Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болж тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. 

Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно

Томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа. Өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалав.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл бямба гараг бүрт ажиллуулахыг Эрүүл мэндийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Дагуул хотыг хөгжүүлнэ

Нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж байгаатай холбогдуулан дагуул хотыг хөгжүүлэх талаар хэлэлцэн шийдвэр гаргав.

Энэ дагуу Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Аэросити, Зуунмод хот, Майдар хотыг Улаанбаатар хотын дагуул хот гэж тусган хөгжүүлэхээр боллоо.

“Майдар хот” төслийн хүрээнд хийсэн хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрэмд заасны дагуу хүлээн авах, Улаанбаатар хот болон Олон улсын шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлуулж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга, албан тушаалтанд үүрэг болгов.

Зуунмод, дагуул хотод амьдрах иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээ, засаг захиргааны бүтэц бий болгох, эдийн засгийн болон татварын бодлогын бүс байгуулах санал боловсруулж танилцуулахыг  даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)