Бүгд найрамдах байгуулал товчхон

Ерөнхийлөгчийн: Эрх мэдлийн зэрэгцэл, Салгалт, Хазаарлалт, Тэнцвэржүүлэлт

Монголын төрийн институцүүдэд эрх мэдлийн төлөөх тэмцэл нь бүгд найрамдах байгуулал, ардчилсан улс төр, хүний, иргэний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх, хуулийн засаглал, үндсэн хуулийн засаглалын утга учир, учир зүй, мөн чанарын асуудал юм. Бүгд найрамдах байгууллын үзэл санаа зарчим нь бүгдийн эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрхийг хангахын тулд хууль засаглах ёстой, хууль засаглахын тулд бүгд найрамдах улсын ард иргэдийн эрх, эрх чөлөө, тэгш эрх, шударга ёсны тунхаг, гэрээ, засаглал болсон үндсэн суурь хууль байх ёстой, тэр гэрээ-хууль нь бүгдийн эрх, эрх чөлөө, тэгш эрх, шударга ёсыг тогтоох, хамгаалахын хамт, бүгд найрамдах улсын эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж хуваах ёстой. Тэдгээр эрх мэдлүүдийг парламент, засаг, шүүх гэсэн гурван өөр байгууллага хэрэгжүүлэх ёстой. Тэдгээр гурван байгууллага нь бие даасан, хараат бус байх ёстой. Тиймээс тэднийг бие биеэс нь хамааралтай, хараатай болгохгүйн тулд салгах ёстой. Салгахын тулд тэдгээр байгууллагыг, түүний дотор, ялангуяа хууль тогтоох, гүйцэтгэх-засах эрх мэдлийг бүгд найрамдах улсын ард иргэд өөрсдөө сонгож байгуулах ёстой гэдэг зарчим тогтсон юм. Чухам энэ үзэл санаа, онолыг бүрэн дүүрэн боловсруулсан сэтгэгч нь Монтескьё бөгөөд үүнийг эрх мэдлүүдийг салгах (separation of powers) онол, номлол, зарчим гэх.

Тиймээс энэ онол, зарчмаар ард түмэн өөрсдийн хүсэл зоригийг тээсэн этгээдүүдийг сонгож тэдэндээ өөрсдийн хүсэл зоригийг үндсэн суурь гэрээ-хуулийнхаа хүрээнд л хууль болгохыг даалгадаг бөгөөд тэд нь зөвхөн ард түмний хүсэл зоригийг үндсэн суурь гэрээ-хуулийнх нь хүрээнд л хууль болгох ёстой. Хуран цуглаж, хүсэл зориг, эрх ашгийг хураан цуглуулж, хэлэлцэн, хуралдан хууль болгодог учир түүнийг нь хурал-парламент (parliament-хуралдаан), хуралдах (parler-ярих, хэлэлцэх) гэж нэрлэдэг юм. Яриа хэлэлцээ тохироо нь хууль болдог учир хууль тогтоох байгууллага (legislature) гэх. Мөн ард түмэн хуульчлагдсан хүсэл зоригоо буюу хуулиа хэрэгжүүлэхийн тулд парламентаасаа тусдаа этгээдийг сонгож түүнд хуулиа гүйцэлдүүлэх буюу хуулийг барин, мөрдөн, хуулиар хаших, засах, мөрдүүлэх хэргийг даалгадаг юм. Түүнийг нь гүйцэтгэх эрх мэдэл гэх бөгөөд хэрэгжүүлэгчийг нь кабинет, засгийн газар гэх мэтээр нэрлэх. Тиймээс засаг нь үндсэндээ хуулийг барин, баримтлан, мөрдөн хуулиар хаших, засах, хуулийг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, гүйцэлдүүлэх гэсэн санаа.

Ингэж тус тусад нь салангид байгуулахын учир нь нэг этгээд ( нэг хүн, эсвэл нэг хэсэг хүмүүс) хууль хийж, тэр этгээд мөн өөрөө хуулиа хэрэгжүүлбэл тэр этгээд өөрийн хүсэл зоригоор засаглаж иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж, тэгш эрхийг зөрчиж, шударга ёсыг алдагдуулаад барахгүй нийтийг, нийгмийг дарангуйлах, улмаар тэр этгээд хуулийн дээр гарах учир хуулийн засаглал халагдаж хүний, нэг этгээдийн засаглал болдогт оршино. Нөгөө талаар хууль тогтоогч хуулийг хэрэгжүүлэх, засах этгээдийг сонгож, томилбол тэр эдгээд нь эрх мэдлээ сонгосон, томилсон этгээдээс авч байгаа учир сонгосон, томилсон этгээддээ үйлчилнэ. Тиймээс энэ нь мөн ялгаагүй нэг этгээдийн засаглал гэсэн үг. Чухам тийм учраас ард түмэн хууль тогтоогчдоо ч, хэрэгжүүлэгчээ ч зөвхөн өөрсдөдөө үйлчлүүлж байхын тулд зөвхөн өөрсдөө тэднийг сонгож, томилж байх ёстой гэж үздэг юм. Ингэсэн нөхцөлд хууль тогтоогч нь ард түмний эсрэг хууль гаргавал, гүйцэтгэгч нь ард түмний зарц учир түүнийг үл хэрэгжүүлэх. Эсвэл гүйцэтгэгч нь ард түмний эсрэг зүйл хийх гэвэл хууль тогтоогчид нь түүнийг зогсоох. Тийм ч учир эдгээр эрх мэдлүүдийг салгаад зогсохгүй харилцан хазаарлаж, тэнцвэржүүлэх. Мөн энэ хоёр этгээд нь тус тусдаа эсвэл хамтдаа ард түмний эсрэг зүйл хийх гэвэл түүнийг нь зогсоохын тулд хөндлөнгийн, бие даасан шүүх байх ёстой гэж үздэг бөгөөд шүүх нь аливаа хууль ба хэрэгжүүлэх үйл ажиллагаа ард түмний үндсэн суурь хуульд нийцэж байгаа эсэхийг, ард түмний үндсэн суурь гэрээ-хуулийн үүднээс хянаж, шүүж байх. Тиймээс л үндсэн хууль гэж байх. Хэрвээ энэ гурван эрх мэдэл нь хуйвалдан ард түмнийг үндсэн суурь гэрээ-хуулиас нь гадуур засвал тэр нь дарангуйлал бөгөөд ард түмэн босон тэмцэж тэднийг зайлуулж үндсэн суурь гэрээ-хуулийн байгууллаа сэргээх ёстой гэж үздэг юм. Чухам энэ онол, номлол, зарчим дээр бүтээгдсэн анхны бүгд найрамдах буюу бүгдээрээ оролцож (by the people), бүгдийнхээ төлөө (for the people), бүгдийн (of the people) байгуулсан улс бол Английн колони байгаад босон тэмцэж тусгаар тогтносон АНУ бөгөөд түүний засаглалын байгууллыг хожмын судлаачид ерөнхийлөгчийн засаглал гэж нэрлэсэн юм.

Чухам энэ онол, зарчмаар Ерөнхийлөгч нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, парламент нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж байх ёстой учир Монгол улсын Үндсэн хуульд засаглалыг хуваах, хуваарилах, салгах зарчмууд тусгагдсан төдийгүй, тусгайлан, УИХ-ын гишүүдийг “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж хуульчилсан хэрэг. Мөн чухам энэ онол, зарчмын улмаас Ерөнхийлөгчийг бүх ард түмнээр сонгох төдийгүй гүйцэтгэх эрх мэдлийг байгуулах болон хэрэгжүүлэхэд оролцох, Засгийн газарт чиглэл өгөх, зарлиг гаргах эрхийг олгосон хэрэг. Чухам энэ онолын улмаас парламент зөвхөн хууль тогтоох ёстой учир парламент гүйцэтгэх эрх мэдэлд огт хамаагүй, зөвхөн хуулиа л тогтоох ёстой гэдэг үзэл баримтлал нийгэмд оршдог юм. Чухам энэ онолоор Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийн институц учир Монгол улсын Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх ёстой гэдэг үзэл баримтлал мөн нийгэмд оршдог юм (дэлгэрэнгүйг Тэргүүн төр номын Ерөнхийлөгчийн засаглалЭрх мэдлийнсалгалтхазаарлалттэнцвэржүүлэлт хэсгээс үз).

Парламентын: Эрх мэдлийн Босоо, Нийлүүлэлт, Төвлөрүүлэлт 

Гэтэл Английн өөрийнх нь ард түмэн өөрсдийн эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх, хуулийн засаглалын төлөө тэмцэх явцдаа хааны засаглалаа (monarchy, нэгийн засаглал) бүрмөсөн халж чадалгүй үлдсэн юм. Тиймээс Англи хаант улс хэвээр үлдсэн төдийгүй хаан нь гүйцэтгэх, парламент нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг болсон ба улмаар 1688 оны “ялгуусан хувьсгалаар” хааны томилсон сайд нар парламентын итгэл хүлээж байж л сайд хийх ёстой болсон юм. Ингэснээр гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй сайд нар нарт парламент итгэхгүй бол хаан сайд нарыг огцруулах, тиймээс сайд нар парламентаас хараат болсон юм. Чухам ийнхүү парламентын зөвшөөрөл шийдвэрлэх учир холбогдолтой болсон учир парламент хэрэг дээрээ засаглах болж түүнийг нь парламентын засаглал гэдэг болсон юм. Гэвч гүйцэтгэх эрх мэдэл угсаа залгамжилсан хааны мэдэлд үлдсэн бөгөөд харин хаан нь сайд нараа томилж гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байсан ба Ерөнхий сайд ч, кабинет буюу засгийн газар ч гэж тусдаа институц, байгууллага байгаагүй, харин хаан ба түүний томилсон сайд нар л байсан юм. Харин 1714 онд хатан хаан Аннийг нас барсны дараа түүний үеэл Ханноверийн угсааны (House of Hannover) гүн Георг Людвиг хэмээх Герман хунтайж Жорж I нэрээр Английн хаан (king буюу ван) болсон юм.[1] Тэрээр англи хэлгүй учир засаглах, засгаа толгойлох боломжгүй байв. Тиймээс тэрээр өөрийн хувийн зөвлөх (Privy Council), Английн язгууртан Роберт Уолполыг 1716 онд Сангийн тэргүүн комиссар ба сангийн канцлер (First Commissioner of the Treasury and Chancellor of Exchequer), улмаар 1721 онд Сангийн тэргүүн ноёноор (First Lord of the Treasury) томилсноор Английн анхны Тэргүүн Ноён буюу одоогийн Тэргүүн сайдын алба бий болсон юм. Уолпол 1742 он хүртэл энэ албыг хашсан бөгөөд түүний үед Английн ерөнхий сайд (үгчилбэлтэргүүн сайд), ба кабинет одоогийн хэлбэрээ олсон юм. Одоо ч Английн хаан ерөнхий сайд, сайд нараа томилдог бөгөөд харин тэд нар нь парламентын буюу, ялангуяа, Нийтийн танхимын (House of Commons, үгчилбэл Харцасын, Доодсын танхим) итгэл дааж байгаа үедээ л албаа хаших ёстой юм.

Засаглалын энэ хувилбарыг Английн колони, хараат байсан Австрали, Канад, Шинэ Зеланд (бүгд хаант улс, хаан нь Английн хаан) зэрэг дийлэнх улс орнууд болон Европын одоогийн арван хаант улс (Андорра, Бельги, Дани, Лихтенштейн, Люксенбург, Монако, Голланд, Норвеги, Испани, Швед) авснаар парламентын засаглал тархсан юм.[2]Засаглалын энэ хувилбарыг авсан бүгд найрамдах улсууд ч олон байх бөгөөд тэдгээр улсууд нь ч бүгд хааны буюу төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг ерөнхийлөгч нэртэй “хаанцар”-тай.  Австри, Финланд, Исланд, Ирландад ерөнхийлөгчөө ард түмэн нь сонгодог бол Герман, Итали, Швейцарт парламент нь муж улс (land), муж (region), кантоны (canton) төлөөлөгчдийн оролцоотойгоор сонгодог бол зөвхөн Грект л парламент нь дангаараа Ерөнхийлөгчөө сонгодог юм. Эдгээр парламентын засаглалтай гэж нэрлэгддэг улсуудад Ерөнхийлөгч нар нь Английн хааны үүргийг хэрэгжүүлж ерөнхий сайд, сайд нараа томилдог юм (дэлгэрэнгүйг Засаг байгуулах бизнес хэсгээс үз). Чухам энэ үзэл санааны үүднээс Монгол улсын Үндсэн хууль Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулах, тэгэхдээ УИХ-д олон болсон, эсвэл олонхыг бүрдүүлсэн нам, эвслээс Засгийн газрыг бүрдүүлэхээр тогтоосон хэрэг. Гэхдээ мөн чухам энэ дэглэмийн үүднээс ч Засгийн газрыг байгуулахад Ерөнхийлөгчийг оролцоотой байхаар тогтоосон хэрэг.

Харин Францын дэглэм нь ерөнхийлөгчийн болон парламентын засаглалыг хослуулсан ард түмнээрээ сонгогддог Ерөнхийлөгчтэй бөгөөд тэр нь Английн хааны адил төрийн тэргүүн бөгөөд ерөнхий сайд, ба сайд нараа томилдог төдийгүй, АНУ-ын ерөнхийлөгчийн адил засгийн газраа тэргүүлдэг, өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг юм. Харин ерөнхий сайд ба засгийн газар нь парламентын засаглалын нэг адил парламентын итгэл дээр оршдог буюу парламент нь засгийн газрыг нь огцруулах эрхтэй. Тиймээс Ерөнхийлөгч нь тогтвортой засагтай байхын тулд парламентын олонхын дэмжлэгийг авах засгийн газар байгуулах хэрэгтэй болдог юм. Харин Ерөнхийлөгч нь сайд нарыг огцруулах, томилох эрхтэй ч Ерөнхий сайдыг огцруулах эрхгүй. Ерөнхий сайд ба засгийн газрыг огцруулах эрх зөвхөн парламентад байдаг юм. Тиймээс энэ системд тогтвортой засгийг байгуулахын тулд ерөнхийлөгч, парламент хоёр хамтарч ажиллах хэрэгтэй болдог юм. Тиймээс энэ систем нь ерөнхийлөгчийн болон парламентын засаглалыг хослуулсан, зорилго нь тогтвортой хүчтэй засгийг байгуулахад чиглэгдсэн байгуулал бөгөөд 1946-1958 оны хооронд нийт 21 ерөнхий сайд сольсон дөрөвдүгээр бүгд найрамдах улсын тогтворгүй байдлыг даван туулахын тулд ч байгуулагдсан юм. Түүгээр ч барахгүй Францын ерөнхийлөгч нь парламентынхаа доод танхим бол Үндэсний Ассамблейгаа тараах, шүүгчдийг болон прокурорыг томилох зэрэг өргөн эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Анх Маурис Дювержер уг дэглэмийг хагас ерөнхийлөгчийн гэж нэрлэсэн боловч олон судлаачид үүнийг хагас бус харин супер-ерөнхийлөгчийн гэдэг. Учир нь ерөнхийлөгчийн буюу АНУ-ын дэглэмд ерөнхийлөгчид конгресс ба түүний аль нэг танхимыг тараах эрх байхгүй, ерөнхийлөгч кабинетынхаа сайд нар (secretary буюу нарийн бичиг гэдэг) болон шүүгч, прокурорыг томилохдоо заавал Сенатын дэмжлэг авах ёстой байдаг юм. Тиймээс Францын ерөнхийлөгч асар их эрх мэдэлтэй бөгөөд энэ утгаараа Францын дэглэм нь бараг тодорхой хугацаагаар сонгодог хаант (монарх) дэглэм. Португалиас гадна Орос болон Казахстан зэрэг Төв Азийн улс орнууд энэ дэглэмийг янз бүрээр засварлан авсан байх жишээтэй.

Зөвлөлийн: Эрх мэдлийн Босоо, Нийлүүлэлт, Төвлөрүүлэлт, Дарангуйлал

Харин энэ бүхнээс гадна 1871 оны Парисын коммун ба улмаар 1917 оны 10 сард Орост тогтсон коммуны засаглалын хувилбар болох зөвлөлийн (совет) засаглал нь институцийн хувьд парламентын засаглалын хувилбар боловч зөвлөл буюу хурал нь өөрөө өөрсдийнхөө дундаас гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдээ буюу комиссар, сайд нараа шууд томилдог-сонгодог дэглэм байсан бөгөөд энэ дэглэм 1924 онд Монголд тогтож 1990 он хүртэл БНМАУ-д оршиж байсан юм. Энэ дэглэмийн гол зөвлөл нь БНМАУ-ын хувьд АИХ, түүний Тэргүүлэгчид байсан бөгөөд түүний байгуулдаг гүйцэтгэгчид нь Ардын Сайд нарын Зөвлөл (СнЗ) байсан юм.

Чухам зөвлөлийн засаглалын зорилго нь ажилчин, тариачин, малчин зэрэг пролетари буюу нийгмийн үгээгүй ангийн диктатур тогтоож, хувийн өмч, эрх чөлөөг халж нийгмийг тэгшитгэх зорилготой учир зөвлөлийн засаглалын зөвлөл нь нийгмийн янз бүрийн хөрөнгөтэй, хөрөнгөгүй анги, давхраа талуудын эрх ашгийн төлөөлөл, тэдгээр эрх ашгийн уулзах, мөргөлдөх, найралдах, найрамдах парламент биш харин дан ганц үгээгүй ангийн хүсэл зориг, дарангуйллын байгууллага юм. Тиймээс ч зөвлөл парламентын адил хэлэлцэх, хуралдах, шийдвэр гаргах буюу хууль тогтоох байгууллага боловч зөвхөн үгээгүй ангийн л танхим юм. Үнэндээ өрнөдийн парламентын доод танхимууд нь ч эхэндээ нийгмийн язгууртан бус ангийн танхим байсан юм. Тийм ч учир доод буюу доодсын, харцасын танхим гэдэг юм.

Зөвлөлийн засаглал нь угаасаа өөрөө үгээгүйс, доодос, харцасын зөвлөлийн, хурлын засаглал учир энэ дэглэмийн үзэл санаа, зарчимд хаан, ерөнхийлөгч буюу ганцаар засаглагчийн институц харш. Тиймээс энэ дэглэмд хаан эсвэл ерөнхийлөгч гэдэг институц байдаггүй юм. Чухам тийм ч учир Коминтерны төлөөлөгчид Монголд бүгд найрамдах байгуулал тогтоохдоо “да жунтан хэмээх их ерөнхий даргыг сонгохгүй” гэж зөвлөлийн засаглалыг хуульчилсан бөгөөд, тийм ч учир 1990 он хүртэл Монгол улсад ерөнхийлөгч институц байгаагүй юм. Мөн чухам энэ үзэл санаа, зарчмын үүднээс Монголд байсан Ерөнхий сайд (Chief Minister) хэмээх албыг 1956 онд Сайд нарын Зөвлөлийн дарга болгосон хэрэг. Нэгэнт зөвлөл, хурал учир хурлыг удирдах, хөтлөх этгээд шаардлагатай бөгөөд түүнийг нь хурлын, зөвлөлийн дарга (председатель, chairman) гэдэг байсан бөгөөд энэ нь үзэл санааны хувьд уг нь хуралдаан хөтлөгч, даргалагч байх ёстой боловч хэрэг дээрээ дарга гэж бидний мэддэг ойлголт болж хувирсан юм. Нэгэнт зөвлөлийн дэглэм олон улсын системд оршиж байсан учир олон улсын жишгийн дагуу хэн нэгэн нь зөвлөлийн дэглэмийг төлөөлөх ёстой учир хамгийн гол хурлын, зөвлөлийн дарга  нь төлөөлөх болсон бөгөөд БНМАУ ын хувьд тэр нь АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга нь байсан бөгөөд тэр  нь үндсэндээ одоогийн Монголын ерөнхийлөгчийн үүргийг оролдог байсан юм.

Нэгэнт хаан, ерөнхийлөгч байхгүй учир энэ дэглэмд зөвлөл нь өөрөөсөө байгуулдаг байсан юм. Тухайлбал, “БНМАУ-ын СнЗ-ийг АИХ-аас байгуулдаг” байсан юм. Чухам энэ үзэл санаа, дэглэмийн уламжлалын үүднээс Монгол улсын Үндсэн хууль нь УИХ-д Ерөнхий сайд ба сайд нарыг хүн бүрээр нь хэлэлцэн томилох эрх мэдлийг олгосон хэрэг. Гэхдээ зөвлөлийн дэглэм нь нийгмийн зөвхөн нэг, тэгэхдээ үгээгүй ангийн дэглэм учир зөвхөн тэр ангийн нам засагладаг байсан бөгөөд БНМАУ-ын хувьд тэр нам нь МАХН байсан юм. Тиймээс ч “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн” байсан юм. Чухам тиймээс ч АИХ нь бүхэлдээ МАХН-ын гишүүд, дэмжигчдээс бүрддэг, тиймээс АИХ нь хэрэг дээрээ МАХН-ын өөр нэг, ардын нэртэй, их хурал байсан юм. Чухам тийм ч учир МАХН-ын удирдах байгууллага Улс төрийн товчоо (УТТ) нь СнЗ-ыг томилох саналыг АИХ-д оруулж батлуулдаг буюу ёсчлуулдаг байсан юм. УТТ-ны гишүүдийн ихэнх нь ч СнЗ-ийг бүрдүүлдэг байсан юм. Чухам энэ уламжлалын үүднээс       Монгол улсын Үндсэн хуулийг бүтээгчид Ерөнхий сайдын нэр дэвшүүлэхэд нам ба намуудыг зөвшилцлийн тал болгон хуульчилсан байгаа юм. Мэдээж үүнд нь парламентын засаглалын тухайх сурах бичгийн ойлголт, тодорхойлолт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс чухам УИХ-ын Ерөнхий сайд ба сайд нарыг хүн бүрээр нь хэлэлцэн томилох эрх мэдэл нь түүнийг зөвлөлийн засаглалын институц АИХ болгож байгаа бол 1992 оны Үндсэн хууль УИХ-д олонх суудал авсан нам ба намуудыг Ерөнхий сайдын нэр дэвшүүлэх зөвшилцлийн тал болгосон ба улмаар Элбэгдорж-Энхбаярын нэмэлт өөрчлөлт нь Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх эрхийг зөвхөн намд өгснөөр хэрэг дээрээ СнЗ-ийг томилох саналыг АИХ-д оруулдаг байсан МАХН-ын УТТ-ны эрхийг бүрэн сэргээсэн ба энэ нь өнөөгийн Монголын засаглалыг намын, намын дарга удирдлагын засаглал болгож түүнийг зөвлөлийн дэглэмийн намын дарга удирдлагын засаглалын хувилбар болгож байгаа юм.

Гэтэл чухам энэ засаглалын хэлбэрийг Монгол улсын УИХ-ын гишүүд нь ч, улс төрчид нь ч, эрдэмтэд судлаачид нь ч, энгийн олон нь ч парламентын засаглал гэж ойлгож, итгэж ирсэн юм. Чухам эл учир УИХ нь бид засаглах ёстой, бид Засгийн газрын гишүүд байх ёстой төдийгүй бид Засгийн газрыг өөрсдийн дундаас байгуулах ёстой гэж үздэг юм. Улмаар Зөвлөлийн засаглалын энэ үзэл санаа, зарчим нь парламентын засаглалын үзэл санаа зарчимтай сүлэлдэн нийлж ерөнхийлөгчийн засаглалын зарчимтай төдийгүй, парламентын засаглалын хааны эсвэл ерөнхийлөгчийн эрх мэдэл, үүрэг, функцийг ч эрс үгүйсгэдэг юм.

ЯЛАНГУЯА ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ

Парламент нь хааны засгийн хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлах, түүний цаашдын элдэв халдлага, өнгөлзлөгөөс ард түмний эрх ашгийг хамгаалах, өмгөөлөх зорилгоор үүссэн юм. Эл зорилгоор парламент хаантай элдэв төрлийн алба, татвар, гувчуурыг тохиролцон түүнийгээ тангараглан хуульчилдаг болсон ба аажмаар хууль тогтоох эрхийг парламент хаанаасаа бүрмөсөн булаан авсан юм. Улмаар тэмцлийн явцад парламент гүйцэтгэх эрх мэдлийг хаанаасаа булаан авч өөрсдийн дундаас засгийн газрыг байгуулж ерѳнхий сайд болон сайд нарыг томилон өөрөө засаглах болсноор хааны засаглал халагдаж парламентын засаглал тогтсон юм. Ийнхүү хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хоёуланг нь гартаа авснаар парламент нь тѳрийн хамгийн хүчирхэг институц болсон тѳдийгүй түүний мѳн чанар нь бүрмѳсѳн ѳѳрчлѳгдөж ард түмний төлөөлөл, эрх ашгийг хамгаалагч бус харин ард түмний нэрийн өмнөөс ард түмнийг өөрсдийг нь засаглагч болж хувирсан юм.

            Ингэснээр парламентын үндсэн функц нь хууль тогтоох бус харин засаглах явдал болов. Парламент хааны засгийн эрх мэдлийг буюу гүйцэтгэх эрх мэдлийг кабинет, засгийн газар нэртэй парламентын доторх цөөн тооны, нөлөөтэй этгээдүүдээс бүрдсэн хороогоороо дамжуулан хэрэгжүүлэх болсон. Ингэснээр нэгэнтээ хааны мэдэлд байсан засгийн газар нь парламентын нэг, гэхдээ хамгийн чинээлэг, хүчирхэг, хороо болж хувирсан юм. Парламент засаглах болсноор түүний хууль тогтоох үйл ажиллагааны зорилго ч эрс өөрчлөгдсөн. Ард түмний эрх ашгийг хамгаалж, хааны буюу гүйцэтгэх эрх мэдлийг хязгаарлах, хазаарлах гэж хууль тогтоодог байснаа ард түмний нэрийн өмнөөс ард түмнийг, улс орныг засаглахын тулд хууль тогтоох болсон. Ийнхүү парламент засаглахын тулд хууль тогтоож, түүнийгээ засгийн газар гэж нэрлэгддэг өөрийн гүйцэтгэх, засах хороогоороо дамжуулан хэрэгжүүлдэг болжээ. Тиймээс ч парламентын засаглал гэж тун оновчтой нэрлэсэн хэрэг.

Хааны угсаа залгамжлан хэрэгжүүлдэг байсан гүйцэтгэх эрх мэдлийг парламент булаан авснаар гүйцэтгэх эрх мэдэл анх удаа хугацаатай болсон бөгөөд түүний нас нь тухайн сонгогдсон парламентын насаар хязгаарлагдах болов. Ийнхүү засгийн газар парламенттай хамт сонгогдож хамт тардаг болсноор богино настай, байнга тардаг засгийн газар бий болов. Нөгөө талаар гүйцэтгэх эрх мэдэл буюу засгийн газар нь улсын сан хэмээх авдартай алт, мөнгө, эрдэнэсийн санг зарцуулах эрх мэдэл байв. Тиймээс хаанаасаа булааж авсан олзоо парламентын гишүүд өөр хоорондоо олзлолдон булаалдаж, талцан дайтаж анги, нам, тал, фракцуудад хуваагдсанаар засгийн газар нь парламент дахь анги, нам, тал, фракцуудын олзлолдон булаалдах хэрүүлийн алим, хуваан идэх бялуу болж хувирсан юм. Олны хүч оломгүй учир хүний олноор түрээ барин бялууг булаан идэх болж, засгийн газар олонхын олз болж, парламент ч олонх, цөөнхөд хуваагдсан юм. Засгийн газар олонхын олз болсноор түүний нас парламентын настай бус харин олонхын настай чацуу болсон. Ийнхүү парламент олзондоо, хэрүүлийн алимдаа хордож олонх, цөөнх болон хуваагдсан төдийгүй, олонхыг бүрдүүлж, олонхоороо түрээ барьж бялуу идэх нь парламентын утга учир болж хувирах нь тэр. Тиймээс олонх нь бялуу идэхийн тулд бүрэлдэх төдийгүй, бялуугаа алдахгүйн төлөө, хамгаалахын тулд орших бүлэг болж үүссэн юм. Чухам ийнхүү засгийн газрын бүрдэх, орших, эсэх нь олонхын хамгаалах, эсэхээс хамаардаг болсон учир парламент(ын олонх)-ын ч, засгийн газар хэмээх парламентын хорооны ч эн тэргүүний зорилт нь засгийн газраа буюу өөрөө өөрийгөө хамгаалах явдал болж хувирах нь тэр. 

Үнэндээ анги, нам, тал, фракц, гишүүдийн дайн болох улс тѳрийн орчинд засгийн газрын бүрэлдэх, орших, эсэх нь олонхыг бүрдүүлэх, түүнийгээ хадгалахаас хамаардаг. Харин олонх бүрдүүлэхийн тулд сайдын суудал буюу бялуугаа анги, нам, фракц, гишүүд хувь тэнцүүлэн хуваах болдог. Тиймээс парламент(ын олонх) нь угаасаа л засгийн газрыг байгуулах, хамгаалж, хадгалахын тулд бүрэлддэг, оршдог юм. Тиймээс парламент(ын олонх) засгийн газраа хязгаарлах, хазаарлах, хянах, шахах, шүүмжлэх бус харин хамгаалах, ѳмгѳѳлѳх, дэмжих гэж бий болдог юм. Засгийн газраа огцруулах нь олонхоо задлах улмаар засаглах эрх мэдлээ алдах аюул учир засгийн газар нь олонхын хувьд “огцруулахад дэндүү осолтой”. Ийнхүү парламент хууль тогтоогчийн хувьд хааны засгийн газраас ард түмний эрх ашгийг хамгаалах институц байсан бол засаглагчийн хувьд засгийн газраа хамгаалдаг, дэмждэг, өмгөөлдөг институц болдог. Энэ нь парламентын мөн чанарыг бүрмөсөн урвуулж парламент(ын олонх)ыг ч, засгийн газрыг ч ѳѳрѳѳ өөртѳѳ үйлчилдэг дэглэм, тогтолцоо болгож хувиргасан юм.

Үр дүнд нь парламент бүхэлдээ ард түмний эрх ашгийг хамгаалдаг байсан бол бялуунаас хүртэх эрхгүй, хасагдсан цөөнх л ард түмний эрх ашгийг хамгаалах хэсэг болж үлдсэн юм. Гэвч цөөнх нь найдвартай, итгэлтэй хамгаалагч биш. Учир нь тэдний гол зорилго нь ард түмний эрх ашгийг хамгаалах бус харин бялууг олонхоос булаан авч өөрсдийн олз болгох, эсвэл бялуунаас хувь хүртэх явдал. Булаан авах арга нь олонхыг муухай харагдуулж дараагийн сонгуулиар унагах. Үүний тулд олонхын булайг дэлгэх, доторх зөрчлийг дэвэргэж хагалах, бутаргах, засаглалыг нь бусниулах, улмаар олонход итгэх ард олны итгэлийг алдагдуулах зэрэг аргыг хэрэглэнэ. Зөвхөн олонхын булайг дэлгэх нь л ард олны эрх ашгийг хамгаалах парламентын уугуул зорилгод нийцэх. Гэвч олонх С. Баярын олонх шиг бялууныхаа хэрчмийг хүртээвэл цөөнх олонхоо дагаад далдганах нь цөөнгүй.

Ийнхүү парламент гүйцэтгэх эрх мэдлийг олзлон авснаар ард түмний эрх ашгийг хамгаалах бус харин ард түмнийг өөрийг нь эргэн засаглах бүлэг болж хувирсан юм. Ийнхүү парламент ард түмний албат, тэдний эрх ашгийг хамгаалах харуул, хамгаалалтын алба байснаа “урваж” ард түмнийг өөрийг нь засаглах эзэн ноён нь болж хувирсан юм. Чухам энэ нь “эзэн албатын харилцааны асуудал” буюу “эзэн албатын харилцааны эрсдэл” (principal agent problem, hazard) буюу албат нь урван эзнийхээ дээр сууж, эзэн албатын байр суурь солигдон албат нь эзнээ эзэрхдэг, засагладаг байдал юм. Эзэн албатын байр солигдох нь дан ганц улс төрд тохиолддог зүйл биш. Бизнесийн орчинд хамгийн түгээмэл тохиолдох бөгөөд гүйцэтгэх захирал хэмээх “хөлсний ажилтнууд” нь эзнээ хөнтрөх, ходрох, хулхитах замаар хөрөнгөнд нь эзэн суусан, эсвэл өөрөө баяжаад эзнийхээ хөрөнгийг нь хийсгэсэн жишээ хорвоогоор түгээмэл төдийгүй Монголын “төрийн өмчийн” салбараар дүүрэн, хувийн салбарт ч цөөнгүй. Эзэд нь хөрөнгөө алдахгүйн тулд үр дүнгээр нь цалинжуулах, орлогоо хуваах, үл борлуулах хувьцаa эзэмшүүлэх зэрэг төрөл бүрийн “хамтдаа эрсдэл хүлээх” (skin in the game) арга хэрэглэдэг. Бизнесийн, ялангуяа, хувийн өмчийн орчинд эзэн албатын байр солигдох нь мэдлэг, чадвар, арга, заль, мэхний хэрэг байдаг бол улс төр, парламентын засаглалын хувьд энэ нь институцийн (institutional) буюу системийн өөрийнх нь төрмөл чанар гэж болно. Тиймээс ард түмний албат болох парламент эргээд ард түмнийг засаглагч, даргалагч болдог. Гэвч үүгээр эзэн албатын байр суурь солигдол зогсохгүй. Парламентын өөрийнх нь байгуулсан кабинет буюу засгийн газар нь хуулийг хэрэгжүүлэх, хуулиар дамжуулж ард түмэн, улс орныг засах, засаглахаасаа ч өмнө өөрийгөө байгуулсан парламентаа, ялангуяа олонхоо хамгийн түрүүнд эргэн засагладаг юм. Тиймээс парламентын засаглалд эзэн албатын байр дахин солигддог юм.

Тиймээс парламентын засаглалын оргилд парламент ч биш, парламентын олонх ч биш, кабинет буюу засгийн газар оршиж байдаг юм. Кабинет нь олонхын ялалтын олз, хувааж хүртэх бялуу. Олзыг, бялууг эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй хүртээж байж олонх ч, засаг ч оршино. Эс бѳгѳѳс олз хэрүүлийн алим. Тиймээс кабинет олонхын хувь тэнцүүлсэн төлөөллийн байгууллага. Тиймээс кабинет нь намын, фракцын боссууд болон тэдний тавилуудаас бүрдсэн “эвсэл”. Тиймээс “сонгодог” гээч парламентын засаглалд сайд нарыг ерөнхий сайд томилох, чѳлѳѳлѳх эрхтэй гэх ч хэрэг дээрээ кабинетын суудлууд нь олонхын эв нэгдэл, парламентын дэмжлэгийг хангах (худалдаж авах) хэрэгсэл учир ерөнхий сайд ч өөрөө олзны, бялууны булан хүртэгч. Өөр юу ч биш. Эвслийн шинжтэй учир кабинет мөн чанараараа захирах, захирагдах ёсны байгууллага биш. Харин эсрэгээр “шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг юм байдаг. Тиймээс ч хагарах, хуваагдах нь ч хялбар.

Гэхдээ кабинет бүрдсэн л бол кабинетад “хувьцаа эзэмшигчид” түүнийгээ бусдад алдахгүйн тулд хамгаалах хэрэгтэй болдог. Тиймээс кабинет нь эргээд “хувьцаа эзэмшигчдээ” буюу олонхоо засаглаж, ноёрхож эхэлдэг. Тиймээс олонхыг бүрдүүлэхийн тулд төдийгүй түүнийг хянах, засаглахын тулд, улмаар олонхоороо дамжуулан парламентыг засаглахын тулд кабинет байгуулагддаг гэж хэлж болно. Үнэндээ, засгийн газар өөрийгѳѳ хамгаалахын тулд олонхоо атгах, захирах, дарамтлах хэрэгтэй ч болдог. Тиймээс засгийн газар байгуулагдахдаа л парламентыг хянах, засаглахын тулд байгуулагддаг бөгөөд энэ нь түүний эн тэргүүний ч, эцсийн ч зорилго байдаг. Тиймээс засгийн газрын суудлууд нь түүнийг байгуулах, хадгалах буюу парламент(ын олонх)ын дэмжлэгийг бүрдүүлэх, авах, хангах, өөрөөр хэлбэл, худалдан авах хэрэгсэл болж хувирдаг юм. Тиймээс ч засгийн газар байгуулахын тулд сайдын суудлыг “наймаалцдаг,” “арилжаалдаг” төдийгүй засгийн газрынхаа бүтцийг томруулж “хахууль” бэлтгэх хэрэгтэй болдог төдийгүй түүнийгээ “ээлжид” ч оруулдаг юм. Английн хувьд Черчилийн кабинет 7 суудалтай байсан бол одоогийн засгийн газар 20 гаран кабинетын сайд, гишүүдээс гадна 100 гаран парламентын нарийн бичиг (parliamentary secretary) нэртэй дэд сайдуудтай (junior ministers) байдаг бол Германы Аденауэрийнх 17 сайдтай байсан бол одоогийн кабинет нь 20 гаран гишүүнтэйгийн дээр яам болгонд нь 2-3 парламентын нарийн бичгийн дарга хэмээх дэд сайдуудтай байх. Мөн Японы кабинет 20 гаран сайдтай, 30 гаран парламентын нарийн бичиг хэмээх дэд сайдуудтай байдаг бөгөөд кабинетын сайд, дэд сайд нараа байнга ээлжилж байдаг юм. Английн Консерватив намын сайд нар дунджаар 28 сар, Лэйбор намынх дунджаар 24 сар тутамд солигдож ирсэн байх жишээтэй. Энэ бүхэн нь бизнесийнхээр бол “хамтдаа эрсдэл хүлээх” арга хэрэглэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл олонх нь кабинетын “хувьцаа эзэмшигчид”.

Кабинет олонхын төлөөллийн байгууллага учир олонх нь кабинетын хувьцаа эзэмшигчид төдийгүй мөн “сонгогчид” нь. Тиймээс намын боссууд сонгогчдоосоо хамаарах хамаарлаа багасгахын тулд парламентын суудлын тоог нэмэгдүүлж нэгж гишүүний “хаялцах” үнэ цэнийг нь ч бууруулдаг төдийгүй гишүүдийн “амыг барьж, товч дарагчдын арми” болгож хувиргадаг юм. Тиймээс Британы Нийтийн танхим 650, Германы Бундестаг 709, Японы доод танхим 465 суудалтай байх жишээтэй. Уг нь 1949 онд ХБНГУ байгуулагдаж байхад Германы Бундестагын суудлын тоо 409 байв. Хоёр Герман нэгдэхэд 539 байв. Хэдэн зуугаар тоологдох парламентад нэгж гишүүний үнэ цэнэ буурч гишүүд ч “атомжсан масс” болдог төдийгүй хэлэлцүүлэг, зөвлөгөөн, мэтгэлцээн өрнүүлэх боломж ч хомстдог учир энэ нь гишүүдийн амыг бараг бүрмөсөн барьж, тэд нь зөвхөн санал өгдөг, гэхдээ байнга санал өгдөг сонгогчид болж хувирдаг юм. Тийм ч учир аль 1867 онд Уолтер Бэйжот Английн Нийтийн танхимыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн “сонгуулийн коллежтэй” (electoral college) зүйрлэж байв. Чухам эл ч учир л “олонхын дарангуйлал” (tyranny of majority), “ерөнхий сайдын дарангуйлал” (prime ministerial dictatorship) зэрэг ойлголтууд бий болсон төдийгүй Жеймс Фишкин ч “зөвлөлдөх ардчиллын” (deliberative democracy) аргаа боловсруулсныг нь Г. Занданшатар манайх шиг гишүүн болгон эзэн-ноён, микрофонтой, минуттай “хэлэлцүүлэгтэй, зөвлөгөөнтэй, мэтгэлцээнтэй” газар импортолсон байх жишээтэй.

Улмаар засгийн газар олонхоо хянахын тулд сахилгажуулна, захиргаадна, дарамтална. Парламентын гишүүд нь “ард түмний элчийн” хувьд үзэл бодол, итгэл үнэмшлээ юунд ч хазаарлуулахгүйгээр чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх ёстой. Тийм ч учраас парламентын гишүүд нь парламентын хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ хуулийн хариуцлага хүлээх ёсгүй гэсэн парламентын халдашгүй эрхтэй байдаг. Гэвч намын лидер, “боссууд” нь засгийн газраа хамгаалахын тулд олонхоо дарамталдаг тул парламентын гишүүд нь хэрэг дээрээ намын бодлогоос гажиж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, намын бодлогыг шүүмжлэх, намын бодлогын эсрэг өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа ѳгѳх боломжгүй болдог юм. Парламентын, ялангуяа, Вестминстерийн бүх системд олонх, цөөнхийн сахилга сахиулагч, өөрөөр хэлбэл, ерөнхий сайдын хүссэнээр санал өгүүлэх үүрэгтэй “шавхуурдагч” (whip) хэмээх гэсгээгч “гэсгүй” нар байх. Тэд үндсэндээ гишүүдийн саналыг мэдэх бөгөөд зөрчсөн гишүүдийг дахин сонгогдохгүй болтол “сахилгын” арга хэмжээ авна. Ийнхүү ерөнхий сайд, засгийн газрын дарамт, шахалтаас болж парламентын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээ илэрхийлэх боломжгүй болсноор тэд сонгогчдодоо бус намын лидер, ерѳнхий сайддаа үйлчилж улмаар ард түмэн-сонгогчдын тѳлѳѳлѳл бус харин намын лидерийн, ерѳнхий сайдын тѳлѳѳлѳл, түүний эрх ашгийг хамгаалагч болоход хүрдэг юм. Энэ нь хэрэг дээрээ нам нь ард түмэн-сонгогчдын тѳлѳѳллийг “барьцаалж”, нам нь ард түмэн-сонгогчдын байрыг булааж, намын эрх ашгийг ард түмний эрх ашгаас дээгүүрт тавих буюу намын эрх ашгийг ард түмний эрх ашиг болгох аюултай юм. Захиргаадахаас гадна аргадах, тал засах, шагнах, урамшуулах зэрэг олон арга, технологи байх. Үр дүнд нь парламентын засаглал нь парламент, засгийн газар хоёр харилцан бие биеэ “худалдан авдаг”, “барьцаалдаг”, “дарамталдаг”, хамгаалдаг, харилцан бие биедээ үйлчилдэг дэглэм болж хувирдаг.

Миний кабинетыг унагавал чиний кабинетыг блоклоно гэж барьцаалах нь ч түгээмэл логик. Чухам энэ логикоор ч Англиас гаралтай Вестминстерийн системтэй орнуудад ерөнхий сайд нарт “зөрүүд” парламентыг тараах эрх өгсөн байдаг юм.[3] Энэ нь тохиролцохгүй байгаа зөрүүд парламентыг тараах заналхийллээр ч “хүмүүжүүлэх”, тусыг эс олбол тарааж “гэсгээж” байгаа хэрэг. Ийнхүү парламент хэрэг дээрээ байнгын санал өгдөг сонгогчид, кабинетын, ерөнхий сайдын айлдсаныг дуулгавартайгаар “хуульчлагч”, “ёсчлогч” (rubber stamp) болж хувирдаг. Ингэснээр парламент хууль тогтоох ч, гүйцэтгэх ч эрхээ хоёуланг нь кабинетад “дээрэмдүүлдэг” юм. Үр дүнд нь кабинет хууль тогтоож, кабинет өөрийн тогтоосон хуулиа хэрэгжүүлэх болдог юм. Үүнийг нь Уолтер Бэйжот Английн үндсэн хуулийн эсвэл Английн тогтолцооны “эрчимт нууц” (efficient secret) гэж нэрлэсэн юм. Тиймээс парламентын засаглал гэгч хэрэг дээрээ парламентынх ч биш засгийн газрын (cabinet government), ерөнхий сайдын засаглал (prime ministerial government) тѳдийгүй зарим тохиолдолд ерөнхий сайдын “диктатур” (prime ministerial dictatorship) болж хувирдаг. Тиймээс парламентын засаглал нь нэг бол нам, фракцын боссуудын олигарх, эсвэл намын даргын монарх засаглалын хооронд хэлбэлзэж байдаг юм. 

Үнэндээ, парламентын засаглал нь парламентыг, парламентын гишүүдийг, засгийн газрыг намын удирдлага-ерѳнхий сайддаа ч үйлчлэхэд хүргэдэг юм. Мэдээж парламент, засгийн газар өөртөө үйлчилнэ гэдэг нь эрх баригчид өөрсдөө өөрсдөдөө, эрх баригч намдаа үйлчилнэ гэсэн хэрэг. Үзэл санааны хувьд парламент нь ард түмэн-сонгогчдын тѳлѳѳлѳл, бѳгѳѳд тэдний эрх ашиг, хүсэл зоригийг төрийн хууль, шийдвэр болгож байх ёстой. Гэвч хэрэг дээрээ парламентын сонгууль нь намын сонгууль, парламентын улс тѳр нь намын улс тѳр, парламентын ялалт нь намын ялалт, парламентын засаглал нь намын засаглал, парламентын гишүүд нь намын гишүүд, парламент нь намын парламент, парламентын засгийн газар нь намын засгийн газар байдаг юм. Тийм учраас парламент, засгийн газар хоёр бие биедээ үйлчилнэ гэдэг нь эрх баригч нам өөрөө өөртөө үйлчилж байна гэсэн хэрэг (дэлгэрэнгүйг Тэргүүн төр номын Парламентынх ууэсвэл Ерөнхийлөгчийнх үү? гэдэг хэсгээс үз).

Гэхдээ парламентын засаглалд албан ёсоор парламент кабинетаа буюу Засгийн газраа байгуулдаггүй юм. Английн хувьд засгийн газар нь түүхээрээ үргэлж хааных байсан, угаасаа ч гүйцэтгэх эрх мэдэл хаана ч хааных байсан, ба парламент кабинетыг өөрийн итгэл дээр орших болгосон ч нэгэнт хаанаа халж чадаагүй учир хаан нь (бүгд найрамдах улсуудад “хаанцар” болсон ерөнхийлөгч нар нь) засгийн газрыг томилдог ёс тогтсон юм. Нөгөө талаар хаан эсвэл ерөнхийлөгч Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийг томилох нь гүйцэтгэх эрх мэдлийн нэгдмэл байдал, хуулийн нэг утгатай, тэгш хэрэгжилтийг ч хангах учир холбогдолтой юм (дэлгэрэнгүйг Засаг байгуулах бизнес хэсгээс үз). Харин нэгэнт хаан нь кабинетаа буюу засгийн газраа парламентын итгэл даах хүмүүсээр бүрдүүлэх ёстой учир парламентын гишүүдээс Ерөнхий сайдыг томилж, улмаар Ерөнхий сайдын санал болгосноор сайд нарыг нь томилдог ёс тогтсон юм. Үүний улмаас засгийн газар нь хаан, парламент хоёрын дунд орших болсон буюу засгийн газрыг хаан (эсвэл ерөнхийлөгч) томилж, тэр нь парламентын итгэл хүлээж байж л орших болсон юм. Тиймээс парламентын засаглалтай улс орнуудад засгийн газрыг хаан эсвэл ерөнхийлөгч томилж тэр нь харин парламентын итгэл хүлээж байж л орших болсон юм (дэлгэрэнгүйг Зөвлөлийн засаглал хэсгээс үз.). Тиймээс засгийн газрыг огцруулах парламентын эрх нь л парламентын засаглалын үндэс. Үр дүнд нь парламентын эзэн буюу бүрэн эрх

(parliamentary sovereignty) гэдэг нь засгийн газар парламентын итгэлийг хүлээж, дааж байж л орших, парламентын хүсэл зоригийг бодлого, үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх, үгүй бол парламент засгийн газрыг огцруулах явдал юм. Харин Монголд оршиж байгаа УИХ-ын засаглал нь огт тийм биш.

 


[1] Одоогийн Английн хааны гэр бүл эцгийн талаасаа Георг Людвигийн буюу Ханноверийн угсааг залгасан Германы Веттиний угсааны (House of Wettin) салбар Сакс-Kобүрг-Готагийн угсаа (House of Saxe-Coburg and Gotha) бөгөөд 1917 онд дэлхийн I дайны үед Германы эсрэг үзэл хүчтэй байсны улмаас Уиндсорын шилтгээний (Windsor Castle) нэрээр Уиндсорын угсаа (House of Windsor) гэж нэрээ сольсон юм.

[2] Ватикан мөн шашны хаант хот улс.

[3] Харин Англид 2011 онд  парламентыг 4 жилийн тогтмол хугацаатай болгож хуульчилсан бөгөөд Ерөнхий сайд парламентыг тараахын тулд нийт гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг авах ёстой болсон.

 Н.БАЯР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)