Түдэв бол тэнгэрийн аянга шиг хүчирхэг сэтгүүлч мөн

ТАНЬДАГ НЭГНИЙГЭЭ ТАНИАГҮЙН УЧИР

Дэлхийн хэмжээний хүнд дэлхийн дэвжээ хэрэгтэй. Би санамсаргүйн учрал тохиолдлоор удирдлага дор нь олон жил хамт ажиллаж танилцсан тэр нэгэн зохиолч, сэтгүүлчийнхээ хөргийг бүтээх хүсэл тээгээд нэлээдгүй удсан. Бичиж үзсэн удаа ч бий. Гэтэл нэг л биш оргиод байх. Бусдаас ялгарах онцлогийг нь олж хэлж чадахгүй байснаас тэр биз. Олон жил хамт ажилласан таньдаг нөхрөө танихгүй байна гэсэн үг. Гэхдээ энэ нь тийм сонин асуудал огт биш. Тэгтэл саяхан сэрхийгээд явчихлаа. Далайн мэлхийг худгийн мэлхий таньдаггүйг дамшигласан хошин яриа байдгийг саналаа. Монгол ойлголтоор бол ямаагаа ялаагаар хэмжиж болохгүй гэсэн үг биз. Тэгэхээр миний таньдаг бөгөөтлөө танихгүй байгаа мөнөөх нэгэн бол дэлхийн дэвжээний тийм нэгэн мөн байж таарлаа. Засагт хааны авьяас бэлгэт зохиолч, сэтгүүлч олон харчуудын нэгэн хэмээн ойлгож явсан танил маань “дэлхийн хүний цонх“-оор харсан тань огторгуйн цагаан Үүлэн дээр хөрвөөгөөд тэнгэрийн гүн рүү алсарч одох хурмастын хөх луу гэгчийн нэгэн хувилгаан дүр гарцаагүй мөн байгааг танилаа. Тийм ээ, дэлхийн хэмжээний цонхоор харваас тэр яалт ч үгүй хурмастын хөх луу шиг хүчирхэг оюун сэтгэхүйтэй сэтгүүлч, зохиолч мөн байж харагдлаа. Харин энд хурмастын луу гэгч ойпголтын талаар бяцхан тайлбар хийхгүй бол миний энэ бодлыг дэндүү хөнгөн хөвсөргөн гэж голно буй заа. Учир гэвэл, луу гэгч нь тодорхой нэр зүстэй бодит хүний ажил амьдрал дээр буулгаж ойлгохын тухайд бол Монголдоо бараг цоо шинэ ухаарал. Учир гэвэл луу гэдгийг манайхан бүхнийг ялан дийлэгч хүмүүн төрөлхтний оюун сэтгэлгээний аугаа их сүр хүчний бэлгэдэл гэж ойлгодоггүй зөвхөн зохиомол домгийн дүрс зураг гэж боддог байгаа юм. Энэ удаа миний харж байгаа дэлхийн дзвжээний тэр цонх” бол эртний Хятад оронд манай тооллын өмнөх 604 онд төрсөн алдарт их сэтгэгч Кунзын цонх байгаа юм.

 

ЦЭЦЭН БИЛГЭТ ОЮУН СЭТГЭЛГЭЭНИЙ СҮЛД

Кунз бээр нэгэн удаа шавь нартаа хандаж хэлсэн үгнээс миний энэ эрэл хайгуул эхэлсэн. Кунз гуай хэлэхдээ: “Шувуу нисч чаддагийг, загас усанд шумбаж чаддагийг, ан амьтад хурдан хөлтэйг би мэднэ. Бас нисч явааг нь харваад, усан дахийг нь тороор шүүрдээд, хурдан хөлтөнд нь хавх зүүгээд барьж болдгийг ч мэднэ. Харин лууг яах ёстойг бүү мэд. Тэр үүлэн дээр хөрвөөгөөд тэнгэрийн гүн рүү одно’’ гэжээ. Энэ асуулт бол бага залуу шавь нар байтугай үхэхээс бусдыг үзсэн өтөл буурал эрдэмтэнд хүртэл самгардаж мэдэхээр бэрх асуулт. Тэрхүү луу гэдэг чухам үнэндээ юу юм бэ. Нээрэн лууг юугаар, яаж барьж болох юм бол оо. Шувуу шиг нисдэггүй, загас шиг шумбадаггүй, ан амьтан шиг давхидагтүй, зөвхөн үүлэн дээр хөрвөөдөг юм байж. Тэр тэгэхээр юу юм бэ. Хүн үүлэн дээр хөрвөөж, тэнгэрийн гүн рүү одно гэж байхгүй. Лууны зургийг Ази тивийнхэн андахгүй сайн танина. Матар ч юм шиг. Гэхдээ арай ч биш. Нисдэг гүрвэл, эсвэл могой юм уу гэмээр боловч яав ч биш.

Гүрвэл могой аль аль нь эвэргүй, дэл зогдоргүй, тэр бас чихгүй. Тэгвэл бидний байнга хардаг тэрхүү луу хэмээгчийн дүр зураг бол ямаа шиг эвэртэй, сарлаг шиг сүүлтэй, арслан мэт дэл зогдортой, үхрийнх шиг том нүдтэй, тэмээнийх шиг гоё чихтэй, үлэг гүрвүүл мэт араа шүдтэй, загас мэт хайрстай байдаг. Ерөнхийд нь ажваас манай гариг дэлхийд амьдардаг амьтдын хамаг сүртэй хүчирхэг эд эрхтнийг түүж аваад хооронд нь зүйж наагаад нэг сүрлэг амьтны дүрс бүтээчихсэн юм байлгүй гэлтэй. Гэтэл сайхь Кунз бээр мөнөөх яриагаа залган хэлэхдээ  “Өнөөдөр би Лаозтой уулзлаа. Тэр луу биш байгаа” гэжээ. "Луу биш байгаа” гэдэг нь “Луу мөн шиг байна” гэсэнтэй утга дүйж байна. Гэтэл хүнийг бол “Яах ёстойг бүү мэд” гэж энэ их сэтгэгч эргэлзэх учир байхгүй. Хүнийг яавал яаж чадна. Тэгэхээр тэр бээр Лаоз хэмээх тэр хүнийг биш харин хүн хүнээс илүү мэргэн сэтгэдэг түүний цэцэн билэгт оюун сэтгэлгээг луу гэж хэлсэн нь мэдэгдэж байна. Кунз мэтийн эртний мэргэн ухаантны бодлоор луу гэдэг маань хүний гоц мэргэн оюун сэтгэлгээний сүр хүчийг л дуутай тэнгэрийн аянга цахилгаанаар адилтган сүрлэг болгосон ойлголт мөн биз. Бүр тодруулж хэлбэл, хурмастын луу гэдэг ойлголт хорвоогийн төгс төгөлдөр бодит үнэний сүлд тэмдэг буюу одоогийн хэлдгээр бодит үнэний бэлгэдэл /лого/ мөн шиг байна.

Бодвоос лууны тухай хэдэн арав, зуун янзын үлгэр домог, онол сургаал байдаг байх. Гэвч тэр бүхнийг оноож мэдэхгүй учраас зөвхөн мэргэн Кунзын дээрх үгнээс өөрт төрсөн бодол эргэцүүллээ л үнэний дээд үнэн хэмээн өргөн мандуулж байна. Бүддийн шашин бол үндсэндээ гүн ухааны шашин учраас тэгдэг юмсан уу, ямар боловч энэ шашны сүм дуган, бас бүддийн шашинт улс орны төрийн ёслолын ордон өргөөг тэр байтугай төр шашны ихэс дээдсийн гоёл хүндэтгэлийн дээл хувцсыг хүртэл луун хээгээр чимэглэдэг нь чухамдаа бол сод мэргэн оюун ухааныг биширсний илэрхийлэл хэмээн харж байна. Түүнээс биш зүгээр л нэг матар, үлэг гүрвэл зэргийг дээдэлсэн гэнэн хүндэтгэл биш байж таарна. Энэ утгаар би “луутай тэнгэр” хэмээн агаар тэнгэрийг биш гоц мэргэн сэтгэгч монгол хүний оюун сэтгэлгээг өргөмжлөн нэрлэж байна.

ТЭНГЭРИЙН ЛУУ БОЛ ТЭНГЭРИЙНХ БИШ ДЭЛХИЙНХ БОЛОХ ТУХАЙД

Өмнө өгүүлснээс үүдэн бодоход хүмүүн төрөлхтний хөгжлийн үеүд өөр өөрийн амьдралын өвөрмөц зам мөрийг гэгээрүүлэн тольдогч хүмүүн луунуудыг төрүүлж, тэр нь тухайн үеийн дэвшил хөгжлийг боймлон саатуулагч хамаг худал хуурмаг бүхнийг бут ниргэн, амьдралын замыг цэвэр тунгалаг болгодог байж болох аж. Ийм л арга замаар тэнгэрийн луу дэлхийд бууж тодорхой улс нийгмийн оюун сэтгэлгээг урагш нь хөтөлж, тэр мөрөөр улс түмэн урагшлан хөгждөг шиг байна. Надад хичээл заасан эрдэмтэн багш нарын зааж өгснөөр тийм мэргэд нь Адам Смит, Давид Рикардо, Роберт Оуэн, Гегель, Фейрвах, Маркс, Энгельс, Ленин тэргүүтэн бол яах аргагүй л хүн төрөлхтний мэргэн луунууд мөн байсан гэж итгэж байна. Бурхан багш Зонхов, Монголын их эрдэмтэн Агваандандар, Занабазар, Лувсанданзанжанцан, Лувсанпэрэнлэй, Жамъянгарав, Данзанравжаа, Дамдинсүрэн, Ринчен, Ширэндэв тэргүүтэн бол луутай тэнгэр шиг их сэтгэгч мэргэд мөн байсан биз ээ. Миний мэдэх бодит баримт гэвэл “Үнэн” сонины алдарт эрхлэгч Лодонгийн Түдэвийг тиймл их ухаантан мөн байж хэмээн таньсан юм. Гучин хэдэн жилийн дараа эргэн бодоход тэр хүн бол тэр үеийн бэсрэг сэхээтэн биднийхээ дэргэд яалт ч үгүй хурмастын хүчирхэг оюун сэтгэлгээтэн байсан, одоо ч тийм байгаа. Итгэхгүй байгаа бол ерээд оны “Үнэн”, эсвэл өнөөгийн “Дал” сониныг уншаад үзэгтүн. Хэрвээ залхуурвал “Дал” сонины зөвхөн ганц дугаарыг аваад унш. Тэгвэл аяндаа нүдний ялгаа тань арилах болно.

“Дал” бол цэцэн билэгт оюун сэтгэлгээний нэвтэрхий толь болсон сонин. Тэгэхдээ Түдэв “Дал” хоёрт нэг содон онцлог бий. Тэр хоёр над шиг цулгуй үгээр бус дандаа сонирхолтой үнэн “баримтаар ярьдаг”. Тиймээс үг нь дандаа тархи зүрхэнд нэвчиж шингэхээр үнэн бодитой байдаг.

 

Хорвоод адилхан их ухаантан хаана, хэзээ ч төрж болно. Тиймээс Түдэвийг эртний Азийн билэг танхай их ухаантантай, эсвэл сүүлийн үеийн Монголын хамгийн нэртэй том эрдэмтэн эрхэм нөхөдтэй зүйрлэж яагаад болохгүй билээ. Болно, болно гарцаагүй болно. Би тийм л утгаар ярьж байна. Ер нь Монгол Улс бол хэдүй цөөхөн хүн амтай боловч хүн амын тоотой нь харьцуулбал хурмастын ухаантан хэмээн зүйрлэж болох цэцэн билэгт оюун ухаантан хамгийн олонтой улс гүрэн байж магадгүй юм. Тэдний нэг нь Лодонгийн Түдэв хэмээх энэ хүн мөн.

Өнгөрсөн XX зууны ерээд оны “Үнэн” сонин тухайн үеийн нийгмийн хоцрогдол хийгээд ажлын дутагдал доголдлыг үнэхээр л тэнгэрийн аянга буух шиг бут ниргэж байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Гэхдээ үнэнчүүд нь Монгол дахь социалист байгуулалтыг үгүйсгэн буруутгаж, түүнийг устган сөнөөх тухай дуугарч байсан удаа байхгүй. Хэргийн гол нь социализмыг устгахад биш харин улам төгөлдөр боловсронгуй болгох, одоочлон илэрхийлбэл, зүүн хойт Европын Швед, Норвег, эс бөгөөс Азийн Хятад улсын хүмүүнлэг ардчилсан социализм шиг болгохыг зорьж байсан. Нам ба төр, засгийн удирдлагыг маш тодорхой баримт түшин шүүмжилж байсан. Гэхдээ социализмыг удирдан жолоодож явсан Ардын намыг улс төрийн тавцангаас арчиж зайлуулах, социалист төр, засгийг устгаж үгүй хийх тухай асуудал хэзээ ч босгон тавьж байгаагүй. Зөвхөн хэт намчирхаж, хоосон захиргаадсан өрөөсгөл арга барилыг өөрчлөхийг шаардаж байсан. Энэхүү шахалт шаардлагыг мөнөөх Лаозын хэлсэн зарим сургаал үгийн дэвсгэр дээр тавиад харахад түүнтэй ихэр мэт адил харагддаг.

 

Үүнтэй холбогдуулж –хамгийн чухал гэж боддог нэг эшлэл үгийг энд дурдья. Энэ үг одоо цагт мөнөөх “ардчилал ардчилал” гэдэг шиг бүх нийтийн сэтгэл зүрхний харуул манаа болж байгууштай чухал үг. 2500 гаруй жилийн өмнөөс тавьсан тэрхүү үгэн сум нь сүүлийн жилүүдийн манай улс төрийн зан суртахууны гажуудпыг яг л шагайсан мэт онож байгаа нь бүр гайхамшигтай. Тухайлбал, Лаоз гэгч бээр “Алдар хүндийг амталж, эд баялгийг эзэмшсэн хүн тэр дороо л бардам болж, үйлдсэн гэмийн төлөөсөнд шийтгэл ирдгийг амархан мартдаг" гэж анхааруулжээ.

 

Энэ юу гэсэн үг вэ. Өндөр албан тушаалтнууд эрх мэдэлдээ ташууран аюултай гэм нүгэл үйлддэг гэсэн үг. Нэгэнт нүгэл хийсэн болохоор цээрлэл хүлээх ёстой байдаг гэсэн үг. Цээрлэл хүлээлгэхгүй зоргоор нь тавибал улс нийгэм нь нөхөж баршгүй хохирол сүйтгэл амсч байдаг гэсэн үг. Энэ зовлонгийн гашууныг ханатал амссан орон бол Монгол. Л.Түдэв бээр хүний хорвоод аюултай саад тотгор болдог энэ гунигт үнэнийг “Үнэн” сонинд ирэхээсээ бүр өмнө хошин шог дүрслэлийн хэлээр яруу тод хэлсэн удаатай. Тэр бол мөнөөх “Зэрэг нэмэхийн өмнө” хэмээх инээдмийн кино.

Зэрэг нэмэх гэдэг нь одоогийн ойлголтоор бол албан тушаал хөөцөлдөх гэсэн утгатай хэллэг. Кинонд гарахдаа инээдмийн дүр харагддаг боловч амьдралд биетээрээ буугаад ирэхээр ямар ч аймшигт хэлмэгдүүлэл хийхээс буцахгүй жинхэнэ улангассан амьтас байдаг юм байна. Үүнчлэн сэхээрвэл, Лаоз мэргэний эшлэл үг, Л.Түдэвийн “Зэрэг нэмэхийн өмнө” киноны дүр хоёр эдүгээ цагийн зарим ухвар мөхөс монгол ноёдын үнэн нүүр царайг энэчлэн онь холбон илчилж байгаа нь луун дүрд хувирган дүрсэлдэг цэцэн билэгт оюун сэтгэлгээний цуутай нэгэн гайхамшиг мөн буюу. Би дээрх үнэнийг ухаарсны үндсэн дээр нэг зүйлд эргэлт буцалтгүй итгэдэг болсон. Юунд хэмээвэл аливаа ард түмний түүхэн хувь заяа зөвхөн ганц л зүйлээс тухайлбал, голлон удирдах хүнийхээ ааш араншингаас болдогт итгэдэг болсон. Л.Түдэв гэх энэ хүний удирдлага дор долоон жил хамт ажилласнаа эргэж бодоход түүний шударга зан чанар, эрдэм оюуны өргөн цар хүрээг гадарладаг болсон боловч тэр бүх давуу тал нь түүний хүмүнлэг энэрэнгүй зан ааштай нь холбоотой байсан болохыг би бас сайн таниагүй явсан шиг санагдаад өөрөөсөө зовдог. Нөгөөтэйгүүр бас бахархдаг. Би “Хурмаст тэнгэрийн луу” шиг хүчирхэг оюунлаг хүнтэй бүтэн долоон жил хамт ажиллаж явсан хүн. Чингэхээр би бахархахгүй бол хэн бахархахсан билээ.

Энэ хүн зөвхөн төрөлх зөн билгээрээ тийнхүү гүн сэтгэж, бардам сагсуу удирдагчдын балгаар Монголын ард түмэнд ирж болох аюул хөнөөлөөс сэрэмжлүүлэх харанга дэлдэж байсан, дэлдэж байгаа хүн юм. Чингэхээр Лодонгийн Түдэвийг “Луутай тэнгэрийн аянга, цуутай Монголын харанга” гэж нэрлэж байна. Бодит үнэнийг туйлаас эрхэмлэдэг түм буман уншигч надтай санал нийлнэ гэдэгт итгэж байна. Удирдагчдыг нэр заан шүүмжилж огт дасаагүй учраас хэлмэгдүүлж ч мэдэхээр эмнэг догшин байсан гуч дөчин жилийн өмнөх тэр үед төр, засгийнхаа удирдагчдыг тэгтэл хурц дайчин шүүмжилж нийгмийг нэлэнхүйд нь доргиож байсан нь монгол түмний сайн сайхны төлөө өөрийгөө огоорсон эр зоригийн хэрэг мөн байсан. Тэр тэгэхээр хүн сайтай хүн. Яагаад гэвээс мөнөөхөн Лаоз бээр “Хүн чанартай хүмүүс эр зоригтой байдаг” гэж хэлсэн байдаг юм билээ.

ТӨР ЗӨНДӨӨ ОЛОН ЭРХТЭЙ БОЛОВЧ ЕРДӨӨ ГАНЦХАН ҮҮРЭГТЭЙ

Л.Түдэвийн бүтээл туурвил бүхэнд лугшиж байдаг нэгэн амин судас бий. Учир гэвээс, тэр бээр шударга байхгүйгээр улс нийгмийг зөв удирдаж болохгүй гэж үздэг хүн.Ерөөс төрт ёсны онол сургаалын үндсийн үндэс нь энэ үзэл мөн байх.

Төртэй байна гэдэг нь шударга байна гэсэн үг. Тэгвэл энэхүү язгуурын үзэл санаа Түдэвийн “Зэрэг нэмэхийн өмнө” гэхчлэнгийн зарим сод билгүүн уран бүтээлд нь шингэсэн байдаг төдийхөн бус аа. Нэгэн мянга есөн зуун ерээд оны “Үнэн” сонины нийтлэлийн бодлогыг удирдахдаа чухам энэхүү язгуур үнэнийг үндсэн чиг шугам болгож байсныг тус сонинд хамт ажиллаж байсан бидний ахмад сэтгүүлчид нэгэн дуугаар нотолж чадна.

Улс нийгэм нь хүн нэг бүрийнхээ төлөө сэтгэл зовон тэмцэх уриатай социалист аж төрөх ёс төлөвшиж байсан боловч ихээхэн дутуу дулимаг байсан нь гарцаагүй үнэн явдал. Заримдаа бүр ноцтой завхардаг нь ч байсан. Жишээлбэл, нэгдлийн ихэнх малчид насаараа ажиллаад төлж дийлэхгүй өрөнд баригдаж, жирийн албан хаагч сэхээтэн болон ажилчдын хөдөлмөрийг хагас дутуу үнэлж, цалингаас цалингийн хооронд тэвддэг байсан нь юуны өмнө төр, засгийн мэдэмхийрхэгч удирдагчдын хясан боогдуулах шударга бус бодлогоос болж байгааг хурц тод баримтаар шүүмжлэн илчилдэг байсныг уншигчид мартаагүй байх. “Дэглэгчдэд дэг хэрэгтэй”, “Далай ээж цаазын тавцанд”, “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, “Тэжээгчээ алдвал тэтгэврийг хэн хариуцах вэ”, “Боловсон хүчин бүхнийг шийднэ (хорин захидлын хоёр нүүр)”, “Цус ойртсон яам”, “Нийслэлийн бохир тойрог” зэрэг уншигч түмэнд тэр гарчгаараа дуртгал болон үгүйлэгдсээр явдаг олон нийтлэл бий. Нөгөөтэйгүүр, 1990-ээд оны үед “Үнэн” сонинд дугаар алгасахгүй гарч байсан дотор арзгануулсан гашуун үгтэй атлаа сэтгэл бүлээцүүлсэн хүмүүнлэг агуулгатай нийтлэлийг тус сонины олон сурвалжлагч бичдэг байсан боловч тэр бүхний цаад талд мөнөөх Түдэв эрхлэгч сууж байдагсан. “Үнэн” сонины нийтлэлийн энэ тууштай бодлого нь “Шударга байхгүйгээр улсыг удирдаж болохгүй” гэсэн Лаозын үгтэй утга санаа бүрэн дүйж байсан байдаг. Гэвч Түдэв эрхлэгч тэр хүний ийм үг байдгийг гуч, дөчин жилийн тэртээх тэр үед уншиж сонсоогүй байсан нь лавтай үнэн бөгөөд Лаозын тухай Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын ном бүр хожим 2002 онд хэвлэгдсэн байдаг юм.

ҮНЭНИЙ ТУХАЙ ҮГЛЭЛ

Л.Түдэвийн зохиол бүтээл илүү их баримтлаг үнэн агаад уран нарийн дүрслэлтэйгээрээ зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэж байдаг. Монгол хүн мөн л юм бол хаана, хэзээ ч нэг нэгэнтэйгээ ус мөрөн шиг нийлэмжтэй, нарны гэрэл туяа шиг алагчлалгүй энэрэл хүртээмжтэй, ээж нар шиг хайр энэрэлтэй, эцэг хүн шиг бүхэнд түшигтэй, төр нь төмбөгөр, ёс нь ёмбогор байж гэмээ нь энэ дэлхийд нэрээ мандуулан аз жаргалтай амьдарч чадна гэсэн амьдрахуйн ухааны язгуур чанар тэр хүний бичиж туурвисан роман тууж, өгүүллэг, найруулал хийгээд жүжиг киноны зохиол, олон зуун нийтлэлд нэвт шувт шингэсэн байдгийг уншигчид бэлхнээ мэдэх тул би юу нэмэхсэн билээ. Харин энд ганц л асуудлыг товойлгох хүсэлтэй байна. Юуны тухайд гэвэл үнэний тухайд юм.

Үнэн гэдэг нь хамгаас чухал. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж амтай бүхэн ярьдаг ч бас тийм амархан зүйл огт биш байна. Үнэн үгтэй учраас олон хүн ерээд оны үнэнчүүдэд тэр үед дургүй байсан гэхээр үл барам ардчиллын анхны салхийг “Үнэн” сонин хагалж өгсөн тэр түүхэн үнэнийг манай ардчиллынхан хүртэл хүлээн зөвшөөрөх дургүй байх шиг байдаг юм. Ганц Түдэвт биш ер нь үнэн үгээр ярьдаг уран бүтээлчид жишээлбэл Г.Жамъян Ц.Дашдондов зэрэг сэтгүүлч, Б. Ринчен, Д.Сэнгээ.Т. Галсан, Р.Чойном нарын зохиолчдод олон хүн ялангуяа сайд дарга нар тааруухан ханддаг байсан.

“Үхэр унасан хүнд нохой өшөөтэй, үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй” гэж үгтэй юм чинь яалтай билээ. Худалч, хулгайч авлигач, хуйвалдагч луйварчдын тоо олширч нэмэгдэх тусам Түдэв ба түүний намд жихүүрхэгчдийн тоо үржиж, олширч байсныг 1994 оны Ерөнхийлөгчийн сонгууль бэлээхэн харуулсан. Үнэнийг сонсоё гэвэл нөхөр Л.Түдэвийг л Монгол Улсын Ерөнхийлөгчөөр үг дуугүй сонгох нь зөв байсан. Тэгтэл олонх сонгогч татгалзаж орхисон. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгч болсон. Авлигач, луйварчдын аз нь харин шовойсон. Өнөөдөр бүр од сар болтлоо мандав бололтой.

ОЮУНЛАГ АЛТАЙН ОРГИЛ САРЬДГУУД

Монголын хүн, мал хоёрыг төрөлх эх нутагтайгаа адил төстэй гэдэг. Оргүй үг яав ч биш. Би энд оюунлаг сэтгэлгээгээрээ оргил сарьдаг их уулс шигээ өндөрт цойлсон Хүмүүн Алтайг онцлох гэж байна. Чухмыг хэлбэл, зулай цагаан Алтай нутаг бол билэг танхай авьяастны өлгий нутаг мөнийг хэлэх гэсэн юм. “Алтай нутгийн Чадраабал гуайн хүүг хэн гэдэгсэн билээ” гэж асууваас захын хүн “Яагаав өнөөх “Тунгалаг Тамир”-ыг зохиосон Лодойдамба гуай шүү дээ” гэж түвэггүй хариулна. “Лодонгийн хүү хэнсэн билээ” гэвээс “Яагаав өнөөх “Дал” сонины Түдэв гуай байхгүй юу” гэнэ. “Пунцагийн хүүг хэн гэдэг байлаа” гэвээс “Яагаав өнөөх компьютерийн санах байгууламж шиг их ой санамжтай Жасрай сайдыг хэлдэг байхгүй юу” хэмээн хариулах жишээтэй. Тэд бол Монголын ард түмний оюунлаг сэтгэлгээний ноён оргилууд учраас нийтээрээ тийнхүү танина.

Манай сэтгүүл зүйн салбарын байц сарьдгууд гэвэл М.Цэдэндорж, Ц.Балдорж, С.Галсан, С.Пүрэв, Б.Галаарид, Р.Чулуун, С.Лочин, Чилаажав, Ү.Хүрэлбаатар гээд олныг дурдаж болно. Харин энэ удаад тэр олны тухайд бус зөвхөн ганц л билэг танхай хүнийг нийтлэлийнхээ хойморт залж, уншигчдынхаа оюуны мэлмийд өргөн барих гэсэн юм. Тэр бол Лодонгийн Түдэв мөн гэдгийг уншигчид хэдийнэ мэдсэн байж таарна. Л.Түдэв нь хамгийн их оюунлаг ухаантан мөн байна гэж би сайндаа таньсан юм биш. Олон улсын судпаач, эрдэмтдийн үнэлгээг үндэслэн АНУ-ын шинжээчид таньж, дэлхийн хамгийн оюунлаг зуун эрхэм хүний нэгээр 1995 онд шиг санагдана тодруулж, үнэмлэх гэрчилгээгээ хадгалуулсан байдаг юм. Долоон тэрбум  хүн амтай дэлхий дахины тэргүүнд цайвалзан зүмбэрлэх зуун цагаан оргилын нэг нь зулай цагаан Алтай нутгийн хүү Л.Түдэв байж таарсан нь монголчууд бидний хувьд түмэнтээ бахархах бахархал мөн буй за.

Л.Түдэв бол Алтай нутгийн хүн. Говь-Алтай аймгийн Наран сумынх. Өвөр замын бууц нэртэй газар төрсөн юм гэсэн. Л.Түдэв бол төрөлхийн цэцэн билэгт бүтээлч уран сэтгэлгээний удамшилтай хүн байх. Түүний эцэг Лодон гуай нь сайн мужаан байсан гэдэг. Түдэв бас мужаан хийе гэвэл хийдэг гэсэн. Мужаан хүн бурхан ухаантай байж таарна. Ээж нь бас мэргэн цэцэн ухаантай хүн байсан юм билээ. Алс Алтай нутгийн Түдэв хүү хоймор нутгийн сайхан залуу бүсгүй Н.Цагаачтай хайр сэтгэл нийлэн сууснаас хойш гурван хүүхдийн аав, ээж болж тэднийг ном эрдэмд сурган, амьдралд бие даалган мордуулжээ. Тэр хоёр тавь гаруй жил тус тусын аюулхай чээжиндээ хос хоёр зүрх харилцан тээж, чин үнэнчээр амьдарч байгаад хайрт хань нь хэдэн жилийн өмнө бурхан болжээ. Хэчнээн гашуун харамсалтай боловч үйлийн үртэй хорвоогийн жам ийм хойно хүмүүн бид яахсан билээ.

Түдэв 1935 оны гахай жилд төрсөн байна. Одоо л хуучин тооллоор наян таван насны босгыг давж яваа хүн. Уран бүтээлчийн хувьд бол чухамхүү оргил үедээ ирж байгаа ануухан уран бүтээлч. Монгол Улсын ирээдүй түүний шинэ шинэ уран бүтээлийг хүлээж байгаа. Түдэв бол Монголын ард түмний итгэл найдвар. Тэр бол бас манай оюун сэтгэлгээний шинэ шинэ боломж. Учир гэвэл, Монголын байдал өнөөдөр их хүнд, түвэгтэй болж байна. Шударга байхгүйгээр улсыг удирдаж болдоггүйн гашуун сургамжийг дэлхий дахинаа бодитой үзүүлж байна.

Хэрэвхүйеэ би үнэн зөв бодож байгаа бол Монголын сүүлийн найман зуун жилийн түүхэнд байгаагүй хамгийн хүнд үе нь өнөөдөр тохиож байх шиг байна. Найман зууны тэртээ их хүнд байсан боловч тэр нь Монгол Улс бүрэлдэн бий болж, тусгаар тогтнон хөгжих өсөлтийн үеийн хүндрэл байсан. Харин одооных бол огт өөр. Учир гэвээс, дэлхийн их гүрнүүд Монголыг дахин хувааж идэх аюулт өрсөлдөөн аймшигтай их газар авч байна. Нөгөө талаар дотоод талдаа бол авлигачдын алтан үе эхэллээ. Монголын тархи толгой дээр арав хорин хүчирхэг тэмтрүүлтэй арваалж шигдчихсэн байна. Түүнийг луутай тэнгэрийн аянга л ниргэх учиртай. Ирээдүй чухам хаашаа, хэрхэн эргэх нь бүрхэг байна. Ийм тохиолдолд шувуун тархитай ноёд түшмэд түм бумаараа байсан ч нэмэргүй. Луун сэтгэлгээтэн ганц байсан ч ганцаардахгүй.

Л.Түдэв л хэрэгтэй. Түүний тосон дуранг царцааж, сүүн сэтгэлийг ээдүүлж болохгүй. Түдэв бол тэр чигээрээ дундаршгүй баян сан хөмрөг. Юуных нь Оюутолгой билээ. Хэдэн Оюун толгойн чинээ их эрдэнэ баялаг Түдэвийн толгой дотор бий. Тэнд дандаа оюун сэтгэлгээний очир эрдэнэс байж байгаа. Авлигагүй, алагчлалгүй, нэн хариуцлагатай, чин шударга монгол амьдралыг мандуулах тухай Түдэв тэргүүтний гэгээн үзэл санаа яваандаа Монголд ялна. Заавал ялах болно.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • (64.119.18.159)

    2019-03-20

    Очирбат ерөнхийлөгч Монголыг ухсан нүх, хулгайн үүр болгохын эхийг тавьсан даа...

  • (64.119.18.159)

    2019-03-20

    Энэ хүнийг дахин дахин магтахын учир юун. Цагаан хэл ам ширтэл нь магтаж байна шүү.Хайртай юм бол одоо болилдоо...

  • oyunchimeg (202.131.243.186)

    2019-03-15

    Бид сонголтоо буруу хийсэндээ харамсаад барахгүй, П.Очирбатыг сонгосон нь алдаа болсон, Түдэв гуайгаа сонгосон бол боловсрол соёл, шинжлэх ухаанаа хөгжүүлж оюуны их бяраараа бар улс болох байлаа, нөгөө нөхрийг сонгосон чинь алт хөтөлбөр энэ тэр гэж байгаль орчин уул хайрхнаа сандаачиж ус мөрнөө бохирлож боловсрол уруудаж алт эрдэнэст шунасан луйварчид, авлигачид, оффшорчид олширч ард олон хоосорлоо, хайран ч цаг хугацааг уруудаж өнгөрөөлөө дөө хөөрхий, 100 эрхэмээр Түдэв гуайнхаа үг сургаалийг ядаж сонсоод авах завшаан байна уу үгүй юү, хэвлэлийхэн энэ сайхан хүнтэй ярилцдаг ч болоосой... Х.Цэвлээ гуайдаа энэ эрхэм соён гийгүүлэгчийн тухай бодит үнэнийг цухасхан гэсэн ч бичсэнд баярлалаа.

  • Zochin (203.91.116.46)

    2019-03-14

    Tudeviig neg udaa Erunhiilugchuur songoson bol Mongol eguugee arai l uur baih baisaan. Ochirbat Mongol tumnii umnu ih nugel hiisen dee...

  • (139.5.219.48)

    2019-03-14

    Элбэгдоржийг 8 жил ерөнхийлөгч хийлгэж бас ерөнхий сайд болгоод монголын ард түмэн хууртаж байсан гэхээр голдоо ортол гомдох юм Бид Зориг Түдэв Батэрдэнэ гурвыгаа нэлээд гомдоосон байхаа

  • иргэн (66.181.169.110)

    2019-03-14

    өөрөө зөнөтлөө наслахгүй юм байна л даа.

  • (202.55.188.38)

    2019-03-14

    cham shig nus chichii huruund ni ch hurehgui.harhad chi hun bolovch adguusnaas dor huvi zayand torjee chi

  • зочин (202.179.31.107)

    2019-03-14

    газрын аянга гэж байх уу

  • Хайдо (202.9.42.48)

    2019-03-14

    Хувьсгалыг ухаантанууд хийдэг гэвч хамгаалж чадахгүй бол увайгүйчүүд ашигладагийн тод жишээг манайхан харуулсан.Хэрэв ерөнхийлөгчид Түдэв гуайг сонгосон бол монгол өнөөдөр улс шиг улс,олон түмэн зовлонгүй байх байсаныг юманд ухаантай ханддаг монголчууд тийм гэж хэлэх байх.Гэтэл хээгүй хүнийг сонгосоноор өнөөдөрийн ийм задгай бодлоггүй,авилгагч улс болгох нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тэхээр сонгогч нар минь сонгуульд ухаангүй хандвал зовлон нь бүгдэд яаж тусдагийг амьдрал дээр харж байгаа биздээ.Иймд сонгуульд ухаалагаар хандаж үнэн сэтгэлээсээ,эрэгцүүлэн бодож зөв сонголт хийвэл бид сайхан амьдарч болно гэдгийг цаг үргэлж санаж сонголтоо хийхийг хүсье.

  • (202.9.43.87)

    2019-03-14

    Цэвлээ зөнөг

    иргэн (202.9.43.87)

    2019-03-14

    өөрөө зөнөтлөө наслахгүй юм байна л даа.

    2019-03-14

    cham shig nus chichii huruund ni ch hurehgui.harhad chi hun bolovch adguusnaas dor huvi zayand torjee chi

  • (124.158.125.10)

    2019-03-14

    1992 ond ene huniig Eronhiilogch bolgoson bol Mongol uls onoodor iim archaagui baidaltai baihgui bailaa. Ochirbatiig songood l mordohiin hazgai bolov doo.....

    2019-03-14

    Очирбат ерөнхийлөгч Монголыг ухсан нүх, хулгайн үүр болгохын эхийг тавьсан даа...