Тэтгэлэг, урамшууллаас илүү үр өгөөжтэй “Орлоготой оюутан” хөтөлбөр

Засгийн газрын “2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох орлоготой оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Иймд Засгийн газраас “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталж, өдгөө хоёр жилийн нүүрийг үзээд байна. 
Хөтөлбөрийг батлахаас өмнө Монголын оюутны холбоо их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж байгаа 15 мянган оюутны дунд судалгаа явуулжээ. Тухайн судалгаанаас үзэхэд тэдний 70 хувь буюу арван оюутан тутмын долоо нь цагийн ажил, хөдөлмөр эрхлэх сонирхол, хэрэгцээтэйгээ илэрхийлжээ. Тэдний 74.8 хувь нь хичээлийн бус цагаар болон амралтын өдрүүдэд хөдөлмөр эрхэлж орлого олж байжээ. Иймд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдгээр оюутан албан ёсоор ажил эрхлэх боломжтой болсон юм. Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр дүгнэдэг бөгөөд энэ жилийнхийг хараахан нэгтгээгүй учраас өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаас товчхон танилцуулъя. 
                                            “Цагийн ажлын бирж”-ийг байгуулснаар ахиц гарчээ
Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэд байгуулсан Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах, удирдлага, арга зүйгээр хангах үйл ажиллагааг зохион байгуулсны дагуу 18 их, дээд сургууль, дөрвөн коллеж, хоёр МСҮТ-ийн дэргэд 25 төв байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлжээ. Ажил хайгч иргэд, оюутан суралцагчдыг цагийн ажилд зуучлах арга хэмжээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах “Цагийн ажлын бирж”-ийг Сүхбаатар дүүрэгт байрлах “Сонор плаза” төвд байгууснаар хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрджээ. Тухайлбал, “Нийтийг хамарсан ажил зохион байгуулж, түр ажлын байраар хангах арга хэмжээ”-нд нийт 610 оюутныг хамруулсан байна. 


Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уялдаа холбоотой ажилладаг нь хөтөлбөрийн нэг онцлог юм. Тодруулбал, өнгөрсөн онд цагийн болон түр ажлын байранд 11459 оюутан бүртгүүлж, үүнээс 9332 нь ажлын байртай болжээ. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө үйлчилгээг 5688 оюутанд өгсөн бол 8439 оюутан үйлдвэрлэлтийн дадлага хийсэн байна. 
Их, дээд сургуулийн оюутан залуучууд, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, байнгын, түр, цагийн ажлын байраар хангах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих төв хамтран өвөл, зуны төгсөлтийн өмнө ажлын байрны үзэсгэлэн, яармагыг ажил олгогч байгууллагуудтай тогтмол зохион байгуулдаг юм. Тухайлбал, өнгөрсөн онд “Эх орондоо илүүг бүтээцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулж, үндэсний тэргүүлэх 30 гаруй компанийн 300 гаруй нээлттэй ажлын байрыг залуучуудад санал болгож, 1500 гаруй ажил горилогчийг бүртгэжээ. Мөн ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв “Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2017”, МУИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв “JOB FAIR-2017” өдөрлөгийг тус тус зохион байгуулжээ. Үүнд томоохон 20 орчим аж ахуйн нэгж байгууллага, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар оролцон нийт 1500 орчим ажлын байрны захиалгыг танилцуулан 700 орчим оюутныг байнгын, түр, цагийн ажлын байранд бүртгэсэн байна.    
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэргэжлийн байгуулагатай хамтран “Цагийн ажлын бүртгэл, мэдээллийн систем” программыг нэвтрүүлсэнд оюутан, суралцагчид талархалтай хандаж байгаа юм. Тус программд компанийн бүртгэл, ажил хайгчийн мэдээлэл, ажлын зар, ажилд зуучлах, цагийн ажилд зуучлуулсан оюутны үндсэн бүртгэл байрладаг аж. Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчид, оюутан, залуучууд энэхүү системд холбогдох боломжтой юм. 

Хөтөлбөрийг дөрвөн жил хэрэгжүүлснээр ийм үр дүнд хүрнэ
 
“Орлоготой оюутан” хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ. Ингэснээр  оюутнууд цагийн ажил, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрт бэлтгэгдэх, эзэмшиж байгаа мэргэжлээрээ дадлагажих, туршлагажих, мэргэших, төгсөөд ажлын байртай болох, их, дээд сургууль, коллеж, МСҮТ, коллеж ажлын байрны хэрэгцээ, шаардлага хангасан өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, оюутны нийгмийн асуудлыг шийдэх, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэх, ажил олгогчид цагийн ажил, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн зохицуулалттай болно гэж тооцжээ.

Энэ мэт давуу тал аль хэдийнэ гарч эхэлсэн байна. Тэдгээрээс заримыг нь онцолбол, оюутан цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг тэгш, хүртээмжтэй, нээлттэй олгосон зохицуулалтыг сургуулийн холбогдох дүрэм, журамд тусган хэрэгжүүлж байна. Түүнчлэн оюутны биеэ даан болон хамтран хийсэн гар урлал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, шинэ санаа, урлагийн бүтээл, инновацийн ажлыг бүртгэх, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх, тэтгэлэг олгох, тэдгээрээр үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байна. 
Цагийн ажил эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг оюутан, суралцагчид нийтийн тээвэрээр үнэгүй зорчих болон ямар нэгэн тэтгэлэг,  урамшууллаас илүү үр өгөөжтэй хэмээн тодотгож байна. Учир нь, тус хөтөлбөрт хичээлийн бус цагаар сургуулиас тогтоосон цагийн хязгаар дотор “цагийн хөдөлмөр” болон түр хугацааны гэрээт ажил хийх, судалгаа, инновацийн ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох, хөдөлмөрийн харилцаанд суралцах сонирхол бүхий хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалтын үндсэн хэлбэрээр суралцаж байгаа оюутан, суралцагч сайн дураар хамрагдаж байгаа юм.  Ингэснээр тэд цалингаа сургалтын төлбөртөө нэмэрлэх, амьжиргаандаа зарцуулах, ажил хийж сурах, ажил, хөдөлмөрт бэлтгэгдэж байна.                                                                                                       

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)