“Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой нөлөөтэй зарим салбарын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа билээ.

Цуврал хэлэлцүүлэг өчигдөр “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдвээр үргэлжиллээ.Төрийн байгуулалтын байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, олон улсын туршлага, түүнийг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан бол өнөөдөр нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогчдын саналыг сонслоо.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нээсэн юм.

Тэрбээр, 2019 оны нэгдүгээр сард “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганыг зохион байгуулж, нутгийн удирдлагын харилцааг зохицуулдаг гол хууль болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага, нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд бодит байдал дээр тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлууд, эдгээр асуудлуудыг хууль, эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, тус хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын саналуудыг тусгасан зөвлөмж гаргасан. 

Ер нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 1992 онд анх баталснаас хойш орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн өмчийн харилцааг шинэ шатанд гаргах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байнгын тогтмол ажиллагаатай болгох, Төв, орон нутгийн харилцаа, Хурал, Засаг даргын үйл ажиллагааны эрхийн баталгаа, хамгаалалтыг сайжруулах, нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтын буюу процедурын шинжтэй зохицуулагдаагүй байсан харилцааг тодорхой болгох чиглэлээр шинэчлэн сайжруулсаар ирсэн. 

Гэвч бодит байдал дээр дурдсан хуулийн өөрчлөлтүүдийн үндсэн зорилго алдагдаж, өмнө нь Улсын Их Хурлаас баримтлан хэрэгжүүлж байсан төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээний хүч суларч удирдлагын босоо тогтолцоонд эргэн шилжих, эрх мэдлийг төвлөрүүлэх үйл явц хүчтэй илрэх чиг хандлагатай болж байна гэлээ.

Өнөөдөр нутгийн удирдлагын шат шатны түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхыг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг  оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж төвлөрлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байсаар байгааг тэрбээр дурдаад үүнийг зөвхөн нэг салбарын хуулийн өөрчлөлтөөр хийх боломжгүй хэмээсэн.

Тийм ч учраас Монгол Улсын Их Хурлаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор өнөөдөр бидний өмнө тулгамдаж буй асуудлууд, ирээдүйд учирч болох үр дагаваруудыг зохих хэмжээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, дүгнэлт хийсэн гэлээ. Шийдлийн хувилбаруудыг ч тодорхойлох ажлыг эхлүүлж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалын төслийг боловсруулсаныг тэрбээр дурдсан.

Энэ хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал нутгийн өөрийн удирдлагын мөн чанар, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн онцлог байдлыг бүрэн гаргаж холбогдох эрх зүйн зохицуулалтыг төгөлдөршүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндсийг шинээр томьёолох, нутгийн удирдлагын шат шатны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой ялган зааглах замаар нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг оновчтой зохицуулахад чиглэж байгааг мөн онцолсон.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл тавьсан.

Судалгааны ажил 2017 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн бөгөөд 1992 оны хуулиар нутгийн удирдлагын эрх зүйн үндсийг бүхэлд нь хамран дэлгэрэнгүй зохицуулахын оронд Үндсэн хуулийн томьёоллыг  үгчлэн хуулсан, хуучин тогтолцооны зарим зохицуулалтыг хэвээр хадгалсан хэмээн үзжээ. Дээрх хууль нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрэн хангаж чадаагүй, нутгийн өөрөө удирдах байгууллагын мөн чанар, түүнд нийцсэн чиг үүрэг, бүрэн эрхийн зохицуулалтыг бүрэн тусгаагүй гэж судлаачид үзсэн байна.

2006 оны шинэчилсэн найруулгыг батлан мөрдсөнөөс хойш 2017 оныг дуустал 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч Үндсэн хуулийн агуулга, үзэл санааг дэлгэрүүлэн тодотгох, зах зээлийн харилцаан дахь нутгийн удирдлагын мөн чанарт нийцүүлэх талаар зарчмын дорвитой өөрчлөлт хийж чадаагүй, хуулийг системчлэлийн хувьд сайжруулж чадаагүй хэмээн үзжээ.

Судлаачдын Үндсэн хуулийн 57, 58 дугаар зүйлийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хэрхэн дэлгэрүүлэн зохицуулсан байдалд хийсэн эрх зүйн дүгнэлтийг тэрбээр дэлгэрэнгүй танилцуулж, хууль дахь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмын хэрэгжилтийг хэрхэн дүгнэсэн талаар мэдээлсэн.

Хурлын Тэргүүлэгчдийн эрх мэдлийг хэт өргөжүүлсэн, Хурлын дарга Хуралтай зэрэгцсэн эрх бүхий субьект болсны зэрэгцээ гүйцэтгэх эрх мэдлийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх болсон нь Засаг даргатай эрх мэдлийн хувьд өрсөлдөх үүдийг нээсэн гэж тэрбээр хэлсэн.

Хурлын төлөөлөгч нь Засаг даргын удирдлагад ажилладаг төрийн захиргааны албан хаагч байж болох боломжийг нээсэн хуулийн зохицуулалтын дээр Хуралд улс төрийн намуудын оролцоо хэт байгаагаас Хурал иргэдийг төлөөлөх, эрх ашгийг нь хамгаалах, хамтын шийдвэр гаргадаг, сайн дурын байгууллага байх нутгийн өөрөө удирдах байгууллагын мөн чанараа алдаж, төрийн удирдлагатай хослох биш, холилдох тал руу ойртоод байгааг дурдсан. Түүнчлэн хууль дахь чиг үүргийн хуваарилалт, бусад хуулийн уялдааны талаар болон шинээр боловсруулсан Нутгийн удирдлагын тухай хуулийн үзэл баримтлалд тусгавал зохих саналуудыг танилцуулсан юм.

Дараа нь Өмгөөллийн Эм Ди Эс Хаан Лекс ХХН-ийн гишүүн Ж.Майзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд оруулах үндсэн асуудлууд” сэдвээр танилцуулга хийсэн.

Өмгөөллийн “Эм Ди Эс энд Хаан лекс” ХХН нь “Монгол Улсын төлөөллийн байгууллагын бэхжүүлэх нь” төсөлтэй байгуулсан “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний дагуу “Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа аж.

2006 оноос хойш Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүний 11 нь тусгайлсан хуулийг дагаж орсон өөрчлөлтүүд байгаа нь хуулийн анхны үзэл баримтлыг алдагдуулах, хууль тогтоогчийн үзэл санаа, зорилгыг гажуудуулж, хуулийг тогтворгүй болгож байна хэмээн тэрбээр илтгэлийнхээ эхэнд дурдсан.

Тиймээс шинэчлэн боловсруулж буй хуулийн төсөлд зарчмын шинжтэй суурь асуудал болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн үйл ажиллагаа, дотоод удирдлагатай холбоотой харилцааг үлдээж салбарын шинжтэй асуудлыг тухайн салбарын хуульд тусгахаар боловсруулж буй аж.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг одоогийн мөрдөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн тодорхойлж чадаагүйгээс тухайн чиг үүргийг хуулиар тусгайлан олгосон уу эсвэл төрөөс шилжүүлсэн үү гэдгийг тодорхойлох боломжгүй болсон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндсийг зайлшгүй бэхжүүлэх шаардлагатай байна хэмээсэн.

Тиймээс “нутгийн өөрөө удирдах ёс”, “төрийн удирдлага”-ын ойлголтыг нарийвчлан тодорхойлох, цаашилбал, үүнтэй уялдуулан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг тодорхой болгох нь зүйтэй гэж үзэж буй аж.

Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн орлого, зарлага, өмч, татаастай холбоотой суурь харилцааг энэ хуулиар зохицуулах шаардлага бий болоод байгааг ч онцолсон.

Түүнчлэн өнөөгийн мөрдөж буй хуульд ижил чиг үүргийг нутгийн захиргааны байгууллагад нийтлэг байдлаар харъяалуулж байгаа байдал нь чиг үүргийн давхардлыг бий болгож байгаа бөгөөд салбарын шинжтэй, ялангуяа Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой нарийвчилсан асуудлыг хуулийн төслөөс хасах, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг давхардуулахгүйгээр хуваарилахаар тусгаснаар асуудлыг шийдэх боломжтой хэмээн харж буй ажээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тусгай чиг үүргийг аймаг, сум, баг, дүүрэг, хороодоор тодорхойлжээ.

Мөн эдийн засгийн үндэс-зарлага, өмчтэй холбоотой асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Тухайлбал, нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгийг бий болгох, барилга угсралттай холбоотой зардлыг  улсын төсвөөс санхүүжүүлэхээр, нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай өмчийн хөрөнгийн зардлын 70 хувийг улсын төсөв, үлдэх 30 хувийг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад өмчийн хөрөнгийн зардлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж санхүүжүүлэхээр төсөлд тусгасан байна. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой урсгал зардлын 95 хувийг улсын төсөв, үлдэх 5 хувийг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс санхүүжүүлж, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот нь энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай өмчтэй байхаар шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна.

Удирдлагын зарчмын тухайд төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёстой хослуулах, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, Монгол Улсын нэгдмэл байдал, үндэсний эв нэгдлийг хангах хэмээн тодорхойлсон байна.

Мөн хуульд тухайлан заагаагүй боловч гадаад харилцаа, батлан хамгаалах зэрэг нийгэм, эдийн засгийн бус асуудлаар бие даан шийдвэр гаргах, гадаад улстай бие даан харилцах, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Энэ заалт тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гадаад улсын ижил түвшний засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй нийгэм, эдийн засаг, соёлын асуудлаар шууд харилцахад саад болохгүй хэмээн тодорхойлсон байна.

Хэлэлцүүлэгт Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Сүхбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд орон нутгийн төлөөллийн байгууллагаас өгөх санал” сэдвээр, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Төв, орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоог хангахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсаны дараа оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Оролцогчид нутгийн удирдлагын чиг үүргийг тодорхой болгох, орон нутгийн төсөв, санхүүгийн асуудалд анхаарал хандуулах, боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөх талаар саналаа илэрхийлж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)