Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу баатарлаг тууль хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ.

Зарлигийг энд дарж дэлгэрэнгүй уншина уу.

Зарлигт бичсэнчлэн “Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосны дагуу өнөөдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө гэрт “Мөнх сайхан төрт Алтан Торц” туулийг хайллаа.

Тууль хайлахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг уншиж сонордуулав.

МӨН МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ С.ДУЛАМ:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” гүнзгий утга агуулгатай зарлиг буулгаж, туульчид болон тууль судлаачдын магнайг тэнийлгэсэн. Монгол баатарлаг туулийн гүн зузаан уламжлалыг хойч үедээ үлдээх, төрийн түвшинд хүндэтгэн дээдлэх тухай онцгой чухал зарлиг буулгасан байна. Өнөөдөр Монголд хэдий ховордож байгаа ч уламжлалаа авч үлдсэн туульчид, туулийн төлөөлөгчид залран ирсэнд баяртай байна.

Монголын баатарлаг туулийн ёс заншлыг яривал дуусахгүй их зүйл бий. “Дэлгэвэл дээврийн чинээ, хумивал хуруувчийн чинээ” болно. Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангай хоёроо хайлж, магтдаг. Алтай, Хангай хоёрыг хайлахгүйгээр тууль эхэлнэ гэсэн журам байхгүй. Алтайгүй тууль гэж байхгүй, авгайгүй айл гэж байхгүй гэсэн зүйр үг хүртэл гарсан байдаг. Алтай, Хангай хайлна гэдэг нь Алтайн эзэн, Хангайн эзнийг урьж дуудан, гэрээсээ гарч цацал өргөдөг заншилтай юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Туулийн тухай товч:

Монгол түмний бүтээсэн агуу их туурвилуудын нэг баатарлагийн эрэн үеийн дуулал болсон тууль бол монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ахуй соёл, шүтлэг бишрэл, зан заншил, түүхийг багтаасан үнэт өв юм.

Монгол туульс нь агуулга, хэлбэр, дүр дүрслэл, өгүүлэмжээрээ дэлхий дахинд нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдөж түгэн тархсан Грекийн алдарт “Илиад”, “Одиссей”, Францын “Роланд баатрын дуулал”, Энэтхэгийн “Махабхарата”, Оросын “Игорийн хороон дуулал” зэрэг бүтээлүүдтэй эн зэрэгцэх, заримаас нь бүх талаараа хол илүү бөгөөд “туульч хүн” аялгуулан хайлж хэлдгээрээ ялгардаг юм гэдгийг тууль судлаачид цохон тэмдэглэжээ.

Монгол туулийг 2009 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаал”-д бүртгэсэн юм. Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдэлж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж ирсэн уламжлалтай. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнан тууль сонсдог байв. Тууль хайлахын өмнө заавал Алтайн магтаал хэлж, Алтай дэлхийгээ аргадаад сая туулиа хайлж эхэлдэг. Ган гачиг, зуд турхан, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.

Дараа нь Дайчин Вангийн хошууны туслах тайж, төрийн мэргэн түшээ асан Дандардоржийн үр удам, туульч Дандардоржийн Өлзий, Алтайн галд багтах дөрөв дэх үеийн удам дамжсан туульч Эрдэнэцогтийн Баатаржав, Урианхайн алдарт хөлгөн туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж нар Алтай, Хангайн магтаалыг өвөрмөц дэгийн дагуу шууд цэцлэлтээр хайллаа.

Туульчид Алтай, Хангайн магтаалыг хайлсны дараа “Мөнх сайхан төрт Алтан Торц” туулийг хайлав.

“МӨНХ САЙХАН ТӨРТ АЛТАН ТОРЦ” БААТАР ТУУЛИЙН ТОВЧ АГУУЛГА:

Дээд тэнгэрээс нэгэн баатар хүү ирж Хаан Чингилийнд хүү болон мэндлээд гурван нас хүрэхэд ууланд амьдардаг Цагаан ерөөлч өвгөн ирж: Хүминай/хүний чимэг хүрэн халзан морьтой арван орны Алтан Торц баатар бол гэж ерөөв. Найрын дунд Алтан Торц баатар хий хүлгээн эмээллэж өөрийн биеийн ид буураагүй байхад алтан замаа заалгаж холын замд гаръя, толгой минь өрхөөр гарлаа хаан аав, хатан ээж минь найраа таслалгүй байж байгтун гэхэд Хаан Чингэл хүүдээ дагина бэрийг нь зааж өгнө.

Алтан Торц баатар хаян торолж мордоод хүлэг мориныхоо хурдаар явж байтал хүлэг морь зог тусч учрыг нь асуувал, хэлтэй хүн хэлэхээр хэцүү болон хэдэр, хатуу болоод хажир дайсан хүлээж байна. Хүчит цоохор бар, хүрэн улаан бүргэд, хавт хар нохой, хадарч урдаг хамраараа шавддаг хөх заан, царын чинээ гэдэстэй царцаан чинээ гуятай, зээрэн шилбэтай, зэс хоншоортой нүдэндээ үзэгдсэнийг оргүй хийдэг Зэгц гилайн эмгэн тавыг явуулж араас нь хажир хатуу, хэцүү хэрцгий хоёр зуун тавин толгойтой хотгор хар Мангас зуун уулын дундуур тоос татуулаад ирж явааг мэдээлэв. Арван орны Алтан Торц эрийн сайнаар хатуу хэцүү дайснуудыг ээлж дараалан арга ухаан зарж ялна.

Хүлэг сайн морь нь түүнд хамжин таван угтлагат дайсныг дарж устгаад цаашаа явж хоёр зуун тавин толгойтой хүчит хар мангасыг удтал тэмцэлдэн ялж хүлэг эзэн хоёр дайчин тэнгэрээ тахиж мангасын гэдэснээс гарсан олон үндэс ястан сайн эрчүүлд хувааж өгөөд, цаашаа явж Цаст нуруугаар гүйлгэн, цалгиат тэнгисийн хаяагаар явж айшгүй зүрхтэй аваршгүй сэтгэлтэй, ар Ууралт уул нутагтай арван муж албаттай Алтан баатартай тааралдаж тулалдаад Алтан Торц ялж алах гэж байтал мориныхоо зөвлөснөөр больж тэр хоёр ах дүү болов. Хоёр баатар зүсээ ижилсүүлж Алтанбаатарын өргөөнд очиж найр хийгээд Алтан Торц цаашаа явлаа. Сайлуур Мөнгөн гадар далай наана чимэгт Сарт Албан уулаар нутагтай, Саяат хаанаа өргөөнд хүрвэл дагиныг нь мөн залахаар нэгэн сайн эр болох Идэр Хавт баатар сууж тааралдана.

Тэгээд хоёр сайн баатар мөрийцөж Алтан Торц мөрийгөө авч сайхан Сарны Алтан шил өргөөнд саатан ёсоор нь дагинаа залж айраг цагааны сав архад, адууны ахлаач азарга, тэмээний ахлаач хар буур гурвыг нь авч дагина бэрээ зална. Алтан торц баатар түүний дагина хоёрт зориулж нэгэн их хаан найр хуримыг хийнэ. Найрын дунд Алтай Чингэл баатар их ерөөлөө буулгахад, дээд огторгуйн их заяачмад халиагдаж, өрхөөр 18 өнгийн солонго татахад дээд ихэрлэгийн нэгэн цагаан Айдаа /үүтгэгч/ Ташир ногоон уулан дээр дээд огторгуйгаас бууж ирж харагдан галан сэнтий дээр сууж харагдахад хамаг олон хурайлж, идэр залуу Алтан Торц баатар гурван их том андгай тавина.

Дээд их заяач Айдаа тэнд чуулсан хүмүүст дээд огторгуйн ампанга бэлэглэхэд тэр хүмүүс бүгдээр оюунт хэлээр ярилцаж дээд Ихэрлэгийн сор сүрт Хас хайрханыг харж гурван ертөнцийн далд учрыг мэдэхэд Их Айдаа холын одондоо буцна. Алтан Торц энэ Алтан нартад гурван их сайн үйлээ бүтээж Галт дүүлүүр одны нутагт очиж Алтан Ундаргаас хим нэмж ирээд их ерөөл буулган Алтан нартай гурван буман жилийн зун авчирч хад мэт суурьтай мөнх сайхан төрөө байгуулж бур бур хуртай сэр сэр салхитай амар мөнхийн Бөргилдүүгийн хүсэмжит орноо байгуулж мандуулан оюунт ухааралт мандалын ёсонг тогтоож амар сайхан оршино.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)