Тэмээ уярахаараа уйлдаг амьтан юмсан уу

Уугуул нутаг өмнөговьчууд тэмээн сүргийн тоогоор улсад жил дараалан л тэргүүлдэг. Энэ 2019 онд ч бас. Ханбогдынхон гучин мянга гаруй тэмээ өсгөсний баяр зохион байгуулж, үнэнхүү хөөр хөгжөөн болсон юмдаг уу. Ингэхэд өөрийн тань насны залууд даргаар нь ажиллаж байсан Мандал-Овоо сум тавиад оны турш хорин таван мянган тэмээ өсгөж улсад тэргүүлдэг гээд л олныг бишрүүлдэгсэн. Аа харин сүүлийн жилүүдэд... Анд маань ийм асуулт тавьсан л даа.

... Тухайн он жилүүдэд тэмээн сүрэг нь өсөхийн зэрэгцээ Мандал-Овоочууд сүргийн дотроос Ханын хэц хэмээх ноос сүүний гарц арвин шинэ омог бий болгож ёстой л мандсан даа. Нэгж үс нь зургаагаас арван хэдэн кг ноос өгдөг сүүний гарц гойд омог шүү дээ. Чиний шохоорхоод байгаа он жилүүдэд тэмээчдийн дундаас улсын анхны хөдөлмөрийн баатар тодорсон удаа ч бий. Тэмээчин залуу эмэгтэй Д.Жижээ. Хамар гээд Хангайн нуруунаас эх авдаг Онги гол улмаар Улаан нуур гээд бэлчээр ус тэнүүн ялангуяа малчдын удам тэгш бүтээлч орчинд аж төрдөг болохоор Мандал-Овоочуудын амжилт хэзээ ч буурахгүй л дээ. Сар шинийн баяраар андтайгаа ийнхүү хөөрөг зөрүүлцгээсэн л дээ. Ай тэмээ хэмээх гайхамшигт сүрэг. Дээр нэрлэсэн “Ханын хэцийн хүрэн", “Галбын уулан” омгуудыг говь нутгийн нэрт эрдэмтэн Б.Лувсан олон жилийн судалгааны үр дүнд ерийн бус шилмэл омгийн хэмжээнд хүргэж бие даасан ферм байгуулсан л даа. Эл шилмэл омгоос тодорсон ялангуяа ингэний сүү нэн тэжээллэг билээ... Ингэний саалийн хугацаа арав орчим сар үргэлжилдэг. Сүүний гарц хоёр зуу орчим литр гэх болов ч түүнээс ч илүү. Тээр жил Завхан аймгийн Ургамал сумын тэмээчин Думбаа хариуцсан ингийг нэмэгдэл тэжээлд хамруулан нэгжээс найман зуугаад литр сүү ашигласан сонин баримт бий. Ингэний сүү хөөсөрхөг өтгөн цагаан өнгөтэй.  Үнээний сүү ердөө гурав дөрвөн цаг төдий хугацаанд гашилчихдаг бол ингэнийх хорин дөрвөн цагийн хугацаанд ч гашилж ялзмагтаагүй, С амин дэмээр баялаг болоод ч тэр үү эмчилгээний илааршуулах чанар гойд. Сүүг зөвхөн цайг чанаржуулах төдий бус хоормог бозлог боловсруулах ашиглахын зэрэгцээ айраг исгэн нэрмэлжүүлж “Архи” хэмэх ундаа бэлтгэх ч бий. Нэрмэлшүүлсэн цагаанаас аарц шүүж ааруул бэлтгэдэг. Ай ингэний ааруул нэгэн төрлийн жимс л гэсэн үг шүү дээ.

Дорнод аймгийн Дашбалбар сумынхан малчид нь зуны оторт гарахдаа тэмээн тэргийг нүүдлийн замд байнга ашиглах угсармал байр төвхнүүлж, түүндээ ор дэр засан үр хүүхдээ малчид өөрсдөө ч дээрх хөнгөн оромжинд амарч төвхнөдөг их сонин уламжлалтайсан. Энэ уламжлал Гурванзагал бас бус суманд ч бий. Энэ ховор амьтан нүүдэлчин Монголдоо төдийгүй харь гүрнийхэн ч бишрэн магтдаг жишээ олон. Тодруулбаас, Оросын агуу их жуулчин Шинжлэх ухааны хүндэт гишүүн хошууч генерал байгаль судлаач, газар зүйч Николай Михалович Пржебалскийн дурсамжийг өчүүхэн би насан туршаа биширч явдаг. Тэр өгүүлсэн нь.. Монголын хамгийн гайхамшигтай агаад нэн содон амьтан бол энэ нутгийн говьчуудын өсгөдөг халх удмын тэмээ.

 

Нүүдэлчдийн мөнхийн дагуул сайн сайхан аж төрөхийн нь үндэс эх булаг говь цөлөөр аялан явагчдад юугаар ч сольшгүй унаа нь.

 

Гурван жилийн турш арав гаруй мянган км зам туулж, судалгааны ажил гүйцэтгэх явцдаа бид тэмээнээс огт салаагүй. Байгалийн элдэв саад бэрхшээл туулах явцад огтхон ч торж саатдагтүй ямар агуу амьтан болохыг нүдээрээ үзэж мэдэрсэн дээ. Түвдийн өндөр уул дөрвөн мянга найман зуу гаруй метрийн өндөр даваануудыг дааж ядам ачаатайгаа давахад ч тэмээ огтхон ч түүртдэггүйсэн... хэмээсэн байдаг даа тэр агуу их хүн ...Улмаар монголчуудын анд БНМАУ номоороо Иосифи Сталиний шагнал төрийн шагнал хүртсэн нэрт судлаач М.М. Мурзаев гуай Монголын их цөлийг дамжин арваад мянган км аялахдаа мөн л атан тэмээний жонжоон дунд судалгааны нэн чухал баримт сэлтээ цуглуулж, нүсэр ажлыг эхлүүлэхэд гагцхүү тэмээ л гол үүрэг гүйцэтгэснийг эрхэм эрдэмтэн дурсамж номондоо дурдсан буй. Тэмээ хэмээх энэ гайхамшигт хүлгийг харийнхан ингэж л үнэлдэг байж шүү дээ.

Өчүүхэн өвөө миний хүүхэд нас тэмээн сүргийн үр шимийг хүртэж, хөлд орж, хүн болох гараа элдвийг үзэж нүд тайлах эхлэл минь гагцхүү энэ алдарт сүргийн өгөөж хайр хишгээр буй болсныг илтгэх юун. Тэмээн сүрэг бэлчээрлүүлж явсан урт урт хөндий хоолой Нэмэгт Гэлбэнт Ноён Сэврэй Тост Яст Тосон бумбын нуруу нүднээ тусахын эрхээр эл эссэг тэргүүлж суугаа минь энэ.

Тэмээ элсэн далайн хөлөг билээ. Тэр бүү хэл манай нэрт сэтгүүлч Сумьяагийн Жамбалдорж асан говьд Үнэн сонины сурвалжлагчаар хэдэн жил ажиллах хугацаанд “Тэмээ тэнгэрийн амьтан” нэртэй бүтээл туурвисаныг эдүгээ уншигч түмний амтархдаг, нэн үнэт ном болсныг өгүүлсү. Тэмээний аж ахуй дагнан тэмээчин олны дотно зэвлөгч нь болж үнэлэгдсэн Цэрэнпунцаг, Лувсан нарын олон эрдэмтэн мэргэд төрж гарсныг ч цухас дурдъя. Тэмээн жингийн цуваанд насны уртыг туулсан алдартнууд ялангуяа говь нутагт цөөнгүй. Говийн алсаас ноос түүхий эд тээвэрлэн Улаанбаатар Сэлэнгэ мөрний сав дагуух Цагаан эргийн дамжлага баазад тушаангаа тэр сав нутгийг хөдөөгийн хүн ард говь цөлийхөнд зориулан цай тамхи даалинба, торго, чихэр жимс тэргүүтнийг хүн арддаа түгээдэг алдартнуудыг аль олон сонслоо. Тухай үедээ тэд эдүгээгийн хүчирхэг хүлэг төмөр зам галт тэрэг авто хөсөг тэргүүтнийг атан тэмээ л орлодог байж. Энэ гавьяаг харин хойч үеийнхэн хэрхэн төсөөлнөв. Эр цэргүүд торгон хилээ ч атан тэмээгээр унаа унаш хийж хамгаалдаг. Аймаг сумын хороон дахь өртөө, улааны алба мөн л тэмээн сүрэгт ногддог байсан даа. Айл гэр оторлон нүүх, хайр дурлалын болзоонд цаг хугацаа болзохдоо ч охид хөвгүүд мөн л атан тэмээгээ сойх юмсан уу.

НАСАН ҮҮРД ҮГҮЙЛЭГДЭХ ХӨНГӨН ГУНИГ

Хүмүүний амьдралд энэ тэр өч төчнөөн үерхэл нөхөрлөл. Тоочиж баршгүй ч тэр дундаас улс эх орноо амь насаараа дэнчин тавьж, үүний төлөө тангараг өргөдөг эр цэргийн алба. Аавын олон хөвгүүд энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсний эцэс хугацаа дуусган төрсөн нутаг нугын зүг дөрвөн зүг найман зовхис тийш таран одох мөч юутай ч зүйрлэмгүй баяр хөөр дунд умбах ч нэг нь нөгөөгөөсөө салж ядахын эрхээр зүрх сэтгэлд нь бүүр насан үүрд  үгүйлэгдэх хөнгөн гуниг. Тиймээс ...

...Саарал шинелээ тайлаагүй

Буурал найз минь хаана явна вэ

Дархан хотын барилга дээр үү 

Торгон хилийн манаан дээр үү

...Нэгэн эхээс цуван төрж

Нэхий өлгий дамжаанүй

Цэргийн хуаранд ихэрэлж

Цэгц журмын нөхөр болсым .... гээд л. Энэ алдарт дууны өгүүлбэр  болгонд эр цэргийн халагдсан болоод улиран аж төрөгсөд тэдний минь үүрдийн аялгуу бахархалын уриа, орь залууд хамтарч явсан он жилүүд тодорно. 1952 оны намар юмсан. Ижил дасал болсон эр цэргийн хуарангаас “Та цэргийн албыг сайн гүйцэтгэлээ. Та бас ийм а мэргэжил эзэмшлээ” гэхчлэнгийн тодотголтой ...Улаанбаатараас  Даланзадгад Даланзадгадаас Сэврэй сумын төв орлоо. Заримдаг цөлийн бүсээс эх орны нийслэл хүртэлх энэ замыг эр цэргийн албанд дайчлагдах хүнд хэцүү бас бахархалтай ч гэж болох зам зуур хэрхэн туулсанаа ч эргэцүүлнэ. Ухаандаа Даланзадгадаас Сэврэй сумын төв. Анх би цэрэгт датагдахдаа Алтайн өвөр говиос хөөрхий ээжийн минь өмчлөн унадаг солбио шар тайлгаар зам зуур хоёр хоног элээсэн. Ингэтэл шуудангийн ГАЗ машин хөлөглөн ердөө хагас өдрийн дараа төрөлх Сэврэй сумандаа газардсандаа. Энэ бол морин өртөө авто хөсгөөр сэлгэсний нэгэн гайхамшиг Үндсэн захиргаа Сэврэй суманд газардуут л:

-Танай ээж Цэрэндулам тэртээх алтай өвөр заримдаг цөлөөс арван хөсөг шөрхлөн алс Цагаан эргийн дамжлага баазыг зорих аянд гаргахаар маргааш тэртээх жингийн жигд олон майхны нэгэнд дэн дун, яаруу тэвдүүхэн байгаа гэж дотно анд Намжилдорж минь хэл дамжуулсансан. Ингээд л хүүгээ мөрөөдсөн эх, ээжийгээ санан санаашрах хүслэнд автсан хөвгүүн хоёр өргөө гэртээ бус аяны цэнхэр майханд нь учирсан нь тийм ч элбэг тохиолдол бус биз ээ.

Аяны цэнхэр майханд тохиосон өөр нэг учрал юу гэвээс Өмнөговь аймгнйн дарга Дэжидийн Дамбажам ээжид маань он удаан жил говиос Сэлэнгэ мөрөн Цагаан эргийн дамжлага баазыг атан тэмээний алхаан дунд ачаа бараа арьс шир ноос түүхий эд, торго даалимба, гурил будаа тэргүүтнийг тээвэрлэх үүргээ нэр төртэй биелүүлж явааг үнэлж, хүндэт өргөмжлөл гардуулсан нь амьдралд ховорхон тохиох учрал байсан даа. Аяны цэнхэр майханд цэргээс халагдсан хөвгүүн аяны гараанд жигдэрсэн ээж. Улмаар аймгийн дээд удирдлагатай нүүр учрангаа ер юу эсийг хүүрнэхсэн билээ. Хожмын хожим эргэцүүлхнээ өтөл миний ажил амьдралын гараа ч чухамхүү дээрх аяны цэнхэр майхнаас зүг чигээ олсон юмсан уу.

Ээж өгүүлрэн:

ЭЭЖИЙН АЯНЫ ЦЭНХЭР МАЙХАН

Аймгийн дарга Дамбажамц гуай ээжид хүндэтгэл өогөмжлөл гардуулангаа цэргээс сая халагдаж ирсэн манийг шохоорхонгуйгаар:

-Нөхөр халагдсан цэрэг чи ажил амьдрапын гараагаа хэрхэн үргэлжлүүлэхсэн бол. Цэргийн албыг гурван жил хаах хугацаанд эзэмшсэн гол мэргэжил чинь юу вэ?

-Би байлдагчаас түрүүч цол мөрөндөө зүүн цэргийн хугацаагаа дуусгасан гэх үү дээ. Эзэмшсэн мэргэжил гэвэл Батлан хамгаалах яамны амбулаторид улаан тарианы сувилагч... Улаан тарианы сувилагч гэж миний хариулсныг аймгийн дарга нэг л эргэлзэнгүйгээр

-Чамайг цэргийн алба хаасан дөчин ес тавиад он эхлээд л Монгол орон даяар хүн ардыг арьс өнгөний өвчнөөс илааршуулах хөдөлгөөн ёстой л бүх нийтийг хамарсан. Чиний тэр эрхэм үүрэг гүйцэтгэсэн баталгаа хаана байна вэ. Даргын энэ асуултад бяцхан түгдрэнгээ нандигнан хадгалж явдаг сонины хайчилбараа хармаанаасаа гаргаж өгсөн л дөө. Энэ бол Улаан од сонинд миний тухай бичсэн бяцхан дурсамж л даа. Дарга хайчилбарыг анхааралтай уншсаны эцэст:

-Чамд баяр хүргэе. Эрхэм генөрал, алдарт нисэгч Зайсаановтан энэ зурвасыг сонинд хэвлүүлж шүү дээ.... хэмээн үнэлсэн л дээ. Улаан тарианы сувилагч гэдэг маань тухайн үед арьс өнгөний өвчин устгах гол эм нь бихиноль хэмээх уусмалыг судсанд улмаар Наварснолийг шингэрүүлэн булчинд хийх ийм хоёр төрлийн эмчилгээ. Тарилгын сувилагч л хоёр төрлийн эмчилгээнд шинжилгээгээр хангалтгүй дүн авсан тийм хүн бүр хамрагддаг мань генөрал ч нэгэн адил. Тодруулбаас, тухайн үөд Зайсанов генерал хүртэл бүх нийтийг хамарсан үзлэгт цус хэрээстэй гарч улмаар улаан тариа хийлгэх дамжлага дээр өчүүхэн сувилагч надтай нүүр учран эмчилгээ хийлгэнгээ жаахан амжилт минь генералд үнэлэгдэн өөрийн дурсамжаа сонинд нийтэлсэн нэг ёсны сонин дурсамж болон үлдсэнийг аймгийн дарга тийнхүү шохоорхож л дээ. Шохоорхсон төдий бус Өмнөговьд боловсон хүчин дутмаг цэргээс халагдсан дайчныг дээд сургууль дүүргэсэн сэхээтний энэ зэрэгт олзуурхан үнэлж, аль нэг албанд шууд л томилдог байсан юм чинь. Ээжийн тухайд харин халагдаж ирсэн хөвгүүнээ олзуурхан “Би гурав дөрвөн хөвгүүн төрүүлж өсгөсөн ч хоёр нь алба ажлын мөр хөөж Улаанбаатарт жолооч, жүжигчин гээд л сураг алдарсан отгон хөвгүүн нялх балчир, бацаан. Аа харин энэ удаа гурав дахь хөвгүүн чамайг тэмээчин болгоно. Тэгэхдээ мянгат тэмээчин. Улмаар өтөлсөн цагг хөлөө хучуулах минь“ гэж үглэсэн ч ялсангүй. Миний амьдралын гараа тийнхүү аймгийн даргын шийдсэнээр говьд тэмээчин биш улсад анхны хоршоо болон сумын захиргааны дарга улмаар сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэсний эцэст өндөр насны чөлөөнд гарсан минь энэ л дээ.

Бяцхан тодруулга, 1952 оны намар Сэврэй сумын төвд цэргээс халагдаж ирүүт ээжтэйгээ алсын аяны цэнхэр майханд хөөрөлдсөн нэгэн дурсамжийг ер мартдаггүй... Намайг арваадхан настай байхад ээж минь цулхир түүх /Цулхир гэдэг маань говьчуудын хүнсэндээ хэрэглэдэг нэгэн төрлийн будаа тариа/ аянд дагуулан Алтай өвөр заримдаг цөлийн хүн малын бараа нитээс хомс бүх сарын турш аялсан л даа. Тодруулбаас, Зулганын гол хавьцаа битүү хулсан шугуй бүхий тэр орчинд харин зэрлэг амьтад хулан, хавтгай, бодон гахай мазаалай болон хар сүүлт, зээр элбэгсэн. Цулхир түүж цайруулж явсан тэр өдрүүдэд хөтөлгөө тэмээтэй хоёр хүн майханд минь айлчилсан. Тэд бол эдүүгээ улс төрийн нэрт зүтгэлтэн Оюуны өвөө Андрей Симуков.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

 

Сэтгүүлч Ц.Ванчиндорж

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)