Ц.Сарантуяа: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентыг сонгодог хэлбэрт ойртуулж байгаа нь дэвшилттэй

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, хууль зүйн ухааны доктор, профессор Ц.САРАНТУЯАТАЙ ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл бэлэн болж, хаврын чуулганаар хэлэлцэхээр дараалалд оруулаад байна. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ шаардлага байгаа эсэхэд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хуулиар зохицуулах шаардлагатай нийгмийн харилцаа өргөн цар хүрээтэй. Хуулиуд хийдэлгүй, зөрчилгүй болсон цагт төр сайн ажиллах, иргэд тайван аж төрөх нөхцөл бүрдэнэ. Үүнд зөвхөн Үндсэн хууль биш, бүх хууль хамаарна. Болохгүй бүтэхгүй бүхнийг Үндсэн хуультай холбож, тэр бүр нэмэлт, өөрчлөлт оруулаад байх нь ташаа гэж би хувьдаа хардаг. Хуулиудад шаардлагатай зохицуулалт байхгүйгээс хийдэл гарах, эсвэл нэгэнт баталсан хуулийг буруу хэрэгжүүлэх, агуулгын хувьд алдаатай хууль гаргах тохиолдол байдаг. Энэ бүхэн нь бидний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Шалтгааны гагцхүү Үндсэн хуультай холбох нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль дийлэнх тохиолдолд бусад хуулиар дамжин хэрэгждэг учраас ингэж хэлээд байгаа юм. Нэг жишээ татахад, хөдөө орон нутгаас шилжин ирэгсдээс төлбөр авдаг байсныг 2003 онд Улсын Дээд шүүхээс хүчингүй болгосон. Ингэхдээ нийслэлийн ИТХ нь өөрт олгогдоогүй эрх эдэлсэн гэх үндэслэлээр зогсоосон байдаг. Гэтэл өнөө хэр энэ асуудал ямар нэг цэгцтэй зохицуулалтгүй л байна. Дээд шүүхийн энэ шийдвэрийн дүнд иргэд Улаанбаатар хотод олноор ирж оршин суух болсон. Нийт хүн амын гуравны нэг нь нийслэлд амьдарч байна шүү дээ. Энэ тухайд нэг талаас Үндсэн хуульд заасанчлан иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийн асуудал хөндөгддөг. Гэтэл хотжилтыг зөв зохицуулах, орон нутгийг зохистой хөгжүүлэх талаар төрийн цогц бодлого дутсан гэж би хувьдаа үздэг. Учир нь, Улаанбаатар хотын даац хэтэрч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөрөг нөлөө үзүүлэх нэг хүчин зүйл болсон. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ч мөн Үндсэн хуульд заасан үнэт зүйл. Өнөөдрийн байдлаар нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өвлийн цагт  гамшгийн хэмжээнд хүрсэн, хөрсний бохирдлын тухай ч хөндөн ярихаас аргагүй болоод байна. Цогц бодлого дутах нь үргүй зардал гаргах нэг үндэслэл болдог. Энэ нь эдүгээ нийслэлд оршин сууж буй нийт хүн амд хор хохиролтой. Нэг эрхийг эдлүүлэхийн тулд Үндсэн хуульд заасан нөгөө эрхэд зүй бусаар халдах ёсгүй юм. Энэ бүхэнд зохицуулалт дутсанаар эрх зүйн хийдэл бий болсон.

-Хийдлээс гадна хуулийг хэрэгжүүлэхэд алдаа гарах тохиолдол байна гэсэн, энэ тухайд дэлгэрүүлнэ үү?

-Жишээлбэл, манай улс  2006 онд Тусгай сангийн тухай хуулийг баталж нийт 29 сангийн зориулалт, ашиглалт, зарцуулалт, хамрах цар хүрээ, нийгмийн хүртэх бүлэг зэрэг холбогдох бүхий л асуудлыг нарийвчлан зохицуулсан. Гэтэл төрийн зарим албан тушаалтан өөрийн ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдэд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авахад нь давуу байдал бий болгож нөлөөлсөн мэдээлэл гарч эхэллээ. Энэ нь дээрх хуулийг санаатай буюу санамсаргүйгээр буруу хэрэгжүүлсний жишээ юм. Гэтэл тусгай сангуудад төвлөрдөг нийт 3.6 их наяд төгрөг нь нэг жилийн дотор 60 мянган өрхийг орон сууцаар хангах зардал гэсэн тооцоо гарч байна. Энэ бүхэн нь Үндсэн хуульд заасан, хуулийн өмнө эрх тэгш байх зарчимд харшилж байгаа биз. Эдгээр нөхцөл байдал иргэдийг туйлдуулж, сэтгэл хангалуун байлгаж чадахгүйд хүргэж байна. Иймд Үндсэн хуулиас илүүтэй бусад хуулийн хийдлийг арилгаж, хэрэгжилтийг зохих түвшинд хүргэх, хуулийг ягштал баримталдаг болгоход алхам тутамд анхаарах шаардлагатай байгаа юм.

 

-Хэдийгээр хууль хэрэгжүүлэх явцтай холбоотой асуудал байгаа ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гэж ажлын хэсгийнхэн үзсэн. Таныхаар энэ хуульд ямар чиглэлийн өөрчлөлт оруулах хэрэгтэй вэ?

-Манай улс 1992 оны Үндсэн хуулиараа парламентын засаглалын хэлбэрийг сонгосон. Засаглалын хэлбэрийг өөрчлөх нь тус хуулийн суурь үзэл баримтлалыг өөрчлөхөд хүргэнэ. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай 2010 оны хуулиар хориотой. Иймд юуны өмнө хуульдаа захирагдах ёстой. Харин парламентын засаглалын хүрээнд, төрийн үйл ажиллагааг илүү сайжруулахад чиглэх зарим өөрчлөлтийг хийж болохыг үгүйсгэхгүй. Ийм өөрчлөлт нь ч Үндсэн хуулийн нийт зүйлийн 35 буюу түүнээс дээш хувийг хөндөхийг хуулиар хориглодог. 1992 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг санаачлагчид нь тухайлбал, УИХ-ын хариуцлагыг сайжруулж зарим бүрэн эрхээс татгалзах, хяналтыг боловсронгуй болгох, улс төрийн намын тухай зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж ирэх, шүүгчид итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх. Төрийн албыг тогтвортой болгох, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулахад чиглэсэн төсөл боловсруулж иргэдээр хэлэл- цүүлсэн. Харин нэмэлт, өөрчлөлтөд гагцхүү Үндсэн хуулиар зохицуулах ёстой асуудлаас гадна Үндсэн хуулиар зохицуулах хэмжээний биш асуудал оруулж байгаатай би хувьдаа санал нийлэхгүй. Үүнийг эхлээд ялгаж, салгах нь товч бөгөөд тодорхой, биелэх хүчин чадалтай нэмэлт, өөрчлөлт батлахад дөхөмтэй.

-Үндсэн хуулиар зохицуулах хэмжээний биш асуудал гэж юуг хэлж байна вэ?

\-Мэргэжлийн түвшинд хуульч- дын дунд зохион байгуулсан хурал, хэлэлцүүлгийн үеэр би саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн чуулган, Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцох, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнд хариуцлага хүлээлгэх тухай. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, төрийн албанд холбогдох гэх мэт зарим асуудлыг шаардлагатай хэмжээнд салбарын хуулиар зохицуулах боломжтой. Энэ нь Үндсэн хуулиар суурь асуудлыг зохицуулж, дэлгэрэнгүйг бусад хуульд заана гэсэн логикт нийцэхээс гадна ямар байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд заавал заадаг зүй тогтолд ч тохирдог.

-Тодруулбал...?

-Жишээлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хуралдаанд оролцоогүй, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гишүүнийг эгүүлэн татахаар заажээ. Энд томьёолсноор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд цөөн цаг оролцоогүй мөн чуулганд бараг үзэгдээгүй гишүүний аль алиныг нь эгүүлэн татаж болохоор байна. Харин асуудлыг холбогдох өөр хуулиар зохицуулснаар торгууль оногдуулах, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зэргээр хийсэн үйлдэл, эс үйлдэхүйд нь тохирох шат дараалсан арга хэмжээг эхэлж авах боломжтой. Гэтэл УИХ-ын гишүүнийг УИХ эгүүлэн татахгүй, харин бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар ч болгоно, чөлөөлнө.

 

Гишүүнийг сонгогчид эгүүлэн татах боломжтой байсан хуучин системыг халж ардчилсан тогтолцоонд үйлчилдэг чөлөөт мандатын зарчимд шилжсэн шүү дээ.

Тиймээс дээрх тохиолдлыг эгүүлэн татах гэж нэрлэх нь оновчгүй гэж хараад байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл түүний чиг үүргийг нэмэлт, өөрчлөлтөд дурдах боломжтой боловч энэ нь төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог байгууллага биш. Харин шүүхийг ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага учраас түүнийг байгуулах журам, бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд заах үндэслэл байхгүй.

-Хэлэлцүүлгийн явцад энэ талаар хөндөж таарах болов уу. Нэмэлт өөрчлөлтийн төслөөс харахад шаардлагатай бүх асуудлыг хамарч чадсан эсэхэд та ямар хариулт өгөх вэ?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь гол төлөв олон нийтийн дунд удаа дараа нээлттэй ярьж байсан, иргэдэд илүү танил болсон асуудлыг хамарч байна гэж би харсан. Харин төрийн тогтолцооны заримчухал асуудлыг огт хөндөлгүй орхисон. Тухайлбал, Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцдэг Үндсэн хуулийн Цэцийн хяналтыг сайжруулах асуудлыг хөндөөгүй байна. Уг нь Цэцээр хянан шийдвэрлэх асуудлын цар хүрээг өргөжүүлснээр Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчигдөж байгаа эсэхийг хянах боломжийг нээх юм. Ийм зөвлөмжийг НҮБ-аас ч манай улсад өгч байсан нь санамсаргүй хэрэг биш болов уу.

-Үндсэн хуулийн Цэцийн эрх хэмжээг тэлснээр ямар эерэг үр дүн гарах вэ?

-Цэцийн эрх хэмжээг тэлснээр мөн Үндсэн хуульд заасан иргэдийн үндсэн эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг нь сэргээн эдлүүлэх боломжийг нээснээр Цэц өөрөө Үндсэн хуулийн шүүхийн сонгодог хувилбарт дөхөх нөхцөл бүрдэх юм. Үүний үр дүнд Монголд Үндсэн хуулийг илүү хэрэгжүүлдэг болох түүний хүртээмж иргэнд илүү ойртох ач холбогдолтой. Гэхдээ Цэц ямар байгууллагын шийдвэрийг нэмж хянадаг болохыг өөрийн орны нөхцөл байдал болон сонгодог онолд тулгуурлан мэргэжлийн түвшинд шийдэж тохиромжит сайн хувилбарыг гаргаж ирэх боломжтой. Үүнд, иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргах магадлал өндөртэй байгууллагуудыг хамааруулах нь ойлгомжтой. Энэ талаар мэргэжлийн хүрээнд бараг 1990-ээд оны дунд үеэс ярьж, бичиж ирсэн боловч нэгэнт Үндсэн хуульд заасан Цэцийн эрх хэмжээг ердийн хуулиар тэлэх боломжгүй.

Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг 1992 болон 1997 онд тус тус баталснаас хойш өнөөг хүртэл зарчмын гэх нэмэлт, өөрчлөлт оруулаагүй.

Эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын 2015 оны төсөл гэж байдаг боловч хэлэлцүүлэх, батлуулах, ажил хэрэг болгох алхам өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Эдгээр төслөөр Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг 1992 оны Үндсэн хуулийн хүрээнд хамгийн боломжит хэмжээгээр сайжруулах оролдлого хийсэн л дээ.

-Та Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй танилцсан байх. Хуульд оруулж буй гол өөрчлөлтийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Нэмэлт, өөрчлөлтийн зарим хэсэг нь манай улсыг парламентын засаглалын сонгодог загварт илүү ойртуулах алхам болж байгаагаараа дэвшилттэй. Аливаа зүйл сонгодог агуулгаасаа хэт гажих нь гажуудалд хүргэх уршигтай. Гэхдээ сонгодог агуулгын хүрээнд өөрийн орны зарим онцлогийг харгалзах нь зүйтэй талаар дээр дурдсан. Өнөөдрийн байдлаар манай УИХ-ын бүрэн эрх хэтэрхий данхайсан. 1992 онд анх удаа ардчилсан тогтолцоонд шилжсэн болохоор ард түмнийг төлөөлж буй парламент нь илүү эрх мэдэлтэй байх нь зүйтэй гэсэн төсөөлөлтэг байсан. Үүнийг засахын тулр Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлагаа өөрөе хүлээх боломжийг хангахы оролдсон нь нэмэлт, өөрчлөлтийг төслийн дэвшилттэй тал.

-Хүчтэй Ерөнхий сайдтаг байх нь парламентыг сонгодог хэлбэрт оруулах заалт болсон гэж та үзэж байна уу?

-УИХ сайд нарыг хүн нэг бүрээр нь хэлэлцэн томилох эрхтэй байсныг өөрчилж, энэ эрхийг Ерөнхий сайдад шилжүүлж байгаа юм байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүний талаарх шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлснээр Ерөнхийлөгч уг шийдвэрийг 72 цагийн дотор батламжлах ёстой гэсэн байна лээ. Гэхдээ эрх мэдэл хуваарилах зарчмыг хэрэгжүүлж, төрийн институтын тэнцлийгхангах үүднээс УИХ-ын олонх болон цөөнхийн аль аль нь Ерөнхий сайдыг огцруулах тухай санал тавибал УИХ хэлэлцэх зохицуулалт оруулж. Харин УИХ дахь олонх нь Ерөнхий сайдыг огцруулах саналаа шинэ Ерөнхий сайдыг томилох саналтай хамтад нь оруулж ирэхээр зохицуулсан нь төрийн ажлыг гацаахгүй, Ерөнхий сайд шинээр томилоход хугацаа алдахгүй хувилбар гэдэг нь зарим улсын туршлагаас харагддаг. УИХ улсын төсвийг батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхийг хориглохоор зохицуулсан. Засгийн газрын оруулсан төсвийг УИХ танигдахын аргагүй болтол өөрчлөх тохиолдол үе үе гарч байсан. Нэг жишээ дурдахад, 2007 онд Төсвийн тухай хуулийг батлахдаа УИХ нь гишүүдийн тойрог бүрт 250 сая төгрөг буюу нийтэд нь 19 тэрбум төгрөг хуваарилсан байсан. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд нэгэн иргэн мэдээлэл хүргүүлснээр Үндсэн хуулийн Цэц Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож байсан жишээ бий.

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгодог байхаар шинэ төсөлд тусгасан. Засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн барьцаанд орчихоод байгааг арилгах үүднээс гэж тайлбарлаж байгаа ч нөгөө талдаа амьдралаас урган гарсан асуудал бүрийн хүрээнд хуульдаа өөрчлөлт оруулаад байх нь зохимжгүй гэж тайлбарлах хүмүүс ч байна?

-Сум, орон нутгийн харьяалалтай хот, дүүргийн Засаг даргыг иргэд сонгодог болж байгаа нь ардчиллын нэг хувилбар. Засаг даргын сонгуульд иргэн бие даан нэр дэвшихээр болж байна гэсэн үг. Төрийн албаны сонгодог загварт бүх шатны Засаг дарга улс төрийн албан тушаалтны хувьд төрийн бодлогыг нэгдсэн журмаар хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, орон нутагт төрийг төлөөлөх үүрэгтэй. Харин орон нутгийн иргэдийг ИТХ төлөөлдөг. Үүнд, төрийн удирдлагыг нутгийн удирдлагатай хослуулах зарчмын утга агуулга оршдог. Гэтэл манайд газар аваад байгаа улстөржилт хэмжээнээсээ хэтэрснээр Засаг дарга ажпаа явуулж, заримдаа томилогдож ч чадахаа больсон нь үнэн. Иргэдээс ирүүлсэн саналаар доод шатны Засаг даргыг сонгодог байх санал давтамж өндөртэй байсныг харгалзан үзэж ийм зохицуулалт оруулсан гэж ойлгосон. Гэхдээ энэ нь хамгийн шалгарсан хувилбарт тооцогдохгүй учраас хэдхэн жилийн дараа шинэ асуудал үүсч энэ талаар Үндсэн хуульд мөдхөн дахин гар хүрэх шаардлага битгий гараасай гэдгийг л хүсч байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд дордуулсан гэх долоон өөрчлөлтийн заримыг буцаахаар тусгасан юм билээ. Энэ тухайд та юу хэлэх вэ. Үнэхээр дордуулсан байсан юм уу?

-2000 онд УИХ-аас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандах үндэслэл бий. Тийм ч учраас заримыг нь буцааж хуучин эх хувилбарт нь оруулахаар оруулсан болов уу. Дордуулсан гэх заалтын нэг нь жишээлбэл, УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаад 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар байсныг 2000 онд 50 болгож өөрчилсөн юм. Тухайн үед энэ өөрчлөлтийг оруулахдаа “Гишүүд  зөвхөн  хуралдаанд суух нь хангалтгүй, тойрогтоо ажиллах, иргэдийг хүлээн авах, УИХ-аас баталсан хуулиудыг сурталчлах зэрэг бусад ажил хийх шаардлагатай” гэх тайлбар хийж байсан. Гэтэл одоо хугацааг нь эргээд 75-аас доошгүй өдөр болгон ихэсгэхдээ "Хугацааг богиносгох нь УИХ-ын байнгын ажиллагаатай шинж чанарыг алдагдуулж байна, хууль хэлэлцэж батлах нь УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг” гэж тайлбарлах жишээтэй.

-Шинэ төсөлд зарим заалтыг 2000 оны хувилбараар үлдээхээр байгаатай та санал нийлэх үү?

-Энэ тухайд УИХ-ын дарга, дэд даргыг сонгох, чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэх, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх. УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж, асуудлыг шийдвэрлэх зэрэг заалт 2000 оны хувилбараараа үлдэхээр байгаа юм билээ. Харин хуулийг УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар батлахаар өөрчилсөн байна. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөс өмнө асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэх боломж нээлттэй байсан нь гишүүдэд улс төрийн аливаа нөлөө, дарамт шахалтаас ангид байх, ард түмний элч байх боломжийг илүү олгож байсан. Энэ нь аливаа албан тушаалтныг УИХ-аас томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд ихээхэн чухал болох нь харагддаг шүү дээ. Шинэ төсөлд хагас өөрчлөгдөж туссан заалт бас байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж 2000 онд өөрчлөлт оруулж байсан. Үүний улмаас УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажил үүргийг давхар гүйцэтгэх боломжтой буюу “давхар дээл”-тэй болох боломжийг нээсэн. Гэтэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхий сайд, гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болохоор оруулж ирж байна. Парламентын засаглалтай аливаа улсад парламентын бодлого хэрэгждэг, иймд Засгийн газрын гишүүд нь парламентын гишүүн байх нь хэвийн үзэгдэл. Харин манай улсад УИХ-ын гишүүдийн тоо 76 буюу ихэнх улсынхаас 5-6 дахин бага атлаа яамны тоо бусад улсынхаас цөөнгүй байгаа учраас ийм хязгаарлалт хийх нь илүү тохиромжтойг бодолцсон болов уу гэж харсан.

-2000 оны нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийг бүхэлд нь дордуулсан шинжтэй байсан гэж үзэх талтай гэсэн үг үү? 

-Ерөнхийлөгч УИХ-д суудал бүхий нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д тав хоногийн дотор оруулах, мөн Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх. Долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх "заалтуудыг 2000 оны нэмэлтээр бий болгосон. Энэ нь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг байгуулах ажпыг хугацаа алдалгүй, саадгүй явуулах боломжийг олгож, төрийг гацаанд оруулахаас сэргийлсэн заалт болсон. Учир нь, 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг долоон удаа буцааснаас засаг байгуулах ажил хойшилж төр гацаанд орж байсан түүхтэй. Нэмж хэлэхэд, Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д тав хоногийн дотор оруулах заалт Үндсэн хуульд одоогоор хэвээр үлдсэн.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.123.221)

    2019-03-07

    Сарантуяа багш үндсэндээ зөв ярьжээ. Харин зарим зүйл дээр жаахан зөөлөн хэлсэн бололтой. Эрс эсэргүүцвэл зохих юмнууд одоогийн шинэ төсөлд бий шүү!!! УИХ-ын гишүүд хагас жилд 75 өдөр гэдэг бас л цөөн байна!!! Бусад улсын парламентын гишүүд гол төлөв зун 1-1,5 сар амраад 9 сарын 1 гэхэд ажилдаа ордог, тэгээд бүтэн жил завсарлагагүй ажилладаг. Гэтэл манайхан жилд 2 удаа маш удаан хугацаагаар амраад алга болчихдог. Тэрийгээ тойрогтоо ажиллаж байгаа гэдэг, шал худлаа!!! Тэгээд ч тйоргот ажиллаад байх шаардлага байхгүй!!! Яагаад гэвэл тэд чинь тойрог (жалга)-ийн дупутат биш шүү дээ!!! "Чөлөөт мандаттай" гээ биз дээ???