Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь огцруулж, чөлөөллөө

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

    Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай  асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нар тус тус танилцуулав.

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ерөнхий сайд “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ц.Цогзолмаа нь Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т “Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална.” гэж тус тус заасныг зөрчин, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай саналд гарын үзэг зурсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулгадаа дурдав.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо  2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжсэн байна.

Ерөнхий сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа богино хугацаанд үр дүнтэй ажилласныг онцлоод Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн том салбарын бодлогыг авч явах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах мэдлэг чадвартай, ёс зүйтэй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг шалгуураар дараагийн нэр дэвшигчийг томилохыг Засгийн газрын тэргүүнд захиж байлаа.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, богино хугацаанд энэ салбарт гар нийлэн хамтарч, бас  дэмжлэг үзүүлж ажилласан Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд, салбарынхандаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ, улстөрчийнхөө хувьд ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг учир улстөрийн шийдвэр гаргасныг ойлгохыг хүссэн.

Ингээд Байнгын хорооны саналаар Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналыг  дэмжье гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжив. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх танилцуулгыг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан. 

    Ерөнхий сайд танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор өргөн мэдүүлээд, Ерөнхий сайд энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан байна.

    Я.Содбаатар нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын-Зам тээрвийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан тул түүнийг Засгийн газрын-Зам, тээрвийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэж байлаа.

   Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. 

    Ерөнхий сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Энхбаяр,  Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай миний хамаарал бүхий компани нэр холбогдсон. Энэ асуудлаар хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа бөгөөд удахгүй ус, тосыг нь ялгаад гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, улстөрчийн хувьд ёс зүйг эрхэмлэдгийн хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж байлаа.

    Ингээд Эдийн засгийн байнгын хорооны саналаар Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжье гэснийг хуралдаанд оролцсон гишүүд 69,1 хувь нь  дэмжсэн. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)