Гавьяатын тэмдэггүй гавьяат

Дээлнээс илүү гоёлгүй эгэлхэн монголын минь оюун ухаан дэлхийн хүн төрлөхтөнийг гайхшируулж байна гэж сонсох сайхан. Энгэртээ зүүсэн тэмдэггүй их алдартаны өмнө энгэрт минь зүүсэн тэмдэг ч ичих үе байдаг юм шиг санагддаг. Бидний эцэг дээдэс хийж бүтээх их үйлийн төлөө явсаар ирсэн. Хийж бүтээх их замын харгуйг бидэнд нээж өгссөөр ирсэн. Наян насны босго алхсан сайхан буурлын алт шиг сургаалыг дааж ядан сонсох, амьдралд хайрласан ачлалыг нь өргөж ядан хүндэтгэх тийм нандин чанар монгол хүн бүрт бий. Төрийнхөө алтан сүлдэнд залбирч, түмнийхээ халуун итгэлд сүсэглэж гэгээн үйл, ариун хөдөлмөрөө ард олныхоо төлөө зориулсан олон сайхан буурлыг би мэднэ. Тэр л хүмүүсийн нэг нь дэлхийн анагаах ухааны мөнгөн хаалгыг нээж монголдоо анхны эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн алдарт эмч Ж.Цогоо гуай. Эрүүл мэнд хийгээд, анагаах ухааны салбарынханы дунд амьд домог болсон энэ эрхмийн алдар хүндийг бид үнэлж амжаагүй яваа нь харамсал мэт санагдсаныг нуух юун. Сэтгэл шигээ цагаанхан халаадтай эмч хүн бүхэнд өргөсөн тангараг, сурсан эрдмээс нь илүүтэйгээр нэгэн сайхан чанар байдаг.

Тэр л чанарыг нь монголын ард түмэн аль эрт таньсан болоод “Алтан гарт” гэж нэрлэсэн биз ээ. Ийм л алтан гартай ачтны нэг нь Жамганы Цогоо хэмээх сайхан буурал юм. Цагийн салхи олон өнгөөр хувирч амьдралын цас олон янзаар бударч он цагийг элээвч энэ ачтан цагаан нөмрөгөө тайлж явсан удаагүй. Эгэл даруухан, эрдэм номын мөр хөөсөн Ж.Цогоо эмчээр эмчлүүлээгүй зүрх судасны өвчтөн цөөхөн. Аав, ээжийн хүндэтгэж хайрласан нэрнийхээ өмнө “Эмч” хэмээх алдрыг зүүсэн цагаасаа хойш тэр л нандин ариун мэргэжилд сэв, сүүдэр суулгаж явсан удаагүй. Бас нэр алдар, гавьяа шагнал бодож яваагүй нэгэн. Энэ хүнийг харахад сэтгэл өөрийн эрхгүй дулаахан болдог. Тийм л амьдралын нөмөртэй нэгэн хүнтэй уулзаж энгийн сайхан яриан дундаас нь анагаахын шинжлэх ухааны өнгөрсөн цагийн амьд түүх, домгийг сонсч суух сайхан байлаа. Эцэг дээдсийнх нь түүхийн хуудас сөхвөл Аав нь Архангай аймгийн Хайрхан сумын уугуул. Ээж нь Цэцэрлэг мандалын уулын аймгийн Алдархаан уулын хошуу буюу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Нэг үгээр хэлвэл эм тан сайн барьж байсан олон оточийн өлгий, Яруугийн хүрээний удмын хүн.Ийм л гэгээн төөрөгт их хутагтуудын нутгийн үр удам их хүрээнд төрж өсөн эрүүл мэндийн энхийн манаанд амьдралынхаа бүхий л он жилүүдийг элээжээ. Ж.Цогоо Улаанбаатар хотын унаган хүү. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийг 1970 онд төгсч Анагаах ухааны их сургуулийн Мэс заслийн ангид орсон. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд орчихоогүй гэдэг. Тухайн үед Ж.Цогоо МУИС-ийн Тээвэр эдийн засгийн ангид орохоор элсэлтийн шалгалт өгөөд оноо дутчихсан гэнэ. Тиймээс оноогоо бариад хоёр ч сургуулийн хаалга татаж. Тэр нь ЗХУ буюу одоогоор ОХУ-д цахилгааны мэргэжлээр техник мэргэжлийн сургуульд явах, нөгөө нь Анагаах Ухааны дээд сургуульд оноогороо орох. Тухайн үед ээжийнх нь бие тааруу байсан болохоор ээжийгээ эрүүл болгохын хүсэлд хөтлөгдсөн жаахан хүү Анагаахын сургуулийг сонгосон гэдэг. Ийнхүү ээж хүү хоёрын энэрэл хайраар л эмч мэргэжлийг Ж.Цогоо сонгосон гэж хэлж болно.

Хундага ороосон могойн сүлдтэй

Хун цагаан барилга миний сургууль... гэж алдар яруу найрагч Т.Очирхүү хэлсэн байдагчлан тухайн үеийн оюутануудын эрхэмлэх нандин зүйл нь хундага ороосон могой буюу эрүүл энхийн таних тэмдэг тэмдэг байсан. Б..Дагданбазар даргатай нэгэн ангийнхан 1976 онд цэгласан. Тэр оюутнуудын нэг нь Ж.Цогоо байсан.Анагаахын сургуулийн оюутанууд дуутай, дурсамжтай гэгээхэн он жилүүдийн дурдатгал байдаг. Ийнхүү нэгэн ангиар оволож нэгэн сэтгэлээр ижилссэн тэр л үеийн нэгэн ангийнхан өнөөгийн монголын анагаах ухаан, эрүүл мэндийн томоохон ачааг нуруундаа үүрч явна. Тэр л их ачааны хүндийг үүрч монголд байгаагүй анагаах ухааны салбарын олон сайхан амжилт ололтын нээлтийг энэ л ангийнхан дотроос хийж чадсан. Тэр л хүүхдүүдийн нэг нь Ж.Цогоо эмч.Анагаах ухаан дээд сургуулийн мэс засалын ангийг 1976 онд төгсөж мэс заслын эмчийн мэргэжил эзэмшин 1983 онд ЗХУ-ын Новосибирск хотын Е.Н. Мешалкины нэрэмжит Зүрх судасны мэс заслын институтд зүрх судасны мэс заслын эмч, 1988 онд Япон улсын Чиба мужийн Кашива хотын Хитачи эмнэлгийн ангиорграфийн төвд судасны мэс засалч, 1994 онд Японы Токио хотын Тохо их сургуулийн бөөр шилжүүлэн суулгах төвд бөөр шилжүүлэн суулгах мэс засалч, 2010 онд Өвөр монголын Тунлян хотод үе мөчний өвчин эмчлэх хутган зүүн заслын эмчилгээнд суралцаж мэргэжил эзэмшсэн. Ийнхүү анагаахын салбарын монголын томоохон мэргэжилтэнүүдийн нэг болсон тэрбээр ажил амьдралынхаа гарааг хөдөө орон нутгаас эхэлж 1980 онд Төв аймгийн  Жаргалант сумын сум дундын эмнэлгийн мэс засалын эмчээр ажиллаж эхэлжээ. Хийсэн ажил бүхэн нь сайхан, сайны үрийн дагуулж байдаг болохоор монголын анагаах ухаанд Ж.Цогоо хэрэгтэй байсан болохоор түүнийг Улаанбаатар хот руу эргүүлэн шилжүүлж 1980-1982 онд Улаанбаатар хотын гэмтлийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, 1982-1996 онд Анагаах ухааны хүрээлэнгийн зүрх судасны мэс заслын секторт мэс засалч, ЭША клиникийн нэгдсэн 3-р эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт мэс заслын эмчээр хавсран ажиллаж 1997-2006 онд “Арш” мэс заслын эмнэлэгт эмч энэ цагаас хойш өнөөг хүртэл зөвлөх эмч хэмээх хүндтэй албыг хашиж байна. Ингэхдээ түүнд монгол хүн бүрийг эрүүл байлгахын хүслэн их. Сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжилээс гадна түүнд амьдралын туршлага ч их байсан. Тиймээс л Япон Улсын Токио хотын Тохогийн эмнэлгийн профессор М.Хасегаванг дагалдан сурсан мэдлэг, дадлага дээрээ тулгуурлан Монголд анх удаа Ж.Цогоо эмч бөөрний судасны эмгэгээс шалтгаалан цусны даралт нь 200-д хүрч байсан эмгэгтэй М.Баянжаргал гэгч бүсгүйд мэс заслын аргаар бөөрний байрлалыг шилжүүлэн суулгах мэс ажлыг анх хийж чаджээ. Ийнхүү монгол улсын анагаах ухааны салбарт нэгэн гавьяатай алтан хаалга Ж.Цогоо эмчийн эрдэм мэдлэгийн ачаар нээгдсэн юм. Тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүмэн “Алтан гарт эмч” хэмээн Ж.Цогоог тодотгож Анагаахын салбар хүндэтгэлийн дээдийг ерөөж байсан ч угийн даруу эгэлхэн төрхөөрөө төрийн гавьяа шагналгүй үлдэж. Их үйл хэрэгээ үргэлжлүүлсээр л байжээ. “Монголд мянган хүнийг үхлээс аварсан ачтан бол Ж.Цогоо эмч. Түүнд мянган зүрх анагааж, мянган өрхийг элэг бүтэн байлгаж, хэдэн мянган хүүхдийг өнчрөх авулаас хамгаалж чадсан.” Хэмээн өнөөдөр М.Баянжаргал бүсгүй ярьж байна. Иймл гавьяатан бидний дунд аж төрж буйг төр засаг минь хараахан олж хараагүй байгаа нь харамсалтай. Тиймээ гавьяатын тэмдэггүй гавьяат эгэл түмний минь дунд олон. Тэгэхдээ хийж бүтээх үйл, идэр нас, амьдралынхаа хамгийн гэгээн тунгалаг бүхнийг зон олондоо зориулсан азай буурлынхаа алдарыг хүндэтгэж энгэрт нь ард түмнийхээ халуун сэтгэл шингэсэн гавьяатын тэмдэг зүүгээд өгчихвөл зон олон минь баярлахсан. Нэгэн үе Ж.Цогоо эмчтэй хөл нийлүүлэн ажиллаж, багшаа, шаьиа, ахаа, эгчээ, найзаа гэж яваа Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, рентгений зөвлөх эмч, Монгол Улсын гавъяат эмч Ц.Бадамсэд,  Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Ангиографийн тасгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, зүрхний мэс заслийн тасгийн зөвлөх эмч П.Цэгээнжав, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, зөвлөх эмч, Монгол Улсын Ардын эмч Д.Батчулуун, Ач АУИС-н багш, Монгол Улсын гавъяат багш Б.Дагданбазар, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, ерөнхий мэс заслийн тасгийн эрхлэгч, Монгол Улсын гавъяат эмч Ганбаатар гээд олон сайхан алтан гартны яриаг энд буулгаж болох ч тэдний нэг л зүйл ижил байлаа. Учир нь Ж.Цогоо гэдэг хүний хийж бүтээсэн бүхэн зөв байдаг. Хаа нэг өрөөнд нь ороход номын хуудас зөөлөн эргүүлж эрдэм шинжилгээний ажил, сурвалж судалгаа хийж суудаг. Нэг л мэдэхэд түүнийгээ ажил болгон дэлгэрүүлэн дэлбээлүүлж анагаах ухаанд томоохон хувь нэмэр болохуйц олон бүтээл төрүүлчихдэг байсан нь гайхалтай гэж ярих. Найзыгаа, хамт ажилладаг хүнээ, алдарт эмчээ хоосон магтахаас илүүтэйгээс их хүндлэл байдаг нь нууц биш байлаа. Гэхдээ тэр хүн бүрт Ж.Цогоо эмчийн өмнөөс хүлээдэг нэг л зүйл байдаг нь анзаарагдсан. Тэр нь “Төрд хэлэх үг” буюу төрийн дээд шагналын эзэн нь Ж.Цогоо гэдэгтэй санал, итгэл, сэтгэл ижил байсан юм. Монголын анагаах ухааны салбарт хийсэн Ж.Цогоо эмчийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хэдэн боть номоор хэмжигдээд зогсохгүй ч өөрийнхөө хийсэн бүтээсэн бүхнээр гайхуулж үзээгүй энэ ачтан сайн аав, сайхан хань. Хүнд байдаг хайрлахын нандин чанар Ж.Цогоо эмчид байдаг юм шиг санагдсаныг нуух юун. Тиймээс ч түүнийг энгэрт эрхлэж өссөн хүүхэд бүхэн нь жаргалтай, эрдэнийн цагаан сэтгэл, эрдэмт чанараар нь эмчлүүлсэн өвчтөн бүхэн нь эрүүл саруул болж энэхэн амьдралыг үүрч яваа.  Ардынхаа дунд ”Ардын эмч” хэмээх алдар зүүсэн Ж.Цогоо хэмээх азай бууралтай уулзах гэж алхсан зам минь айсуй баярын зөнтэй байсан.

В.Нэргүй

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)