Нүүрс худалдан авахад зориулсан мөнгөөр өрхүүд хямд, чанар муутай нүүрсийг худалдан авч байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтууд Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын мэдээлэл сонслоо.

Энэ хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Нийгмийн халамжийн сангаас дараахь зорилтот бүлгийн иргэдэд орон сууцны хөлс төлөхөд нь, хэрэв нийтийн халаалтгүй сууцанд амьдардаг түлээ нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг удаа мөнгөн тусламж олгож байна гэлээ.

Түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжид 2017 оны байдлаар нийслэлийн хэмжээнд ахмад настан 1348, алдар цолтон ахмад настан 376, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхэд 8679 хамрагдсан байна.

Жил бүр зорилтот бүлгийн иргэдэд олгож түлээ нүүрс худалдан авахад зориулсан бэлэн мөнгөөр өрхүүд хамгийн хямд, чанар муутай нүүрсийг худалдан авч түлэх, зарим нь түлш авахад зарцуулахгүй, хуучин дугуй зэрэг шатааж болох зүйлс авч түлж байгаа нь агаарын бохирдол бий болох сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байгааг анхаарч цаашид мөнгөн тусламж бус сайжруулсан түлш хэлбэрээр олгох эсхүл түлээ нүүрс авах эрхийн бичиг хэлбэрээр олгох асуудлыг судлан холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг судалж байна хэмээн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэлдээ дурдсан.

Мөн Улсын Их Хурлын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд хөдөө орон нутагт шилжин очсон иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгож хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/206 дугаар тушаалыг баталжээ. Уг тушаалын хавсралтаар “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр болон 2018 оны төсвийн хуваарийг батлан хэрэгжүүлж эхэлсэн гэлээ. Тус төслийн хүрээнд хөдөө, орон нутаг руу нүүх тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож, гэрээт малчин нь олон малтай малчинтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд энэ нөхцөлд мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус бүрт нь нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь хөнгөлж, гэрээт малчны болоод гэр бүлийн хүнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төлөх аж.

Түүнчлэн уналгын хэрэгсэл, хоол хүнсэнд шаардлагатай байгаа материалыг олгохоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш цалинг олго юм байна.

Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрт 2018 оны 11 сарын байдлаар нийт 220 ажил олгогч малчин, 224 гэрээт малчин өрхийн 441 иргэн ажлын байраар хангагдаж 22,0 сая төгрөг зарцуулсан байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд байдаг Төрийн бус байгууллагууд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд амьдарч буй өрхийн жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах, цэвэр агаартай амралт сувилалд амруулах санал дэвшүүлсэнийг хорооны хурлаар дэмжин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолд “Өвлийн саруудад нийслэлийн ойролцоох сувилал, амралтын газарт 0-10 настай хүүхэдтэй гэр бүлийг хөнгөлөлттэй үнээр амраах зохицуулалтыг нэн яаралтай судлах” ажлыг ЭМЯ , СЯ болон ХНХЯ-д үүрэг болгосон байна.

Үүний дагуу ХНХЯ-ны зүгээс нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд амьдарч буй өрхийн жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, цэвэр агаарт амралт, сувилалын газарт хөнгөлттэй нөхцөлөөр амраах зорилгоор судалгааг хийж тооцоо гарган Сангийн яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)