Үйлдвэрчний эвлэлийн холбоодын төлөөлөл Сайдын бодлого, саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг салбарын төрийн бус байгууллага холбоодтой хийх эхний уулзалтаа Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудтай хийх уулзалтаар эхлүүллээ.  

Сайд сургалтын хөтөлбөрийг өөрчлөхгүй, сурагч багш нарын ачааллыг бууруулах арга хэмжээ авах үүднээс агуулгын давхардал байгааг цэгцлэх арга хэмжээ авна. Үүнийг судлахаар үндэсний баг ажиллаж эхлэх гэж байгааг танилцууллаа. Багшийн ачаалал буурлаа гэхэд авах цалин хөлсийг бууруулахгүй. Нэг цагийн үнэлгээг өндөр байхаар шийдвэрлэхийг зорино. Ингэснээр багшийн хөгжлийн асуудал, эрүүл мэндийн асуудал, цалин хөлс зэрэг олон зүйлд нааштай ахиц гарна гэлээ.

Мөн их дээд сургуулийн тоог цөөлөх бодлогын талаар танилцууллаа. Монгол улсад огт магадлан итгэмжлэл аваагүй 14 их дээд сургууль байна. Тэдэнд магадлан итгэмжлэл олгохгүй байх үүргийг Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд өгсөн. Монгол улсад дипломтой боловсон хүчнээс илүүтэй мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэйг сайд тэмдэглэлээ.

Боловсролын тухай багц хуулийг боловсруулж байна. Хуулийн төслийг оновчтой нарийн боловсруулахын тулд гуравдугаар сард салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, дөрөвдүгээр сард Ерөнхий сайдын ивээл дор Монголын багш нарын 7 дугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг Сайд мөн танилцууллаа. Энэ арга хэмжээнд Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран оролцохыг хүсье гэлээ.

Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын цалин хөлс, нийгмийн халамж, эрүүл мэнд, орон сууцны асуудлын талаар нөхцөл байдлыг сайдад танилцуулсан. Түүнчлэн сургалтын хөтөлбөрт засаж сайжруулах зүйл их байна, сурагч багш нарын ачааллыг бууруулах, их дээд сургуулийн тоог цөөлөх тал дээр сайдын баримталж байгаа бодлогыг дэмжиж байна гэлээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)