Д.Оюунхорол: Тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудыг нийтэд зарлана

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол удирдав. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль анх 2005 онд батлагдснаар төрийн худалдан авах үйл ажиллагаа хуулийн нэгдсэн зохицуулалтад орсон бөгөөд хуулийн хэрэгжүүлэх шатанд нийт 20 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг 2018 оны 05 дугаар сарын 16-нд УИХ-аар хэлэлцэн, дэмжсэнээр хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг байгуулагдсан байна. Засгийн газрын төслийг үзэл баримтлалыг бүхэлд нь дэмжиж байгаа тул Засгийн газрын төслийн  зүйл заалтыг суурь болгон, нэгтгэсэн төсөлд хэвээр хадгалах зарчмыг ажлын хэсэг баримталжээ. 

Одоо мөрдөгдөж буй хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзнэ гэж заасантай холбоотойгоор тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч байна. Иймээс “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ийн тухай ойлголтыг тодотгон, найруулгыг сайжруулах шаардлагатай байгааг тэрбээр онцоллоо. Ингэхдээ чанар, техникийн үзүүлэлтийн үнэлгээ нь шаардлага хангасан материалуудыг дараагийн шатанд үнэлэх гол шалгуур нь “харьцуулалтын хамгийн бага үнэ” гэсэн байдлаар төслийн 27.3 дахь заалтыг найруулах шаардлага байгаа гэж ажлын хэсэг үзсэн байна. Мөн барьцаа төлбөр авахаар тусгасан нь өрсөлдөөнийг хязгаарласан, харилцан хяналт тавих тогтолцоог сулруулсан төдийгүй Үндсэн хуулийн зөрчил үүсгэх магадлалтай тул барьцаа төлбөр авах заалтыг хасах саналыг гаргажээ. 

Мөн худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулдаг байх, тэдэнд давуу эрх олгодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломжтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ ТЭЗҮ бэлэн биш, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөлгүй, дэд бүтцэд холбогдоогүй төсөл арга хэмжээг төсөвт тусгаж баталдаг, Төсвийн болон Барилгын тухай хуулийг зөрчдөг байдлыг халах эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломж бүрдэнэ гэж харж байгаагаа ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол танилцуулгын үеэр дурдаж байсан. Тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын “хар жагсаалт”-ыг нийтэд ил тод зарлах, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасах зэрэг хуулийн хэм хэмжээний заалтыг сэргээх саналыг ажлын хэсэг гаргаад байгаа гэв. Түүнчлэн тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, тендерийн маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн процессыг хялбаршуулах шаардлага бий хэмээн ажлын хэсгийн танилцуулгад дурдсан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)