З.Оюундэлгэр: Прокурор бүсгүйчүүд амьдралаа ч, ажлаа ч авч явах чадвартай хүмүүс шүү

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу бидний хэлж заншсанаар Мартын 8-ыг тохиолдуулан "прокурор" нэрээр овоглон төр түмэндээ шударга, үнэний тангараг өргөсөн прокурор бүсгүйчүүдээ алдаршуулахыг хүссэн билээ.

Улс орны хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулж ,ажил үйлсээрээ ар гэрийн амьдралаа өргөж яваа салбар салбарын бүсгүйчүүдийг "Хүчирхэг" хэмээн нэрлэх болжээ. Тэгвэл эмэгтэй хуульчид тэр дундаа прокурор бүсгүйчүүд  олны өмнө ил гарахгүй гэлээ ч хэзээний хүчирхэг хүмүүс.  Хийж байгаа ажил нь тэднийг хүчирхэг байхыг шаарддаг юм. Монгол төрийн  прокуроруудын 52 хувь нь эмэгтэйчүүд байна. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, шударга үнэнийг тогтоох амаргүй ажлын тэн хагасаас илүүг бүсгүйчүүд үүрч явна. Хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл  болгож хүндэт зочноор прокурорын байгууллагын "анхны эмэгтэй аймгийн ерөнхий прокурор" Нарангийн Цэрэннадмид,/http://www.prokuror.mn/a/2975/Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор З.Оюундэлгэр нарыг  ярилцлага авахаар  урьсан юм.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажил хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх  З.Оюундэлгэр прокурорын байгууллагад 34 жил ажиллаж байгаа, туршлагатай прокурор билээ. Хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл, 2 хүүхдийн сайн ээж, халамжит хань, прокурор бүсгүйн ертөнцөөр хамтдаа аялая.  Ярилцлагыг хүлээн авна уу.

- Мартын-8-ны баярын мэнд хүргэе. Энгийн сэдвээр яриагаа эхлэе. Оюундэлгэр маань хэдэн хүүхдийн ээж билээ. Ээж, халамжит ханийн үүргээ хэр биелүүдэг гэж өөрийгөө боддог вэ?

-Баярлалаа. Манайх чинь Ам бүл 4.  2 охинтой.  Одоо олуулаа болсон, том охин нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, 2 хөөрхөн зээтэй. Охин маань  бас  хуульч, давхар хятад хэлний багш, орчуулагч мэргэжил эзэмшсэн. Бага  охин Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан.
Хүүхдүүдээ эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх, хүнлэг, үнэнч, хөдөлмөрч байгаарай гэж  захиж, сургадаг даа.   Прокурорын ажил  цаг наргүй ажилладаг, залуу байхын их сууж ажилладаг байсан, ар гэрийн амьдралаа зохицуулна, хүүхдээ ясли, цэцэрлэгт өгнө, авна гээд л ажил мундахгүй. Энэ бүх ажлыг манай нөхөр зохицуулж, намайг ажиллах боломжоор хангаж, өдийг хүртэл ойлгож, хүндэлж явдаг ханьдаа баярлаж явдаг. Намайг  сайн ээж, сайн эхнэр гэдгийг миний хань, хүүхдүүд маань тодорхойлох байхаа.  Би ч  өөрийгөө сайн хань, сайн ээж гэж боддог.  Яагаад ингэж хэлж байна гэхээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хань, үр хүүхдийн минь хайр, хүндлэл , үр хүүхдийн хүмүүжил, эзэмшсэн боловсрол, мэргэжилтэй холбоотой гэж ойлгодог доо.

-Эмэгтэй хүн прокурор байх хэцүү гэж боддог уу?

Эмэгтэй хүн хуульч, тэр дундаа прокурор  байна гэдэг бол сайхан. Харин ч  маш мэдрэмжтэй, юмыг олон талаас нь хардаг, дотроо тунгааж боддог, хүнийг хүний үгээр биш өөрөө ойлгож, дүгнэдэг, маш туйлбартай байдаг  онцлогтой гэж боддог. Нийгэмд эмэгтэйчүүд амьдралаа авч явдаг нь харьцангуй ойлголт, гэхдээ манай эмэгтэйчүүд маш ухаалаг, хурдтай, аливаа зүйлийг түргэн сэтгэдэг, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Прокурор бүсгүйчүүд амьдралаа ч, ажлаа ч авч явах чадвартай хүмүүс шүү.

 

-Би чамайг  алиа хошин зантай, нийтэч гэж боддог, Өөрийгөө тодорхойлвол?

Би ер нь их инээдэг, шооч зантайг хүмүүс мэдэх байх даа.  Уурлаж хүн загнаж зандарсан хүн таатай санагддагүй. Хүнээс өө хайгаад л байвал өөдлөхгүй, харин болохгүйг хэлж анхааруулах, гэхдээ хэзээ, хаана, ямар үед  хэлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бидэнд ухаан хэрэгтэй болохоос биш уур хилэн, атаа хорсол хэрэггүй гэж боддог. Хүнийг аль болох ойлгож, болохгүйд нь ухааруулж хэлж, алдаагаа давтахгүй байх талаар нь залуу прокуроруудаа хэлж зааж сургахыг  хичээдэг.

-Прокурор бүсгүйн  хобби юу бэ?, амралт, чөлөөт цагаараа юу хийдэг бэ?

Би хөгжим тоглох, гоё дуу сонсох, найз нартайгаа сайхан уулзаж, алжаал тайлж, ярьж инээх дуртай. Прокурорынхан андахгүй ээ. Миний 3 сайхан найз байдаг. Ж.Чимгээ, Д.Туяа,  Г.Ганчимэг гэж, энэ 3 найзаараа бахархдаг. Бид хэд зовлон, жаргалаа хуваалцаж,  бие биенээ дэмжиж явдаг. Бид 4 их сургуулийг 1 ангийн охидууд шүү дээ.  /инээв/

 

-Ажил амьдралдаа баримталдаг зарчим чинь юу бэ?

-Ажилдаа үнэнч,  хариуцлагатай байхыг л хичээж ажилладаг. Бидний гаргаж буй эрх зүйн баримт бичиг хүний хувь заяаг шийдвэрлэж байгаа тул  буруу хийх эрх байхгүй. Өргөсөн тангарагтаа үнэнч  байх, нэр цэвэр байна гэдэг бол хувь хүний бус прокурорын байгууллагын нэр хүнд байх ёстой гэдгийг байнга санаж бодож ажилласаар ирлээ. Өглөө эрт ирнэ, одоо бүүр хэвшил болчихдог юм байна. Бидний үед компьютер гэж байсангүй, прокуророос гаргаж байгаа бүх  тогтоолоо 2 хувь гараараа бичдэг, мөн хэрэг болгонд түүвэр хийдэг, хийсэн түүвэрээ шалгуулдаг байсан.

 

-Прокурорын байгууллагатай ажил, амьдралаа холбосон түүхээс чинь сонирхоё.

 

Би 1985 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн “Мөрдөн байцаагчийн ангийг төгсч, БНМАУ-ын прокурор С.Бүдрагчаа прокурорын  1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/128 тоот тушаалаар  Дорноговь аймгийн прокурорт “Хэсгийн прокурор, мөрдөн  байцаагчаар” томилогдон очиж, ажилласан. 1991 онд хотод ирж Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажил хариуцсан хяналтын прокуророор, 2007 онд Баянзүрх дүүргийн прокурорт Шүүхэд төрийг төлөөлөх, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажил хариуцсан  хяналтын прокурор, 2015 онд Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт Мэдээлэл, дүн шинжилгээ хариуцсан хяналтын прокурор, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Б/206 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокуророор тус тус ажиллаж байна.  Прокурорын байгууллагад 22 настай анх орж одоог хүртэл тасралтгүй 34 жилдээ ажиллаж байна.

 

-Прокурорын хяналтын ажилд сургасан багшийгаа гэвэл хэнийг хэлэх бэ?

-Дорноговь аймгийн прокурорт томилогдон очиход аймгийн прокурор Ц.Дамдинсүрэн  /жижгээ/ хүлээн авч байлаа. Манай прокурор их мэдлэгтэй, орос хэлтэй, их юм зааж хэлж өгдөг чадварлаг дарга байсан.  Хэргээ яаж унших, түүвэр яаж хийх, яаж танилцуулах зэргийг анх зааж өгч байсан.  Анх төгсөөд очсон учраас мэдэхгүй чадахгүй зүйл их байсан. Одооных шиг туслах ажилтан хийгээд анхны мэдэгдхүүнтэй болохгүй, өөрөө мэрийж, хуулиа уншиж, туршлагатай прокуроруудаасаа асууж л ажлаа хийдэг байлаа. Чи Их сургууль төгссөн, дээд боловсролтой хуульч хүн гээд шууд л хэрэг хувиарлаад, маргааш танилцуулаарай гэх үүрэг өгдөг байсан. Анх очоод Аймгийн засаг даргад холбогдох өмч хөрөнгө  ашиглан шамшигдуулсан хэрэг хянаж билээ. Шөнөжингөө уншаад, бараг цээжлээд л маргааш нь даргадаа танилцуулсан. Ямар хэрэг байна. Улсын өмчийг идэж ашигласан зүйл байна уу гээд асуухаар нь хэргээ тэр чигээр нь ярьсан чинь "чи цээжилсэн байна, дахиж уншаад ойлгоод ороод ир" гээд, яахыг хэлж өгөөд гаргасан. Хүнтэйгээ уулз, ярилц, байцаалт ав гэхээр нь нөгөө яллагдагчаа дуудлаа, ирэхээр нь уулзаад байцаалт авсан чинь “ ах нь идэж ашиглаж хувьдаа завшсан зүйл нэг ч байхгүй, ийм ийм зүйлд зарцуулсан гээд баахан баримт үзүүлээд яриад байсан. Тэрийг нь бичиж аваад л танилцууллаа. Тэр хүнд идэж ашиглаж хувьдаа завшсан зүйл байхгүй юм байна, бараг л буруугүй юм  байна гэж хэлээд баахан  загнуулж билээ. Яаж ч бодсон  гэмгүй хүнийг прокурор юу гэж шалгахав дээ. Энэ явдал маань маш их дурсамжтай, тэгээд л хэргээ унших, нотлох баримтаа цуглуулах, хэргээ аль өнцгөөс нь эхэлж асуух зэрэг дөртэй болж эхэлсэн дээ.

 

-Хэрэг хийгээгүй гэхээр нь л итгэчихэж байгаа юм уу? Үнэхээр дурсамжтай юм байнаа.

-Харин тийм, Гэнэн байгаа биз. Мөн  нэг дурсамжтай зүйл болж билээ. Тухайн үед хуулийн байгууллагуудын хооронд урлагын үзлэг болдог байсан. Маш их өрсөлдөөнтэй, байр эзлүүлдэг байлаа. Манай прокурорын газрын урлагын үзлэгт намайг дуул  гэхээр нь "чадахгүй" гэж хэлсэн чинь “ өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй" гээд сахилгын арга хэмжээ авахуулж билээ. Дараа нь аймгийн театрын хөгжмийн багш ирээд бид нарыг бүгдийг нь дуулуулсан. Тэгсэн чинь хамгийн  гоё дуулдаг  нь би болж таараад,  гоцлол дуу дуулах юм болсон. Урлагын үзлэг одоогийн Саран хөхөө театрт болсон. Дуулаад хамгийн өндөр оноог нь аваад арга хэмжээгээ хүчингүй болгуулсан. Чи ингээд л дуулах юм чинь юундаа чадахгүй гээд байсан юм  гэж билээ. Бөөн инээд болж байлаа. Гоё дурсамж байгаа биз дээ Тийм л хатуу дэг журамтай байсан даа. Өгсөн үүрэг даалгаврыг заавал биелүүлдэг байлаа бид нар.

-Прокурорын мөрдөн байцаагч хийж байсан талаараа?

Тэр үед Прокурорын мөрдөн байцаагч “Хөдөлмөр хамгаалал, албан тушаалтаны хэрэг, цэргийн албанаас зайлсхийсэн, ашиглан шамшигдуулсан, цагдаа, шүүгч, прокурортой холбоотой тодорхой төрлийн л хэдэн хэрэг шалгадаг байсан юм.  Тэр үеийн хүмүүс прокурор дуудсан л бол яг цагтаа ирдэг, маш дуулгавартай байсан. Ямар ч дарга, инженер, эмч, иргэн бүгд цагтаа ирдэг. Одоо бодоход хуулиа хүндэлдэг байсан байгаа юм. Бидний шийдэж байгаа хэрэгт ямарч дарга нар оролцдоггүй, хуулийн дагуу шалгаж байгаа эсэхэд аймгийн прокурор, орлогч нар хяналт тавьж ажилладаг байлаа. Тэгээд бүх зүйлийг анхнаас нь эхэлж, ахмад туршлагатай прокуроруудаасаа асууж, тэднийхээ нөмөрт их зүйл сурсан даа. Дугуйн спортын мастер Чулуун прокурортой хамт ажиллаж байсан, их зөөлөн, уурладаггүй, асуусан зүйлийг их тайлбарлаж хэлж өгдөг, өрөөгөөрөө дүүрэн номтой, шүлэг бичдэг, хөдөлмөрч хүн. Прокурорын байгууллагад 34 жил ажиллахдаа  олон сайхан туршлагатай мэргэжсэн прокуроруудтай хамт ажиллаж байлаа.Тухайлбал, Л. Оросмаа, Цэвэгсүрэн, Ширэндэв, Дэлгэрнасан, Эрдэнэчимэг гэх мэт хэлээд байвал барагдахгүй олон байна даа.

Бүсгүйчүүддээ, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргалыг хүсье. Ярилцлага өгсөнд  Баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (220.121.136.155)

    2019-03-09

    er ni awilga heel hahuuliig emegteichuud ih awdag ted tsaddaggui

  • үнэн (66.181.166.134)

    2019-03-09

    амьдралаа ч, ажлаа ч аваад явна гэнэ үү? Энэ тун ноцтой үг бна. Прокурорын хүнд хэцүү ажлыг хийнгээ амьдралаа зохицуулна гэнэ үү? Хээл хахууль авахгүй л бол энэ бол боломжгүй зүйл. Амьдралаа авч явангаа прокурорын ажлыг хийнэ гэдэг нь аль нэгийг нь дутуу хийж бна гэсэн үг.