Д.Сүрэнчимэг: Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хүний хөгжлийн зарчимд суурилсан

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.СҮРЭНЧИМЭГТЭЙ ярилцлаа.

-Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг энэ сарын 1-нээс мөрдөж байна. Өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хэр хангасан бэ?

-Манай байгууллагын үндсэн хууль буюу Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан. Тухайн хуулийн өргөн барьсан анхны хувилбар нь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байсан. Нийгмийн халамжийн асуудлыг өөр хуулиар зохицуулдаг учраас хууль боловсруулахад давхардуулахгүй байх зарчим баримталж багшийн хөгжил рүү чиглүүлсэн юм. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хүний хөгжлийн зарчимд суурилж боловсруулсан. Хүн өөрийн дотоод сэдэл тэмүүллээр хөгждөг. Багшийн хөгжил үүнтэй адил. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн оны наймдугаар сард салбарын сайдын тушаалаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн. Өмнө нь манай байгууллага судлагдахуун буюу багшийн заадаг хичээлийн агуулгаар хуваагдсан бүтэцтэй байсан бол одоо хөгжлийн тал руу ажиллах учраас хэрэглэгчээрээ баримжаалсан бүтэцтэй болсон. Манай байгууллагын хэрэглэгч нь багш, сурагч учраас Багшийн болон Сурагчийн хөгжлийн албатай болсон. Сурагч, багш хоёр хамтын үйл ажиллагаагаа сургууль дээр явуулдаг учраас сургалтын байгууллагын менежементийн албын үйл ажиллагааг нэгтгэсэн албатай болсон. Ингэснээр өнгөрсөн хугацаанд шинэ бүтцээрээ хэрхэн ажиллахаа төлөвлөсөн. Ирэх долоо хоногийн даваа гарагаас /өнөөдөр/ багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтаа эхлүүлэх гэж байна.

-Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад энэ жил хэчнээн багш хамрагдахаар байна вэ. Энэ чиглэлд хуулиар ямар шинэчлэлт оруулсан бэ?

-Боловсролын тухай хуульд багш таван жил тутамд мэргэжил дээшлүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс нэг, тав, арав дахь жилдээ ажиллаж байгаа багш нарыг төрөөс зардлыг нь дааж сургалтад хамруулдаг. Мөн шинэ хуулиар сургууль төгсөөд нэг, тав, арван жил болж буй багш нар сургалтад хамрагдах эрхтэй болсон. Тухайн багшийг 100 орчим цагийн сургалтад 40 хоног хамруулдаг. Үүний 35 хоногт багш ажпын байран дээрээ онлайнаар, үлдсэн тав хоногт танхимын сургалтад хамрагддаг юм. Энэ жил нийтдээ 7550 гаруй багш мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн.

-44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги туслах багштай байж болно гэдэг нь Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн онцлох заалтын нэг. Үүнийг яг ямар зарчмаар хэрхэн шийдэх вэ. Туслах багш ямар үүрэг оролцоотой байх вэ?

-Багшийн ачааллыг тэнцвэржүүлэх, чанарыг дээшлүүлэх үүднээс ийм зохицуулалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 13 аймаг, нийслэлд 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангийн 629 бүлэг бий. Үүний дийлэнх буюу 527 нь Улаанбаатар хотод байдаг. Эдгээр ангийг туслах багштай байлгах, хэнийг болгох эсэх эрх нь нэгжийн удирдлага буюу сургуулийн захиралд бий. Энэ хичээлийн жилд орон тоо, цалин хөлсний асуудлыг төсөвт суулгаагүй учраас бэлтгэл ажлыг хангах болов уу. Ирэх хичээлийн шинэ жилээс дээр дурдсан тооны хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги туслах багштай болох бүрэн боломжтой. Хуулийг танилцуулах явцад сургуулийн удирдлагууд хоёр санал гаргаж байсан. Нэгдүгээрт, шинэ төгсөгчийг сургах боломж буюу эхний нэг, хоёр жилд туслахаар ажиллуулаад үндсэн багш болгох. Хоёрдугаарт, олон жил ажилласан, тэтгэвэрт гарах гэж буй, ачаалал даахад хүндрэлтэй багш нарыг туслахаар ажиллуулж болох юм гэдэг талаас нь харж байна. Цэцэрлэгийн тухайд туслах багш бол үндсэн багшаас доогуур албан тушаалтай, өөр мэргэжилтэй байж болно гэдэг нийтлэг ойлголт бий. Харин ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн туслах багш бол үндсэн багштай мэргэжил боловсрол, мэдлэг чадварын хувьд ижил түвшйнд байх ёстой.

-Орон нутагг зургаан сараас дээш хугацаанд ажиллавал тэтгэлэг олгохоор хуулчилсан байна. Тухайлбап, нэг багшид хэдэн төгрөгийн тэтгэлэг олгох вэ? 

-Үүнийг журмаар тогтооно. Одоогоор эцэслэн шийдээгүй байна. Шинэ хуулиар багш бэлтгэж байгаа сургуулиуд оюутнуудаа зургаан сараас дээш хугацаагаар заавал дадлага хийлгэх ёстой. Манай улсад 46 сургууль багш бэлтгэж байна. Эдгээр сургуулийн сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орно гэсэн үг. Суралцах явцдаа хагас жил буюу түүнээс дээш хугацаанд дадлага хийсэн төгсөгч ажлын байранд гарах нөхцөлийг ингэж бүрдүүлэх юм. Зарим аймаг, сумд нарийн мэргэжлийн багш нар дутагдалтай байдаг. Ийм тохиолдолд багшийн сургууль төгсөх гэж буй дадлагажигч оюутан шаардлага хангахуйц төвшинд байвал тухайн аймаг, сум түүнийг гэрээгээр ажиллуулах гэх мэтээр зохицуулалт хийж болно. Ингэхдээ аймаг, сумын удирдлагууд цалин мөнгө, тэтгэлэг урамшууллыг олгох эрхийг хуулиар олгосон. Энэ нь тухайн багшийг нутагтаа авч үлдэх арга зам юм. Үүнээс гадна боловсон хүчин дутагдалтай байгаа орон нутгийн удирдлагууд багш захиалж сургаж болно. Жишээлбэл, төгсөөд тухайн орон нутагт ажиллах зарчимд үндэслэж оюутны төлбөрийг орон нутгаас төлөх байдлаар багш бэлтгүүлэх боломжтой. 

-Орон нутагт боловсон хүчний нөөц бололцоо ямар байна вэ?

-Багшлах боловсон хүчин чанарын хувьд асуудалтай ч тооны хувьд дутагдалтай зүйлгүй. Гэхдээ дуу хөгжим гэх мэт нарийн мэргэжлийн багш нар дутагдалтай байдаг тал бий. Үүнийг мэргэжлийн бусад байгууллагатай хамтарч зохицуулдаг.

-Багш бэлтгэж буй сургуулиудад дээр дурдсанаас гадна хуулиар ямар үүрэг хүлээж байна вэ. Чанарын хувьд олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй ханддаг? 

-Өргөн хүрээгээр багш бэлтгэж буй сургуулиуд чанартай боловсон хүчин бэлтгэх үүрэг хүлээж байгаа. Мөн төгсөгчөө мэдээллийн системд бүртгэх үүрэгтэй. Энэ нь Монгол Улсад багш мэргэжилтэй хэчнээн хүн байгааг бүртгэлжүүлж, бааз үүсгэх зорилготой юм. Үүний цаана бэлтгэсэн сургуулиудын үүрэг, чанар харагдах учиртай. Өөрөөр хэлбэл, аль сургуулийн төгсөгч мэргэжлээрээ ажилд орсон гэдгийг харж, хянах боломжтой. Боловсролын мэдээллийн систем зөв, хэрэглэгдэхүйц байх үүргийг хуулиар БСШУСЯ хүлээж байгаа.

-Жилд хэчнээн хүн багш мэргэжлээр төгсч, түүнээс хэд нь ажлын байртай болж байна вэ?

-Жилд 5000 орчим хүн төгсдөг. Үүнээс 2000 орчим нь мэргэжлээрээ ажилладаг. 

-Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч багшлах эрхтэй байна гэж хуульд заасан. Үүн дээр зөрүүтэй ойлголт гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өмнө нь багш мэргэжлээр төгссөн төгсөгчдөөс эхний жилд багшлах эрхийн шалгалт авдаг байсан. Ингэснээр багшлах эрх нь үүсдэг байсан юм. Харин шинэ хуулиар энэ шалгалтыг авахгүй болсон. Өөрөөр хэлбэл, багш мэргэжлээр төгссөн төгсөгчид ямар нэгэн шалгалт өгөхгүйгээр ажлын байранд гарах боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ хэнийг ажиллуулах эсэхийг сургуулийн удирдлагууд шийдэх юм. Өмнө нь шалгалтад тэнцсэн хүмүүсээс сонгож авдаг байсан бол одоо бүх төгсөгчөөс мэдлэг чадвартай багшийг сонгох талаасаа захирлын хариуцлага нэмэгдэж байгаа. Хуулийн энэ заалт нэг талаасаа төгсөгчдөд боломж олгож байгаа юм. Жишээлбэл, Дорж, Бат хоёр энэ жил сургууль төгссөн гэж бодъё. Тэд мэргэжлээрээ ажиллах эрхтэй ч тухайн сургуулийн захирлын шалгуурт тэнцээгүй байж болно. Тэгвэл хоёулаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн нэг дэх жилийн сургалтад хамрагдах эрхтэй. Энэ тохиолдолд зардлыг төрөөс даана. Харин ямар нэгэн шалтгаанаар төгссөн жилдээ сургалтад хамрагдаагүй буюу хөгжих хугацааны нэг, тав, арав дахь жил зөрж байвал өөрөө зардлаа төлж сургалтад хамрагдана. Энэ хуулийг хэрэгжүүлэхээс өмнө сургуульд ажилласан жилээс эхэлж нэг, тав, арав дахь жилдээ сургалтад хамруулдаг байсан.

-Бүх шатны боловсролын сургалтын байгууллага Багшийн хөгжлийн төвтэй байхаар хуульчилсан. Тухайн төв ямар үүрэгтэй байх ёстой вэ?

-Багшийн хөгжлийн төв гэдэг багш ажлын байрнаасаа холдохгүйгээр тасралтгүй хөгжих орчныг хэлж байгаа юм. Орчин гэхээрбиднэганги, танхим гэж ойлгодог. Тийм биш. Сургуулийн коридорын булан ч байж болно. Тэнд тухайн багш суугаад ном уншиж, хичээл судлахад нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Тэгэхээр багш хөгжих орчныг хэрхэн бий болгох нь тухайн сургуулийн шийдэх асуудал. Манай байгууллагын хувьд Багшийн хөгжлийн төв хэрхэн яаж ажиллах үлгэрчилсэн дүрэм журам, загварыг гаргах, сургуулиудад зөвлөмж өгөх үүргийг хүлээж байгаа. Багшийн хөгжил байнгын тасралтгүй үйл ажиллагаа гэж хуульчилсан. Тиймээс багш өөрийнхөө хөгжлийн төлөө өөрөө зүтгэхээс гадна оролцоо хамгийн чухал гэдгийг мөн хуульчилсан. Харин оролцох зүйл нь юу байх вэ гэдгийг төр зохион байгуулах ёстой. Энэ талаасаа багшид зориулж сонголтод сургалтыг энэ жилээс хийх гэж байна. Үүнийг манай байгууллагын арга зүйчид сар бүрийн нэг, гуравдугаар долоо хоногт ажлын дараа зохион байгуулна. Харин хоёр, дөрөвдүгээр долоо хоногт төрийн бус, олон улсын, олон нийтийн болон хөгжлийн чиглэлээр ажилладаг бусад байгууллага сургалт явуулах боломжтой. Үүн шиг үйл ажиллагааг аймаг, дүүрэг, сумд зохион байгуулахыг бид зөвлөж байгаа. Энэ ажлыг дөнгөж эхлүүлж байгаа учраас цаашид жигдэрнэ.

-Сургууль, цэцэрлэгийн төсвийн хоёр хувийг багшийн хөгжилд зарцуулах үүргийг удирдлагуудад хүлээлгэж байгаа. Үүнийгягзөв зарцуулж байгаа эсэхэд хэн хяналт тавих вэ?

-Багшийг хөгжүүлэхийн тулд сургалтын байгууллагын удирдлага өөрийн байгууллагын жилийн төсвийн хоёр хувийг заавал багшийнхаа хөгжилд зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, багш хөгжлийн төсөвтэй болсон гэсэн үг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 800 гаруй сургууль, 1500 гаруй цэцэрлэгийн хувьд тооцож үзвэл багшийн хөгжилд жилд 8.8 тэрбум төгрөг зарцуулах үүрэгтэй. Иймд багшид хөгжлийн ямар хэрэгцээ байгааг удирдлага нь шийдэх буюу тухайн төсвийг 2300 гаруй нэгжийн удирдлага өөрсдөө зарцуулах боломжийг хуулиар олгосон. 

-Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль нэлээд хүлээлттэй байсны эцэст ийн хэрэгжүүлж эхэллээ. Цаашид энэ салбарт ялангуяа багш нарт ямар үр дүн гарна гэж та харж байна вэ?

-Хэрэв бүх багш хуулиа ойлгож, хөгжлийнхөө төлөө зүтгэдэг болбол энэ том үр дүн. Ер нь хүн хөгжинө гэдэг өөрөө өөрийнхөө төлөө зүтгэх явдал юм. Хүүхэд ч гэсэн сурахын тулд загнуулж зэмлүүлэх биш өөрөө хүсч, хичээж сурах ёстой. Үүний дүнд нийгэм эерэг болж, томоохон өөрчлөлтүүд гарна.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)