“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай” тогтоолыг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. 

УИХ-аас Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 12 дугаар сард баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Энэ хуулиар төрийн албаны чадахуй /мерит/-н зарчмыг шинээр хуульчилж, төрийн албан тушаалд тавигдах шаарлага, төрийн албаны шалгалт авах, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, түүнийг албан тушаалд шатлан дэвшүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаанд уг зарчмыг удирдлага болгохоор зохицуулсан билээ. 

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 50 шахам журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд УИХ-аас тогтоол гаргах батлах ёстой хэд хэдэн журам байгаа юм. 

Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг чадахуйн зарчмыг хангуулах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хүний нөөцийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулах чиглэлээр хуульд өргөтгөн тодорхойлсон юм. 

Түүнчлэн төрийн албан хаагчдын харуицлагыг өндөржүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, эрх зүйн болоод эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр Төрийн албаны зөвлөлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)