Цахилгааны ачааллыг хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

Монгол түмний маань уламжлалт сар шинийн баярын амралт олон хоног үргэлжлэхтэй холбогдуулан иргэддээ болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Үүнд:

Эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, эвдрэл гарсан тохиолдолд яаралтай засварлах, цахилгааны холболт, засвар үйлчилгээг зөвхөн мэргэжлийн хүнээр хийлгэх, ус буцалгагч, халаагуур, богино долгионы зуух зэрэг цахилгаан хэрэгслийг залгаатай нь хараа хяналтгүй орхихгүй байх, цахилгааны ачааллыг хэтрүүлэхгүй байх зэргээр цахилгаанаас үүдэлтэй гал гарахаас сэргийлэх.

Пийшин зуухны эвдрэл гэмтлийг засварлах, зөв галлах, яндангийн залгаасыг дээрээс доош зөв угсрах, пийшин зуухны өмнө төмөр буюу шатдаггүй материалаар хамгаалалт хийж хамгаалах, яндангийн цоонолтоос хамгаалж үл шатах материал, төмрөөр хамгаалалт хийж галлагаанаас үүдэлтэй галын аюулаас сэргийлэх.

Үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, татсан тамхи, шүдэнзнийхээ галыг унтрааж байх зэргээр ил задгай галаас үүдэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэх.

Бага насны хүүхдийг гэртээ харгалзах хүнгүйгээр цоожилж орхихгүй байх, хүүхдийг болзошгүй осол гэмтлээс хамгаалах.

Мөн авто машиныхаа эвдрэл гэмтлийг шалгаж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байж хол замд зорчих, хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байр зэргээр болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Хөдөө гадагшаа олон хонгоор явах үедээ ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дарга, удирдлагууд цахилгаан хэрэгсэл, ус дулаан дамжуулах шугам сүлжээгээ сайтар шалгах хэрэгтэй. Зарим дүүргийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа бөгөөд баярын өдрүүдэд иргэдийн шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгслээр уг өвчин дамжин тархах эрсдэл өндөр байгаа тул иргэд тухайн голомтын бүсэд байгаа мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)