УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллах анхны томилолтоо Баянхонгор аймгаас эхлүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар хөдөө орон нутагт ажиллах албан томилолтын ажлаа төрөлх Баянхонгор аймгаас эхлүүллээ. Түүнийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид Баганат талбайдаа халуун дотноор угтан авч, Зэвсэгт хүчний 339-р ангийн алба хаагчид цэргийн хүрээний жагсаал жагсаж хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийнхээ санал хүсэлтийг газар дээр нь сонсох зорилгоор 21 аймагт ажиллах бөгөөд энэхүү ажлын гараагаа төрсөн нутгаасаа ийнхүү эхлүүлж байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нартай биечлэн уулзаж орон нутгийн нийгэм эдийн засгийн байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажил байдлын товч мэдээлэл авч боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөр хамгааллын талаар тодорхой анхаарч ажиллан ард иргэдийн хүсэл дээр тулгуурлан зөв зарчимтай шударга ажиллахыг орон нутгийн удирдах түвший хүмүүст үүрэг болгов.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутагт яаралтай хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа 7 хэсэг асуудлыг эрэмбэлсэн хүсэлтийг их хурлын даргад албан ёсоор өргөн барилаа. Тус хүсэлтэд Номгон сургуулийн өргөтгөл барих, кино театртай болох, шинэ музейн барилга барих , НЭ-т нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, БСУГ-т шинэ байрны асуудал шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ.

Их хурлын дарга уг хүсэлтийг хүлээж авсаны дараа ХАМОДХ ТББ-ын гишүүдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Өнөөдөр УИХ-ын дарга дунд зах, ажилсаг төвөөр орж хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж тэдний санал хүсэлтийг сонсож ажиллах бол 17:00 цагаас аймгийн ХДТ-т нийт ард иргэдтэй уулзалт хийнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)