Хоёр амьдралыг сүйрүүлж мэдэх ганц хормын уур бухимдлаа тэвчицгээе

Барилга дээр ажилладаг нэгэн залуу ажлаа тараад гэртээ ирж, “Хоолны давсаа багадууллаа’’ гэж эхнэр рүүгээ утсаа шидсэнээр нүдийг нь сохолсон байна. Эхнэр нь нүдэндээ хүнд гэмтэл авч насан туршдаа харааны бэрхшээлтэй болж, нөхөр нь найман жилийн ял авчээ. Энэ бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн бодит нэгэн жишээ юм. Ийм хэрэг гарснаар тухайн айлын амьдрал сүйрч, үр хүүхдээ насаар нь хохироож байна. Мэдээж нөхөр нь эхнэрийнхээ нүдийг сохлоё гэж бодоогүй ч тэрхэн зуурийн уур бухимдлаа барьж чадаагүйгээс ийм байдалд хүрчээ. Үүний адил гэмт хэрэг эргэн тойронд маань гардаг ч бид түүнд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй юм шиг. Гэвч энэ нь ихээхэн уршигтайг албаныхан тайлбарлаж байна.

Гэмт хэрэг үйлдэнэ гэж боддоггүй ч гудамж талбайд хэн нэгэнтэй муудалцаад харилцаа, хандлага муу, уур омог ихтэйгээс болж ганц цохилтоор гэмт хэрэгтэн болдог.

 

Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нь архидан согтуурахтай холбоотой ч хамгийн гол нь хүнийг хүндэлдэггүй, дээрэлхүү зантай, буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, бусдын үгийг хүлээн авч чаддаггүй зэрэг зан байдал нь гэмт хэрэг үилдэх хамгийн том шалтгаан болдог байна. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг буурах бүрэн боломжтой юм. Бид ямар нэгэн хэрүүлгүйгээр машинаа зогсоолд тавьж, гудамжаар нэгэнтэйгээ аятайхан зөрж, аливаа газарт тэвчээртэй дугаарлаж чаддаггүй дутагдалтай. Дийлэнх хүн хаа явсан газартаа стресстэж, уурлаж бухимдаж явдаг гэхэд болно. Иймд хүнтэй хүндэтгэлтэй харьцаж, нэг хором хүлээцтэй, уучлах орон зайтай, инээмсэглэн харьцаж, нэгхэн хором л уур бухимдлаа тэвчихэд энэ төрлийн гэмт хэрэг эрс буурна.

27 МЯНГАН ИРГЭН ГЭМТЛИЙН ЗЭРГЭЭ ТОГТООЛГОЖЭЭ

Энэ төрлийн хэргийн гаралт юунаас үүдэлтэй, иргэд хэрхэн хохирч байгаа талаарх тоон мэдээллийг дурдъя. Сүүлийн таван жилийн хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7-20 хувиар өсч, нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзлэх болов, Тэр дундаа жил бүрийн энэ үед ийм төрлийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг байна. Энэхүү судалгааг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас хийжээ. Энэ төрлийн гэмт хэргийн 61 хувь нь нийслэлд, 31 хувь нь орон нутагт үйлдэгдэж байна. Үүний нөхцөл байдлыг нарийвчлан авч үзвэл 40 хувь нь гэр орон, ахуйн хүрээнд, 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээ, шөнийн цэнгээний газар гардаг бол 22.00-06.00 цаг хүртэлх хугацаанд хамгийн их буюу 39 хувь нь үйлдэгдсэн байна. Өнгөрсөн онд зодолдож, танхайрсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад 9000 гаруй бүртгэгдсэн, шүүх эмнэлэгт 27 мянган иргэн гэмтлийн зэргээ тогтоолгох шинжилгээнд хамрагдсан, 6000 иргэн шүүхээр шийтгүүлсэн гэсэн тоо баримт бий. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн дийлэнх нь 20-40 хүртэлх насны залуус бөгөөд үүний 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Товчхондоо, уур омгоо тэвчиж чадахгүй агшин зуур л хүний эрүүл мэнд, аминд хүрч буйн илэрхийлэл юм.

 

УУР ОМГОО ТЭВЧВЭЛ АМЬДРАЛАА АВАРНА

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 90 орчим хувь нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байдаг аж. Үүний шалтгаан нь хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлэхгүй байх, архидан согтуурах явдал гэдгийг дахин тодотгоё. Залуус бусадтай үл ялих шалтгаанаас үүдэн маргалдаж, улмаар гар зөрүүлснээр эрүүгийн хариуцлага хүлээн сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүү бүр цаашилбал амьдралаараа хохирдгийг олон жишээнээс харж болно. Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд цагдаагийн байгууллагад “Миний машиныг мөргөчихөөд манай найз бид хоёрыг зодчихлоо” гэсэн дуудлага иржээ. Уг мэдээллийг шалгахад иргэн Д “машин мөргөлөө” гэсэн шалтгаанаар иргэн Г-ийн хамрыг мөргөж гэмтэл учруулсан байна. Ийнхүү хүний биед халдсанаараа иргэн Д Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд зааснаар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулах гэсэн зүйл ангиар цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэхүү зүйл анги торгуулиас авахуулаад 2-8 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх заалттай. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 21- ний өдөр нэр бүхий компанийн харуулын ажилчид ээлж солилцох үеэрээ “Цэвэрлэгээ хийсэнгүй” гэх шалтгаанаар хоорондоо зодолдож, нэгнийхээ биед хөнгөн гэмтэл учруулжээ. Тэд ганцхан хором нэгэндээ хүлээцтэй хандан ойлголцож чадаагүйн улмаас нэг нь гэмт хэрэгтэн, нөгөөх нь эмнэлгийн үүд сахиж, эрүүл мэндээрээ хохирсон нь харамсалтай.

Цагдаагийн хаалга татахаас гадна эдийн засгийн хувьд ч эмчилгээний төлбөр төлөхөөс авахуулаад хохирч байгаа юм. Харин хохирсон иргэн бол эрүүл мэнд, сэтгэл санаа, цаашлаад эмчилгээ хийлгэхийн тулд ажил төрлөөсөө чөлөө авах гээд олон асуудал гарч байна. Үүнчлэн нэгхэн хоромын уур омгоо барьж чадаагүйгээс гэмт хэрэгтэн болж, ял авсан жишээ үүнээс ч олон бий. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэргийн улмаас 2017 онд 22 хүн нас барж, өнгөрсөн онд 7957 хүн эрүүл мэндээрээ хохирсон нь харамсалтай. Энэ төрлийн гэмт хэргийн 50 орчим хувь нь соггуугаар үйлдэгдэж байгаа учраас шөнийн цэнгээний газрын ажиллах цаг, архи согтууруулах  ундаа худалдаалах цэгийн зөвшөөрлийг эргэж харах тухай цагдаагийн байгууллагаас холбогдох газруудад мэдэгдээд байгаа. Мөн залуучууд үл ялих шалтгаанаас болж гэмт хэрэгт холбогдож, хохирогч болж байгаа учраас мэргэжлийн байгууллагын зүгээс энэ талаар анхааруулж сэрэмжлүүлэн хор уршгийг нь танин мэдүүлбэл буурах бүрэн боломжтой гэж үзжээ.

УУР БУХИМДЛАА “УУЧЛААРАЙ” ГЭДЭГ ҮГЭЭР СОЛИХЫГ УРИАЛАВ

ЦЕГ-аас иргэд, олон нийтийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль эрх зүйн мэдлэг, ойлголт өгөх үүднээс олон төрлийн аян, хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Учир нь, шийтгэх, баривчлах, албадлага хэрэглэх нь гол биш, шударга ёсыг эрхэмлэж, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн үнэт зүйл, хууль сахин биелүүлэхийг таниулах замаар иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын гол зорилго байдаг. Тийм ч учраас энэ хүрээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ойлголцох нэг хором’’ буюу “Уураа тэвчье” аяныг орон даяар зохион байгуулж байна. Үүнийг ЦЕГ, Бокс болон сагсан бөмбөгийн холбоо, БСШУСЯ, их, дээд сургууль, “JCI Монгол” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд их, дээд сургуулийн 3000 гаруй оюутан, залууст хандлага, зөв амьдрах ухаан, харилцааны соёл, хуулийн хариуцлага, сэтгэл зүйн талаар лекц уншжээ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийгөш хонзон санаж, зориудаар үйлддэггүй, тухайн цаг үед уураа нэгхэн хоромд барьж чадаагүйгээс болдог. Залуучууд ихэнхдээ шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурсан үедээ уурлаж бухимдан танхайрч өөрийгөө болон бусдыг эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохирохоос гадна гэмт хэрэгтэн ч болох эрсдэлтэй. Иймд залуучууд минь нэг цохилт хоёр амьдралыг сүйтгэнэ гэдгийг ойлгож, хаа хаанаа хүлээцтэй, уур уцаараа тэвчиж, стресс бухимдлаа “уучлаарай” хэмээх үгээр сольж  хэрэглэж сурах хэрэгтэй болов уу.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)