Агаарын бохирдолд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд ба түүнээс гарах гарц

( Нийтийн хэлэлцүүлэгт зориулсан нийтлэл)      

Агаарын бохирдол гэдэг хор хөнөөл ихт гамшигт үзэгдлийг үгүй болгохоор төр засаг, ард нийтээрээ олон арван жилийн турш өндөр зардал гарган тэмцсэн ч бидний тэмцлийн үр дүн үл харагдаж, хонгилын үзүүрт гэрэл гэгээ тусаагүй хэвээр л байна. Харин байгал дэлхий ганцхан хоногийн дотор л энэ мөрөөдлийг минь төвөггүй биелүүлж чаддагийг бид харсан.

Ойрын жишээг дурдахад 2017 оны 12-р сарын 15, 2-р сарын 15, 19 ны өдрүүдэд 11- р сарын дундаас хойш цэвэр цэлмэг агаараар амьсгалахыг мартаж амьсгалын замын өвчлөлд хүндээр нэрвэгдээд байсан Улаанбаатарчуудын нар гарч  утаан давхрага дахин өтгөрөн хуралдтал түр зуур амсхийцгээсэн.

Төд удалгүй хаврын уур амьсгал эхнээсээ мэдрэгдэж 2-р сарын сүүлчээс эхлэн бий болдог хаврын муссон салхи эхлэж агаарын бохирдлыг бүрмөсөн хөөн зайлуулсан. Үүний үр дүнд хотын эмнэлгүүдийн хонгилыг хүртэл дүүргэж байсан хүүхэд хөгшид эмнэлгээс гарч цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалцгаасан. Агаарын бохирдол гэдэг гамшигт үзэгдлийг ялан дийлэгч нь түүнийг үгүй хийхээр төр засгаас зарцуулсан асар их мөнгө хөрөнгө бус, байглийн жамаараа явагддаг ачит салхины үр дүн байлаа. ОХУ ын нэгэн судалгааны өгүүлэлд салхины хурд 0 - 3 м/с бол агаарын сэлгээ бараг явагддаггүй, салхины хурд 3 - 5 м/с бол агаарын бохирдол 70% хүртэл саринан зайлуулагддаг. Харин салхины хурд 7м/с -ээс их бол агаарын бохирдол 100% хүртэл цэвэршин зайлуулагддаг гэжээ. Тэгэхээр бидэнд дүн өвлийн ид хүйтний улиралд буюу утааны өтгөрлтийн ид үед ядахдаа 7 хоногт нэг удаа 3 - 5 м/с хурдтай салхи хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр бидний өмнө  байглийн жамаар явагддаг үзэгдлийг хүлээж суух уу?

аль эсвэл түүнийг хиймлээр бий болгох уу? гэдэг асуудал тавигдаж байна. Зарим хүмүүс цаг агаарын байглийн үзэгдлийг захирах боломжгүй. Тэр нь хүн төрлөхтний мэдлэг чадвараас давсан асуудал гэж үздэг. Энд бид хэдэн мянган км орон зайг хамаарсан бүс нутгийн байглийн үзэгдлийг өөрчлөх тухай хүнд хэцүү сэдвийг хөндөж яриагүй. Харин зүүнээс баруун урагш чиглэсэн 25 - 30 км урт, хойноос урагш чиглэсэн 4 - 5 км өргөн нутаг дэвсгэрийг хамарсан газар зүйн өвөрмөц тогтоц дахь агаарын сэлгээг идвэхжүүлэх тухай асуудлыг сөхөн тавьж байгаа гэдгийг ялган ойлгох нь зүйтэй болов уу.

Үүнд голлон нөлөөлөх 4 үндсэн хүчин зүйл ба зөвхөн нэг гарц бий гэж би үздэг. (Энэ бол зөвхөн мэргэжлийн бус сонирхогчийн үзэл бодол санал болно )

           1.ЭСРЭГ ЦИКЛОНЫ ТОГТВОРЖИЛТ.

            2.ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ БУЮУ РЕЛЬЕФ.

            3.ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС.

            4.НАРНЫ ГЭРЛИЙН ЦАЦРАГИЙН АЛЬБЕДО.

            5.ГАРЦ ШИЙДЭЛ

Эдгээр таван хүчин зүйлийн тус бүрийн онцлог ба тэдгээрийн өөр хоорондын уялдаа холбоог нэгтгэн авч үзвэл агаарын бохирдлыг хөөн зайлуулах арга зам тодорхой болох тул эдгээрийн тухай товчхон ч гэсэн дурдах хэрэгтэй болно.

   1.ЭСРЭГ ЦИКЛОНЫ ТОГТВОРЖИЛТ

Циклон гэдэг нь тодорхой бүс нутгийн орон зайг хамран явагддаг төв рүүгээ дээш шилжих чиглэлтэй агаарын урсгалыг хэлдэг. Циклон нь ихэнхдээ халуун бүсийн газар нутаг далай тэнгэсийн орчимд үүсдэг олон зуугаас олон мянган км нутаг дэвсгэрийг хамран явагддаг халуун агаарын эргүүлэг маягийн урсгал болно. Циклон нь сэрүүн бүсийн газар нутагт бий болох нь нэн ховор. Циклон бий болсон үед түүнийг дагалдан салхи шуурга, ширүүн аадар бороо зэрэг цаг уурын эрс тэс үзэгдлүүд гарах нь элбэг. Харин сэрүүн бүсийн хуурай газар, тундр орчмын нутаг дэвсгэр, сибирийн бүс нутагт 11- р сарын дундаас 3- р сар хүртэл эсрэг циклоны үзэгдэл гардаг. Эсрэг циклон бол төвдөө хамгийн хүйтэн, өндөр даралт бүхий агаар хуралдаж, төвөөс гадагшаа хүйтрэлт ба агаарын даралтын хэмжээ аажуу буурдаг цаг агаарын үзэгдэл юм. Монгол нутгийн дүн өвөлд эсрэг циклоны хүйтэн урсгал аажуу хурдтайгаар шилжин ирснээр агаарын чийгшил хамгийн бага болох ба салхи шуурга намдан, нам дор газар нутгийг хамарсан их хүйтрэлт голомтлон тогтмолжино. Эсрэг циклон уул нуруудын дундах нам доор газарт  хамгийн тодоор илэрдэгийн нэг жишээ бол хойд талаараа их Саяны нуруу, зүүн өмнөт талаараа Булнайн нуруунд хашигдсан их нууруудын хотгорын их даралтын мужлал болно. Улаанбаатар хотын өвөлийн өнгө төрх ч эсрэг циклоны бэсрэг дүр төрхийг тод харуулдаг. Эсрэг циклоны урсгал уул нуруудыг давж нам дор, хөндий хоолой газрыг даган доош шурган ирж тэндээ тогтмолжин тунардаг. Эсрэг циклоны үед салхины хүч хамгийн намжмал байдалд байдаг нь агаарын бохирдлын их тунаралтыг тогтмолжих боломжийг бүрдүүлдэг.

    2.ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ БУЮУ РЕЛЬЕФИЙН ХҮЧИН ЗҮЙЛ 

Дэлхий дээрхи агаарын бохирдол ихтэй хотуудын жагсаалтаас үзвэл газар зүйн хувьд уул нурууд ба нам доор газар хосолсон рельефийн онцлогтой газарт байрлах хотууд ихэнх хувийг эзлэж байгааг харж болно. Тэдгээр хотуудын зарим нь зөвхөн нэг талдаа өндөр уултай байхад манай нийслэл 4 талаараа уулсаар хүрээлэгдсэн байрлалтай байна. Уул нуруудын газар зүйн байршлаас шалгаалан гардаг уул хөндийн салхийг дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөс бий болдог зонхилох чиглэлийн “КОРОЛИС” салхитай  харьцуулсан  байдлаар авч үзвэл сонирхолтой дүр зураг харагддаг. Уул хөндийн ба королис салхины урсгал нэгэн зүгт нэгдэж бие биенээ дэмжиж байвал агаарын бохирдлын давхрага хялбарханаа сэмрэн задрах боломжтой. Хэрэв эдгээр салхины урсгал эсрэг чиглэлд байх аваас энэ нь агаарын бохирдол тогтвортой хадгалагдах нэг үндэс болдог аж. Үүний нэг жишээ бол манай ойрын хөрш Казакстан улсын нийслэл байсан Алма - Ата хотын газар зүйн байршилтай холбоотой агаарын бохирдлын тогтвортой тунарал болно. Алма-Ата хотын өмнө талд Тянь шаны өндөр нуруу хөндөлдөн оршино. Өвлийн цагт энэ нутагт баруун сибирт бий болсон эсрэг циклоны хүйтэн урсгал шилжин ирж өндөр уулст хаагдан мухарддаг. Өвлийн цагт Алма-Ата хотын нутаг дэвсгэрт гардаг салхины хүч Москва хотынхоос даруй 3 дахин бага гэсэн тоо баримт ч байдаг. Чухам энэ шалтгаанаас л Казакстан улс нийслэл хотоо их талын Астана - д шилжүүлэн нүүлгэх нэг шалтгаан болсон болбуу гэж би боддог. Өндөр уул нурууд, тэдгээрийн дундах хөндий хоолой хосолсон газарт зонхилох чиглэлийн бус, уул хөндийн бэсрэг салхины урсгалууд үйлчлэх бөгөөд тэдгээр нь эсрэг циклоны тунарал ба агаарын бохирдлын давхаргыг саармагжуулан хөөж үл чаддаг аж. Улаанбаатар хотын дөрвөн талаар хүрээлэн буй уулсын дундаж өндөр нь далайн төвшинөөс дээш 1900 - 2500 м бөгөөд Туул голын голдиролын дагуух нам дор хэсэг нь далайн төвшнөөс дээш 1500 метрт оршдог. Өөрөөр хэлбэл газар зүйн өвөрмөц тогтоц болох “геологийн тогооны” гүн нь 400 - 1000 м байна. Манай нийслэлийн газар зүйн байршлын бас нэг онцлог нь уул хөндийн салхины урсгалын “гарах гарц” нь Туул голын голдиролыг дагуу буюу Сонгино хайрхан уулын өмнүүр байх бөгөөд баруун ба баруун хойд талаас ирэх зонхилох чиглэлийн болон королис салхины урсгалын сөрөг чиглэлд байх тул хялбархан саармагжин тогтмолждог. Өглөөний нар хотын хойд  уулсын оройн хэсэгт эхлэн тусах тул тэндхийн температур ялимгүй дээшлэж агаарын урсгал үдээс өмнө хөндийгөөс уул руу чиглэлтэй байх ба шөнийн цагт агаарын хүйтэн урсгал хөндий рүү уруудах чиглэлтэй болдог. Энэ шалтгааны улмаас рельефийн онцлог бүхий газарт бий болсон агаарын бохирдлын давхраг нь салхины нэгэн чиглэлийн урсгалд хөөгдөх бус өөр хоорондоо яльгүй бага хэмжээгээр сэлгэгдэх төдий хэмжээнд л байдаг.

3.ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС

Дэлхийн агаар мандлын доод давхаргад халсан агаарын нягт сийрэгжиж дээш хөөрөх бөгөөд дээшлэх тутам температур нь буурах ерөнхий зүй тогтолтой. Гэтэл газар зүйн өндөрлөг ба нам доор хосолсон рельефийн онцлог бүхий газарт ялангуяа эсрэг циклоны үед хүйтэн агаарын дээр яльгүй дулаантай бүс тогтонших нь бий. Үүнийг инверс буюу температурын урвуу үзэгдэл гэдэг. Температурын инверсийн дулааны шатлуурын хэмжээ (Градиентийн) зөрүү төдий л их бус байна. Уул нуруудаар хашигдсан хотгор хонхор газарт бий болсон агаарын өтгөн бохирдлын үед инверсийн давхрага нь агаарын солицоо буюу сэлгээг түгжих нэг хүчин зүйл болдог. Инверсийн үзэгдэл нь газрын гадаргууд ойрх бага өндрийн ба агаарын чөлөөт мандлын гэж ангилагдана. Манай нийслэлд бий болсон агаарын бохирдлын давхрагыг өндөрлөг цэг болон фото зургаас харахад 3 ба 4-р цахилгаан станцын яндангийн болон Богд хаан уулын оройн хэсэг агаарын бохирдлын их тунралтын давхаргын дээгүүр харагддаж байгаа нь бохирдлын судлын өндөр төдий л их бусыг илтгэнэ. Агаарын бохирдлын өтгөрсөн тунралтын давхрага нь өдрийн цагт тусах нарны цацрагийг өөртөө шингээж судлын температурыг яльгүй нэмэгдүүлэх бөгөөд газрын гадаргуугийн температурын өсөлтийг тэр нь энэ хэмжээгээр хязгаарлана.

 4.НАРНЫ ГЭРЛИЙН ЦАЦРАГИЙН АЛЬБЕДО

Дэлхийн цаг уурын ерөнхий байдлыг товлон тодорхойлогч нь нарны гэрлийн цацрагийн альбедогийн үзүүлэлт болно. Тухайн биет дээр тусаж буй нарны нийлмэл цацрагийн хэмжээг тухайн биетээс ойж буй цацрагийн хэмжээтэй харьцуулсан утгыг ойлтын хэмжээ буюу АЛЬБЕДО гэдэг. Альбедо нь нарны тусгалын өнцөг буюу өргөрөгийн алслалт, далай тэнгис ба хуурай газар тэрчлэн агаар мандлын байдлаас шалтгаалж янз бүрийн хэмжээтэй байна. Альбедогийн шингээлтийн чадвар нь эковаторын орчимд өндөр байх боловч агаар мандалд үүлшилт ихтэй тэрчлэн агаар мандал дахь чийгшилтийн дундаж хэмжээ 80% -аас их байдаг тул нарны гэрлийн цацрагийн нэвтрэлтийн хэмжээ харьцангүй бага болдог. Энэ шалтгаанаар далайн бүсийн орнуудад байгуулсан нарны цахилгаан станцуудын АҮК бага болдог байна. Харин манай орон хэдийвээр хойд бүслүүрийн 42 - 52 -р өргөрөгт орших боловч жилийн 270 - 300 хоногт үүлгүй цэлмэг байдаг, агаар мандлын чийгшлийн дундаж хэмжээ 10 - 40 хувьд хэлбэлзэж байдаг нь альбедогийн шингээлтийн үзүүлэлтийг ихээр нэмэгдүүлдэг. Альбедогийн ойлтын үзүүлэлт нь шинэ цастай үед 80 - 90 %, хуурай элсэн гадаргууд 40 %, ургамалан бүрхэвч бол 10 - 20 %, усан мандалд 2 - 5 % байдаг байна. Альбедогийн шингээлтийн үзүүлэлтээс шалтгаалсан дулаан гаргалт ба дулаан хадгалах хугацаа нь янз бүрийн гадаргууд өөр өөр байна. Тухайлбал эх газар, ялангуяа говь цөлийн хөрс түргэн халж, халсан  дулаанаа агаар мандалд хурдан алддаг. Үүнээс шалтгаалж сэрүүн бүсийн эх газарт өдөр шөнийн ба улиралын эрс тэс уур амьсгал ноёрхож салхи шуурганы хурд хүч нэмэгдэнэ. Төв азийн бүс нутагт хаврын цагт бий болдог шар шороон түйрэн чухам үүнээс эх үүсэлтэй байдаг. Харин далайн бүсийн орнуудад температурын хэлбэлзэл ба түүнээс шалтгаалсан өдөр шөнийн ялгавартай салхины хүчний өөрчлөлт бага үүсдэг. Энэ нь их усны гадаргуу нарны гэрлийн энергийг гүндээ аажуу шингээж дулаанаа аажуу хурдтай алдагдуулдагтай холбоотой байна. Албедогийн ойлт ба шингээлтийн үзүүлэлт нь хүлээн авч байгаа гадаргуугийн барзгаржилт ба толигор байдал түүнчлэн түүний өнгөнөөс ихэд шалтгаалдаг. Туйлын хар өнгийн материал нь гэрлийн цацрагийг хамгийн өндөр АҮК -тайгаар дулааны энерги болгон хувиргадаг. Албедо ба салхины харилцан хамаарлыг доорхи бяцхан туршилтаас харж болно. Тасалгааны цонхоор тусах нарны гэрэлд тас хар ба цав цагаан өнгөтэй адил материалаар хийсэн 2 хавтан байрлуулаад тэдгээрийн хооронд салхины чигийг заагч флюгерийн заагч байрлуулбал флюгер тогтмол хар хавтан руу заах болно. Харин нарны гэрлийг хаавал флюгер дундын байдалд шилжих болно. Янз бүрийн ай саван дахь температурын ялимгүй зөрүү ч агаарын “ХӨВРӨГДӨХ” урсгалыг бий болгож чаддаг. Хэрэв температурын зөрүү их ба бага хэмжээгээр байнга байх бол салхи ч бас тэр зөрүүгийн хэмжээгээр хөврөгдөх урсгалын зарчмаар байнга явагдах болно. Температурын ялгавар үүсэх цэг буюу салхи үүсэх цэгээс орон зай алслах тутам салхины хурд хүчний шатлуур (градиент) аажмаар багасна. ЭСРЭГ ЦИКЛОНЫ НОЁРХОЛ, ГАЗАР ЗҮЙН РЕЛЬЕФИЙН ОНЦЛОГО, ИНВЕРСИЙН ДАВХРАГА, НАРНЫ ГЭРЛИЙН ЦАЦРАГИЙН АЛЬБЕДОГООР ХАРИЛЦАН НӨХЦӨЛДСӨН АГААРЫН БОХИРДЛЫН ГАМШИГТ ДАВХАРГЫН ТУНАРАЛЫГ НИЙТЛЭЛИЙН ЭХЭНД ДУРДАГДСАН САЛХИНЫ ҮЙЛЧЛЭЛЭЭР Л ХӨӨН САРИНУУЛЖ ЧАДНА.

 

      # ГАРЦ ШИЙДЭЛ

Улаанбаатар хотын зүүн урд талд байх Хоолтын даваанд нарны гэрлийн цацрагаар дулаан гаргах “ПАССИВНЫИ” станц байгуулна. Энэ станцыг пассивныи ( идвэхгүй) гэж нэрлсэн нь энэ станц цахилаан энерги үл үйлдвэрлэх бөгөөд зөвхөн энэ цэгийн хүрээнд бага хэмжээний дулаан үйлдвэрлэж түүнийгээ агаар мандалд шууд алдагдуулдагтай холбоотой. Алдагдуулсан дулаан нь байглийн өөрийн  хуулиар дээш шилжиж давааны дээгүүр бага хурдтайгаар  явагдах королис салхины үйлчлэлд нэгдэж цааш зонхилох чиглэлийн дагуу (баруун хойноос зүүн урд чиглэлд) агаар мандалд тархана.

Станцын байрлах цэгийн агаар сийрэгжин дээш шилжсэнээр хотын дээр тогтсон  агаарын бохирдолт давхарга станц руу градиентийн үечлэлээр аажуухан тасралтгүй хөврөн шилжих болно. Станц байгуулагдах Хоолтын давааны хотгор хэсэг нь зонхилох чиглэлийн королис салхины урсгал ба хиймлээр үүсгэгдэх салхины уулзалдан нийлэх цэг болно. Энэ хөврөх урсгалын хурд ба хүч нь станцын ялгаруулах дулаан ба түүний оронд урсан ирэх хүйтэн агаарын температурын ялгаварын хэмжээгээр тодорхойлогдоно. Станцын эзлэх талбайн хэмжээг дулаан гаргах тооцооллын үндсэн дээр боловсруулана. Дулаан үйлдвэрлэх цогцолбор станцын нэгж дэлгэц нь туйлын хар өнгөтэй, кристалл гадаргуутай, бөх бат нийлэг мяндсан хийцтэй, ( SELECTIVE COATING ) брезент маягийн  материалаар хийгдсэн байна. Ийм материал нь нарны гэрлийн радиацийг 80- 90 % тай шингээн авдаг ба  дулаан үйлдвэрлэлтийн итгэлцүүр нь хамгийн өндөр байдаг. ( selective coating материалын тодорхойлолтыг бусад эх үүсвэрээс гүнзгийрүүлэн үзнэ үү!) Ийм хийцээр байгуулах станцын өөрийн өртөг төдий л өндөр бус байх болно.

Дэлгэцүүд нь өглөөний 9 цагаас оройн 16 цаг хүртэл өвлийн нарны тусгалын өнцөгт тохирсон байрлалаар татагдсан байна. Дэлгэцүүдийг 11-р сард татаж 3-р сард  хураан авна. Станц өглөөний 9 цагаас оройн 16 цаг хүртэл 7 цагийн турш температурын ялгавараар салхи бий болгож хотын бохирдолт агаарын давхаргыг хоногийн завсарлагатайгаар цэвэршүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү зөгнөлт гэж хэлж болох төслийн санаа хэрэгжих үндэслэлтэй эсэхийг шинжлэх ухааны ажилтнууд, ялангуяа цаг уурчид хамтарсан судалгаа шинжилгээ хийж баттай хэлэх биз ээ. 

 

                           Л.Лхагва

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)