9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авна

 Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 33 минутад эхэлж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

    Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Энэхүү тогтоолын төсөлд 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогын байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан байна. 

    Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7 хувь, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзлэх аж.

Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр хамгааллын менежментийг Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын дагуу шинээр бүтэц орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр батлагдсан орон тоо, төсөвт багтаан хэрэгжүүлэх аж. Харин байгалийн нөөц газар болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй газруудын хамгааллын менежментийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлнэ гэлээ. 

    Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцуулав. 

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Б.Баттөмөр, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Б.Батзориг, Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авлаа.   

    Аль нэг газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахын тулд холбогдох хуулиар хэд хэдэн үе шаттай үйл явц явагддаг байна. Юуны өмнө орон нутгийн хүсэлтийн дагуу тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий судалгааны баг ажилладаг. Үүнийг сум, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн дэмжлэг авсны дараа салбарын яамаар дамжуулан Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулж хэлэлцүүлдэг болохыг мэргэжилтнүүд тайлбарлав. Гишүүдийн тодруулсны дагуу байгалийн өвөрмөц тогтоц, түүхийн дурсгалт газар, нутгийн иргэдийн тахин шүтдэг соёлын өв бүхий газар нутгуудад олгосон лицензийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар мөн тайлбар өгсөн юм. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлах 7 үндэслэл байдаг байна. Үүний нэг болох тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гарган Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлснээр, тус газар ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлах зохицуулалттай байдаг байна. Өнгөрсөн хугацаанд яг энэ үндэслэлээр 2-3 ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж байсан тохиолдол байдаг байна. Орон нутгийн иргэдээс уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах хүсэлтийг ирүүлдэг бөгөөд уг асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдүүлэх, үүнээс улбаалан төлбөр санхүүгийн үр дагавар үүсдэг гэдгийг дурдаж байв. Үүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт иргэд зорчих, нөхөн сэргээгддэг баялгийг ашиглах, эко системийн тэнцвэрийг хангах механик үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог эрсдлийг гишүүд сануулж байв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг асуудлыг анхаарч үзэн, тодорхой гарц шийдлийг боловруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа талаар Н.Цэрэнбат сайд хэлсэн. 

    Монгол Улсын Засгийн газраас зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авдаг хэдий ч тэдгээрийг ашиглах, хамгаалах асуудлыг орхигдуулдаг, тухайн газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэн, зохистойгоор эдийн засгийн үр ашиг авах, байгалийн унаган төрхийг бүрэн хадгалж чадаагүй баримт жишээ цөөнгүй байгааг гишүүд шүүмжилж байсан юм. Салбарын яамны бүтэц, орон тоо нэмэгдэж байгаа хэдий ч тэдгээрийн хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа хангалтгүйг дурдаад, улсын тусгай хамгаалалттай газруудад хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцсон тохиолдол бий эсэхийг лавлаж байлаа. Салбарын яамны бүтэц, орон тоо хангалтгүй, төсөв хүрэлцээгүй, тоног төхөөрөмжийн шинэчлэл 2008 оноос хойш хийгдээгүй, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж буйтай холбоотой орон тоо, төсөв нэмэх боломжгүй гэх зэрэг бэрхшээл олон бий гэв. Сав, газруудыг хамгаалах үйл ажиллагааны гол зардал шатахуун, түлш байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар үнэ нь өссөн байгааг Н.Цэрэнбат сайд тайлбарлаж байсан. Мөн төсвийн зохицуулалт, хуваарилалтын асуудлыг оновчтой болгох шаардлага бий гэв. Одоогоор гадны улс орнуудын төсөл хөтөлбөр, дэмжлэгт тулгуурлан байгаль хамгаалах үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар дурдсан. 

    Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, А.Сүхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан, М.Оюунчимэг, С.Бямбацогт нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)