УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүллээ

УИХ-ын үйл ажиллагаа гацлаа. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшлоод байна. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ерөнхий сайд УИХ-ын чуулганд гишүүдийн асуулгад хариулт өгдөг. Энэ асуулгыг дөрвөн удаа өгсөнгүй, тасалдууллаа. Мөн салбар хариуцсан сайд нар ч мэдээлэл өгөхгүй, чуулганы хуралдаандаа суухгүй байна. Түүнчлэн ЖДҮХС-гаас зээл авсан гэж нэр нь яригдаж буй сайд нарын мэдээллийг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлаар сонсох байсан ч ирц бүрдүүлээгүй. Засгийн газар хууль дээдлэх үйл ажиллагааг зөрчиж байна. Та болон таны танхимын УИХ-ын 13 гишүүн чуулганы нэгдэн хуралдаанд оролцохгүй байгаагаас нийгмийн асуудал орхигдож байна. Та өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаар мэдээлэл хийх ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайдын томилгоог танилцуулахгүй улмаас хэлэлцэж чадалгүй хойшлуулсан. Өнөөдөр ХХААХҮ-ийн сайдаа томилж чадахгүй байгаагаас анх удаа Мал тооллогын ажлыг салбарын сайдгүйгээр эхлүүлж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайд хүрэлцэн ирээгүйгээс хэд хэдэн удаа хойшлуулж байсан.  Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн улс орны эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой хэдэн, хэдэн асуудлыг хэлэлцэх гэхэд  Засгийн газрын гишүүд орхиж гарснаар хэлэлцэх боломжгүй болсон.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой. Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн төсөлд тавьсан хоригийг байнгын хороогоор хэлэлцэхэд санаатайгаар гурван удаа хойшлуулсан. Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар УИХ-ын үйл ажиллагааг гацааж байна. Хуульд заагаагүй үндэслэлээр УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн УИХ-д суухгүй байх шалтгаан болохгүй. Засгийн газар УИХ-аас бүрддэг. Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг холбогдох хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Үүнээс болж үүдэн гарах аливаа хариуцлагыг танай Засгийн газрын сайд нар хүлээх болно.Засгийн газар хууль бус ажиллагаа явуулах эрхгүй. Хуулийн дагуу ажиллаж хуралд суух үүрэгтэй байгууллага” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)