Их Жанжин Дамдины Сүхбаатар Хамниган хүн

Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы нутагт манай улсын Улз голд цутгадаг Тарь нуураас хойш Дорнод аймгийн Чулуун хороот сумын хойд талд орших Гүн жалгатай нэртэй газарт цагаан дээлт жаахан Дамдин хэмээх хамниган айлын 2 дахь хүү нь болж Цагаангууд омгийн буриад Лувсангийн Хандаас төржээ. Түүний ах Чүлтэм хэдэн онд хаана төрсөн нь тодорхойгүй, их нүүдэл болоход нутагтаа үлдсэн аж. Охин дүү Д.Дулам нь ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы Бухын харуул нэртэй газарт 1906 онд төрж, аав ээж болон ээжийнхээ төрсөн дүү Лувсангийн Жанга, ойрын хамаатан Дамбийням лам, Намдагийн Жигмэд нарын хамт 1918 оны эхээр олон зуун өрх айлын хамт Монгол оронд нүүж ирээд одоогийн Халхгол сумын Таван Ташгайд нутаглаж байгаад 1930-аад оны эхээр зүүн хязгаарт Япон улс өнгөлзөж хил түгшүүртэй болоход тэдгээр айлууд одоогийн Цагаан-Овоо сумын нутагт нүүж ирж суурьшжээ. Д.Дулам нь тус нутагт бүх насаа өнгөрүүлсэн байдаг.

Д.Сүхбаатар нь монголчуудын нэгэн адилаар бага насаа хурга ишигтэй ноцолдож, тугал хариулж малын захад эцэг эхийн асрамжинд өнгөрүүлжээ. Тэрээр Бооржийн районы буриадын Хада Булагийн бага сургуульд амжилттай суралцаж төгсчээ. Тэднийхтэй айл хөрш нутаглаж явсан Дорнод аймгийн алдарт уяач Жигмэдийн Цэрэндоржийн эцэг Намдагийн Жигмэд, Д.Сүхбаатарын эхийн төрсөн дүү Лувсангийн Жанга, Д.Сүхбаатар нар нь хоорондоо ганц ганц насны зөрүүтэй үеийн хүүхдүүд байсан тул багадаа цуг тоглож наадаж өссөн ажээ. Д.Сүхбаатар бага сургуулиа төгсөөд Чита хотын орос гимназид элсэн орж 1908 онд төгсчээ Д.Сүхбаатарын эцэг нь Бооржийн районы Бухын харуулд орших хасаг цэргийн албанд олон жил харуулын алба хашсан байна. Д.Сүхбаатар нь төрөлхийн сэргэлэн цовоо хүүхэд байсан бөгөөд хил хамгаалах үүрэгтэй хасаг цэргүүдийг хар багаасаа дуурайн ах нарынхаа хамт морин дээрээс малгай шүүрэх, хонь шүүрэх, сэлэм эргүүлж бургас цавчих мэтээр сургуулилан байсаар эр төөлөх 15,16 насанд хүрэх үедээ эдгээр дасгал сургуулилтуудыг тун чадамгай хийж сурсан юмсанж.

Эцэг Дамдин нь Омск хотод хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг сургууль байдгийг сонссон тул хүү Сүхээгээ Чита хот дахь орос гимназийг төгсөнгүүт нь тэр үеийн тэргүүний хасаг хөвгүүдийн суралцдаг Омск хотын Кадетад сургахаар 1909 оны намар илгээжээ. Тэнд 3 жил суралцах хутацаандаа Д.Сүх нь цэргийн дасгал сургуулилтад бүрэн төгс боловсорчээ. Д.Сүхбаатар нь 1912 онд сургуулиа дүүргээд Оросын хаант засгийн армид пулемёт бууны сапааны даргаар томилогдсон байна. Нийслэл хүрээн дэх хаант оросын бүрэн эрхт тусгай төлөөлөгч И.Я.Коростовец, Монголын талаас Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэн, цэргийн яамны сайд Г.Гомбосүрэн нар 1913 оны хоёрдугаар сард Орос, Монголын "Цэрэг бэлтгэн сургах гэрээ”-нд гарын үсэг зурж, Оросоос зээлээр авсан 2 сая рублиэс суутган төлөхөөр тохирчээ. Энэ гэрээ ёсоор Монгол Улс 2 морьт хороо, пулемёт бууны баг, их бууны салаанаас бүрдсэн нийт 1900 хүн бүхий цэрэгтэй болно. Тэднийг сургаж боловсруулахын тулд Оросын засгийн газар 2 штаб офицер (удирдах офицер), 15 обер офицер (ахлах офицер), 42 бага даргаас бүрдсэн сургагчдын багийг Өргөөд томилон ирүүлэхээр тогтжээ. Хаант Оросын армиас монгол цэргийг сургахаар ирсэн эдгээр 58 сургагч нарын дунд 1921 оны ардын хувьсгалын удирдагч нарын нэгээр тодорсон Оросын цэргийн хамниган бага дарга Дамдины Сүхбаатар байлаа. Монгол Улсад ирсэн цэргийн бага дарга сургагч нарыг буриад, халимаг, хамниган, тува зэрэг гол төлөв монгол угсааны хүмүүсээр бүрдүүлсэн бололтой. Тэд үндэс угсаа нэг болохоор халхчуудтай хэлмэрчгүйгээр үг хэлээ ололцож чадна гэж үзсэн байх. Д .Сүхбаатар нь 20 нас хүртлээ буюу Монголд ирэхдээ Д.Сүх нэртэй байжээ. Энэ нэрийг нь батлах баримт сэлт ч олон байдаг. Үүнийг билгүүн номч Б.Ренчин өөрийн дуртгал номондоо бичсэн байдаг. Д.Сүх Монгол Улсад ирсэн даруйдаа 3 настай Галсандэндэв гэдэг хүүтэй Дондооны Нэмэндэйн охин Янжинтай танилцжээ. Н.Янжингийн нөхөр нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцсон ноён хүн байсан бөгөөд Хятад, Сросын тагнуулын байгууллагын хар саварт өртөж хорлогдсон ажээ. Д.Сүх (хожим Д.Сүхбаатар нэртэй болсон), Н.Янжин (хожим Сүхбаатарын Янжмаа болж овог нэрээ өөрчилсөн) нарт сангаас гэр олгосон учир өрх тусгаарлажээ.

 

Д.Сүхбаатар морин дээр харайж гарах, үсэрч буух болон морины давхиа дунд хойшоо урагшаа бас хоёр тийш харайж савах нь нүдэнд оногдмооргүй түргэн, дөрөөгөө дээш нь холбож тавиад морин дээрээ босоо зогсож давхил дунд нь хоёр тийшээ цавчина. Даавуунд боож газарт тавиад давхиут шүүрүүлдэг мөнгөн янчааныг Сүхбаатараас өөр хэн ч авч чаддаггүй байжээ. Хурдаараа давхиж яваа мориныхоо ууцан дээр сандайлан сууж, зүг бүхэндээ буй байг чадмагаар буудаж мэргэн онодог. Сүхбаатар савлуур, дүүжин дээр сургууль хийж байхыг үзвэл толгой, хөл нь чухам аль болохыг ялгаруулахад бэрхтэй гэж Хужирбулан дахь монгол цэргүүд бахдан дурсдаг байжээ хэмээн Дамдины Сүхбаатар намтар зохиолын 30,31 дэх талд бичжээ. Хужирбулан дахь монгол цэргүүд түүний Сүх гэдэг нэрийг мэдэхгүй тул өндөр гоолиг нуруутай учраас Гоймон баатар гэх болж, 1918 оны хүртэл Баатар гэж нэрлэж байсныг нь 5, 4 дүгээр зэргийн жинс, тогосын отгоор шагнасан Богд хааны зарлиг дээрх Баатар гэсэн нэр нь гэрчилдэг. Д.Сүх нь Гоймон баатар гэдэг нэрээрээ ард олны дунд ихэд алдаршжээ. Үүнээс үзвэл Д.Сүхбаатарын эцэг Дамдин ОХУ-ын Чита мужийн Бухын харуулын апбанд алба хашиж байх үед хасаг цэргийн сургуулилтыг багаасаа харж дадлагажсан, Омскийн цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг Кадетад 3 жил суралцах хугацаандаа бүрэн төгс боловсорсон болох нь тодорхой харагдаж байна.

 

Д.Сүхбаатар Омскийн Кадет төгсөөд Оросын цагаан хааны цэрэгт алба хааж байх үедээ өмсөж байсан суран мөрөвчтэй бага даргын хувцасаа өмсөөд 1921 оны 5-рсарын 17-өдөр Хиагт хотноо Кубанийн алдарт V морьт дивизийн удирдах бүрэлдэхүүн болох цэргийн дарга 16 хүний хамт авахуулсан фото зураг түүхэн үнэний бодит гэрч болж үлджээ. Энэхүү фото зураг нь МАХН-ын түүхийн институтээс 1974 онд хэвлүүлсэн гэрэл зургийн цомогт орсноос гадна Е.Д.Соловьев, А.И.Чугунов/По граничние войска СССР1918-1928/ Москва 1973 гсад номын 781 дэх талд хэвлэгдсэн байна. Энэ зураг дээрх хүмүүс нь ардын журам цэргийн 16 зөвлөх сургагч нар бололтой. Зураг дээр ардын журамт цэргийн штабын дарга монгол нэр нь Эрдэнэ хэмээх Стретенскийн морин бригадын дарга П.И.Литвинцев байна. Тройцкоосавск дахь Зөвлөлт Орос улсын ардын комиссарын төлөөлөгч ардын комиссар О.И.Макстенекийн тушаалаар П.И.Литвинцев, Г.И.Демко, улаан цэргийн дарга Лятте, Беритте, Лярский, цэргийн эмч Ружецкий, тагнуулч Ленский, Александров, офицер И.В.Давыдов, Волков, Мельников, Михиал Афсина нарын 16 зөвлөх сургагчийг Монгол ардын журамт цэргийн зөвлөх сургагчаар томилсон байна. Ардын Засгийн газраас тэдэнд сар бүр 300 төгрөгийн тэтгэмж олгож байсныг архивын баримт гэрчилдэг.Жанжин Д.Сүхбаатарын удирдсан 400 орчим хүнтэй ардын журамт цэрэг Хиагт хотод бүгсэн Хятадын гамин цэргийн 1500 орчим хүнтэй цэргийн хүчтэй 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тулалдаж их буу, пулемётын сум дуусч ухрахад Оросын улаан цэрэг зэвсэг сум хэрэглэлээр нөхөн хангалт хийж, П.И.Литвенцевийн удирдсан Стретенскийн морин бригадын цэргүүдэд урьдаас бэлдсэн монгол хувцас өмсгөж үдшийн бүрийгээр давшилт эхэлж, шөнө дунд Хиагтаас гамин цэргийг ховх цохин хөөжээ. Бут ниргүүлсэн гамин цэргүүдийн үлдэгдэл хүч хойд хил дээр амиа тээж ирэхэд нь улаан цэргүүд тосон авч вагонд суулган Бээжин рүү буцаасан гэдэг. Зөвлөлт оросын Большевик нам Хятадын Гоминданы намтай холбоо, гэрээтэй байсан болохоор манай цэрэг Хиагтад танай цэрэгтэй тулалдаагүй гэж худал залахаас өөр арга байгаагүй тул цэргүүддээ монгол дээл хувцас өмсгөхөд хүрсэн биз ээ. 1917 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр В.И.Ленин тэргүүтэй большевикүүд төрийн эргэлт хийж Оросын хаант засгийг унагаж, Автономит Монгол Улсын цэрэгт сургагчаар ажиллаж байсан 58 цэргийн офицероо эргүүлж татжээ. Яг энэ үед Д.Сүхбаатар нь ардын хатанбаатар Магсаржавын удирдсан 3000 цэргийн бүрэлдэхүүнд пулемёт бууны салаатайгаа харчин гүн Бавуужавын цэргийн үлдэгдлийг дарахаар хил ийн чанадад Хятадын нутагт тулалдаж байсан учир Монгол Улсад үлдэж хоцорчээ.

Хатанбаатар Магсаржав Богд хааны зарлигаар дорнод хил хязгаар нутгаа төвшитгөж, мөн оны арванхоёрдугаар сарын эхээр Нийслэл хүрээнээ эргэж иржээ. Д.Сүхбаатар нь орос нутагтаа буцахаас бултаж, гарал үүслээ нууцалж хамниган буриад биш, хайс овогтой Төгөөгийн Дамдины хүү халх хүн болж хувирсан байна. Гарал үүслээ нууцлахдаа Д.Сүх нэрээ өөрчилж, Д.Сүхбаатар нэртэй болжээ. Д.Сүхбаатар нь Янжмаагийн төрсөн эцэг Д.Нэмэндэйн хөрш нэг нутаг усны хоосон ядуу айл Төгөөгийн Дамдиныхтай танилцаж хуурай ах дүү болон дотноссон гэдэг. Угийн сэргэлэн залуу болохоор Сүхбаатар нь Цэцэн хан аймгийн ЁСТ бэйсийн хошууны халх хүн болж хувирчээ. Тусгаартогтносон Богд хаант улс, Автономит Монгол Улсын цэрэгт 7 жил алба хаасан үе нь Д.Сүхбаатарын амьдрал, тэмцэл, улс төр, үзэл санааны төлөвшилд тодорхой нэг шат болсон бөгөөд улс орныхоо тусгаар тогтнолыг эрхэмлэх, түүний эрх ашгийг хамгаалан амь бие хайргүй тэмцэх үзэл суулгажээ. Соц нийгмийн үед Сүхбаатарын түүхэнд тэр болгон эс дурдагдсан нэгэн түүхийг энд цухас тэмдэглэн үлдээх нь зүйтэй болов уу хэмээн санаад түүнийг энд дурдъя. Богд хаант Монгол Улсын үед өнөөгийнхнөөс парламентын топголцооноос илүү дэвшилтэт хоёр танхимтай тогтолцоотой байжээ. Д.Сүхбаатараар толгойлуулсан доод танхим Хятадын элчин сайд Чен И-гийн Монголыг Хятадын нэг хэсэг болгох гэсэн тулган шаардлагыг нь удаа дараа эсэргүүцэж байсан боловч харамсалтай нь Шанзав Бадамдорж тэргүүтэй түүний тойрон хүрээлсэн дээд танхимын хэсэг нөхөд Чен И-гийн тулган шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан нь өдгөө ил болсон бөгөөд тэр үед ч Д.Сүхбаатар тэргүүтэй эх орныхоо төлөө тэмцэж байсан нөхдийн түүхэн ач гавьяа өнөөгийн Монгол Улс бүрэн бүтэн тусгаар улс болоход түүхэн хувь нэмэр оруулсан нь дамжиггүй билээ.

Цагаан дээлт жаахан Дамдинг архи нэлээн балгадаг, мөрийтэй тоглох дуртай нэгэн байсан гэдэг ч, нэлээд чинээлэг амьдардаг байсан тулдаа хүү Сүхээгээ орос гимназид сургаж, боловсрол мэдлэгтэй хүн болгоод зогсохгүй Омскийн Кадетад 3 жил сургасан байдаг. Үүнээс үзвэл эцэг нь ихээхэн алсын хараатай, ухаалаг бодлоготой хүн байжээ. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг монгол ардын зүйр цэцэг үг бий. Ухаалаг аавын хүү удмаа дагаж ухаант хүн болох нь зүй юм. Д.Сүхбаатарын хайсу овгийг хаанаас ч хайгаад олсонгүй. Хамниганы 130 овог, буриадын 11 овгийн 100 хөхүүр, баргийн 87 овог, үзэмчиний 52 овгийг шүүрдэн үзэхэд ер олдсонгүй. Харин хайс овог Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын халхчуудын дотор мөн Өвөрмонголын Зүүн Үзэмчин хошуунд байгаа нь маш ховор овгийн нэгд тооцогддог аж. Д.Сүхбаатар нь Төгөөгийн Дамдины хүү болж халх хүн болж хувирахдаа хайс овогтой болсон нь эргэлзээгүй. 1922 онд хүн ам мал хөрөнгийн улсын тооллого явагдахад улсын тоологч түүний овгийг Хайсу гэж андуурч бичжээ гэсэн дүгнэлтэд эрхгүй хүрч байна. Д.Сүхбаатар нь тухайн цагийн монгол хэл, бичгийн нэрт эрдэмтэн Онход овогт Сангижавын Жамъян гүнд шавь орсон нь 1920 оны сүүл хавиар болов уу. Д.Бодоогийн тэргүүлсэн ардын намд С.Жамъян багтаж байсан билээ. Түшмэдийн ба Ардын нам 1920 оны зургадугаар сарын 25-нд нэгдсэнээс хойш тэд бие биеэ мэддэг болсон байж болох талтай. Ингэхлээр Д.Сүхбаатар нь апиваа бичиг хэрэг захидлаа С.Жамъянаар хянуулдаг байсан байж мэдэх юм. Зарим хамниган үгийг С.Жамъян зассаныг Сүх баатар судлаач О.Пүрэв хамниган үгийг манж үг хэмээн эндүүрч Д.Сүхбаатарыг манж үг мэддэг хэмээн ташаарсан нь гарцаагүй. С.Жамъян гүн монгол хэлнийхээ утга гүн, яруу тансаг хэллэгийг гарамгай эзэмшсэн их бичгийн эрдэмтэн хүн байсан билээ.

Д.Сүхбаатар нь С.Данзантай танилцсанаар Ардын хувьсгалд удирдах үүрэгтэй оролцох боломж түүнд тохиосон байна. Магсар хурцын Дугаржавын дурдатгалд: “Хятадын цэргийн генерал Сюй Шү-жан үлэмжхэн тооны цэрэгтэй 1919 оны арваннэгдүгээр сард Монголд цөмрөн ямар ч эсэргүүцэлтэй тулгаралгүй Нийслэл хүрээнд орж ирээд Богд хаан болон түүний засгийн газрыг цэргийн хүч хэрэглэн элдвээр сүрдүүлж арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Монголын автономит эрхийг сайн дураар устгах хүсэлт бичгийг гаргуулж Хятад улсын бүрэн эрхшээлд оруулсныг нь мэдсэн даруйдаа буюу 1919 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Баруун өргөөний улаан сахиусны өмнө С.Данзан, Д.Сүхбаатар, М.Дугаржав, Д.Догсом, Ө.Дэндэв, Тогтох, Гапсан, Дапай, Цэнд, Даш ... нар хүж барьж ах дүү бололцон тусгаар тогтносон төр, бурхан шашнаа хамгаалах үйл хэрэгт нэгэн амь, сэтгэлээр зүтгэхээр ариун тангараг тавьж, ерөөлийн үг бичиж, бурханд өргөж анхны хувьсгалт нууц бүлэг үүсэн бий болсныг С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Догсом, М.Дугаржав, Ө.Дэндэв нар Богд гэгээнд мэдэгдеэн” тухай бичсэн байдаг нь одоо архивт бий. Хувьсгалт нууц бүлэг байгуулагдсан цагаасаа эхлэн итгэлт нөхдөө эгнээндээ элсүүлж, улмаар Түшмэдийн нам байгуулагдах суурь нь болжээ. Нам өөрийн туг, сүлд дуутай байсан аж.

 

Хаант Орос улсад цэргийн эрдэм эзэмшсэн, орос хэл бичиг мэддэг Д.Сүхбаатарыг Ардын хувьсгапд маш их үүрэг гүйцэтгэж чадна хэмээн С.Данзан урьдаас тооцоолон харж, түүнийг өөрийн байгуулсан Түшмэдийн намд гишүүнээр элсүүлэн их хэргийн төлөө хамтран зүтгэжээ. Тэгээд ч Д.Сүхбаатар хойд хөрш Зөвлөлт Орос улс, Большевик намтай холбоо тогтоох, цэрэг зэвсэг, санхүүгийн тусламж авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Монгол Улсын ардын арми байгуулагдах үндэс суурь нь болсон 400 орчим хүнтэй партизаны отряд буюу ардын журамт цэргийг эмхлэн байгуулах ажлыг Д.Сүхбаатар богино хугацаанд гардан гүйцэтгэж Хиагт хотыг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хятадын гамин цэргээс чөлөөлөх онц чухал ажлыг биечлэн удирдаж, хувьсгалчдын гол түшиц газрыг бий болгосон юм. Монгол оронд ардын хувьсгал ялах урьдчилсан нөхцөл, боломж ийнхүү бүрдсэн түүхтэй. Энэ өдрийг Монгол Улсын ардын арми мэндэлсэн өдөр гэжжил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Д.Сүхбаатар 1921 оны долдугаар сарын 10-ны өдөр Нийслэл хүрээнд Эвслийн засгийн газар байгуулагдахад Цэргийн яамны тэргүүн сайдаар Богд хааны зарлигаар томилогдсон юм. Д.Сүхбаатарыг хамниган гаралтайг нотлох баримт цөөнгүй байна. Эхний нотолгоог дурдвал, миний бие нь Чойбалсан хотын иргэн Дорнод аймгийн мал эмнэлгийн газрын даргаар олон жил ажилласан буриад судлаач “Монголын буриад зон" номын зохиогч 83 настай Дугаржавын Дамдинжавтай уулзаж байхад тэрээр Цагаан-Овоо сумын Галуут нэгдлийн дарга, Монгол Улсын гавьяат нэгдэлчин асан Доржийн Батхуяг гуай надад нэгэн удаа, “Жанжин Д.Сүхбаатар бол хамниган хүн шүү дээ” хэмээн хуучилсан гэж ярьсан юм. Д.Сүхбаатарын садан төрлийн хүмүүс дотор хамнигад цөөнгүй бий. Тухайлбал, Уляад хамниган Тарвийн Дэжид, баягид хамниган Т.Раднаабазар, шар намиад хамниган Бадамын Буджав нарыг энд дурдаж болно. Монгол Улсад Д.Сүхбаатарын эхийн талын хамаатан садан бүрэн бус мэдээгээр 540 хүний нэрийг тодруулсан. ОХУ-д Д.Сүхбаатарын ах Чүлтэм, үеэл дүү Дамбын үр сад, БНХАУ-ын ӨМӨЗО Хөлөнбуйр аймгийн Шинэхээн хошуунд эхийнх нь дүүгийн үр сад нар нутаглажбайна. Тэдэнтэй одоогоор холбогдоогүй байна.

Хамниган угсаатан өнгөрсөн 4000 жилийн урт хугацаанд төв халхын нутаг Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон голуудын сав нутгаар нутаглаж иржээ. Балар ойн иргэд болох барга, дөрвөд, буриадтай айлсан амьдарч эзэн Чингисийн их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан 108 аймгийн нэг юм. Хамниган угсаатныг зарим эрдэмтэд Эвенк гаралтай гэж улмаар адилтган үздэг. Энэ нь огтоос үндэслэлгүй таамаг гэлтэй. Учир нь эвенк үндэстэн гэж Монгол нутагт байхгүй, байгаа ч үгүй. Иймд хамниган угсаатанг тунгүүс гаралтай гэж үзэх нь буруу. Харин монгол нутагт үүссэн эртний олон аймгуудын нэг агаад монгол ундэстний нэгэн хэсэг гэж үзэх нь зүйтэй болов уу. Монголын нууц товчоонд Добу мэргэн гунжин бугын гуяар сольж авсан Малиг баяуд овгийн хамниган зарцын тухай гардаг. МНТ-д Малиг баяуд хэмээн тэмдэглэгдэн үлдсэн овог нь өдгөө ч Хамнигадуудын дунд байгаа нь хамниган нар эртнээс нааш Монгол нутагт амьдарч ирсний нэгэн нотолгоо мөн буй за. Энэ нь хамниган нар эртнээс нааш монгол нутагт амьдарч ирсний нэг нотолгоо мөн. Б.Ренчин гуай хамниган хэл аялгууг 30 жил судпаад “Хамниган аялгуу” ном бичсэн нь одоо олдохуйяа бэрх болжээ. Тус номонд Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон голын нэрийг анх хамнигад өгснийг дурдсан байдаг. Эрдэмтэд хамниган угсаатны гарал үүсэл дээр одоо ч гэсэн янз бүрийн таамаг дэвшүүлсээр байна. Монгол үндэстний бүрэлдэхүүнд буриадын нэгэн адилаар хамниган угсаатныг хамруулах нь зүйтэй. Хамниган нар угаас монгол гаралтай болохоор казах, түрэг, эвенк, түнгүүс мэтийн харь угсаатан биш болов уу. Академич Б.Ренчин “Хамниганыг 4000 жилээс нааш монгол, түрэг лүгээ оролцсоор ирсэн хуучин их үндэстэн даруй мөн болох бөгөөд бие бялдрын шинж ба хэлний байдал нь нэгэн их үндэстний ард хэмээн мэдэгдмээр баймой” гэж “Монгол Ард Улсын хамниган аялгуу” (1969) номдоо бичжээ. Оросын эрдэмтэн А.Т.Решетов “Эл угсаатан МЭ-ны II зууны үед бүрэлдсэн” гэж бичсэнээс үзэхэд хамниган угсаатан өнө эртнээс нааш төв Азийн өндөрлөгт монгол, түрэг лугаа аж төрөн ирсэн агаад Хамниган хэмээн өөрсдийгөө өдий хүртэл нэрлэн ирсэн зарим нэг овог МНТ-д дурдагдан тэмдэглэгдэн үлдсэнээс үзвэл Хамниган хэмээх ард нь өвөг монголчууд тэдэнтэй холбоотой нь магадтай үнэн хэмээн Монгол Улсын Хамниган Судлалын Төвийн Удирдах Зөвлөлийн дарга, хатиган хамниган Санжаагийн Мөнхжаргал үздэг ажээ.

Д.Сүхбаатар нь Монголын ард түмний дунд ардын баатрын ёсоор домоглон хэлэлцдэг үндэсний баатар болж түүхэнд мөнхөрсөн юм. Түүхэн үнэнийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулсныг нь засах гэж хичээснээс бус өөртөө нэр алдар олох зорилго өвөрлөж түүхэн үнэн, архивын бодит баримтуудыг засварлаж гуйвуулсангүй. Жинхэнэ үнэн далд нууцлагдсаныг нь олж хараад бодит баримтад тулгуурлан бичсэнийг минь өргөн олон түмэн уншигчид, түүхч эрдэмтэн мэргэд ойлгох биз ээ. 1921 оны гуравдугаар сарын 1,2-ны өдөр Оросын Дээд Шивээнээ хийсэн Монголын хэсэг хувьсгалчид, зарим аймаг хошууд, ардын журамт цэргийн төлөөлөл оролцсон оросын большевик намын шууд зааврын дагуу хийсэн зөвлөгөөнийг “МАХН-ын анхдугаар их хурлын протокол”, Монголын Хиагтхотноо 1921 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хийсэн зөвлөгөөнийг “МАН-ын хурлын бичиг" гэсэн нь үүнийг уншсан хэнд ч эргэлзээ төрөхөөр байна. Э.Ринчино зөвлөгөөний протоколыгсүүлд нь засварласан бололтой. Орос эх нь зөрдөг гэнэ билээ. Оросын Зөвлөлт Засгийн төлөөний хүн Макстенек хурал дээр хэясэн үгэндээ: ”...

 

Монгол Ардын Нам байгуулагдсанд маш их баяр хүргэсэн ....” нь МНРП нам байгуулагдсаныг гэрчилж байна. Д.Сүхбаатар хорлогдож нас барахад хувцаснаас нь МНРП намын батлах олдсон гэдэг. С.Данзангийн гэрт нууц байдалд 1920 оны зургадугаар сарын 25-ны өдөр Ардын ба Түшмэдийн намын 47 хүн хуралдаж МАН-ыг анх байгуулж мөрийн хөтөлбөрөө батлан С.Данзанг намын анхны даргаар сонгосныг түүх гэрчилдэг. 1924 оны наймдугаар сарын 30-ны өдөр МАН-ын III их хурлын 26 дахь өдөр намын дарга СДанзанг хилсээр цаазалж маргааш нь Э.Ринчино 1921 оны гуравдугаар сарын 01-ний өдрийг МАН анх байгуулагдсан өдөр гэж хүчээр батлуулсан нь түүхэн үнэнийг үгүйсгэсэн хэрэг юм.

 

Эцэст нь дурдахад, миний бие нь их жанжин Д.Сүхбаатарын уг гарвалыг тодруулахаар 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн хөөцөлдөж бичсэн нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд 2017 оны гуравдугаар сарын 15-20- ны өдрүүдийн таван дугаар дамжуулан гаргасан. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдөр "Зууны мэдээ" сонины №24 (5731) дугаарт хамниган хүн болох талаар бичсэн билээ. Одоо 200 хуудас бүхий номыг хамниган судлаач С.Мөнхжаргалтай хамтарч бичээд байна. Дамдины Сүхбаатарын эцгийн овог ба ургийн омгийг мэдэх хүн одоогоор олдоогүй байгаа учир номоо хэвлүүлэх ажил хойшлогдсоор байгааг энд дурдах нь зүйтэй байх. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Жалцавын Жамц агсаны эхлүүлсэн ажлыг нэр төртэй үргэлжлүүлж буйдаа миний бие баяртай байдаг юм.

 

Цэдэндоржийн МӨНХДОРЖ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (3)

  • зочин (122.201.21.154)

    2019-02-28

    Талбайг өмчлөөд байсан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын цахаруудын хариуг харна аа

  • тархиа угаалгагч (112.72.12.3)

    2019-02-02

    Д. Сүхбаатрыг Дарьгангад төрсөн ядуу малчин ардын хүүхэд. Бага наснаасаа ишиг, хурагтай хөөцөлдөж яваад идэр насандаа Өртөөний улаач хийж, улаагаар явж байсан ноёныг хээр явгалж улс төрийн үзэл, тэмцэгч чанараа илэрхийлж байсан. Хужрирбулангийн Монгол цэргүүдээс эр чадал эрдэм мэдлэгээрээ шалгарч бага дарга болж, улмаар Хар цэрэгтэй байлдан "Гоймон баатар" цол хүртэж ,цэргүүдэд өмхий махтай хоол өгсөн учир бослого тэмцэлд урайлан цэргийн яамтай зарга үүсгэн ялж байсан...гэж 90 жил ухуулж намтар түүхийг нь хэвлэж байсан бүхэн худлаа болж, Хаант орсын засгийн газрын шийдвэрэээр Монголд сургагчаар томилогдон ирж ажиллаж байсан цэрэг дайны мэргэжлийн бага дарга, Орсын иргэн хүн яахаараа 17 настайдаа Монголд өртөөний улаач хийж, яахаараа Монгол цэргийн хоолын төлөө Монголчуудыг бослого тэмцэлд урайлан толгойлж, яахаараа тодорхой харъяалалгүй нэр намтараа нууцалсан гадаадын хүн Монголын хувьсгалыг удирдаж явдаг байна. Цэдэнбалын нэг адил Орсын коментерноос хуурамч хувьсгалыг экспортлох даалгавартай томилогдож ирсэн тагнуул байсан юм биш үү? МАН-ын түүхийн хүрээлэн энэ бүх түүхийг яаж цайруулах вэ?

    зочин (112.72.12.3)

    2019-02-02

    Талбайг өмчлөөд байсан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын цахаруудын хариуг харна аа

  • (202.21.117.194)

    2019-02-02

    сайхан юм аа. тэр харанхуй бүдүүлэг үед оройлон удирдаж хувьсгал хийсэн ард түмний онцгой гоц хүү юм аа