Утаа түгжрэл аль нь ч буурахгүй

Нийслэлийн иргэн та Улаанбаатарт оршин суугаадаа сэтгэл хангалуун байна уу. Даажигнаж байгаа юм биш шүү. 

Гэрээс гарах төдий л өтгөн утаа нь нүд хорсгон, хоолой боож, ханиаданд дарлуулж, халуурч бүлээрсэн нялх үрс хувь, хувьсгалын эмнэлгүүдийг дүүргэж байна. Улаанбаатарт амьдрах арга алга хэмээн бидний олонх нь дэмий бухимдаж, дотроо бачимдаж буй нь нууц биш. Гэхдээ уурыг нь барж, эрүүл мэндийг хохироож буй энэ олон асуудлыг шийдэх хотын төсвөө сөхөж үздэг нь бидний дунд хэр олон бол. Үнэндээ иргэд нийслэлийн төсвийг тоодоггүй. Сөхөж харах нь бүү хэл сонирхож сонсох нь ховор.

Нийслэлийн 1.3 сая иргэн жилд дунджаар 600 тэрбум төгрөгийг хотын төсөвт төвлөрүүлдэг. Энэ бол ус, ой зэрэг улсын аль нэг нөөц ашигласны төлбөрийг тооцоогүй зөвхөн иргэдийн халааснаас албан татвар хэлбэрээр хотын төсөвт очдог мөнгөн дүн. Нийслэлчүүд ийнхүү хотын төсвийн талаас илүүг бүрдүүлдэг атлаа төлсөн татварыг нь юунд зарцуулдгийг ч үл ойшооно. Уг нь жил бүрийн 12 дугаар сард баталдаг хотын төсөв Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид гэх хэсэг хүний хэлэлцдэг хэдэн хуудас цаас биш Улаанбаатараар овоглосон иргэн бүрт хамаатай бодлогын баримт бичиг.

Нийслэлийн энэ оны хөгжлийг зурагласан бодлогын баримт бичгийг өнгөрсөн оны сүүлчээр Нийслэлийн ИТХ-аар баталж, дагаж мөрдөх хууль журам болголоо.

2019 онд Улаанбаатар хотын төсөв их наяд төгрөгт тулж, урьд өмнө нь сонсогдоогүй их мөнгөн дүн албаныхны гарт төвлөрөхөөр болж байна.

Энэ оны төсвийг сөхвөл нийслэл хотын ерөнхий төрх цагаан цаасан дээр хараар бууж, Улаанбаатарын ирээдүйн өнгийг урьдчилан мэдэж болохоор харагдана. Тухайлбал, энэ онд Улаанбаатарын утаа арилж, уур бардаг түгжрэл буурна гэж горьдилтгүй. Утааны өөдөөс цагаан туг өргөсөн Улаанбаатарын урамгүй тэмцэл ирэх саруудад ч үргэлжилнэ гэж төсвийн тоонууд чимээгүйхэн шивнэж байна. Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төсвийн санхүүжилт энэ онд дорвитой өсөөгүй. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрт л гэхэд 3.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Хорт утааны эсрэг тэмцлийн хаана нь ч хүрэхгүй энэ мөнгийг дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах зэрэг арга ядсан арга хэмжээнд зарцуулах аж.

• Энэ онд нийслэлийн удирдлагууд Аз жаргалтай хотын индекс тооцож, сайжруулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ. 

• Хувийн хэвшилд зориулсан, хямд өртөгтэй санхүүжилтийн нийт дүн нь 8.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна 

• Нийслэлийн төсвийн орлого жилд дунджаар 150 тэрбум төгрөгөөр нэмэгддэг байна.

Агаарын бохирдлыг багасгах найдвар ийн баргар буйтай зэрэгцээд нийслэлчүүдийн шүдний нэг өвчин болох замын түгжрэл дорвитой буурахгүй нь. Автозамын ачааллыг тоймтой буулгах дорвитой төлөвлөгөөг хотын төсвийн 30 гаруй хуудас цааснаас хайгаад олсонгүй. Ийнхүү утаа, түгжрэл зэргээс үр дүн хүлээгээд хэрэггүй нь энэ оны эхнээс харагдаж эхэллээ. Гэхдээ нийслэлчүүдийн усан хангамж нэмэгдэхээр байгаа нь сайшааж болох сайн мэдээ юм. Энэ онд нийслэлийн усан хангамжийг сайжруулж, цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд 4.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Мөн Улаанбаатарыг усгүйн зовлонд унахаас сэргийлэн АНУ-ын мянганы сорилтын корпорациас усан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийн барилгын ажил энэ оны сүүлчээс эхэлнэ гэж америкийн талаас мэдээлж байна.

Түгжрэл буурахгүй ч төвлөрлийг сааруулахын тулд Налайх, Багануур, Багахангай дүүргийг нийслэлтэй холбодог автозамуудыг шинэчлэн засахаар төлөвлөж байна. Түүнчлэн дугуйн замыг сунгаж, явган замыг чөлөөлөх ажил цаашид үргэлжлэх аж.

Энэ онд нийслэлийн удирдлагууд аз жаргалтай хотын индекс тооцож, сайжруулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ. Мөн сургууль, цэцэрлэгийн сургалтын чанарыг индексжүүлэхэд тус бүр 300 сая төгрөг төсөвлөсөн байна. Ийнхүү цэцэрлэгийн чанар, аз жаргалын хэмжээг жигнэн тооцох ажлууд ар араасаа цуврах хэдий ч балчир үрс бага боловсролд хамрагдах эсэхээ дахиад л азын сугалаагаар шийдүүлэх нь. Энэ онд өнгөрсөн жил баригдаж эхэлсэн 100 гаруй цэцэрлэг, 100 орчим сургуулийн барилгыг гүйцээхээ хотын удирдлагууд амласан. Гэхдээ энэ нь эрэлт хэрэгцээний багахан хэсгийг л шийдэхэд хүрэлцэнэ.

ХОТ ХУВИЙН ХЭВШИЛД ГАР СУНГАНА

Хотын удирдлагууд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор багагүй мөнгөтэй зээлийн багц баталчихаад байгааг та дуулсан уу. “Бичил зээлийг дэмжих хөтөлбөр”, “Нэг өрх-нэг ажлын байр”, “Улаанбаатарт үйлдвэрлэв” зэрэг хувийн хэвшилд зориулсан, хямд өртөгтэй эдгээр санхүүжилтийн нийт дүн нь 8.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа. Бизнесийг чиглэх учиртай энэ мөнгө уг нь хийж бүтээх чин хүсэлтэй ч санхүүжилтээр гачигдаж яваа жинхэнэ жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ хүртэл шар тос шиг санхүүжилтийн тус болох нь дамжиггүй. Харин жинхэнэ эзэндээ очилгүй, өмнөх онд монголын нийгмийг доргиосон тусгай сангуудын алдааг давтвал манай шинэ цагийн түүхэнд хараар бичигдэх бараан жагсаалт улам уртасна гэсэн үг.

Хот хэмээх их айлын нэгдсэн төсвийн ард нуугдсан зарим тоог нийслэлийн иргэн танд зориулан тоймлон хүргэхэд ийм байна. 2019 он сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа улс орон гэлтгүй аймаг, орон нутгууд хүртэл төсвийн орлого, зарлагаа багагүй хэмжээгээр тэлэхээр болсон. Тэгвэл сонгууль угтсан төсвийн халуурлаас нийслэлийн удирдлагууд ч хазайсангүй, энэ онд төсвийн орлогоо улам нэмэгдүүлсэн байна.

2019 оны хотын төсвийн орлого 2016 оныхтой харьцуулбал 72 хувиар нэмэгдсэн хэмээн Нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэлж байна. Ер нь нийслэлийн төсвийн орлого жилд дунджаар 150 тэрбум төгрөгөөр нэмэгддэг байна. Гэхдээ үүнийг дагаад бидний амьдрах орчин, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсэн үү гэвэл үгүй. Чухам ийм л учраас уг нийтлэлээр хотын иргэн таны үүрэг оролцоо, санал санаачилга чухал болохыг дахин сануулж байна. Дотроо бухимдаж, чимээгүй бачимдлаа гээд баргар төрх бахь байдгаараа л үргэлжлэх нь. Харин элэгсэг, эх оронч ажил хэрэгчээр асуудалд хандаж, ухаалгаар иргэний эрх үүргээ биелүүлэхэд таны зүтгэл энэ хотод илүүдэхгүй болов уу.

 

Г.Байгаль

Засгийн газрын мэдээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.19.68)

    2019-01-10

    Оркууд орон нутаг ругаа зайлаа . Оркуудыг хөөж гаргаач . Харин тэнд архи олдохгүй малаа маллаад амьдрана биз !!!!

  • чацга (64.190.117.33)

    2019-01-10

    хэн тэднийг бас бидэнийг бас та нарийг энэ утаатай,түгжирэлтэй газар хүчээр хориод байгаа юм бэ?

  • Ха (103.14.38.130)

    2019-01-10

    Енеедрийн толгойгуй, бодлогогуй тер утаа, тугжрэлийн асуудлыг шийдэж чадахгуй. Утаа гэхэд зуух, яндантай нь байлдаад байгаа болохоос хорт утаа уусгэгчийн асуудлыг ойлгохгуй, аль эсвэл ойлгохийг хусэхгуй байгаад асуудал байна. Енеедрийн энэ хорт утааг алга болгочихвол хумсалж идэх хоол нь алга болох учраас аль болох еерт ашигтай шийдвэрийг тер гаргаж байгаа. Негее талаас, энэ улсад юм ойлгох чадвартай "мал" байхгуй. ШУА-ийн нуурс судлаач нехдууд нуурснийхээ хор хохирлын талаар бус ашиг олох талаар судалгаа хийдгийн гайг енеедрийн УБ-чууд мэдэрч байгаа юм. Ингэж хэллээ гээд негее судлаачууд беен эсрэг коммент бичнэ дээ. Беглерелийн асуудлыг "Монгол" менталитет л шийднэ. Бусдаас илуу гарах гэсэн ойворгон зан л беглее уусгэж байгаа.