Д.Дагвасүрэн: Хуулиар “Мөрдөн шалгах нууц ажиллагааг”-г зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй явуулдаг

Улсын Их хурлын чуулган дээр нэр бүхий УИХ-ын гишүүн "гэрт чагнах төхөөрөмж суурилуулсан асуудал байгаа" гэж ярьсан. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Тусгай хяналтын хэлтсийн дарга , хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дагвасүрэнгээс тодруулга яриа авлаа.

-Их хурлын чуулган дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "миний гэрт чагнах төхөөрөмж суурилуулсан асуудал байгаа" гэж ярьсан. УИХ-ын гишүүний гэрт чагнах төхөөрөмж суурилуулах зөвшөөрлийг прокурор өгсөн үү

- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд  “ халдашгүй, чөлөөтэй байх эрх”, “хуульд заасан үндэслэл журмаас гадуур ...хэнийг ч хууль бусаар мөрдөн мөшгихийг ..,  хориглоно” гэж заасан. Тагнаж, чагнах асуудал нь Монгол Улсын иргэний үндсэн эрхтэй  холбоотой асуудал учраас прокурорын байгууллагаас онцгой анхаарч хяналт тавьдаг. Гүйцэтгэх ажлын тухай хуульд Авлигатай тэмцэх, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар  зэрэг байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй. Эдгээр байгууллагаас:

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэл мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “мөрдөн шалгах нууц ажиллагаа”-г зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй явуулахаас бусад ямар ч тохиолдолд, байгууллага, хувь хүнд бусдыг чагнаж, тагнах эрх олгогдоогүй юм. Хуулиар эрх олгосон этгээд хууль зөрчиж, эрх олгогдоогүй этгээд бусдыг чагнасан, тагнасан байвал Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хэвлэл мэдээллээр яригдаж байгаа шиг хэн нэгэн иргэнийг аль дуртай байгууллага нь тагнаж чагнаад байдаггүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар “гишүүний бүрэн эрхийн баталгаа” хуулиар хамгаалагдсан байгаа. УИХ гишүүн Т.Аюурсайхан болон бусад гишүүдэд чиглүүлэн гүйцэтгэх ажлын болон мөрдөн шалгах нууц ажиллагааны хүрээнд прокуророос зөвшөөрөл олгож байгаагүй болно.

-Чагнах зөвшөөрлийг өгөх талаар хуулийн зохицуулалтын талаар тайлбарлаж өгөөч?

Эрх бүхий байгууллагууд гэмт хэргийн шинжтэй үйлдэл, нуугдмал эд зүйл, эд хөрөнгө, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах зорилгоор  хууль зүйн үндэслэл бүхий тогтоол бичиж, тухайн байгууллагын даргаараа батлуулан, прокурорт хянуулан зөвшөөрөл авч, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлд заасан нууц ажиллагааг явуулдаг.  

-Бусдыг хууль бусаар чагнасан бол ямар хариуцлага хүлээлгэдэг бэ?

-Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага хууль зөрчиж гүйцэтгэх ажиллага явуулсан бол Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйл “Гүйцэтгэх ажлын хууль зөрчих” гэсэн хэргээр эрүүгийн хариуцлага хүлээнэ. Эрх олгогдоогүй хувь хүн, хуулийн этгээд бусдыг чагнаж, тагнасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл “хувь хүний нууцад халдах”, 13.12 дугаар зүйл “хүнийг хууль бусаар мөрдөн мөшгих” зэрэг зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай.

-Танай хэлтсийн чиг үүргийн талаар товч танилцуулаач

-Прокурорын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хяналтын ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Авлига албан тушаал, эдийн засгийн, хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулах, зохион байгуулалттай бүлэглэл зэрэг нуугдмал үйлдэлтэй хэргийг илрүүлэх, нотлох баримт олж тогтоох ажиллагаанд илүү нууц ажиллагааг чиглүүлэн, хяналт тавьж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)