С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн ээлжит бус хуралдаан 43 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг НИТХ-ын МАН-ын бүлгээс дэвшүүллээ. Танхимаас төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн.

 

Хоёр нэр дэвшигчийг нууц санал хураалт явуулж шийдэх зарчимтайг хурал даргалагч Б.Батнасан хэлсэн юм. Нэр дэвшигч С.Мөнхчулуун тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байх санал гаргав. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан, Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, АН-ын бүлгээс төлөөлөгч Ц.Одонтунгалаг нарыг тооллогын комисст орууллаа. Тооллогын комиссын даргаар төлөөлөгч Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар нарыг томилов.

Нууц санал хураалтаар С.Мөнхчулуун олонхийн саналыг буюу 24 төлөөлөгчийн, С.Амарсайхан 19 төлөөлөгчийн саналыг авсан байна. Нийт төлөөлөгчдийн 55.8 хувийн саналыг авсан С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.228.128.195)

    2019-01-17

    Сэлэмийн ахаас Амарсайхан нь нь илүү байсан юм даа