Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хоёр дахин хэмнэлттэй

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан хотын удирдлагын баг өнөөдөр Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Таван толгой түлш ХХК нь Засгийн газрын тогтоолоор энэ оны тавдугаар сард байгуулагдсан. Өнгөрсөн долоон сарын хугацаанд хоёр үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байгаа аж. Таван толгой түлш ХХК-ийн нэгдүгээр үйлдвэр нь жилдээ хоёр мянган тонн сайжруулсан шахмал түлж үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Анх 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ДЦС 2-ын дэргэд 14 тэрбум төгрөгөөр баригдсан шахмал түлшний үйлдвэрийг тухайн үед тэндэрт ялсан компани нь технологийн алдаа гаргаснаас болоод бүрэн ашиглалтад оруулж чадаагүй байна. Үүнийг Таван толгой түлш ХХК хүлээн авч засаж, шинээр ашиглалтад оруулснаар 2 дугаар үйлдвэрээ болгожээ. Энэ үйлдвэр нь жилдээ мөн 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

“Манай компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш нь олон улсын стандартын шаардлага хангасан. Шахмал түлшний 5, утааны 4, зуухны нэг үзүүлэлтийг бүрэн хангасан. Улаанбаатар хот жилдээ дунджаар 1.2 сая тонн нүүрс түлж байгаа. Бидний үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш бол 600-700 тонн нийт 220 мянган гэр хорооллын өрхийг бүрэн хангана. Энэ нь шатааж байсан нүүрсний хэмжээ хоёр дахин багасна гэсэн үг. Түүнээс гадна нүүрснээс ялгардаг хорт үзүүлэлтүүд олон дахин буурсан байгаа. Өнөөдөр хэрэглэж байгаа Налайх, Багануур, Тавантолгойн нүүрснээс манай үйлдвэрлэж байгаа түлш хоёр дахин хэмнэлттэй, хоёр дахин илчтэй. Дараа жилийн өвөл бид ийм гамшгийн хэмжээнд байхгүй гэдгийг баттай хэлмээр байна” хэмээн Таван толгой түлш ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Түүхий нүүрсийг орлох бүтээгдэхүүн нь түүнд агуулагддаг дэгдэмхий хий, хорт бодисыг бууруулсан сайжруулсан түлш юм. Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэр нь иргэдийг нь нүүрсний оронд шахмал түлшээр цаг алдалгүй хангаж байх зорилготой. Үйлдвэрлэж байгаа энэхүү сайжруулсан түлш нь илч болон шатах хугацааны хувьд илүү хэмнэлттэй байгаа” гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хотын удирдлагууд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахтай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, үр дүнтэй болгох талаар олон ажил хийж байна. Үйлдвэрүүдийн бэлэн байдлыг хангах, сайн чанарын түлшээр иргэдийг хангах зорилготой ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Ирэх онд иргэдийг түүхий нүүрсний оронд шахмал түлшээр хангахад үйлдвэрүүдийн бэлтгэл ажил хамгийн чухал. Үүнтэй бид газар дээр нь ирж танилцаж байна. Мөн бэлтгэл ажлаас гадна шахмал түлшний чанар стандарт сайн байх ёстой” хэмээв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (2)

  • (202.9.42.234)

    2018-12-29

    Сэтгэгдэл бичсэн хулгайч чи л болчихгүй юу хийсэн бүхнийг харлуулсан хүний оронцог

  • (103.26.194.91)

    2018-12-28

    nuurs tuleheer utaa garna shuu dee.shahmal tulsh gej nuurs l biz dee.arai l hudlaa shaah yum.