Нялх нас бол итгэл найдвар төлөвших үе

Хүн амьдралынхаа эхний долоо хоногуудад бие болоод сэтгэлзүйн хувьд эрүүл хүн болох анхны суурь нь тавигддаг байна. Өөрөөр хэлбэл, нялхас эрүүл өсөж бойжихоос гадна сэтгэлзүйн төлөвшил нь бие даасан, итгэлтэй насанд хүрсэн хүн болоход энэхүү эхний долоо хоногт түүнийг хүлээн авсан ертөнц, асран халамжилах хүний харилцаа нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хэрэв найдвартай, халамжтай хүмүүсээр хүрээлэгдсэн бол уг орчноосоо мөн тийм харилцаанд суралцаж, итгэл хэмээх суурь мэдрэмж нь төлөвшин хөгжинө.

Нас: 0 - 9 сар
Хөгжил: Итгэл-найдвар

“Эх үрийн холбоо”

Нялх хүүхэд энэ үед өөрийгөө ээжээсээ салгаж мэдэрч чаддаггүй. Ээж нь хүүхэддээ хэдий чинээ хайр энэрлийг мэдрүүлнэ төдий чинээ өөрийгөө хайрлах, аюулгүй амар, таатай орчинд байгаагаа мэдэрч итгэл төрөх буюу “толины тусгал” мэт өөрийгөө шууд тусган мэдэрдэг байна (Э.Эриксон).

Эх үрсийн барилдлага нь нялх насныхны итгэл найдварын суурь мэдрэмжийг эхний 6 сартайд үүрд хоногшуулан үлдээдэг байна.

Хүүхэд өөрийнхөө дүр төрхийг ээжийнхээ халуун дулаан тайван уур амьсгал, хайрлан энхрийлж, өхөөрдсөн дуу авиа, хэл яриагаар аюулгүй амар тайвныг мэдэрнэ. Түүнчлэн “өөрийгөө үнэ цэнэтэй хүн” хэмээх мэдрэмжийг хоногшуулдаг байна.

• Хэрэв тэдэнд энэхүү мэдрэмж үгүйлэгдэх аваас хайрын “өлсгөлөн”-д нэрвэгдэж, улмаар насанд хүрсэн ч энэ нь дотоод сэтгэл, мэдрэхүйн гүн түвшинд үргэлжилсээр байдаг байна.

• Нялхас өлсөх, ядрах, тэврүүлэх, хүрэлцэх, унтмаар байгаагаа уйлж илэрхийлнэ. Энэ хэлийг ээж нь мэдэрч ойлгон, зохих хариу үйлдлийг үзүүлэхэд тайвширна. Зарим эцэг эхчүүд үүнийг “эрхэлж байна, тэврүүлээд бүр муу зан сурчихаж” хэмээн ташаа ойлгох нь бий. Эцэг эхийн энэхүү байдал буюу үл тоомсорлох, хаяж одох, өвдсөн үед нь үл хайхрах гэх мэтээр хандах нь итгэл найдвараар хөгжих учиртай мэдрэмжийг нь үгүй хийж “шоовдорлогдсон”, “гологдсон” мэт мэдрэмж төрүүлнэ.

• Мөн хүүхдэд “наалдамхай” зан үйл илэрч болзошгүй. Энэ мэдрэмж нь улмаар насанд хүрсэн амьдралд нь ч сэтгэлийн шарх хэвээр үлдэж, “нарсистик” хэв шинжийн хүн болон төлөвших эх суурь нь болдог байна.

• Ээж нь хүүхдээ нялх байхад нь урт удаан хугацаагаар орхин явбал хүүхдэд энэ нь үлэмж хүндээр тусч, өөрийгөө ээжийнхээ харилцаагаар төлөөлүүлэн мэдрэх барилдлагын үйл явц алдагдан өөрийнхөө тухай төсөөллийг алддаг байна. Үүнийг “тусгаарлагдах түгшүүр” гэдэг. Тэд хамгийн наад зах нь 3 нас хүрч байж сая ээжээсээ тусгаарлагдахад бэлэн болдог байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)