Хамгийн олон хүний хандалт авсан 10 вэб сайт

Интернэтийн эрин үе дэлхийд ноёлж, интернэт хэрэглэгчийн тоо саяас тэрбумд шилжин, сүлжээний зах зээлээс олон ч вэбсайт арчигдан гарч, олон ч вэбсайт шинээр үүсэн бий болж байна. Түүнчлэн, өөрийн содон, бодит, хэрэглээнд нийцэх шинж чанараараа хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг нь болж чадсан вэбсайтууд хүрээгээ улам л тэлсээр байна.  Хамгийн олон  хэрэглэгч хандсан 10 вэбсайтыг “Alexainterne”t компани нэрлэжээ.   
1.Google
Америк  дамнасан корпораци “Google” энэхүү жагсаалтыг тэргүүлжээ. Энэ вэбсайтын нэрийг мэддэггүй хүн дэлхий дээр ховор байх. Хэрэглэгч “Google”-ийн хайлтын системийн үйлчилгээг илүүтэй мэддэг ч, онлайн сурталчилгааны технологи, программ хангамжаараа алдартай. Дэлхий даяар “Google”-ийн нэг сая сервэр байршсан байдаг. Сар тутам нэг тэрбум хэрэглэгч энэ сайтад ханддаг ажээ.


2.Facebook
2004 онд үүсэн бий болсон нийгмийн онлайн сүлжээ. 1.3 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй. Хэрэглэгч өөрийн профалиа үүсгэж, бусад хэрэглэгч рүү найзын хүсэлт илгээн, холбогдож, аудио болон видео дуудлага хийх боломжтой. Өөрийн бүтээсэн зураг, дүрс бичлэгээ түгээх, бусадтай санаа бодлоо хуваалцах гээд хувь хүний үзэл санааны чөлөөт индэр болж чаддаг юм. 
3. Youtube
Залуусын өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болох “Youtube”нь “Google”-ийн охин компани бөгөөд клип, хөгжмийн холбогдолтой, боловсролын агуулгатай дүрс бичлэг, кино гээд төрөл бүрийн дүрс бичлэгийн  сантай вэбсайт юм. Хэрэглэгч үнэ төлбөргүйгээр бүртгүүлж өөрийн дүрс бичлэгээ  оруулах боломжийг олгодог.


4. Yahoo
“Yahoo” нь Америкийн интернэт компани бөгөөд  дэлхийг хамарсан томоохон хайлтын систем юм.”Yahoo”  мэйл,  “news”,  “answers”, онлайн газрын зураг  зэрэг олон  үйлчилгээ үзүүлдэг. “Yahoo” хуудас 30 гаруй хэлээр нийтлэгддэг бөгөөд ойролцоогоор хагас тэрбум хэрэглэгчтэй, хэрэглэгчийнх нь тоо жил тутам 21 хувиар  нэмэгддэг байна. 
5. Baidu.com 
“Baidu” бол Хятадын цахим  үйлчилгээний компани бөгөөд 2000 оны нэгдүгээр сарын 18-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Хятад хэл дээрх вэбсайт, аудио файл, гэрэл зураг хайх зориулалттай систем. 
6. Amazon.com 
Америкийн интернэт худалдааны уг вэбсайт нь анх онлайн номын худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлж, улмаар DVD, CD, видео, видео тоглоом, MP3, программ хангамж, тавилга,тоглоом, хүнс, үнэт эдлэл гээд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг, олон улсад салбартай компани болж өргөжсөн.  
7. Wikipedia
Ашгийн бус Википедиа сангийн хөгжүүлсэн энэхүү сайтыг 2001 онд Jimmy Wales, Larry Sanger нар санаачилсан. Википедиад өдөрт ойролцоогоор 500 сая хэрэглэгч хандаж, 18 тэрбум удаа нээж үздэг гэсэн баримт бий.  Хэрэглэгчийн мэдлэгт тустай агуулгыг нийтэлдэг бөгөөд тэдгээрийг хэрэглэгч өөрөө засварлах боломжтой байдгаараа онцлог.   

8. Taobao.com

“Alibaba”  группийн зөвхөн Хятадад онлайн худалдаа хийдэг вэбсайт бөгөөд “eBay”, “Amazon”-той ижил үйл ажиллагаа явуулдаг. 2003 оны тавдугаар сарын 10-наас эхлэн хувиараа бизнес эрхлэгчдэд онлайн дэлгүүрээр жижиглэн худалдаа хийх боломжийг олгосон бөгөөд уг сайтаар 760 сая бараа худалдагдаж, худалдааны хэмжээг өнгөрсөн оноос  нэг триллион юанаар давуулсан үзүүлэлттэй гарчээ.
9. Twitter
Олон нийтийн энэхүү сүлжээнд хэрэглэгч 140 тэмдэгт ашиглан мессеж бичдэг бөгөөд дэлхий даяар жиргээчидтэй. Jack Dorsey, Evan Williams, Biz Stone болон Noah Glass нар 2006 оны долдугаар сард Твиттерийг бүтээсэн. Өдгөө идэвхтэй 284 сая, нийт 500 сая хэрэглэгчтэй. 
10.  QQ
“QQ” нэрээрээ олон нийтэд танигдсан Хятадын “Tencentholding” компани мессежинд суурилсан программ хангамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна, онлайн тоглоом, онлайн худалдааны  үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодог. 1999 онд зах зээл дээр анх гарч ирснээс хойш 829 сая идэвхтэй хэрэглэгчтэй болж, өдөр бүр 176.4 сая хүн QQ мессенжерийг ашиглаж байна.

Б.Хулан 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (206.83.125.100)

    2023-10-06

    Худлаа эн4