Б.Хосбаяр: Үүргээ нэр төртэй биелүүлээд буцах тэр зам хамгийн гэгээтэй

Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон эгэлгүй аврагчдын төлөөлөл Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45-р ангийн жолооч, ахлах ахлагч Бадам-Очирын Хосбаярыг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 15 дах жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа. Төр түмнийхөө төлөө тангараг өргөсөн түүний бас нэг ажил нь төрөл бүрийн жааз “урладаг”. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдснөө үргэлжлүүлэн хүргэе.

  -Таны хувьд Онцгой байдлын байгууллагатай ажил, амьдралаа холбоод 15 жил болсон байна.  Анх ажилд орж байсан дурсамжаас тань яриагаа эхлэх үү? Бололгүй яахав. Багын л цэргийн хүн болох мөрөөдөлтэй байлаа. Мөрөөдөлдөө хөтлөгдөн 2004 онд энэ албанд орж, ард иргэдийнхээ аюулгүй  байдлын төлөө ажиллаж байгаа минь бахархал юм даа. Анх ажилд ороход гурван байгууллага нэгдэж, Онцгой байдлын байгууллага байгуулагдаж байсан. Өдгөө энэ л байгууллагынхаа түүхэн он цагтай мөр зэрэгцэн зүтгэж байгаадаа билэгшээдэг. Анх Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд орсон. Гал сөнөөгчөөр гурван жил гаруй ажиллаж байгаад жолоочоор томилогдон өнөөг хүртэл үүрэг гүйцэтгэж байна даа. 

-Албаны болоод ажлын онцлогийн хувьд хэн бүхний хийгээд байдаг ажил биш шүү дээ. Ажиллах хугацаандаа мөрөөдлөөсөө ухрах тохиолдол гарч байв уу? Багаасаа аавтайгаа анд явж, нутаг орныхоо онцлог, зүг чиг баримжаалах,  цаг агаарын аюулт үзэгдлийн тохиоллыг ажиглаж сурсан минь маш том дэм болдог. Мөн алдаж, оноход минь түшиг тулгуур болж, сурсан мэдсэнээ нэг нэгэндээ зааж, харилцан туршлагаа хуваалцдаг хамт олны минь итгэл, сэтгэл хэзээ ч шантрах, ухрах бодол төрүүлж байсангүй. Ер нь хүнд сурсан зүйл гэдэг хэзээ ч хэрэг болдог. Мөн сайхан хамт олны дэмжлэг бол ажиллах маш том урам зориг байдаг шүү.

 -Таны ярианд албаараа бахархдаг, баярладаг талархлын үг олон дахин давтагдаж байгаа нь ажиглагдлаа…?

     Баярлахгүй, бахархахгүй байхын аргагүй алба шүү дээ. Таны хэлснээр хүссэн бүхэн нь хүслээ биелүүлдэггүй.  Төрийн өмнөөс эх орон, ард түмнээ аюулаас авран хамгаалах хүнд хэрнээ хүндтэй тангарагтай алба учраас сэтгэлтэй, зүтгэлтэй залуус л ажил, амьдралаа холбодог гэж ойлгодог.  Учир нь Онцгой байдлын алба хаагчид  бид бүгд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг. Онцгой албаар минь ард иргэд, олон түмэн минь хүртэл бахархаж, мялаалга, ерөөлийн үгээ харамгүй хайрладагт бас талархдаг даа.

– Тэгвэл таны мэргэжлийн хамгийн сайхан нь юунд оршдог вэ?                                                                       Хаана дуудлага гарна, тэнд аврагчдаа аюулгүй, богино хугацаанд хүргэж өгөх үүрэгтэй.  Хэр хугацаанд ослын голомтод очиж, хүний эд хөрөнгө, амь насыг авран хамгаалж чадах вэ гэдэг жолооч хүнээс л хамаарна. Тийм болохоор маш том хариуцлага, итгэл найдварыг хүлээж байгаа биз.  Учир нь өвөл, зун, хальтиргаа, гулгаа, өгсүүр, уруу гээд ямар ч нөхцөлд цаг хугацаатай уралддаг. Мөн алба хаагчдынхаа амь нас, эрүүл мэндийг давхар хариуцна. Энэ  үүргээ нэр төртэй биелүүлээд хамт олонтойгоо баяр, баяслаа хуваалцаад буцах тэр зам хамгийн гэгээтэй.  Бас үгээр хэлэмгүй сайхан байдаг.

Ажил, мэргэжлээсээ гадна танд “дурласан” нэг хобби байдаг гэж сонссон юм байна?                                                                                                                                         

   Өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үр хүүхдэдээ үлгэр дууриалал болж, гарын эв дүйтэй болгох гээд олон зорилгоор энэ хоббигоо дөрвөн жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн. Хүнд гайхуулаад байх зүйл биш ч гэсэн төрөл бүрийн жааз урлаж, хажуугаар  нь стикерээр үзүүлэн самбар хийдэг. Энэ ажлыг минь нутаг, орны хүмүүс мэддэг учраас долоо хоногт нэгээс хоёр жаазны болон стикерийн захиалга орж ирнэ. Хүн аливаа зүйлийг хийх тусам дадлагажиж, туршлагажиж, шинэ зүйл сурахын төлөө хичээдэг шүү дээ.  Энэ л зарчмаар ажиллаж, амьдарч байгаа жирийн л иргэн.

   -Амьдралын утга учир болсон  гэр бүлийнхээ тухай танилцуулаач?

  Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Хань маань багш мэргэжилтэй.  Гурван том хүүхэд оюутан. Бага нь зургадугаар ангийн сурагч. Том хүүхэд маань Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Япон улсад барилгын инженерийн чиглэлээр суралцаж байна. Харин дунд хүү аавынхаа ажил, мэргэжлийг өвлөхөөр ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд, удаах нь Этүгэн их сургуульд суралцаж байгаа. Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг хамгийн эрхэм.Тийм учраас хань, үр хүүхдүүдийнхээ төлөө зөв л амьдрах явсан гэж хичээж явна даа.

-Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

   Албаны онцлог ч юм уу аливаа юманд шантрахгүй, тэвчээр хатуужилтай,  дайчин, сэтгэн бодох чадвартай байх зан чанарыг эрхэмлэдэг. Тиймээс би энэ зан чанараа хүүхдүүддээ өвлүүлж, албандаа нэр хүндтэй ажиллаж ард, иргэдийн амь нас, эд хөрөнгийг цаг алдалгүй авран хамгаалахын төлөө зүтгэж байна. Энэ албаны нэр төр, ажлын онцлог намайг олон түмэнд хайрлагдсан эх орны хүү болгосон учраас алдах эрх байхгүй.

-“Мэргэжлийн өвчин” гэж хүмүүс их ярьдаг. Онцгой байдлын албаны алба хаагчдад бүр илүүтэй байдаг болов уу гэж заримдаа боддог юм?

  Мэргэжилдээ илүү дуртай, алба ажилдаа хүндэтгэлтэй ханддагийн л илрэл байх. Миний хувьд ч гэсэн нутаг орныхоо онцлогийг их судалж, танилцана. Амралт, чөлөөт цагаараа гэр бүл, найз нөхөдтэйгээ  амарч, зугаалах, салхинд гарах үе гарна. Амарч явна гээд анхаарал, сэрэмжээ алдаж болохгүй. Тусламж хэрэгтэй нэгэнд нь ямар ч үед ямар ч нөхцөлд туслах  ёстой. Алба маань өөрөө энэрэнгүй учраас тийм сайхан хүмүүжилд сургасан гэж боддог.

  Хүний амьдралын утга учир таныхаар юу бол?

    Бусдын төлөө ажилладаг хүний сэтгэл баян байдаг гэж боддог. Хүн, хүндээ тустай дэмтэй явбал амьдрал сайхан ш дээ. Өөгүй, өв тэгш хүн гэж байхгүй л дээ. Гэхдээ танихгүй хэн нэгэнд тусалж, амь насыг аварч, амьдрал хайрладаг ажил, мэргэжлийг минь ойлгодог, дэмждэг, бахархдаг гэр бүлийнхний минь итгэл, сэтгэл, баяр баясал бүхэн энэ амьдралын утга учир шүү дээ.

Ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе?

Онцгой байдлын байгууллагынхаа  удирдлага, нийт алба хаагчдадаа болон Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн удирдлага, хамт олондоо  сар шинийн мэндийг дэвшүүлье. Та бүхэндээ эрүүл, энх, ажил үйлсийн өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.  

“Онцгой мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)