П.Ганхүү: Компанийн эрх зүйн орчныг бататгасан бие даасан хуультай болох шаардлагатай

Монголын бизнесийн зөвлөлийн нэгдүгээр сарын уулзалт “Монгол Улсын эрдэс баялгийн салбар - 2019 оны онцлох хүлээлт” сэдвийн хүрээнд болж, гишүүд бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн судалгаанд үндэслэсэн дүгнэлтүүдээ танилцуулав. Монголын бизнесийн зөвлөлд нийт 250 гаруй компани багтдаг бөгөөд энэ дундаас Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх хорооны гишүүдээ шинэчлэн томилжээ. Тус зөвлөлийн ТУЗ-ийн даргаар “Нова Терра” компанийн захирал Б.Бямбасайхан улиран томилогдсон бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, Худалдаа хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Рандолф Коппа, “Кинкора коппер” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Камерон Макрае, Мобиком корпорацийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Тацуяа Хамада нарын 14 хүн удирдах зөвлөлийн гишүүн, дэд даргаар сонгогдсон байна.

Уулзалтын үеэр Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчин” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн стратегийн зорилтуудыг танилцуулж, компанийн хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлага, боломж, шийдлийн талаар илтгэлдээ онцолсон юм. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд  “Эрдэнэс Монгол” ХХК улс орны хөгжил, бүтээн байгуулалтын төлөө багагүй ажил хийж хэрэгжүүлсэн бөгөөд хүндрэл бэрхшээл, уул уурхайн салбарын хөгжил, чиг хандлагатай уялдуулан хууль эрхзүйн орчин тодорхой бус байдлыг өөрчлөх шаардлагатай байгаа тул олон улсын сайн жишигт нийцүүлэн компанийн эрх зүйн орчныг бататгасан бие даасан хуультай болох шаардлагатайг тодотгосон.

“Эрдэнэс Монгол” ХХК бол Монголын ард түмний компани юм.  Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, байгалийн баялгийн үр ашиг, орлогоос бүрдүүлэх баялгийн сангийн үйл ажиллагааг хамгийн оновчтой хэрэгжүүлэгч нь “Эрдэнэс Монгол” ХХК байж, цаашид бие даасан корпорацийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг илтгэлд дурдав.

Иймд уг хуулийн төслийг Баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй хамтатган хуулийн үзэл баримтлалыг боловсруулах, энэ асуудалд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, хэлэлцүүлэг явуулах зэргээр хамтран ажиллах санал дэвшүүлэв. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК таван сая ширхэг хүртэлх давуу эрхийн хувьцаа гаргаж, иргэдэд эзэмшүүлэх бэлтгэл ажил хангаж буйг Гүйцэтгэх захирал П.Ганхүү дуулгасан юм.

Мөн энэ уулзалтад Монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Мобиком корпорацийн захирал Тацуяа Хамада “Инноваци ба хөгжил”, “Оюутолгой” ХХК-ийн захирал Армандо Торрэс “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Боловсруулсан  Д.Доржмаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)