Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн замын засварт шинэ технологи нэвтрүүллээ

Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай хүнд даацын авто зам 2010 онд ашиглалтад орсон. Улмаар 2014 оноос авто замын эзэмшлийг “Эрдэнэс Монгол” ХХК руу шилжүүлж, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК өнөөдрийг хүртэл зам хариуцагчаар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд замын засвар, арчлалтын ажлыг эрчимжүүлж, нийт замын уртыг дөрвөн хэсэгт хуваан тендер зарлаж, шалгарсан компаниудаар гүйцэтгүүлж байна. Үр дүнд 2017 оны нэгдүгээр сарын замын эвдрэл тодорхойлох үзлэгээр авто замын явах анги дээр 15.8 хувийн эвдрэл байсан бол 2018 оны арваннэгдүгээр сарын үзлэгээр уг эвдрэл 2.9 хувь болж буурчээ.

Тус замаар нүүрс тээвэрлэсэн хүнд даацын автомашинууд түлхүү зорчдог. Замын ачаалал, цаг уурын нөхцөл байдал болон жолооч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн гарсан эвдрэлийг цаг алдалгүй тооцож, засварлахад бэрхшээлтэй байдаг аж. Харин “Гашуун Сухайт Авто Зам” ХХК замын эвдрэл, гэмтлийг цаг алдалгүй шуурхай, найдвартай хийхийн тулд шинэ техниноги нэвтрүүллээ. Тодруулбал, цаг уурын ямар ч нөхцөлд замын эвдрэлийг засах буюу хүйтэн асфальтийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замд ашиглаж эхэллээ.

Хүйтэн асфальтаар зам нөхөх нь байгаль орчинд ээлтэй, халуун хүйтэнд тэсвэртэй бөгөөд уламжлалт технологитой харьцуулахад зардал бага, цаг хугацаа их хэмнэдэг аж. Авто замын нөхөөсийн дэвшилтэт технологи “Битуфикс” гэх хүйтэн асфальтийг Английн “Максимо Интернейшнл” компанийн албан ёсны эрхтэй “Битумина Монголиа” ХХК эх орондоо үйлдвэрлэдэг бөгөөд уг компанитай “Гашуун Сухайт Авто Зам” ХХК гэрээ байгуулан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замд өвлийн улиралд ашиглаж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг өмнө нь Улаанбаатар хотын замд туршиж, Буян-Ухаагийн нисэх онгоцны буудлын зурваст ашигладаг байжээ. Харин орон нутагт нүүрс тээврийн хүнд даацын замын нөхөөс хийхэд анх удаа ашиглаж байгаа нь энэ. “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер Г.Түвшинжаргал “2018 онд Гашуунсухайт боомтоор 18.2 сая тонн нүүрс тээвэрлэсэн бол энэ онд 23 сая тонн нүүрс экспортлох төлөвлөсөн. Үүнтэй холбоотой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын ачаалал нэмэгдэх төлөвтэй учраас зам засварын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Зам засварын ажлын тоо хэмжээг өмнөх оны арваннэгдүгээр сард гарган санхүүжилтийг ирэх оны төсөвт суулган дөрөвдүгээр сараас ажлыг эхлүүлдэг. Манай орны цаг уурын байдлаас шалтгаалж, өвлийн улиралд буюу арваннэг дүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд зам засварын ажил түр зогсдог. Өнгөрсөн оны долдугаар сард манай авто зам дээр Япон улсад үйлдвэрлэсэн “Оранж пач” хүйтэн асфальтийг, аравдугаар сард Англи технологиор Монголд үйлдвэрлэсэн “Битуфикс” гэх хүйтэн асфальтийг тус тус туршсан бөгөөд  туршилтын үр дүнг тооцсоны дүнд өнөөдөр нүүрс тээврийн хүнд даацын замд анх удаа “Битуфикс” гэх хүйтэн асфальтийг ашиглаж байна. Уг технологиор авто замын эвдрэлтэй хэсэг болох 304 нүхийг бөглөхөөр төлөвлөсөн.

Харин “Эрдэнэс Монгол” компанийн Авто зам, байгууламж хариуцсан мэргэжилтэн Ц.Лхагвадонид “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтын ажлыг сүүлийн жилүүдэд манай компаниас эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн онд 20 гаруй тэрбум төгрөгийг зам засвар, арчлалтын ажилд зарцуулснаар эвдрэлийн хэмжээ буурч байна. 2019 оны зам засварын төлөвлөгөөт ажил эхлэхээс өмнө эрсдэл өндөртэй, аваар осол гарч болзолшгүй хэсгүүдийг хүйтэн асфальтаар нөхөх ажлыг зохион байгуулж байна” хэмээв.

Замын нөхөөс хийж буй технологи болон бүтээгдэхүүний талаар “Битумина Монголиа” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганшагайгаас тодрууллаа.

-Замын эвдрэлийг нөхөх технологийг яаж хийдэг вэ?

-Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 95 хувийг дотоодын нийлүүлэгчээс авдаг. Үлдсэн таван хувьд бусад нэмэлт бодис орно. Хийх үйл явц нь 2-3 хүний бүрэлдэхүүнтэй, 5-15 минутад нэг метр квадрат нүхийг нөхнө гэсэн маш амархан технологитой. Эхлээд нүхийг цэвэрлэнэ. Цэвэрлэсэн нүхэнд бүтээгдэхүүнээ хийнэ. Дараа нь гар нягтаршуулагч, эсвэл хүнд тоног төхөөрөмж шаардахгүйгээр тэгшилнэ. Ингээд л эвдрэлийг нөхөж дуусна. Хөдөлгөөнийг шууд нээх боломжтой учраас хүнд даацын замд түгжрэл үүсэхгүй.

-Бүтээгдэхүүний чанарын хувьд хэр настай вэ?

-3-5 жилийн баталгаа өгч байна. 2017 оноос 21 аймгийн ихэнхид нь туршилт хийсэн. Одоо анх удаа хасах 21 хэмд хүнд даацын зам дээр туршиж байна. Өнгөрсөн зун Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болсон үерийн үеэр туршсан. Ямар нэг асуудал гараагүй. Энэ резинэн асфальт нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дотоодод үйлдвэрлэсэн, хурдан хугацаанд, ямар ч нөхцөлд замыг нөхөх боломжтой гэдгээрээ давуу талтай.

О.Эрдэнэцэцэг: Тэмдэглэлт баяраас бусад үед ачаалалтай ажиллаж байна

Одоогоор нүүрс тээвэрт 170 гаруй аж ахуйн нэгжийн 12 мянга гаруй зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчдог. Өмнөх жилүүдэд 4-8 мянга байсан бол энэ жил татан авалт, нүүрсний үнээс хамаарч тээврийн эрчим эрс нэмэгджээ. Уурхайнуудаас ачилт хийж байгаа нийт тээврийн хэрэгслийн ихэнхи нь Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх уртын чиглэлд, үлдсэн нь Цагаанхадаас Гашуунсухайт хүртэлх богино чиглэлд явж байна. Өмнө нь “уртын урт” буюу шууд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх чиглэл байсан. Энэ чиглэлээр зорчиход жолооч нарын ачаалал нэмэгдэж, очер дараалал их үүсч байсан учраас Засгийн газраас цуцалсан.

Хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед ч шалган нэвтрүүлэх цэгүүдэд Монголын талаас дараалал үүсдэггүй. Харин Хятадын талын татан авалтаас үүдэн хил дээр дараалал үүсдэг гэнэ. Уг замд нийт дөрвөн шалган нэвтрүүлэх цэг байдаг. 25 километрт I, 57 километрт II, 213 километрт III, 218 километр шалган нэвтрүүлэх IV цэг ажилладаг. Шалган нэвтрүүлэх цэг дээр нэг машиныг дунджаар 20 секундэд шалгаж, бүртгээд шуурхай нэвтрүүлдэг аж. Шалган нэвтрүүлэх нэгдүгээр цэгийн Мэдээлэл шуурхай зохицуулалтын ажилтан О.Эрдэнэцэцэг “Одоогоор уртын чиглэлд 600 гаруй тээврийн хэрэгсэл, богино чиглэлд 300 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байна. Сар шинийн баярын үеэр уурхайн ачилт зогсоогүй бөгөөд уртын чиглэлд өдөрт 200 орчим машин явж байсан ба тээврийн эрчим зуу зуугаар нэмэгдсээр байна. Тэмдэглэлт баяраас бусад үед үргэлж ачаалалтай байдаг. Цагаан сарын дараа хил гааль хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд одоо боомт дээр хилийн татан авалтаас шалтгаалаад богинын чиглэлд 20 орчим километрт дараалал үүссэн тухай мэдээлэл ирсэн” гэв. Нүүрс тээврийн замд тээврийн хэрэгслийн стандарт даацыг 95 тонн гэж үздэг. Даац хэтэрсэн үед замын эвдрэлд нөлөөлдөг учраас хатуу хяналт тавьдаг. Мөн тээврийн компаниуд хариуцлагатай ханддаг учраас уртын чиглэлд даац хэтрүүлсэн тохиолдол бараг гардаггүй аж.

Энэ жил Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд хоёр байршилд жолооч нарын амрах 2500 болон 1000 машины цогцолбор байгуулж байгаа аж. Амралтын цогцолборт амрах талбай, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ, хоолны газар зэрэг үйлчилгээний төв багтсан байна. Мөн 2017 оноос хойш гэрээт цагдаагийн алба хаагчид ажиллаж эхэлжээ. Гэрээт цагдаагийн тасгийг Тээврийн цагдаагийн албанаас хариуцаж байна. Хүнд даацын замд гарч буй аваар ослын талаар Гэрээт цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Т.Ганбаяраас тодрууллаа.

-Нүүрс тээврийн замд осол аваар их гарч байна уу?

-Өнгөрсөн онд “Гашуун Сухайт Авто Зам” компанийн нүүрс тээврийн 239 км замд нийт 287 зам тээврийн осол бүртгэгдсэн. Үүнээс 18 хүн хүнд буюу хөнгөн хэлбэрээр гэмтэж, есөн хүн нас барсан. Харин он гарсаар 29 удаагийн зам тээврийн осол бүртгэгдэж, нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

-Осол аваар гарч байгаа гол шалтгаанууд юу байна вэ?

-Хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гарч байна. Ихэвчлэн, хүйтний улирлаас хамаарч тээврийн хэрэгсэл хөлдөх, тоормос алдаж, урдаа байгаа тээврийн хэрэгслийг мөргөх, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийснээс зөрчлүүд нэлээд гардаг.

-Гэрээт цагдаагийн алба хаагчид хэрхэн ажилладаг вэ?

-Хоёр жил гаруйн хугацаанд нийт 30 алба хаагчтай, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. Хөдөлгөөний эрчим нэмэгдэхэд 24 цагаар хоёр пост гаргаж, дөрвөн алба хаагч ээлжилж үүрэг гүйцэтгэдэг. Цагаан хаданд уулзвар, гарцуудад хяналт тавьж ажилладаг. Энд Цагдаагийн хэсэг байгуулагдсанаас хойш зам тээврийн осол тодорхой хэмжээнд буурсан. Хяналтыг эрчимжүүлсний үр дүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил багассан.

-Замын засвар, арчлалтын ажлууд хэр хийж байна вэ?

-“Гашуун Сухайт Авто Зам” компанитай хамтарч ажилласнаас хойш замын засвар, арчлалт, хяналтын ажлыг сайн хийж байна. Хүнд даацын замд нөхөөс хийдэг болсноор осол аваар багасахад нөлөөлнө гэж бодож байна.

Өнгөрсөн жилүүдэд тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв өгдөг байсан бол одоо богино чиглэлийн тээврийн хэрэгсэлд л хилээр гарах зөвшөөрөл өгч байгаа. Харин уртын чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслүүд уурхайтай гэрээ хийснээр ачилтаа хийдэг аж. Хүнд даацын тээврийн хэрэгслийн дээд хурдыг ачаатай үед 40, ачаагүй үед 50 км/цаг гэж үздэг. Нэг тээврийн хэрэгсэл 24 цагт нэг эргэлт хийж болдог. Жолооч нар кабендаа ганцаараа зорчих зориулалттай учраас замд амарч байх шаардлагатай байдаг аж. Иймээс зам эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК-иас онд 6-7 машин зогсох боломжтой зогсоол 30 байршилд байгуулсан бол энэ онд 20 зогсоолыг хогийн цэг, бие засах газартай хамт барихаар төлөвлөжээ. Мөн эвдэрсэн хүнд даацын машиныг замаас гаргахад зориулсан машин ажиллуулах зэргээр ажлууд зохион байгуулж байна. Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нар монгол хүмүүс байдаг боловч тээвэрлэлт явуулж буй компанийн эзэд хятадууд байх нь олон. Шаардлага биелүүлэх гэхээс илүү нүүрсээ яаж хурдан тээвэрлэх вэ гэж бодох нь бий. Тиймээс шалган нэвтрүүлэх цэгүүдийг тойрч гарах, Оюутолгойн замаар явах, замгүй газраар тоос шороо босгож зорчих зэрэг асуудал гардаг талаар эх сурвалжууд хэллээ. Замын засвар, арчлалт, шуурхай бэлэн байдалд Гэрээт цагдаа, Шалган нэвтрүүлэх цэгүүдийн албан хаагчид 24 цагаар хяналт тавьж ажиллаж байна. “Гашуун Сухайт Авто Зам” ХХК 140 гаруй ажилтантай бөгөөд Цогтцэций сум болон Цагаан хадны хэсэгт хуваагдан ажиллаж байна.  Замын засвар, арчлалтын ажлыг тендер зарлаж явуулахаас гадна өвлийн улиралд ч нөхөөс хийх боломжтой шинэ технологи нэвтрүүлж, жолооч нарын ажлын нөхцөлийг сайжруулахад анхаарч байгааг тэд ярилаа.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.176.219)

    2019-02-22

    uhsenii chin shine tehnologi nugliin nudiig gurilaar huurdag yum naadah chin