хомсдол үүссэн. Үүний дээр мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр хүү буурснаас хэрэглээний зээл нэмэгдэж, манайхан гар утас, машин, цахилгаан бараа худалдаж авснаар гадаад худалдааны ашиг буурч, ханшийн эрэлтийг бий болгоод байна.

-Засгийн газрын энэ онд төлөх бондын эргэн төлөлтийг хийсний дараа валютын ханш нэг хэсэг тогтворжсон байх аа. Гэхдээ Америкт найтаахад бид ханиад хүрдэг болчихсон юм биш үү?

-Монголбанкнаас бага зэрэг интервенц хийснээр ханш тогтворжсон үед Америкийн холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ өсгөсөн. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид аль болох өгөөж өндөртэй улс оронд мөнгөө байршуулахыг бодно. Манайд хэдийгээр валютын хангалттай нөөц, томхон эргэлт байхгүй ч хүлээлтээс шалтгаалж нөхцөл байдал хүндэрч, нэлээд тогтвортой байсан ханш 2560-аас бараг 100 төгрөгөөр өсчихлөө. Энэ оны аравдугаар сард Хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.доллар босгосон ч энэ нь Төв банкны гадаад вапютын нөөц дээр байршчихсан учраас зах зээлийн эргэлтэд оруулаагүй. Үүнээс шаптгаалаад ханш дахин савлах нөхцөл болчихлоо. Бас ам.долларын ханш өсөх юм байна гэсэн иргэдийн хүлээлт их байгаа.

Манай банк улирал болгонд иргэдийн хүлээлтийн индексийг тооцож гаргадаг. Үүнээс харахад ам.долларын ханш тогтвортой болно гэх иргэдийн тоо багасч, өснө гэж буй хүлээлт илүү давамгайлж байна. Нөгөө талаар өөрт ойр мэдээллийг ашиглаж давуу байдал үүсгэж, ханшийн зөрүү дээр тоглолт хийдэг хэсэг бүлэг ч байж магадгүй гэж хардаад байгаа юм. Үүнийг хязгаарлахын тулд Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөлд нэлээд чухал заалтуудыг оруулсан гэж сонссон.

-Бас нэг чухал нөлөө нь улс төрийн тодорхой бус нөхцөл байдал, УИХ болон Засгийн газрын харилцан үл ойлголцол байдаг юмуу даа?

-Тийм. Бид хэдийгээр дотроо бужигнаад байгаа мэт боловч гадаадын хөрөнгө оруулагчид энэ байдлыг харж ажиглаж л байгаа. Магадгүй, 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж байсан нэг нөхөр төр, засаг нь юу болох нь вэ гээд хүлээж байж ч болох шүү дээ. Үүнээс гадна хууль эрх зүйн орчин тодорхой, хариуцлагын тогтолцоо ил тод байх ёстой. Дээр ярьсан Валютын зохицуулалтын тухай хуульд Засгийн газрын хүлээх үүрэг хариуцлагын талаар яригдаж байгаа юм билээ. Энэ нь өрийн тогтвортой байдлыг хангах, орлогын дансан дээр алдагдал үүсгээд байгаа нөхцөл байдлыг олж илрүүлж, зээлжих зэрэглэлээ сайжруулах тухай асуудал юм. Хэрэв зээлжих зэрэглэл муу байвал гадаад зах зээлээс татах бондын хөрөнгийн өртөг нь өндөр байх болно. Тиймээс үүнд Засгийн газрын үүрэг оролцоо, үйл ажиллагаа, хариуцлага маш чухал юм.

-Бас УИХ-аар хэлэлцэн баталж байгаа хуулийн төслүүд хэр бодитой, амьдралд нийцтэй болохоос их зүйл шалтгаалах байх. Тухайлбал, ирэх оны улсын төсвийн төслийн талаар та юу хэлэх вэ?

-Энэ жилийн улсын төсөв өнгөрсөн оныхоос 1.3 их наядын илүүдэлтэй явж байна. Үүнийг 2019 оны Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх байх. Одоогийн байдлаар манай экспортын голлох бүтээгдэхүүний нэг нүүрсний тээвэрлэлт сайнгүй байгаа нь жилийн эцсийн дүнд нөлөөлж таарна. Тавантолгойн ордоос нүүрс олборлож экспортлох ажил хязгаарлагдвал гаднаас орж ирдэг валютын урсгал багасна. Уг нь олон жилийн дунджийг харахад 9-10 дугаар сард ам.долларын идэвхжил нэмэгдээд жилийн төгсгөл рүү арай намждаг байсан нь энэ удаа л лав эсрэгээр байх бололтой. Үүнээс гадна Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар өсгөсөн нь инфляцыг онилсон арга хэмжээ биш гэж харж байна. Инфляц одоогоор 6.3-6.8 хувьтай байгаа учраас энэ нь төгрөгийн ханшийг хамгаалах л арга хэлбэр байлаа. Энэ нь ч зөв байх.

...Өнгөрсөн онд манай эдийн засаг нэг үеэ бодвол сэргэж эхэлсэн. Энэ. хугацаанд Монголбанкнаас мөнгөний зөөлөн бодлого баръж, валютын ханш тогтворжих хандлагатай байлаа. Үүнд төлбөрийн тэнцэл ч нөлөөлсөн. Өмнө нъ төлбөрийн тэнцэл урсгал зардал болон бараа, үйлчилгээний төлбөрийн дансаар хөдөлдөг байсан бол өнгөрсөн оноос Засгийн газрын өрийг төлөх шаардлага гарлаа. Энэ онд л гэхэд 800 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан нь ханш савлах үндсэн нөхцөл болсон.

-Манай улс ОУВС- гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад багагүй хэмжээний хөрөнгө оруулалт авсан. Саяхан тус сангийнхан ирж, Зургаадугаар шатны үнэлгээг хийлээ. Байдал ямраар эргэх бол?

 

-ОУВС-гаас валютын нөөцөө байнга өсгөж, импортын 12 сарын хэрэгцээг хангах түвшинд аваачихыг зөвлөж байгаа юм. Энэ дагуу Монголбанк 3.5 тэрбум ам.долларын нөөцтэй гэж мэдэгдэж байгаа ч 500 сая нь Хөгжлийн банкных, 2.2 тэрбум нь Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийнх гээд бодоход нэг тэрбум гаруйн нөөц байна л гэсэн үг. Тиймээс Төв банк одоо байгаа нөөцөө хүний өөрийнх гэлтгүй хадгалах л, сонирхол байгаа болов уу.

 

-Цаашдаа валютын ханш ямар байх төлөвтэй байна вэ. Гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалах байх л даа?

 

-Ирэх оны улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг харахад УИХ дахь АН бүлэггүй болсон нь Засгийн газар тогтвортой ажиллах нэг нөхцөл болох байх. Өр, орлогын харьцааг Монголбанкнаас хэрэглээний зээл дээр хумьсан нь импортыг хязгаарлаж, түүнд зарцуулах ханшийн эрэлтийг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь гурван улирлын дараа эдийн засагт эергээр нөлөөлөх магадлалтай. Нөгөө талаар ирэх онд бондын хүүгийн төлбөрийн 200 саяас өөр валютын гарах урсгал байхгүй болохын дээр гадаадын шууд хөрөнгө оруулалт байдгаараа явж л байна. Энэ бүхнээс үзвэл, валютын ханш тогтворжих хандлага, төлөв бүрдэх нь. Үүнээс гадна нэг чухал нөлөөлөл нь иргэдийн хүлээлт байх болов уу.

 

-Манай Төв банк мөнгөний бодлогын хүүгээ бүхэл нэгж хувиар өсгөх юмуу бууруулчихдаг. Гэтэл АНУ-д гурван удаа бага багаар нэмсээр одоо 2.25 хувьтай болж байна. Энэ нь эдийн засгийн чадал чансаа, үйлдвэрлэл гээд олон юмнаас шалтгаалдаг байх?

 

-АНУ хөгжингүй орон учраас мөнгөний бодлогоо ам.долларын хүүтэй уячихсан байдгаас гадна дэлхий дахинд үнэ цэнэтэй, үндэснийх нь валют учраас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь өндөр байдаг. Тодруулбал, мөнгөний бодлогын хүүгээ нэг хувиар нэмэхэд зээлийн хүү шууд нэг хувиар өсдөг, Манайд бол мөнгөний бодлогоо нэг нэгж хувиар чангаруулахад 0.3 хувиар зээлийн хүү нэмэгдэх жишээтэй. Энэ нь үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэтэй л холбоотой. Тиймээс төгрөгөө аль болох чанга байлгахын тулд цаг зуурын ашиг орлого олохоосоо илүү хүлээлтээ багасгаж, түүнийгээ зөв удирдаасай гэж боддог юм.

 

 

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)