Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга  Д.Одбаяр Үндсэн хуулийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагнал- “Өргөмжлөх бичиг”-ийг  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль тогтоогч, иргэн Д.Ламжавт өнөөдөр /2019-01-10/ гардууллаа. Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийг хамгаалах үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж   энэхүү шагналыг хүртээжээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр түүнд хандаж хэлсэн үгэндээ, “Та бол шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлалцахад оролцсон төдийгүй Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлж баяжуулах ялангуяа Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулийг таниулж төлөвшүүлэх, Үндсэн хуулиа мэддэг, сахьдаг болгоход оруулсан  Таны хувь нэмэр үлэмж их юм” гэдгийг онцоллоо.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан  зарласан Сэдэмж бичлэгийн уралдааны шилдэг  илтгэлийг  шалгарууллаа.

Үндсэн хуулийн үзэл баримтлал болон түүний агуулгыг тайлбарлан таниулах, Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг идэвхжүүлэх,  тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү уралдааныг  дөрөв дэх удаагаа зохион байгуулав.

Уралдаанд ирүүлсэн  судлаачид, оюутны илтгэлийг   эхний  үе шатанд эрдэм шинжилгээний бага хурлаар  хэлэлцүүлж шалгаруулсан бөгөөд дараах  үе шатанд шалгарсан илтгэгч нар “Эрх чөлөө”, “Цэцийн шийдвэрийн биелэлт, хууль зүйн үр нөлөөг дээшлүүлэх асуудал: Процессын тусгай журам”, “Үндсэн хуулийн дээд хяналт”, “Шүүх эрх мэдэл-шүүхийн хараат бус байдал-шүүх засаглалын авлига”, “ Хууль дээдлэх зарчим”, “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичиг” сэдвээр  өнөөдөр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)