УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоолоо

 “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлахсаналавах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зарлуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тус Байнгын хорооноос уг тогтоолын төслийг боловсруулан хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.0 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжив.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар Байнгын хорооны дарга болон Сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувийн саналаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)