МАН бүлгээс алт тушаалт буурсан гэж үзээд дахин хэлэлцэж дэмжих нь зүйтэй гэж үзжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар татварын багц хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцжээ. Татварын багц хуулийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа аж.  

Харин Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр алтны татварыг бууруулах асуудал яригдаж буй. Өмнө нь уг хуулийн төслийг бүлэг дэмжээгүй ч энэ удаа алт тушаалт буурсан учраас дахин хэлэлцэж дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдээлэл өгч байна.

Тэрээр “АМНАТ-ыг өмнө нь 2014 оны нэгдүгээр сарын 24-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл сунгахаар болсон. Шалтгаан нь бүс нутагтаа бид ойролцоо татварт орохгүй бол алтны наймаа хууль бусаар явагдаж, хар зах бий болохоор байсан. 2005, 2006 онд Монгол Улс жилдээ 18-20 тонн алт олборлож байсан бол 2014 оны үед Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ 10 тонноос доош орсон. Валютын нөөцийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог, эдийн засагт гол нөлөө үзүүлж байгаа ашигт малтмалыг Монголдоо үлдээх, татварыг нь авах цаашлаад хууль бус үйлдлийг таслан зогсоох татварын орчинд өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлтөөр 2.5 хувийн татвар дээр нэмэх нь үнийн өсөлтөөс шалтгаалах зохицуулалт хийсэн юм. Уг хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болсныг 2023 он хүртэл сунгая гэж Засгийн газраас оруулж ирсэн. Манайтай бүс нутагтаа ойр Казакстан өнөөдөр 5, ОХУ 6, БНХАУ 0.5+5 хувь байна. Манай улс энэ хуулийг гаргахгүй бол алтны татвар 10 хувь болох нь. Тиймээс энэ асуудалд бид эдийн засгаа бодож шийдвэр гаргамаар байна. Өнгөрсөн жил Монголбанкинд 20 тонн алт тушаагдсан. Өнгөрсөн оны мөн үеийг энэ жилтэй харьцуулахад алт тушаалт 81 хувиар буурсан байна.Тиймээс эдийн засаг талаасаа асуудалд хандах ёстой. Алт бол валютын нөөцийн гол эх үүсвэр” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.9.88.162)

    2019-03-18

    газар хөлдүү байхад юун алт тушаалт буурсан бэ,бусад оронд 5 аас дээш хувь байхад манайд яагаад 5 байж болохгүй гэж