Монгол, Энэтхэгийн сонирхолын огтлолцол

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж өнгөрсөн онд Монголд айлчлах үеэр Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар санал болгож, жил бүр хоёр орон сэтгүүлчдийн багийг харилцан урьж байхаар болсон билээ. Энэхүү  хамтын ажиллагааны эхлэл болгож Монголын 20 сэтгүүлч Жагарын орны сонин сайхантай танилцаад ирлээ. Бидний аялал Мумбай-Шинэ Дели-Патна гэсэн маршрутын дагуу үргэлжилсэн юм.

3.29 сая ам км нутаг дэвсгэртэй, эзэмшил газрынхаа хэмжээгээр дэлхийд долдугаарт ордог том гүрний эдийн засгийн өсөлт нь жилд долоон хувь. Эл үзүүлэлт ирэх онд 10-т хүрнэ гэж тооцсон байна. Ийм том зах зээлээс монголчууд хувь хүртэн, хөгжлийнхөө нэг тулгуур болгох боломжтойг очсон газар бүрийн хүмүүс онцолж байв.  

 

Жилийн энэ үед Энэтхэг оронд харьцангуй сэрүүн улирал үргэлжилдэг ч ирэх зун болох парламентын сонгуулийн сурталчилгаа Мумбай, Дели зэрэг хотын гудамж талбайгаар дүүрч, улс төрийн хувьд халуун үе  тохиож байна. Дэлхийн бүх ардчилсан улсын хүн амыг нийлүүлснээс ч олон хүн төлөөллийн ардчиллын зарчмаар эрх баригчдаа сонгох энэ сонгуульд хамгийн багадаа 900 сая хүн санал өгөх урьдчилсан тооцоо гарчээ. 
Өнгөрсөн 2014 онд болсон тус улсын парламентын сонгуулиар 800 гаруй сая хүн сар гаруйн турш санал өгсөн гэдэг тоо баримт бий. Сонгуулийн аварга “шуурга”-ны хажуугаар хөрш Пакистантай хийж буй хилийн мөргөлдөөнөөс үүдэн үзвэр үйлчилгээний газруудаас эхлээд сая сая энэтхэгчүүдийн амьдрал өрнөх гудамж талбайд хуягт техник, автомат буу мөрлөсөн цэргүүд хамгаалалтад хүч нэмэгдүүлэх болж.

 

2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилсан билээ. Энэтхэгийн судалгаа, мэдээллийн төвийнхөн /RIS/  түүнээс хойш хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар нэлээд судалж эхэлжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны тушаалаар судалгааныхаа бүтээлийг ном болгон хэвлэснээ доктор, профессор Прабер Де бидэнд танилцууллаа. 

Тус төвийнхөн ихэвчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү эдийн засаг, технологийн салбарт судалгаа хийгээд Засгийн газартаа тайлагнаж, улсынхаа бодлого чиглэлийг тодорхойлоход тусалдаг гэнэ.

Монгол орон байгалийн баялаг ихтэй учраас юуны түрүүнд уул уурхайн салбарт БНЭУ-тай хамтран ажиллах өргөн боломжтойг судлаач Прабер Де дурдлаа. Тус улс манайхаас жонш, коксжих нүүрс, төмрийн хүдэр авах сонирхолтой. Гэхдээ газар зүйн байрлалаас шалтгаалан зам, тээврийн томоохон асуудал тулгарах учир одоохондоо ашигт малтмалын хайгуул болон салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ. 

Үүнээс гадна газар тариалангийн салбарт ч хамтрах сонирхолтойгоо хэлсэн. Энэтхэгчүүдийн өргөн хэрэглэдэг буурцаг тариалахад манай орны байгаль, цаг уурын нөхцөл тохирохыг ч судалж тогтоосон бөгөөд уг бүтээгдэхүүнийг Монголд тарих хүсэлтэйгээ илэрхийллээ. 

“Манай зах зээл том, бидэнтэй хамтран ажиллах өргөн боломжтой. Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх болсон. Шатахуунаа дотоодоосоо хангах эрх чөлөөг Монгол Улсад олгох ажил санаачлан хэрэгжүүлэх болсондоо баяртай байна” гэж Прабер Де тэмдэглэсэн юм.

Сүүлийн 20 жилийн ололтуудын үр дүнд Монгол Улс улс төрийн аюулгүй байдлаа баталгаажуулж чадсан ч эдийн засгийн аюулгүй байдалд эргэлзээ үүсгэж буй асуудлуудын нэг нь шатахууны хангамж юм.. Сэргээгдэх эрчим хүч, нүүрс, занар боловсруулж шатах тослох материал гаргах тухай  олон жил ярьж шав тавьж ёслол үйлдэж ирсэн  хэдий ч өнөө хэр ажил хэрэг болоогүй. Тэгвэл Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх олон жил гацаад байсан  тус асуудлыг бүтээн байгуулалт болгохоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тосны үйлдвэр барихаар  шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу тус суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын  нээлтийн  ёслол  өнгөрөгч зургадугаар сарын 22-нд болсон юм.

Тус үйлдвэрийг  Энэтхэгийн  Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон. Нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн ажил нээлт хийсэн тус өдрөөс  өнөөг хүртэл бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Ингэхдээ Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй тус үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлыг манай тал 2019 оны сүүл гэхэд дуусгасан байх учиртай. Үүний дараа айлын тал буюу Энэтхэг улс газрын тосны  үйлдвэрийг барихад гар бие оролцох юм. Энэтхэгт очихдоо БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил аль шатанд яваа талаар болон холбогдох албаны хүмүүс ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар саяхан ирж, үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлдэх талаар санал солилцсон байгаа. Ойрын хугацаанд Энэтхэгт уул уурхай, тэр дундаа газрын тос боловсруулах, баяжуулах чиглэлийн инженер, техникийн ажилтнуудыг бэлдэж эхлэхээр болсон байна. Гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулалтын ажил хэд хэдэн үе шаттай. Эхлээд зөвлөх компанийг шалгаруулдаг. Нефтийн үйлдвэрийн бүх технологи тусгай зөвшөөрөлтэй юм байна. Хэдийгээр нэг түүхий эд ордог боловч 36 төрлийн бүтээгдэхүүн гардаг. Тэр бүх технологи нь тусгай зөвшөөрөлтэй, түүнийг нь томоохон үйлдвэрлэгчид эзэмшдэг учраас нэгбүрчлэн хэлэлцээр хийх ёстой. Жишээ нь, танаас нэрэх технологийг чинь ашиглая, өөр нэг хүн дээр очоод танай баяжуулалтын технологийг авч ашиглана шүү гэх маягаар ажиллах юм байна. Багагүй хугацаа шаардана” хэмээн тайлбар өглөө.

Энэтхэг Улс өөрийн газар доорх алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр байр эзэлдэг ч энэ өндөр эрэлтээ хангахын тулд гадаадаас алт худалдаж авдаг байна. Монгол Улсын хувьд алтны арвин нөөцтэй гэдэг утгаараа энэ чиглэлд хамтран ажиллах нөөц бололцоо хангалттай бий гэнэ. Үүнээс гадна импортоор нүүрс, газрын ховор металл авах сонирхолтой байгаагаа  Уул уурхайн яаманд зочлох үеэр албаны хүмүүс онцолж байв. Тус яамны нарийн бичгийн дарга Газрын ховор элемент олборлох чиглэлээр Монгол, Энэтхэгийн хамтарсан компани байгуулах боломжтой гэдгийг хэлж байлаа. Энэтхэгийн талаас цахилгаан автомашины цахилгаан хураагуур, ухаалаг дэлгэц зэрэг өндөр технологийн гол түүхий эд болоод литийг манайд хоёр улсын тэнцүү оролцоотой хамтарсан компани байгуулах замаар импортлох сонирхолтой байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)