Монголчуудын цагаан сарын түүхэн уламжлалын тухайд

Монгол түмэн уламжлалт баяр цагаан сарыг үндэсний төр ёсны баяр болгон тэмдэглээд урин хавартай золгосны буюу шинэ жилийн эхлэл хэмээн үзэж өргөн тэмдэглэдэг билээ.

Хамгийн анх Италийн жуулчин Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” хэмээх бүтээлдээ Монголчуудын ертөнцийг бичиж, түүндээ монголчуудын ахуй соёлын дүрслэн  дэлхийн  сонорт хүргэжээ. Энд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг талаар Марко Поло дурдахдаа:

“Татаарын ёсонд шинэ он хоёрдугаар сард эхэлдэг… Тэд бүгд заншил ёсоор эрэгтэй, эмэгтэй ялгалгүй чадах чинээнийхээ хэрээр цагаан хувцас өмсдөг. Цагаан хувцсыг аз жаргалын бэлэг тэмдэг хэмээх тул түүнийг их хийдэг. Тэр нэгэн жилдээ аз жаргалтай амар төвшин байхын тул тийнхүү цагаан хувцас өмсөх ажээ. Энэ өдөр их хааны харьяат засаглалын доорх бүх ард олон, орон дэлхий, муж салбар хийгээд улс даяар цөм их хаанд арвин бэлэг сэлт алт, мөнгө, сувд тана, эрдэнийн чулуу хийгээд үнэт цагаан бүс арвин ихээр бэлэглэн барих ажгуу. Тэр нэгэн жилдээ их хааны хөрөнгө баялаг улам ихээр арвижин дэлгэрч, их хаанд баяр баясгалан хөхүүн цэнгэлийг бэлгэдэн хүсэж энэ бүхнийг үйлддэг байжээ. Түүнчлэн ноёд тайж, баатар эрсээс эхлээд энгийн харц ардууд хүртэл цөм бие биедээ цагаан өнгийн эд харилцан бэлэглэж, золголдон цэнгэлдэж, хөлтэй их найр хийхийн учир бол тэд бүгдээр тэр нэгэн ондоо аз жаргалтай амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болно.

Мөнхүү цагаан сарын шинийн нэгний өдөр, нэг бум гаруй цагаан зүсмийн аргамаг сайхан хүлэг морьдыг их хаанд бэлэглэх бөлгөө. Мөн энэ өдөр ан араатан, жигүүртэн шувуу хатгамал хээлсэн цагаан өнгийн тохош нөмөргөсөн таван мянган заан авч ирнэ…” [Марко Поло 1987: 181]гэж өөрийн тэмдэглэлдээ үлдээснээс Хубилай хааны ордонд цагаан сарын баяр хэрхэн тэмдэглэдэг байсныг мэдэж болно. Гэвч энэ нь Монголын нийслэлийг шилжүүлэн аваачсан, цаг агаар, соёлын хувьд Монголын уугуул баяраас арай өөр дэг жаягийг агуулан, суурин соёл иргэншлийн хүрээнд тэмдэглэх болсон үеийн түүхийг үлдээснийг тухайн цаг үеийн түүхээс нь тодорхойлж болох юм.

Монголч эрдэмтдээс Ц.Дамдинсүрэн “Хубилай цэцэн хааны үед цагаан сарыг намраас шилжүүлж хаврын баяртай нэгтгэж хаврын тэргүүн сард ёслох болсон бололтой” [Ц.Дамдинсүрэн, 1944. №8] гэж үзсэн байдаг. Харин Дорж Банзаров “Монголын шинэ он урьд намрын 9 дүгээр сард эхэлж байсан бөгөөд энэ сард тараг элбэг байдаг тул цагаан сар гэдэг болов” [Дорж Банзаров, 1935, стр44] хэмээн бичсэн бол Г.Ц.Цыбиков “Монголчуудын нүүдэлч малчин ардын хувьд мал сүрэг нь үр төл авч хүч тарга нь ид гүйцсэн намрын сард шинэ жилээ тэмдэглэж өөрсдөдөө болон  мал сүрэгтээ нас нэмдэг” [Цыбиков, 1981. Стр 168] гэж тэмдэглэжээ. Түүнчлэн түүхч Ч.Далай “Монголчууд жилийн дөрвөн улиралд нэг удаа “сүүн сар” гэж нэрлэдэг заншилтай явж иржээ. Энэ нь монголчууд эрт үед цагаан  сар буюу шинэ оноо цагаан идээ элбэг намрын сард хийдэг байсан, үүнээс үүдэн “Цагаан сар” хэмээн нэрлэгдэх болсон байна” гэж үзсэн. Түүхэн талаас нь эдгээр эрдэмтэд нэлээд сайн судалж энэхүү дүгнэлтээ гаргасан гэдэг нь харагддаг.

Үүнээс хойш  XVII зуунд Монголд бурхны шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. [Х.Сампилдэндэв 1985] Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Ингээд Монголд олон сүм хийдүүд байгуулагдаж, цагаан сараар жирийн ард олон бурхны шашны номыг хуруулах болсон байна. Үүний дараагаар “Шинэлэхийн жасаа” хэмээх нэрээр тэмдэглэх болсон байдаг. Үүнийг тухайн үеийн баримт бичигт:

“Манжийн хаан монгол ноёдыг өөрийнхөө төрд үнэнч байгаа эсэхийг тандан мэдэх, ноёдыг өөртөө татах итгэлтэй түшмэг хэвээр байлгахын тулд шинэлэхийн жасаа бий болгож байсан юм. Тийм ч учраас шинэлэхийн жасааны үеэр монгол ноёдод Манжийн хуулийг ухуулж, үнэнч байхыг ятгаж, зарим хэргэм нэмэн шагнаж үлэмж үнэтэй бэлэг, пүнлүүг нь нэмж, шинэ он цаг тооллын бичиг сэлтийг өгч нигүүлсэгч эзний дүр үзүүлдэг байжээ. XIX зууны дунд үеэс эхлэн монгол ноёд шинэлэхийн жасаанд очихоос татгалзах болсон учир Манжийн засгийн газраас шинэлэхийн жасаанд тогтмол ирж байхыг байн байн шаардаж байсан”  [Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын тэмцэл”I боть 1982:294] гэж өгүүлжээ.

Уг шинэлэхийн жасаа гэдэг нь, Монгол цаазын бичигт:

“Халх Манжид дагаж орохоос бүр өмнө Халхын хан нараас Манж улстай найртай хөршийн ёсоор харилцахаа илэрхийлэн, Манжийн хаадад илгээж байсан бэлгээс үүдэлтэй бөгөөд 1635 онд Сэцэн хан анх тийм бэлэг өргөн барьснаас 1691 он хүртэл Есөн цагааны бэлэг нэртэйгээр үргэлжилсэн байна.

Харин 1691 онд Манж нар халхыг албан ёсоор оруулж авсныхаа дараа есөн цагааны бэлгийг хуулиар алба болгон хувиргасан юм.

…Халхын ноёд, Живзундамба хутагт нар жил бүр Манжийн хаанд 8 цагаан морь, 1 цагаан тэмээг аваачиж барьдаг байсныг ёсны юм буюу есөн цагааны бэлэг гэдэг байв.

Хожим Хөхнуур, Зүүн гар улсыг эзлэн авсны дараа Манжийн эрхшээлд орсон бүх Монгол газрын ноёдыг Бээжинд ээлж дараагаар очиж, хааны амгаланг айлтган, бэлэг сэлт барьж байх журам тогтоов. Тэр үеэс ёсны юм барихыг шинэлэхийн жасаа гэдэг болов.” [Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. I боть, 2010] хэмээн түүхэнд тайлбарласан байна.

Энэ нь Манжийн хаан монгол ноёдын улс төрийн бодлого, Чин улсад үнэнч буй эсэхийг харахын зэрэгцээгээр тэднийг өөртөө татаж, итгэлтэй түшмэг хэвээр байлгах зорилготой байжээ.

Монголын ард түмний эрх чөлөөний хөдөлгөөний дунд 1911 онд  Монгол орон манжийн ноёрхлоос ангижирч тусгаар тогтносон монгол улс байгуулагдаад улс төр, эдийн засаг, соёлын талаар хийсэн шинэчлэлтийн нэг нь 1911 оны өвөл Богд гэгээнийг эзэн хаанаар өргөмжлөн, улсын нэрийг монгол болгон оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрийдэж, төрийн гол ёслолын журмыг тогтоосон явдал болно. Ингээд мөн түүхэн баримтыг үзвэл:

“1911 онд Богд Жибзундамба хутагтыг Нарангэрэлт түмэн наст богд хаанаар өргөмжилж Монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсны дараа мөн ондоо Богд хаан ширээнд суусныхаа дараа мөн цагаан сараар зарлиг гаргаж, хоригдол нарыг өршөөн суллаж, ялыг нь хөнгөтгөн хэлтрүүлжээ.  [Монгол улсын түүх. IV боть. 2003:192-193]

Үүнээс хойш буюу 1912 оноос цаг тооллын бичгийг нийслэл хүрээний зурхайн дацанд боловсруулж “Монгол улсын олноо өргөгдсөний… оны цаг улирлын тооны бичиг” нэртэйгээр монгол үсгээр жил тутам хэвлэн гаргаж эхэлсэн байна. Чингээд 1921-1924 онд арга билгийн улирлын сар өдрийг хослуулан бичиж байгаад 1925 оноос аргын улирлын сар өдрийг дагнан бичдэг болжээ.

Харин 1928 оноос Монголын түүхэнд зүүнтний үе хэмээн нэрлэгдэх үе эхэлж “1930-аад оноос нам төрийн эрх баригчид цагаан сар нь лам нарын сайн өдөр, зарц ядуусыг мунхруулан мөлжих өдөр, феодалуудын цэнгэлийн өдөр. Феодалын үүсгэсэн харгис зүй гэхчлэн элдэв нэр хаяг өгч цагаан сарыг хараан гутааж байснаа 1932 оноос түүнийг эсэргүүцэх кампанит ажлын төлөвлөгөө гаргаж, бүх аймаг, сумдад элч төлөөлөгч  илгээж, ялангуяа хот, суурин газруудад битүүлэг, цагаалаг хийхийг хориглосон байна. Цагаан сарыг тэмдэглэсэн хүнийг феодалын үлдэгдэл этгээдэд тооцож элдэв аргаар даралт шахалт ч үзүүлж байжээ” [Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу 1992: 807]. Харин дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, Монгол оронд зуд турхан, ган гачиг тохиолдож ард түмний санаа сэтгэл таагүйхэн байсан 1940-өөд онд тэдний сэтгэлийг түр боловч сэргээхийн тулд хөдөөгийн малчдад цагаан сар тэмдэглэхийг Улсын бага хурлаас зөвшөөрчээ.

Тэгтэл нэг хүнийг тахин шүтэх явдал газар авч байсан 1952 оны өвлийн адаг сарын битүүнд (1952 оны 1 дүгээр сарын 26. Н.М) Х.Чойбалсан нас барж, цагаан сарын шинийн нэгнийг гашуудлын өдөр болгов. Дараа жилийнх нь мөн өдрийг бас л гашуудлын өдөр болгожээ. 1953 оны нэгдүгээр сарын 26-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, мөн жилээс эхлэн цагаан сарыг ажлын өдөр болгосон байна. Энэ нь хэрэг дээрээ цагаан сарыг тэмдэглэхийг үгүйсгэсэн хэрэг байв.

Харин 1960 оны нэгдүгээр сард Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар жил бүрийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг “Нэгдэлчдийн өдөр” болгон уг өдрийг зөвхөн хөдөө аж ахуйн салбарт амралтын өдөр байхаар тогтоожээ. [“Үнэн” сонин. 1960 оны 1-р сарын 23. Бямба. №19. (7461)] Хэсэг хугацаанд хориотой байсан цагаан сарыг “Нэгдэлчдийн өдөр” хэмээн шинэ зүүж хязгаарлагдмал боловч тэмдэглэдэг болов. Түүнээс хойш малчдаас бусад нийгмийн анги,  бүлгийнхэнд цагаан сарыг тэмдэглэхийг төдийлөн таашаадаггүй байв. Ялангуяа хот суурин газарт ёслон өнгөрүүлэхэд ямар нэг хэмжээгээр саад хийсээр байв. Сүүлийн 70 шахам жилд цагаан сар ийнхүү олон зуунаар уламжлагдан ирсэн ард нийт, төр ёсны их баяр байх эрхээ хот хүрээнийхэн “хасуулж” үе үе зэрвэсхэн тэмдэглэгдэж, зарим үедээ “Нууцхан баяр” болж байв.

Хөдөө орон нутагт цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа байдлыг угсаатны зүйч доктор Г.Цэрэнханд 1974-1975 онд нэгдэлчдийг судалж хөдөө орон нутагт ажиллахдаа тэмдэглэж, “Нэгдэлч малчдын аж байдал” өгүүлэлдээ

“Билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг “цагаан сар” нэгдэлч малчдын уламжлалт баяр болж, түүний агуулга өөрчлөгдөн “нэгдэлчдийн өдөр” хэмээн нэрлэгдэж малчин хүний жилийн туршид бүтээсэн хөдөлмөрийн үр шимийг дүгнэдэг нийгмийн хөгжлийг тусгасан цоо шинэ агуулгатай болжээ. ” [Г.Цэрэнханд. 2015: 133] хэмээн дүгнэсэн байдаг.

Мөн энэ өгүүлэлд “Хувийн аж ахуйтны үед айл өрхөд аз жаргалыг дуудаж даллага авах, зул өргөх, гал тахих ёс нэлээд элбэг тэмдэглэгдэж байсан нь нийгмийн хөгжлийн нөлөөгөөр гээгджээ. Нутаг хошуугаараа нийтлэг баяр ёслол болгож морь уралдуулж, бөх барилдуулан тэмдэглэж байсан овоо тахилгыг ахмад үе дурсан ярьдаг юм” [Г.Цэрэнханд 2015:135] гэж онцолсон нь цагаан сарын баяр ч нийгмийн байдлаа даган өөрчлөн хувьсаж зарим зүйл нь гээгдэж байгааг өгүүлсэн нь бидэнд өмнөх уламжлалыг сэргээн тодруулахад чухал мэдээ болж байна.

Ингээд “Нэгдэлчдийн баяр” нэрийн дор тэмдэглэж явсаар өөрчлөн байгуулалтын үзэл санаа хүчтэй болсон үед буюу 1988 оны 2-р сарын 4-ний дугаарт зохиолч, яруу найрагч  С.Оюун “Мартаж болшгүй заншил” (Нууцхан тэмдэглэдэг баяраа ил болговол ямар вэ?) хэмээх нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэлдээ:

“Эцэг өвгөд маань бидэнд олон сайхан ёс заншил өвлүүлжээ. Түүний нэг нь хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр ахмад настантайгаа ёс төртэй золгодог явдал юм. Төрөл төрөгсөдтэйгээ ингэж золгон мэндчилдэг байсны ачаар монгол хүн есөн үеэ мэддэг байсан гэлцдэг. Ийм болохоор төрөл төрөгсөдтэйгөө гэр бүл болох, цус ойртох зэрэг буруу үзэгдэл ч гардаггүй байсан байна. Монголчуудын олон зуун жил тэмдэглэж ирсэн уламжлалт баяр- Цагаан сарын шинийн нэгний ёслолыг эдүгээ “цээрлэж”, нэгдэлчдийн баяр гэдэг орчин цагийн нэр зүүлгэжээ. Цагаан сараар шинэлэх гэдэг бол зөвхөн малтай хүний баяр ч биш, бүх ард түмний хүндэтгэлт баяр байсан билээ.

…Ер нь цагаан сарын шинийн нэгэн маань олон хүний сэтгэлийг “зовоосон” өдөр болжээ. Тухайлбал,  сар шинийн баяр дөхөхөөр хот суурин газрын дэлгүүрт хэвийн боов, еэвэн зэрэг нь худалдаанд гарахаа больж, тэдгээр зүйлс онцгой “хараа хяналт”-ад ордог болжээ… Монгол зан заншил, үндэсний соёлоо хадгалах эрмэлзэл нь өсвөр үеийг хүмүүжүүлэхэд ч чухал зүйл мөн… ” [Ж.Болдбаатар. 2014:443] хэмээсэн байна. Энэхүү нийтлэл ихээхэн дуулиан тарьж, 600 гаруй хүн дэмжин санал сэтгэгдлээ илэрхийлжээ. “Шинэ хөдөө” сониныхон тэрхүү нийтлэлд ирсэн санал, захидлуудыг хавсарган МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлд өргөн барьжээ. Энэ үйл явдлын дараахан, 1988 оны 12-р сарын 23-ны өдрийн “Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны “Баяр ёслолыг тэмдэглэх журмын тухай 244 дүгээр тогтоолд:

Намын байгууллага, хөдөлмөрч­дөөс удаа дараа гаргаж байгаа саналыг үндэслэн, улс оронд хэрэгжүүлж буй шинэчлэлийн олон талт арга хэмжээний нэг бүрэлдэхүүн хэсэг болгон уламжлалт баяр ёслолыг 1989 оноос эхлэн дараах байдлаар тэмдэглэж байхаар тогтоосугай: Үүнд: 3-рт Билгийн улирлын хаврын тэргүүн сар- Цагаан сарын шинийн нэгнийг бүх ард түмний амралтын өдөр болгох” [МАХН-ын Төв хорооны тогтоолын эмхтгэл. 1989:59-65 ]гэж тогтоосноос хойш “Малчдын баяр” нэртэй болоод байсан цагаан сарыг хуучин уламжлал ёсоор бүх нийтээр тэмдэглэх болж, 1990 оноос ардчилсан хувьсгал гарснаар үндэсний язгуур уламжлалаа сэргээх оролдлого цагаан сараар улам хүчтэй илрэн гарч ирэх болсон байна. Үүнд үндэсний уламжлалт баяр цагаан сар, цагаан сарын зан заншил, уламжлал, түүнтэй холбоотой Төгсбуянтын зурхай, шар зурхай, монгол тооллын алинаар нь цагаан сараа тэмдэглэх вэ зэрэгт эргэлзсэн, хариулт нэхсэн маргаан ч сүүлийн хориод жил үргэлжилж байгаа боловч Төгсбуянтын зурхайг баримтлан тэмдэглэн, ёсолж байгаа билээ.

 

Түүхч Н.Маралмаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)