Орон нутгийн замд 24 цагийн хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ жил-2018” арга хэмжээ явагдаж байна. 

Баярын өдрүүд болон сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгдэж байгаа энэ үед орон нутгийн цагдаагийн байгууллагаас байнгын болон 24 цагийн хөдөлгөөөнт эргүүл, хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна. 

Алба хаагчдаас улсын болон орон нутгийн чанартай авто замуудад өдөр, шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх болон тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэгддэг бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг явуулж байна.

Иймд зөвхөн “цагдаад баригдахгүй байх” гэх бодлоос илүүтэйгээр өөрийн болон гэр бүл, бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын хамгаалах хэрэгсэлтэй тээвэрлэх зэргээр Замын хөдөлгөөний дүрмээ баримталснаар та осол, аюулаас 90 хүртэл хувиар хамгаалагдах боломжтой юм гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)