Тэгээс эхэлсэн тэрбумтнууд

Дэлхийн тэргүүн баячуудын дунд ядуу гэр бүлд төрсөн ч эрдэм чадал, овсгоо самбаагаараа эд хөрөнгөтэй болж, алдар хүндийн оргил хүрсэн хүн олон байдаг. Тэгвэл тэдний дундаас тэгээс эхэлж, тэрбумтан, олны танил томоохон компанийн гүйцэтгэх захирал болсон хүмүүсийн онцолж байна. Жишээ нь Жон Пол Мичел Системсийн гүйцэтгэх захирал Жон Пол Дежориаг аваад үзье. Дежориа хоёр ч удаа орон гэргүй болж, гудамжинд гарч байсан нэгэн. Харин технологийн томоохон компаниудын нэг “Oracle”-ын үндэслэн байгуулагч гүйцэтгэх захирал, тэрбумтан Ларри Эллисон коллежоо хаясныхаа дараа хэзээ амжилт олохгүй хүн гэсэн үгийг үрчилсэн эцгээсээ сонсч байсан гэдэг.

“Голдмэн Сакс”-ын гүйцэтгэх захирал Ллойд Бланкфейн

Шуудан зөөгчийн хүү Бланкфейн хүүхэд байхаасаа бэйсболын Яанкий багийн цэнгэлдэх хүрээлэнд багийн тоглогчдод ундаа, ус зөөгчөөр ажилласан байна. Тэрээр хожим нь энэ тухайгаа ярихдаа, “Яанкигийн цэнгэлдэх хүрээлэнд гуравхан центний төлөө нэг тавиур хийжүүлсэн ундаа зөөдөг байхдаа доллар бүрийн үнэ цэнийг яс махандаа тултал мэдэж авсан” гэжээ. Тэрээр сурлага сайтай сурагч байсан болохоор Харвардад төвөггүйхэн орж чадсан байна. Техник технологи хөгжиж, аавынх нь ажлыг автомат машин хийж гүйцэтгэдэг болсон нь түүнийг хуулийн мэргэжил сонгоход хүргэсэн байна. Учир нь, тэрээр мэргэжлээ зөв сонгохгүй бол ямар ч хэрэггүй нэгэн болж магадгүй гэж эмээжээ. Бланкфейн сургуулиа төгссөнийхөө дараа хуулийн фирмд татварын хуульчаар ажиллаж байгаад удалгүй “Голдмэн Сакс”-ын салбар компанид орж, үнэт металийн борлуулагчаас эхлэн ажиллаж, өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.

“Oracle”-ын үндэслэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ларри Эллисон

Сүүлийн арав гаруй жилийн турш Ларри Эллисон хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлаар тодорч байгаа. Энэ хугацаанд тэрээр нийт 1.84 тэрбум ам.долларын цалин авсан байна. Тэрээр одоо дэлхийн тэргүүлэх баячуудын жагсаалтын зургадугаарт бичигддэг нэгэн. Гэхдээ түүнд өвлөж авсан хөрөнгө гэж юу ч байгаагүй, өөрийн гэх хамаатан садан ч үгүй байсан юм. Эллисон өөрийгөө айлын өргөмөл хүүхэд гэдгийг 12 настайдаа л мэджээ.

Үрчилж авсан ээжийгээ болсны дараа Иллинойс-Урбана Шампэйны их сургуулиа хаяж, хожим нь Чикагогийн их сургуульд орсон ч ганцхан семестр сураад л муу дүнгээсээ болж бас л гарчээ. Ингээд бор ходоодоо бэлэн хоол, муу машинаа бензинээр таслахгүйн тулд ёстой л есөн шидийн ажил хийсэн байна. Эцэст нь, Ampex корпорацид ажилд орсноор дэвжих замаа олжээ. Маик Уильсон “Бурхан, Ларри Эллисон хоёрын ялгаа” номдоо Ларри Эллисон болон түүний хамтрагч Эд Оутес, Боб Майнер нарын хамтран ажилласан нэгэн төсөл тэрбум долларыг түүнд атгуулсан “Oracle”-ын вант улсын эхлэл байсан гэж бичжээ.    

      Xerox компанийн гүйцэтгэх захирал Урсула Бёрнс

Xerox компанийн гүйцэтгэх захирал Нью-Йорк хотын дээрэмчин тонуулчин, хар тамхины донтнууд, ядуус олноороо амьдардаг зүүн захын нэгэн дүүрэгт төрж, өсчээ. Хатагтай Бёрнсын ярьснаар, өдий зэрэгтэй амжилтад хүрч, хүний дайтай амьдрахад нь ээж нь хамгийн их нөлөөлсөн аж. Хүүхэд байхаас нь сургаалийн сайхан үгсээр ухааныг нь тэжээж, охиноо католик шашны сайн сургуульд явуулахын төлөө гэртээ айлын хүүхдүүд харж, хувцас индүүдэж мөнгө олдог байжээ. Энэ бүхний ачаар, Урсула АНУ-ын шилдэг 500 компанийн нэгд тооцогддог Хerox компанид ажилд орсон анхны өнгөт арьст эмэгтэй болж байсан бөгөөд 1980 онд тус компанид улирлын чанартай ажилтнаар орсон тэрээр богино хугацаанд гүйцэтгэх захиралын албан тушаалд хүртэл өсч дэвжжээ. Урсула багш ахлах сургуулийн багш нарынхаа зөвлөгөөг огт дагаагүйдээ одоо баяртай байдаг гэнэ. Учир нь, Урсулаг сурлага сайтай сайн охин гэж магтдаг байсан багш нар нь түүнд сувилагч, асрагч юм уу багшийн мэргэжил гайхалтай тохирно хэмээн зөвлөдөг байжээ.

“Жон Пол Мичель” компанийн үндэслэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жон Пол Дежориа

Дежориа аж ахуй эрхлэгч хүн бүрийн мөрөөддөг оргилд хүрсэн нэгэн юм. Түүний үс арчилгааны компани анх 700 ам.долларын зээлээс эхэлж байжээ. Тэрээр есөн настайгаасаа анх хөдөлмөрийн амтыг мэдэрсэн бөгөөд ээж, ах хоёрынхоо хамт өглөө бүрийн 04.00 цагт босч, сонин тараадаг байжээ. Удалгүй ээж нь түүнийг асарч халамжлах чадваргүй болсноор асрамжийн төвд өгсөн байна. Дежориа 22 настайдаа ажилд орох хүртлээ хоёр ч удаа орон гэргүй болж, гудамжинд гарч байжээ. Тэрээр эхэндээ орцны цэвэрлэгч, жижүүр, ачааны машины жолоочоор хүртэл ажиллаж байв. Гэр бүл, үр хүүхэдтэй болсон ч эхнэр нь түүнийг хүүтэй орхиод, хадгаламжийн мөнгөнийх нь хагасыг аваад хаяад явсан байна. Хоногийн хоолоо арайхийн олох чадвартай түүнд хоёр настай хүүгээ ганцаараа өсгөх хариуцлага ногджээ. Энэ үедээ тэрээр шил авч, тушааж амьдарч байсан бөгөөд байр хөлслөх мөнгөгүй болсон учир дахин гудамжинд гарч байсан гэдэг. Redken үс арчилгааны бүтээгдэхүүний компанид борлуулагчаар ажиллах болсноор түүний амьдрал орвонгоороо эргэж, найз Пол Мичельтэйгээ хамтран өөрийн компаниа байгуулах эхлэл тавигджээ. Одоо тэрээр дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн тэргүүн баячуудын нэг болсон.

Мэдээллийн салбарын акул Опра Уинфри

Опрагийн тухай, түүний амьдралын хэцүүхэн түүхийг одоо мэдэхгүй хүн цөөхөн болсон. Гэрлээгүй, өсвөр насаа эцэг эхийн охин болж төрсөн тэрээр хүүхэд насандаа Висконсинд амьдардаг ээж, Теннесси дэх аавынхаа хооронд явж өнгөрүүлсэн байна. Опра Теннессид очихоороо аавдаа зодуулж, Висконсинд байхдаа ээжийнхээ хамаатан садан, найз нөхдийнх нь хүчирхийлэлд байнга өртдөг байжээ. Хэрэгцээний мөнгөө өөрөө олохын тулд хийх болсон анхны ажил нь хүнсний дэлгүүрийн үйлчлэгч. 1968 онд 14 настайдаа Опра бие давхар болсныхоо дараа аав дээрээ бүрмөсөн очсон байна. Охин нь дөнгөж долоо хоноод нас барсны дараа эцэг түүнийг хатуу гараар хүмүүжүүлж, боловролд нь анхаарч эхэлжээ. Опра ч удалгүй ахлах сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг болж, Теннессийн их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах эрх авчээ. Удалгүй тэрээр сонирхлоо даган телевизийн салбарт шилжсэн бөгөөд Нашвилийн анхны өнгөт арьстай эмэгтэй мэдээний нэвтрүүлэгч болж байжээ.

“Starbucks” компанийн гүйцэтгэх захирал Ховард Шульц

Ховард Шульц “Starbucks” компанийн үндэслэн байгуулагч биш болж Сиэтлийн жижигхэн кофены сүлжээ дэлгүүрийг дэлхийн хэмжээний вант улс болгож чадсанаараа алдаршсан нэгэн юм. Түүний хүүхэд насны хүнд хэцүү амьдрал, тэр байдлаас гарч чадсан туршлага, хүсэл мөрөөдөл нь өнөөдрийн энэ амжилтад хүрэх нь нөлөөлжээ. “Гвардиан”-д бичсэнээр, Шульц ачааны машины жолооч, үйлдвэрийн ажилчин, таксины жолооч байсан аавд нь хэзээ ч ажиллах боломж гарч байгаагүй тийм компанийг өөрөө байгуулахыг мөрөөддөг байжээ. Түүнийг долоон настай байхад аав нь шагайгаа гэмтээж, хүүхдийн живх хүргэлтийн үйлчилгээний жолоочийн ажлаа алдаж байжээ. Энэ үеэс тэдний гэр бүлийн амьдрал хүндхэн болсон бөгөөд ядуу гэр бүлийн хүүхдүүдийн зуны хөтөлбөрт хамрагдаж байхдаа туйлын их ичиж байсан тухайгаа хожим нь ярьсан байдаг. Гэсэн ч тэрээр ихээхэн ухаалаг, хичээнгүй, сурлага сайтай хүүхэд байсан учир хойд Мичиганы их сургуульд тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулж, гэр бүлийнхэн дотроосоо дээд боловсрол эзэмшсэн анхны хүн болсон байна. Одоо тэрээр дэлхийн тэрбумтнуудын нэг болсон. Спортод ихээхэн сонирхолтой, сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан тэрээр NBA-гийн Seatle SuperSonics багийн эзэн байсан юм.

“Cirque Du Soleil”-ын үндэслэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ги Лалиберте

 

“Cirque Du Soleil”-ын үүсгэн байгуулагч тэрбумтан тэрээр мөн том бооцоо тавьж тоглодог, нэр нөлөө бүхий одтой покерчдын нэг юм. Ядруухан хүү байсан Лалиберте 19 настайдаа коллежоо хаяж, мөнгө олохын тулд гудамжинд янз бүрийн үзүүлбэр үзүүлдэг болжээ. Тэрээр Европын орнууд, Канадын хотуудын гудамжаар явж гал залгих, модон хөлөн дээр явах, дуулж бүжиглэх, алиалах зэрэг үзүүлбэр үзүүлдэг байсан бөгөөд улмаар өөрийн гэсэн баг хамтлаг бүрдүүлсэн байна. Лалиберте 1987 онд сохор азандаа найдан өөрийн циркийн хамтлагаа Канадын Кэбэкээс Лос-Анжелосын урлагийн наадам руу дагуулж явжээ. Тухайн үед түүнд Кэбэк рүү буцах бензин, шатахуун хоол хүнсэнд зарцуулах мөнгө байгаагүй гэдэг. Гэвч Лалибертег азын тэнгэр ивээж, хамтлаг нь Лас-Вегасын нэгэн Казиногийн эзэн Стив Уинны нүдэнд өртсөн байна. Уинн Cirque Du Soleil хамтлагийг Лас Вегас авчирч тоглуулах болсон байна. Тэр цагаас хойш Лалибертийн ухаалаг менежмэнтээр хамтлаг томоохон, алдартай цирк болтлоо тэлж, түүний 2.5 тэрбумын хөрөнгөтэй болгожээ.  Лалиберте мөн сансрын анхны жуулчдын нэг гэдгээрээ олны танил болсон нэгэн юм.

Газрын тосны бизнесмэн, Чельси клубын эзэн Роман Абрамович

Оросын Чукотка мужийн захирагч байсан Роман Абрамович өдгөө дэлхийн 50 дахь баян хүнд тооцогдож байгаа бөгөөд энэ байраа цаашид дээшлүүлэх хүсэлтэй яваа нэгэн. Түүнд дэлхийн хамгийн том далбаат завь, дэлхийн хамгийн том онгоц бий. Гэвч энэ бүхэнд хүрэхийн тулд тэрээр урт, хэцүүхэн бартаатай замыг туулсан байна. Дөрөвхөн настайдаа эцэг эхээсээ өнчирсөн түүнийг эмээ нагац эгч хоёр нь өсгөжээ. Роман коллежид орсон боловч нэг ч семестр суралгүй хаячихаад, цэрэг явсан бөгөөд алба хааж байхдаа хулгайлж олсон бензинээ бусад офицеруудад зарж, бизнесээ эхэлж байжээ. Армиас халагдсаныхаа дараа гэрлэж, хуримынх нь үеэр хадмуудынхаа бэлгэнд өгсөн мөнгөөр хуванцар тоглоом зардаг бизнес эхлүүлжээ. Нэг хэсэг гудамжинд худалдаа хийдэг байсан бол орон нутгийнхаа нэгэн үйлдвэрт засварчнаар ч ажиллаад үзсэн байна.  Хар захаас бараа татаж, зарж эхэлснээр мөнгөө гурав дахин өсгөж чадсан тэрээр хуванцар тоглоомын жижиг үйлдвэр байгуулжээ. Бизнес нь амжилттай явж байсан ч илүү ашиг олохын тулд газрын тосны бизнест хөл тавьснаар, тэрбумаар нь олж эхэлсэн байна. 1995 онд бизнесийн хамтрагчийнхаа хамт Оросын Сибнефт газрын тосны компанийг худалдаж авсан ч Абрамович удалгүй хөнгөнцагааны үйлдвэрлэл эрхлэх болж, 2003 онд Их Британийн хөлбөмбөгийн Чельси клубыг худалдаж авсан байна.

“Huchison Whampoa Limited” болон “Cheung Kong Holdings”-ын захирал Ли Ка Шинг

Бизнесийн гайхалтай амжилтаараа Хонконгод “супер хүн” гэж алдаршсан Ли Ка Шинг бол 21 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Зүүн Азийн тэргүүн баян юм. 2001 онд “Asiaweek” сэтгүүл түүнийг Азийн хамгийн баян хүнээр нэрлэсэн байна. Өдгөө эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, усан онгоцны үйлдвэрлэл эрхэлдэг “Huchison Whampoa Limited”, “Cheung Kong Holdings” гэсэн Хонконгийн хоёр томоохон компанийн захирал тэрээр 15 насандаа аавыгаа өвчнөөр алдаж, ажил хийхээр сургуулиасаа гарч байжээ. Тэрээр удаан хайсны эцэст хуванцрын үйлдвэрт өдрийн 16 цагаар хийх ажил олсон байна. Олон жил үйлдвэрт ажилласны эцэст 1950 онд тэрээр өөрийн гэсэн жижигхэн үйлдвэрээ байгуулжээ. Ка Шинг маш богино хугацаанд компаниа Хонконгдоо нэлээд танигдсан үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын компани болгож чадсан байна. Тэрээр 1980 онд “Ли Ка Шинг сан” нэртэй буяны байгууллага байгуулан өнөөг хүртэл 1.45 тэрбум ам.долларыг буяны үйлст хандивлажээ. Тэрээр хүүхэд байхдаа хэзээ авч үзээгүй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүнд хэцүү амьдралтай айлын хүүхдүүдэд сангаараа дамжуулан өгөхийг зорьжээ. 

 

Э.Наранбат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Aagii (202.21.106.114)

    2019-03-03

    Gaihamshigtai. Mundag hudulmurch ulsuud bna.Suraltsah yum ih bna da. Nas yavad bna...

  • дорж (43.242.243.229)

    2019-03-02

    сайхан өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болжээ манай хэд ч улсын мөнгийг цусалж байж л нэг юм саятан тэрбумтан болдог новшийн юм даа