ОХУ зэвсэг үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигджээ


ОХУ өнгөрсөн 2017 онд зэвсэг худалдан борлуулсан дүнгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдсэн талаар "Дайн энхийн судалгааны Стокгольмийн олон улсын хүрээлэн"-гээс гаргасан тайланд мэдээлжээ.  Тус улсын  томоохонд тооцогдох үйлдвэр, компанийн худалдсан зэвсгийн хэмжээ 9.5 хувьд хүрснээр ОХУ 2002 оноос хойш тогтмол хоёрдугаарт бичигдэж байсан Их Британийг ухрааж өмнө нь оржээ. Гуравдугаар байрт орсон Их Британи 35.7 тэрбумын зэвсэг борлуулж, тус улсын долоон компани дэлхийн топ 100-д багтсан байна. Зэр зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч АНУ-ын компаниуд зэвсгийн зах зээлийн 57 хувийг эзэлж, тэргүүн байраа бататгажээ. Борлуулалтаар тэргүүлэгч топ-10 компанийн жагсаалтад Оросын бага, дунд, их тусгалын зенитын пуужин боловсруулж үйлдвэрлэгч “Алтай-Антей” хувьцаат компани анх удаа багтсан бол топ-100 компанийн жагсаалтад Оросын 10 аж ахуйн нэгж багтсан байна.

Тэдгээрийн борлуулалт өнгөрсөн онд 8.5 хувиар өсч, 37.7 тэрбум ам.долларт хүрчээ. "Дайн энхийн судалгааны Стокгольмийн олон улсын хүрээлэн"-гийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Симон Веземан “2011 оноос хойш Оросын компаниудын борлуулалт илт нэмэгдсэн. Энэ нь Оросын зэвсэгт хүчний шинэчлэлд зарцуулах хөрөнгө нэмэгдсэнтэй холбоотой” гэжээ. Мөн уг жагсаалтад ганц экспортын хэмжээ бус, бас дотоод дахь нийлүүлэлтийн хэмжээг ч тооцож оруулсныг шинжээч онцолсон байна. Үүний зэрэгцээ Оросын зэвсэг үйлдвэрлэгч 10 том үйлдвэр 10-уулаа нийлээд ч борлуулалтын нийт дүнгээрээ АНУ-ын “Локхид мартин” корпорацид хүрэхгүй аж. “Локхид мартин” зэвсгийн зах зээлээс 44.9 тэрбум ам.доллар олжээ. Мөн зэвсэг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 100 үйлдвэрийн борлуулалт өнгөрсөн 2017 онд нийт дүнгээрээ өмнөх 2016 оныхоос 2.5 хувиар, харин 2002 оныхоос 44 хувиар тус тус өсч, 398.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. 
 

Эх сурвалж: http://tass.com/defense/1035207
 Б.Зулсар 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)