2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ

Энэ сарын 16-ны өдөр хуралдсан засгийн газрын ээлжит хуралдаанаас тэтгэвэр, тэтгэмж нэмэх талаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр болж байна.

Шийдвэрээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж, улмаар 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг болно.

Мөн тус хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтлоо. Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгч нь нас барсан хагас, бүтэн өнчин хүүхэд гээд халамж зайлшгүй шаардлагатай 60 орчим мянган хүн авдаг. 16 хүртэл насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгож байгаа бөгөөд үүнд 11 мянган хүүхэд хамрагдаж байна.

Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асарч байгаа 61 мянга гаруй хүн асаргааны тэтгэмж авдаг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)