Зогисуулах нь амьсгалын дутагдалд оруулж болно

Зогисохыг манайхан нэг их тоодоггүй. Ялангуяа хүүхэд зогисохоор “Хэний зүүг хулгайлаа вэ” гэж хуурдаг. Нөгөө хүүхэд нь “Би зүү хулгайлаагүй” гэх зуураа түр мартагнан зогисохоо мартдаг уламжлалт дом эмчилгээ ч байсан. Яагаад зогисдог вэ гэхээр амьсгалын зам дууны хөвчөөр хаалттай байх үед ямар нэгэн шалтгаанаар өрц огцом цочирсноос үүдэн амьсгал хий татагдахыг зогисох гэж ойлгож болно. Нэг ингэж хий татагдсан нь дахин дахин давтагдах нь рефлекстэй холбоотой.

Жишээ нь, нэг хий ханиахаар дахин дахин ханиах гээд байдагтай төсөөтэй юм. Ихэвчлэн хүйтэн хоол, цай яаран идсэн, архи уусны дараа, их даарснаас гэхчлэн зогисдог. Нярай хүүхдээ хөхүүлж буй эх анхаарлаа өөр зүйлд сарниулснаас хүүхэд зогисуулдаг. Зогисох үед өрц огцом дээш өргөгддөг тул уушги бүрэн амьсгал авах, гаргах явцыг саатуулдаг учир олон цагаар зогисуулбал амьсгалын дутагдалд оруулах осолтой. Тиймээс аль болох богино хугацаанд зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Юуны өмнө амьсгалаа түр түгжин гүн амьсгаа авах, халуун бүлээн цай балгах нь эхний арга хэмжээ. Анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлж түр мартагнахыг хичээх нь мэдрэлээс хамааралтай зогисолтыг зогсоодог. Хүүхдэд энэ арга арай үр дүнтэй. Ердийн зогисолт тэгэсхийгээд намждаг. Харин зүрхний шигдээс, хэвлийн гялтангийн үрэвсэл, тархи нугасны эмгэг, хавдар, сэтгэцийн эмгэг, зарим халдварт өвчний үед өрц ихээр цочирч байнга зогисуулах нь өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болох нь бий. Ийм зогисолтыг үндсэн өвчний хурцдалыг дарахаас гадна, өвчтөнг тайвшруулах, унтуулах төрлийн эмчилгээгээр зогсоодог.

Зүгээр зогисож байгаа хүүхдийг яльгүй айлгах, цочоох, инээлгэх, ичээх зэргээр намжаах нь тийм ч муу биш. Гэхдээ хэрээс хэтэрсэн айлгалт, цочоолт нь хүүхдийн мэдрэлд муугаар нөлөөлж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Зогисолтыг намжаах ердийн аргууд бол гүнзгий амьсгаа авсны дараа хэсэг хугацаанд амьсгалаа түгжих, нэг аяга орчим бүлээн ус уулгах, нүдээ аниад алгаараа зөөлөн дарах, мөсний хэлтэрхий, хүйтэн чихэр, хөлдүү сүүнээс эмтэлж аваад хүлхэх, өрц орчмоо даавуугаар жийргэвчилсэн хүйтэн жин тавих, нимбэгний шүүс хоолны халбагаар уух зэрэг аргууд өргөн хэрэглэгддэг. Бас цаасан уут амандаа бариад түүн рүүгээ амьсгалж үзэж болно. Өөрөөр хэлбэл, бүлээн агаар амьсгална гэсэн үг. Дээрх энгийн аргуудыг хэрэглээд намжихгүй бол тагнайдаа иллэг хийж болно. Иллэгийн зориулалтын багаж байхгүй бол модон халбага, мухар ирмэгтэй хуванцар, модон иш эсвэл хуруугаа сайн угаагаад хийхэд төвөггүй. Амандаа хуруугаа хийгээд тагнайн арын хэсэгтээ илнэ. Огиулахаар гүн хийж болохгүй. Иллэгийг 1-2 минутаас илүү хийх нь үр дүнгүй. Мөн модны нүүрсээр бэлдсэн эмийг уух, зажлах нь үр дүнгээ өгдөг. Ардын уламжлалт эмчилгээний нэг бол чихээ зөөлөн дарах арга. Энэ аргыг хэрэглэхийн өмнө амандаа бага зэргийн ус балгаад залгилгүйгээр толгойгоо гудайлган эрүүгээ цээжиндээ тулгана. Тэгээд зүүн чихнийхээ нүхийг эрхий хуруугаараа зөөлөн дарах хэрэгтэй. Зогисолт зогсох хүртэл дарна гэсэн үг. Ихэнх тохиолдолд үр дүнгээ шууд өгдөг юм. 

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)