Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилов

Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

    Нэр дэвшигч Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаа аж.  

    Мөн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос уг зөвлөлийн орон тооны гишүүнд Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг нэр дэвшүүлсэн.

    Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.

    Харин нэр дэвшигч Д.Баатарсайхан нь соёл судлаач, соёлын ажилтан, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

    Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд  танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр нэр дэвшигч Б.Идэрчулуун, Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан болон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. 

    Нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, З.Нарантуяа, М.Билэгт, Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд гишүүдийн зүгээс нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд хуулиа дээдлэн ажиллах, төрийн албыг цомхон, чадварлаг болгоход албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургахад анхаарах, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлд судалгаа хийхийг захиж байлаа.

    Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  78,4 хувь нь дэмжив. Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Д.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулууныг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (124.158.95.138)

    2019-02-02

    Холио солио хийсээр байтал 4 жил өнгөрнө. Хэлцчихсэн байдаг байхаа энэ албан тушаалуудыг цаана нь мөнгө л урсаж байдаг. Ямар ч мэдлэг мэргэжилгүй нөхдүүдийг гар хөлөө болгон тохоон томилчихдог тэд нар нь албан байгууллага орон нутагт ард иргэдэд гологдоод л байж байдаг цаг болж дээ.