Монголд “тэгш эрхт тулгуурласан тэнцүү хувиарлалтын хувьсгал” эхэллээ

Бүх дэлхийн хүн төрөлхтөний түүхийг авч үзэхэд хаант төр, шашинт төрийг устгаж, ардын төрийг цогцлоон байгуулсан үйлс нь тусгаар тогтнолын 1-р хувьсгал байсан. Түүний дараах хувьсгал нь клончлол болон диктатурын засаглалыг устгаж, тусгаар тогтнолоо олж авах эрх чөлөөний хувьсгал байсан. Харин дараагийн 3-р хувьсгал нь “эрх тэгш”-т (Egalitarianism) тулгуурласан тэнцүү хувиарлалтын (Egalitarian distribution) хувьсгал байдаг.

Хөгөл түүх давтагддаг гэж онолдсон байдаг. Хүн төрөлхтөнд учрах асуудал ижил байдаг учраас түүний шийдэл нь ч ижилхэн байх учир түүх дахин дахин давтагддаг тухай тэрээр хэлсэн хэрэг.

Монголчууд бусад хүн төрөлхтөний л адил дээр дурдсан 3 хувьсгалыг хувь тавилангаараа туулж байна.

Монголд 20-р зууны эхэнд харийн клончлолоос гарах тусгаар тогтнолын хувьсгал явагдсан. ЗХУ маягийн дарангуйллын шинжтэй хэт зүүний социализмаас эрх чөлөөгөө олж авсан хувьсгал 1990 оны эхээр гарлаа. Эрх чөлөө хэдий эрхэм боловч бүхнийг шийддэг, анагаадаг шидэт үрэл биш гэдгийг өнөөдрийн Монголын амьдрал харуулж байна. Эрх чөлөөг Монголчууд эдэлж байгаа боловч тэр эрхэм эрх чөлөөг нь далимдуулан ард түмний баялагийг авилгал, бүлэглэл, тэгш бус хувиарлалт, ард түмнийг мухар сүсэгжүүлэх аргаар тонон дээрэмдэж байгаа нь Монголын ард түмний олж авсан тусгаар тогтнолыг үнэгүйтүүлж, амьдралыг нь там болгож байгаа нь дэлхийн нийтийн адил Монголд “тэгш эрхийн хувьсгал” эхлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэхүү тэгш эрхийн хувьсгалыг тусгаар тогтнолын хувьсгалын улстөрчид болон эрх чөлөөний хувьсгалын улстөрчид хэзээ ч хийж чадахгүй. Учир гэвэл тэгш эрхийн хувьсгал нь Монголд цоо шинэ үеийн улстөрчид төлөвшин тогтож, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дахин баталгаажуулах, нийтээрээ хөгжил цэцэглэлд гар бие оролцох, нийтээрээ баялаг бүтээх, нийтээрээ баялагийг тэгш хувиарлах, нэг ч Монгол хүн хөгжил цэцэглэлтийн хойно хоцрон үлдэхгүй байх цоо шинэ улстөр хийхийг шаардаж байна. Тэгш эрхт тулгуурласан тэнцүү хувиарлалтын хувьсгалыг гагцхүү шинэ үеийн улстөрчид л хийж чадна.

Эрх чөлөөний болон эрх тэгшийн хувьсгалын завсрын үед ард түмний хүсэн хүлээсэн тэгш хувиарлалтын хүсэл эрмэлзлийг далимдуулан улс орныг удирдан чиглүүлж, хүн төрөлхтөний жам ёсоор удирдан авч явах ямар ч чадваргүй популист улстөрчид гарч ирж төрийн эрх авдаг ба амласнаа биелүүлж чадахгүй болохдоо хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд сонгуулийн болон үндсэн хуулийн аргаар “шударга ёсны хувьсгал” нэрээр диктатур, фашист засаглал тогтоосон бурангуй түүхийг Гитлер, Муссолини, Латин Америк болон Азийн зарим орнуудын жишээнээс харж болно.

Тиймээс Монгол хүн бүр “шударга ёсны хувьсгал”-ын лоозонгоор гарч ирдэг диктатурын дарангуйлалд орох аюул нүдний өмнө байгааг ойлгож, сэрэмжтэй байж, диктатурын дарангуйлалд орохоос зайлсхийсэн онцгой байдлыг Монгол хүн бүр өөртөө зарлах шаардлага үүсээд байна. Монголчууд “Тэгш эрх, тэнцүү хувиарлалтын хувьсгал”-аа Нордикын загвараар хийж, хамгийн баян чинээлэг, жаргалтай, хөгжил цэцэглэлтэй орон болж, хот хөдөөний ялгааг Монгол үндэстний дайсан гэж ойлгон бүрэн арилгах ёстой.

21-р зууны Монголчууд 20-р зууны Монголчуудаас тэс өөр, цоо шинэ Монголыг бүтээх түүхэн хариуцлагаа ухамсарласан ёс суртахуунтай байж, Монголчуудын эзний эрх (Sovereign Right), хүний эрх (Human Right), иргэний эрх (Civil Right), эдийн засаг санхүүгийн эрх (Economic Right)-г улстөр, нийгэм, эдийн засаг болон соёлын бүх салбарт “эрх тэгшийн тэнцүү хувиарлалт”-ын зарчмаар цогцлоон байгуулах цаг болжээ. Эрх тэгш, тэнцүү хувиарлалтын хувьсгалын улстөр нь туйлширсан зүүнийг биш, туйлширсан барууныг ч биш, төвийн зүүн эсвэл барууныг ч биш харин төвийн улстөрд (Central Politics or Centrism) тулгуурлан явагддаг. Төвийн улстөр нь зүүний нийгмийн халамжийн бодлого болон баялаг бүтээгч либерализмийн аль альных нь сайн талуудыг шингээсэн улстөр байдаг.

Эрх тэгш, тэнцүү хувиарлалтын хувьсгалын үр өгөөж нь прогрессив шинжтэй явагддаг ба, төрийн институти болон түүний үйл ажиллагааны зарчим болох хуулиуд нь үр өгөөжөө өгч чадах нь уу үгүй юу гэдгийг шалгахын тулд хүн төрөлхтөний тэргүүний эрдэмтэд бүтээсэн төрөл бүрийн индексүүдийг салбар болгоны үйл ажиллагааг шалгах, дүгнэх норм норматив болгон хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, хүний хөгжлийн индекс, инновацийн индекс, олон улсын санхүүгийн төвүүдийн индекс, бизнесийн индекс гэх мэтийг төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд бүх улс даяар авч хэрэглэх ёстой. Ард түмэн тус индексүүд хэдэн оноогоор ахисан, ухарсан байгаагаар нь ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг төрийн дээд албан тушаалтнууд, тэдний кабинетийн гишүүд болон аж үйлдвэрийн салбар, шинжлэх ухаан технологийн салбаруудыг шалгаж, үнэлж дүгнэх боломжтой болно. Үүн дээр бас нэгэн анхаарах ёстой зүйл бол үндэсний этиксийн хуулийг (ёс зүйн хууль) баталж, Монгол үндэстний нэр төрийн билэг тэмдэг болсон ёс зүйг мэдлэгийн үндэслэлтэйгээр хөгжүүлж, хянаж, дүгнэж байдаг үндэсний ёс зүйн хороог цэцийн төвшинд байгуулж ажиллуулах хэрэгтэй.

Ингэснээр худал амлалт, авилгал, хууран мэхлэлтийг эрт илрүүлж, хариуцлага хүлээлгэх боломжтой болно.

Монгол төрийн дээр цорын ганц эзэн тэнгэр бий. Тэр нь Монголын ард түмэн.  Бүгд найрамдах төр бол ард түмний төр. Ард түмэн л эзэн байна гэсэн хүн төрөлхтөний мэдлэг. Ард түмний хүсэл эрмэлзэлээр байгуулагдсан болохоор төр бол ард түмэн гэдэг ганц тэнгэрт үйлчлэх ёстой. Сайн үйлчилж чадахгүй бол ард түмэн хариуцлага хүлээлгэн, сайн төрийг дахин эмхлэн байгуулах эрхтэй.

Аливаа радикал зүйл бол хүчирхийлэлд хүргэдэг гэдгийг ойлгож, ухамсартай, мэдлэгтэй, ёс суртахуунтай эрх тэгш, тэнцүү хувиарлалтын хувьсгалаа хурдан бөгөөд үр өгөөжтэй хийж, хотол олноороо сайхан амьдарч, Монгол хүн хийж, бүтээж чаддагийг дэлхий дахинд харуулах ёстой.

Шударга ёс ярьсан хүмүүсээс болгоомжлоорой. Ихэнх нь популист нар байдаг. Цаашлаад диктатур ч болох боломжтой шүү гэж Монгол хүн бүр өөртөө онцгой байдал зарлах хэрэгтэй.

Малыг л нядлахдаа шудардаг болохоос биш Монгол хүмүүс нэгнээ шударч боломгүй юм даа.

Монголчууд зөв зүйл хийж буй хүнийг зүйтэй, зүйтэй гэж урам өгдөгтэй адил эрх тэгш, тэнцүү хувиарлалтын хувьсгалыг зөв хийхээр эрмэлзэж байгаа нэгэндээ зүйтэй гэж урмын үгээ харамгүй хайрлаарай.

 

Моралтай Монгол Сан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)