Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд харилцан дэмжлэг үзүүлж ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд  ноён И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд, “Манай хоёр орны хамтын ажиллагааны хамгийн том чиглэл бол боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар юм. Энэ салбарт сайдаар томилогдсон Ё.Баатарбилэг сайд танд чин сэтгэлээсээ баяр хүргэе” гэлээ.

2019 онд Халх голын ялалтын 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус яамны зүгээс Оросын талтай хамтран хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.  Уулзалтын хүрээнд энэ талаар голчлон ярилцлаа.

Хал голын ялалтын ойн хүрээнд Оросын Холбооны Улсын Соёлын орлогч сайд ноён Степановыг П.В. Монгол Улсад ажлын айлчлал хийхийг БСШУС-ын яам урьсан. Мөн Монголын уран бүтээлчдийн тоглолтыг энэ оны 11 дүгээр сард Санкт-Петербург, Москва хотууд зохион байгуулахаар төлөвлөж байна.    

Ойн хүрээнд урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахад харилцан бие биенээ дэмжиж ажиллана гэдгээ хоёр тал илэрхийллээ.

Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хувьд Оросын Суурь судалгааны сантай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 2019 онд нийтдээ 20 хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохироод байна. Сонгон шалгаруулалтыг 3 дугаар сараас эхлүүлнэ. Төслийн эцсийн сонгон шалгаруулалтыг оны эхний хагаст багтаан Оросын Суурь судалгааны сангийн хамтаар Улаанбаатар хотод хийнэ.

Биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, аль аль талдаа ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр талууд ярилцлаа.

Хоёр орны хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбарын хамтын ажиллагаа. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг саяхан зарлаад байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт 500 монгол иргэн хамрагдах боломжтой юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад дэмжлэг үзүүлэх, ОХУ-ын холбогдох яамтай хамтран эрх зүйн актыг эргэн харах хэрэгтэй гэсэн саналыг ноён Элчин сайд тавилаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)