Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

 Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас Инновацийн тухай хуулийг анх 2012 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2012-2016 онд 6 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.29 дэх зорилтын 4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 68-д Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулж байгаа харилцааг өмнө нь Инновацийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан бусад хууль тогтоомжоор зохицуулж байсан хэдий ч зарим хууль тогтоомж шинэчлэгдсэний улмаас Инновацийн тухай хуулийн нилээд олон заалтыг хассан, өөрчилсөн, хүчингүй болгосон тул Төрөөс инновацийн талаар төрөөс баримтлах бодлого болон бусад холбогдох бодлогын баримт бичгийн агуулга, зарчмын хүрээнд Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон аж.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар инновацийн үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо олон улсын жишигт нийцэх, оролцогч талуудын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжрах, төрөөс олгож байгаа санхүүжилтийн дэмжлэг оновчтой болох, төр, аж ахуй нэгжийн хамтын түншлэлийг өргөжүүлэх, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох зэрэг асуудлыг тодорхой болгох ач холбогдолтой юм байна.   

Хуулийн төслийг боловсруулахдаа гадаадын 20 гаруй орны туршлага, судалгаа, шинжилгээний тайлан материалд үндэслэн харьцуулан судалсан бөгөөд судалгааны дүгнэлтэд дурдсан инновацийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, аж ахуй нэгжийн хамтын түншлэлийг өргөжүүлэх, инноваци, гарааны компани, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацийн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, дэлхий нийтийн шинжлэх ухаан, технологийн чиг хандлагад нийцүүлэх хэрэгцээ шаардлагыг нийцүүлсэн гэлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)